Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-10

Цөөн тооны чадварлаг засварчдаар баг бүрдүүлжээ

Улаанбаатар зүтгүүрийн депо захиргааны ажилтнуудын тоог 80 хувиар бууруулжээ. Депо засварын цехүүдэд илчит тэрэгний засвар үйлчилгээг цөөн тооны чадварлаг засварчдын багаар гүйцэтгэж байна. Хэдийгээр, зорчигч тээвэр зогссон ч зүтгүүрийн бригадын хүрэлцээ төдийлөн хангалтгүй байна. Машинч, туслах машинчдын илүү цаг дунджаар 10-20 цагт хүрсэн ч зүтгүүрийн бригад бүгд ажиллаж байна. 
Ажилд гарах болон буух бригадуудыг депогийн дуудлагын машинуудаар гэрээс нь авах, хүргэж өгөх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Түүнчлэн, зүтгүүрийн бригад аялалд гарах хүртлээ, аяллаас ирсэн бригад гэртээ хүргүүлэх хүртлээ амрах байр болон сувилалд байрлах зохицуулалтыг хийжээ. Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангахаар илчит тэрэгний паркийг 60-д барьж ажиллаж байгаа юм байна. Татах хэсгийн хэмжээнд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахьж, депогийн Бага эмчийн салбарын эмч, ажилтнууд цех тасаг, өрөө тасалгаа, аяллаас ирсэн илчит тэрэгний бүхээгт ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа юм. Мөн тус депогийн ҮЭ-ийн хорооноос хоёр сар хэрэглэх D3 амин дэмийг зүтгүүрчид, засварчдад тараасан бол депогийн захиргаанаас 5000 амны хаалт өгсөн байна. Мөн депогийн 1223 ажилтнаас хүндэтгэн үзэх шалтгаантай есөн ажилтан үлдсэн бөгөөд бусад нь  шинжилгээнд бүрэн хамрагджээ.

Сэтгэгдэл үлдээх