Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-02

Ч.Цогтбаяр: Төмөр замчид нэгдсэн удирдлага, нэгдмэл зохион байгуулалтын хүчээр хүндрэлийг давлаа

-Улс орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч явдгийн хувьд 2020 онд төмөр замын салбарынхан цар тахлын томоохон сорилттой тулгарлаа. Манай төмөр замчид тулгарсан бэрхшээлийг хамтын хүчээр амжилттай давсан гэж дүгнэж болох байх?
-Төмөр замчид маань 2020 оны улирлын үзлэгийн дараагаас буюу нэгдүгээр сарын 27-ноос өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн. Энэ хугацаанд, УОК-иос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабаас харьяа аж ахуйн нэгжүүдийнхээ хэмжээнд шаардлагатай заавар зөвлөмж өгч, манай төмөр замчид төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж, үүргээ гүйцэтгэлээ. Ялангуяа, ариутгал халдваргүйжүүлэлтийг 2000 гаруй км зам дагуух бүх өртөө, зөрлөгт бүрэн хийсэн. Төмөр замчид маань өндөр зохион байгуулалттайгаар, маш сайн ажилласан. 
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үүссэн онцгой нөхцөл байдал төмөр замчдад илүү хүндээр туссан. Ялангуяа баталгаа, нотолгоогүй мэдээлэлд итгэсэн олон нийтээс төмөр замчид руу чиглэсэн дайралтууд их ирсэн. Гэхдээ цаг хугацаа буруу зөвийг нь тунгаалаа гэж харж байна?
-Тухайн үед ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаагийн хийсэн хариуцлагагүй мэдэгдлээс улбаалан төмөр замчдад хаягласан хоёр, гурван ч асуудал олон нийтийн зүгээс ирсэн л дээ. Төмөр замчдад энэ нь үнэхээр эмзэг туссан. Тэглээ гээд бид улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ цалгардуулаагүй. Ажлаа илүү сайн хийж, цар тахлын тархалтыг хамтдаа дарах ёстой гэдэгт нэгдсэн. Тухайн үед ковид-19 вирусийн шууд болон дам хавьтал болсон нийт 77 төмөр замчин ХӨСҮТ-д эмчилгээнд орсон. Харьяа аж ахуйн нэгжийн хамт олон нь тэдэнтэй байнга холбоотой байж, сэтгэл санаа болон бусад шаардлагатай зүйлээр дэмжиж ажилласны хүчинд бүгд богино хугацаанд эдгэрч, ажилдаа орсон. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны нэгдүгээр сарын 09-ний хугацаанд УОК-ын даргын захирамжаар ЗТХЯ-нд салбарын сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг байгуулж УБТЗ-д ажиллуулсан. УОК, МХЕГ, ГЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас ч тухайн бүлэгт орж төмөр замчдыг дэмжиж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласны үр дүнд хүндрэлийг хохиролгүй давж чадсан. Дээр нь, тухайн үед гэнэт үүссэн хэцүү цаг үед өөрсдийн санаачлага, халуун сэтгэлээр ирж хүч, хөдөлмөрөө зориулсан ахмад төмөр замчдын маань хүч ч бидэнд их дэм болсныг дурдах нь зүйтэй. Нөгөө талаар, УБТЗ нэгдсэн удирдлагаар ажилладаг зарчимтай. Тийм ч учраас онцгой нөхцөл үүссэн үед шат шатны удирдлагуудад холбогдох үүрэг даалгаврыг зайнаас өгөөд явсан. Мөн хүн хүчний дутагдалд орсон өртөөдөд тодорхой албан тушаалтнуудыг томилж ажиллуулсан. Тухайлбал, Сүхбаатар өртөөнд Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэнг, Сайншанд, Чойр зангилаадыг хамруулаад Дохиолол холбооны III ангийн дарга С.Түмэнбаярыг, Дархан зангилаанд Замын I ангийн ерөнхий инженер С.Галсандоржийг, Эрдэнэт зангилаанд ТҮГ-ын дарга И.Мягмарцэрэнг тус тус томилж ажиллуулсан. Тэд хүлээсэн үүргээ маш сайн биелүүлсэн. Ер нь, 2020 онд үүссэн онцгой нөхцөлийг манай аль ч түвшний удирдлага чадварлагаар давсан. Энэ онд бид илүү туршлагажсан учраас үүсэж болох эрсдэлийн өмнө ажрахгүй гэж харж байгаа.
-Халдварын голомтыг богино хугацаанд хязгаарласныг төмөр замчид маш чадварлаг хийснийг УОК болон холбогдох мэргэжлийн байгууллагууд онцолсон шүү дээ?
-Энэ бол Төв эмнэлгийн хамт олон болоод ЦХОБА-ны бие бүрэлдэхүүн, хөдөлгөөнтэй шууд болон шууд бус холбоотой аж ахуйн нэгжүүд, Замын захиргааны сэтгэл нийлсэн, хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Бидний энэхүү хичээл зүтгэлийг УОК-ын тухайн үеийн дарга Я.Содбаатар болон ЗТХ-ийн сайд Л.Халтар өндрөөр үнэлж, цаашид ч нягт зохион байгуулалттай, эрч хүчээ алдахгүй ажиллахыг нийт төмөр замчдад уриалсан. 
-Сар шинийн өдрүүдэд төмөр замчид ямар зохион байгуулалттай ажиллав?
-Манай төмөр замчид өмнөх туршлагадаа үндэслээд нэгдсэн зохион байгуулалт, өндөр сахилга баттайгаар 12 хоногийн хөл хориог давлаа. Тухайлбал, дээрх хугацаанд бид машинч, туслах машинч, өртөөний жижүүр, диспетчер, вагон үзэгч, замчин, холбоочин, эрчим хүчнийхэн гээд 1000 гаруй төмөр замчнаа “Ногоон бүс” буюу эрүүл орчинд тусгаарлан ажил үүргийг нь гүйцэтгүүлсэн. Нийгмийн чиглэлийн зарим байгууллагаас ч мөн тусгаарлалтад орж ажилласан. Энэ хугацаанд ажилтнуудаа ажиллаж, амрах нөхцөлөөр хангаж, чанартай хоол хүнс түгээх ажлыг “Кетеринг” зочлох үйлчилгээний хэлтсийнхэн маш сайн гүйцэтгэсэн. Үүнийг тусгаарлалтад ажилласан төмөр замчдын талархлын үгсээр дүгнэж болно. Эрүүл, аюулгүй хоол хүнсний шаардлага маш өндөр шүү дээ. Тусгаарлалтад ажилласан төмөр замчид ч үүргээ сайн биелүүлсэн. Дээрх хугацаанд манай эрүүл ахуйн болон бусад чиглэлийн байцаагч нар ажлын байр бүрт нийт 229 удаагийн үзлэг шалгалт хийж, шаардлагатай заавар зөвлөмжийг өгсөн. Энэ хугацаанд “Ган зам пресс” төвийн хамт олон таван төрлийн 4130 зөвлөмжийг хэвлэж, бүх аж ахуйн нэгжүүддээ нийлүүллээ. Аж ахуйн нэгжүүд маань ч “QR” кодын бүртгэл, ариутгал халдваргүйтгэлээс эхлээд онцгой нөхцөлд ажиллаж сурсан байна.
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд дайчилгаанд ажилласан төмөр замчид хүний амь нас, эд хөрөнгө аварсан жишээ цөөнгүй гарсан нь нийгмийн сүлжээд сайшаагдсан?
-УОК-оос Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын 22-50 насны ажилтнуудыг “зохицуулагч”-аар дайчлах шийдвэр гарсан. УБТЗ-аас нийт 2000 ажилтны нэрийг баталж өгсөн. Бүх нийтийн бэлэн байдлын хоёр дахь өдрөөс эхлэн 1200 эмэгтэй ажилтныг дайчилгаанаас буулгах шийдвэр гарсан учраас үлдсэн 800 залуу нийт 430 байршилд, 08.00-15.00, 15.00-22.00 цаг гэсэн хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэсэн. Мөн ЦХОБ-ны 34 албан хаагч Цагдаагийн байгууллагын мэдэлд ажилласан. УОК, НОК, ЦЕГ зэрэг мэргэжлийн байгууллагаас зохицуулагчаар ажилласан төмөр замчдын тухай, “ЦХОБА-ны ерөнхий ня-бо Д.Шийрэвжанцан, Их барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн инженер байцаагч Д.Энхбат нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай иргэнд цаг алдалгүй анхан шатны тусламж үзүүлж, иргэний үүргээ амжилттай биелүүллээ”, мөн тус албаны харуул Н.Баатармөнх “Гэрээсээ төөрсөн насанд хүрээгүй хүүхдийг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүнийг илрүүлж, цагдаад хүлээлгэн өгсөн” зэрэг олон талархал ирсэн. Замын захиргааны зүгээс дээрх ажилд дайчлагдсан ажилтнууддаа цалингаас нь гадна хоол унааны зардал олгох шийдвэр гаргаж, нийт 930 сая төгрөгийг олгосон. Мөн энэ хугацаанд Төв эмнэлгийн хамт олон маш сайн ажилласныг дурдахгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр тухайн үед эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд цөөн ч Хүлээн авахаар 21 хүнд яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна. Мөн тус эмнэлгийн тодорхой тооны ажилтнууд тусгаарлалтад ажилласан төмөр замчидтайгаа хамт тусгаарлагдан, эрүүл мэндэд нь хяналт тавьсан. Түүнээс гадна хоёрдугаар сарын 10-наас эхлэн тус эмнэлгээс тусгай баг гарган тодорхой зорилтод газруудад РСR шинжилгээг хийж байна. “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд 45 эмч, эмнэлгийн ажилтан нийт 2628 иргэнээс PCR шинжилгээ авсан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн ажилтнууд өөрсдөө Баасан гараг бүрт шинжилгээ өгч байна. Мөн өнгөрсөн Баасан гарагт Удирдах газарт ажилладаг диспетчерүүд, үйлчилгээний ажилтнууд, бүх албаны хяналтын байцаагч нар PCR шинжилгээнд хамрагдлаа.
-Одоо вакцинжуулалтын асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Төмөр замчид чухам ямар журмаар вакцинжуулалтад хамрагдах вэ?
-Төмөр замчид Монгол Улсын иргэд учраас Засгийн газраас тогтоосон холбогдох дүрэм журам, дэс дарааллын дагуу аймаг, сум, дүүргээрээ вакцинжуулалтад хамрагдана. Гэхдээ бидний зүгээс Сүхбаатар, Замын-Үүд, Баянтүмэн тасаг зэрэг хилийн боомттой өртөөдийнхөө ажилтнуудыг нэн тэргүүнд вакцинжуулах боломж байгаа эсэх саналыг ЭМЯ, УОК зэрэг холбогдох байгууллагад албан ёсоор хүргүүлсэн. Судалгаа тооцоогоо ч нарийвчлан гаргасан. Мөн вакцинжуулалтын чиглэлээр шийдвэр гаргах түвшнийхэнтэй харилцах ажлын хэсгийг байгуулж Замын нэгдүгээр орлогч дарга ахлан ажиллаж байна. 
-Өнгөрсөн онд сахилга хариуцлагатай холбоотой гологдол, дутагдлын үзүүлэлт буурсан уу?
-2020 онд манай төмөр замчид сахилга хариуцлага, ажлын үзүүлэлт гээд аль аль талаараа маш сайн ажилласан гэдэг нь тухайн оны ажлын үзүүлэлтээс тодорхой харагдаж байгаа. Онцгой дэглэмээр ажиллах үед гологдол, дутагдал болон сахилгын шийтгэлийн тоо өмнөх оноос эрс буурсан үзүүлэлт бий.
-2020 онд төмөр замчид амжилттай ажилласан хэдий ч 2021 он гарснаас хойш хэд хэдэн дутагдал гарсан?
-Харамсалтай нь, оны эхний хоёр сарын байдлаар Айраг өртөөнд сэлгээний ажлын үеэр хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдүүлж вагон замаас гарсан, Хоолт, 41 дүгээр зөрлөгт хаалттай дохио өнгөрсөн гэхчлэнгээр дөрвөн ч гологдол гарлаа. Энэ нь, манай Зүтгүүрийн аж ахуйн албаны ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон. Иймд, Зүтгүүрийн аж ахуйн чиглэлийн холбогдох ажилтнуудтай сахилга, хариуцлага, дэг журам, зохион байгуулалтын чиглэлээр нэлээд нухацтай авч үзэж, тухайн чиглэлд онц байдал тогтоон ажиллаж байна. Хорио цээрийн улмаас уламжлалт хяналт шалгалт завсардсан, удирдах ажилтны нормативын биелэлт тасалдсан зэрэг асуудал бий. Гэхдээ өнгөрсөн оны төгсгөлд аливаа ажлыг зайнаас, цахим байдлаар шийдэж болох юм гэдгийг олон удаа туршиж үзлээ. Үр дүн гаргаж болохыг ч харлаа. Хурал зөвлөгөөн, сургалт, тэр ч бүү хэл зарим үзлэг шалгалтыг ч онлайнаар амжилттай явуулж, нэгдсэн дэглэмд ороод байна. Цаашид энэ хэлбэрээрээ үргэлжлүүлэх ажлууд бий. Ер нь, өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал амаргүй байсан ч энэ нь нөгөө талдаа ажил амьдралын багагүй сургамж өглөө. 
-Удирдлагын хэмжээнд цаг үеэ дагаад өөрчлөх, шинэчлэх зүйлүүд зайлшгүй гарч ирж байх шиг?
-Төмөр замын салбарт шинээр хүч түрэн орж ирж байгаа залуу үеийнхэнд дадлага, мэдлэг, сургалтын чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Байгууллагын анхан шатны удирдлагууд болох дунд албан тушаалтнууд ажлын халуун талбарт үүрэг гүйцэтгэж байгаа залуустайгаа маш нягт тулж ажиллах шаардлага хэдийнээ үүсжээ. 55 хүртэлх насны ажилтнуудыг дайчилгаанд хамруулах судалгаа хийхэд дийлэнх ажилтан энэ ангилалд орж байна шүү дээ. Боловсон хүч маань бүхэлдээ залуужиж. Түүнээс гадна УИХ-ын хаврын чуулганаар орох “Төмөр замын тээврийн тухай хууль” нийт төмөр замчдын хувьд хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна. Би хувьдаа, энэ удаад хууль батлагдана гэж харж байгаа. Хэрэв уг хууль батлагдан гарвал бидэнд өөрчлөх, шинэчлэх асуудал дүрэм, журмын хүрээнд олон бий. Нөхцөл бололцоо нь бүрдсэний дараа өөрчлөлтийг аль болох богино хугацаанд хийж, төмөр замчдадаа хүргэх нэн тэргүүний шаардлага бий. Миний хувьд энэ ажилд төмөр замаас тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмадуудыг дайчлах ёстой гэж гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн хуульд манай салбарын 70 жилийн турш мөрдөгдөж ирсэн дүрэм, журамд өөрчлөлт оруулж, өнөөгийн шинэ үеийн техник, технологийн онцлогтой уялдуулж байгаа учраас энэ арга хэлбэрээр гартаа оруулж авах нь чухал. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд нэвтэрсэн техник технологитой холбоотой ажлуудаа бүрэн нутагшуулах хэрэгтэй байна. Бид аливаа зүйлийг “Хөл хорионы дэглэмтэй байна”, “Уулзаж чадахгүй байна” гэж хойш тавиад байж болохгүй. Хүн бүр бие даасан санал санаачлагыг идэвхтэй өрнүүлж, цахим орон зайг ашиглаж сурах хэрэгтэй. 
-Нөгөө талаасаа хорио цээрийн дэглэмтэй үед энгийн горимоор ажиллаж чадахгүй байдлаас шалтгаалан нэг хүнд очих ачаалал хэтэрсэн нь гологдол, дутагдал гарах үндсэн шалтгаан болов уу?
-Гологдол гарсан газарт очоод дүн шинжилгээ хийхэд хувь хүн өөрийн ажил амралтын дэглэмийг тохируулаагүй, технологийн дагуу заагдсан дүрэм журмыг мөрдөөгүй, техникийн мэдлэгээ дээшлүүлдэггүй, тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, бие биедээ тавих хяналт суларсан зэрэг ерөөсөө л хувь хүнтэй холбогдон гарч байгаа. Цааш нь ахиулаад харахад зааварлагч, машинчаас эхлээд, тасаг цехийн мастер гэхчлэнгээр тухайн хүнийг гардан ажиллаж байгаа дунд шатны удирдлагууд ажилтантайгаа тулж ажиллаж чадахгүй байна. Ажилтных нь ар гэрийн байдал ямар байгаа, ажил амралтынх нь дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг мэдэхгүй, хичээл сургалтыг нь чанартай явуулахгүй, шаардлага тавихгүй, ажилтнаа манлайлж ажиллаж чадахгүй зэрэг нөхцөл байдлууд харагдаж байна. Мөн цаашлаад байгууллагын хэмжээнд очвол олон удирдах ажилтан, инженер байгаа хэдий ч ажилтныхаа ажлын байранд очиж, нөхцөл байдалтай нь танилцаж, хяналт тавьж байгаа жишиг алга. Ажилтныхаа нөхцөлийг хэрхэн сайжруулах, сургалт мэдлэгийг нь хэрхэн дээшлүүлэх талаар хүний нөөцийн бодлого нь алдагдсан байдал ч ажиглагдсан. Нөгөөтэйгүүр тухайн хүмүүст байцаагч нарын тавьсан шаардлага, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажил хангалтгүй байна. Ихэвчлэн нь л урд өмнө нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байсан хүмүүс давтан гологдол гаргасан байх жишээтэй. Мөн цаашлаад албадын хэмжээнд ч эргэж харах шаардлагатай асуудлууд бий.
-Эдгээрийг засаж, зөв голдиролд нь оруулахын тулд ямар ажил зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Бид байгууллага бүрт зөвхөн нэг талыг нь хараад нөгөө талыг нь орхигдуулжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гурван удаагийн шуурхай хурал зохион байгуулсан. Тухайн шуурхай хурлаас гарсан шийдвэрийн дагуу тодорхой чиглэлт бүрт төлөвлөгөө гаргаж, ажилтан бүрт үүрэг даалгавар өгч, хариуцлага ч тооцсон. Энэ ажлын үр дүн хэрхэн гарав гэдгийг энэ сарын 17-нд Замын удирдлагад эргэн танилцуулах үүрэг өгсөн. Ер нь, сахилга алдсан хүнд хариуцлага тооцох нь мэдээж. Гэхдээ алдаа гарсны араас хөөцөлдөх бус урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой. Дутагдлыг олж харсан бол түүнийг арилгах талаар Замын захиргаа ямар бодлого хэрэгжүүлэх, албад ямар арга хэмжээ авч ажиллах, байгууллага тухайн хүндээ хэрхэн анхаарах зэргээр шат шатанд нь шийдээд явах ёстой. Өнөөдөр ихэнх хүн хөл хорионы дэглэмээс шалтгаалж ажлын байранд нь очиж чадаагүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Би хувьдаа ийм тайлбарыг хүлээж авахгүй. Харилцаа холбоо хангалттай байгаа энэ үед ийм тайлбар тавих нь утгагүй хэрэг. Эцэст нь хэлэхэд, сэтгэл байхад ямар ч ажил бүтдэг л юм. Сэтгэл дутуу бол ямар ч сайхан нөхцөл бололцоог бүрдүүлээд үр дүнд хүрдэггүй.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх