Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-10-07

2020 онд дамжин өнгөрөх тээврийн хэмжээ тренд түвшинд хадгалагдана

Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик эрчтэй өөрчлөгдөж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод томоохон шинэчлэл ажиглагдах болоод удлаа. Үүний тод илрэл нь, манай хөрш улсуудын Европ, Зүүн хойд Ази, Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа юм. ОХУ-ын барууны орнуудтай үүсгэсэн тааламжгүй харилцаа, БНХАУ, АНУ-ын хоорондох худалдааны дайнаас үүдэлтэйгээр эдийн засгийн хамтын ажиллагаа нэг тивээс нөгөөд шилжив. Үүнтэй зэрэгцэн, ОХУ, БНХАУ-ын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа ч өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэх боллоо. Ойрын ирээдүйд уг хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ 200 тэрбум ам.долларт хүрэх төлөв бий. БНХАУ-ын АНУ-тай хийсэн худалдааны дайн, коронавирусийн эсрэг тэмцэл нь тус улсын гадаад худалдаанд сөргөөр нөлөөлсөн нь ойлгомжтой. Гэвч энэ хачирхалтай нөхцөл байдал ОХУ болон Европын холбоонд тодорхой ашиг өгөхөөр харагдаж байна. АНУ-аас алдсан худалдааны алдагдлаа нөхөх зорилгоор Бээжин Европын холбоог онилсон нь зам дагуух бүс нутгийн орнуудад дамжин өнгөрөх тээврээ хөгжүүлэх боломжийг давхар нээв. Энд Беларусь, ОХУ, Казахстанаас гадна Монгол Улс ч багтана.

ОХУ, БНХАУ-ын худалдаа түүхэн дээд түвшинд хүрнэ
Юун түрүүнд, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг онцлон үзэх хэрэгтэй. Хэдхэн жилийн дотор Орос, Хятад хоёр түүхэндээ байгаагүй худалдааны гайхамшгийг бүтээж чадсан. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт 2020 оны нэг, хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөж, 17.1 тэрбум ам.долларт хүрчээ. Хэрэв та санаж байгаа бол өнгөрсөн дөрвөн жилд хоёр улсын худалдаа тогтмол өссөн. 2016 онд хоёр улсын худалдааны эргэлт 69, 2017 онд 84, 2018 онд даруй 27.1 хувиар өсөж 107 тэрбум ам.доллар болжээ. Харин өнгөрөгч 2019 онд худалдааны бараа эргэлт 3.4 хувиар өсөж, 110.7 тэрбум ам.долларт хүрсэн тухай Хятадын гаалийн ерөнхий газар мэдээлэв. ОХУ-ын шинжээчдийн үзэж буйгаар тус улс шинээр эхлүүлсэн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн төслүүдийнхээ ачаар экспортынхоо хэмжээг нэмэгдүүлсэн. Хамгийн гол нь, нефтийн бүтээгдэхүүний үнэ Орос, Хятадын худалдааны эргэлтэд хамгийн их жин дардаг аж. Цар тахлын эхэн үед “ОПЕК +” хэлэлцээр бүтэлгүйтсэний дараа газрын тос нэг баррель нь 30-35 ам.долларын түвшинд хүрч буурсан. Газрын тосны үнэ ийм байдалтай удвал ОХУ-ын гадаад худалдааны бараа эргэлт 100 тэрбум ам.доллар давахгүй байх ч аюултай. Гэвч газрын тосны нэг баррелийн дундаж үнэ 40 ам.доллар руу өнгийх төлөвтэй байгаа нь худалдааны эргэлтийг тренд түвшинд хадгалах магадлалтай. ОХУ-ын хувьд эрчим хүч болон бусад салбарт шинэ төслүүд хэрэгжиж эхлэхийг харгалзан үзвэл тус улсын худалдааны эргэлт жилийн эцэс гэхэд огцом уналтаас зайлсхийх боломжтой бөгөөд 100-115 тэрбум ам.доллар хавьцаа очих болов уу гэсэн хүлээлттэй байна.

ОХУ-аар дамжин өнгөрөх чингэлгийн хэмжээ жилд нэг сая TEU болж нэмэгдэх ирээдүй бий
ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дан ганц газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтээр дүгнэж болохгүй юм. Дээр цухас дурдсанчлан транзит улсын хувьд ОХУ нь Транс Евразийн тээврийн коридорт оролцож, байр сууриа бэхжүүлэх сонирхолтой. Ингэснээр Өрнө-Дорныг холбосон Евразийн гүүр улс болох ёстой гэж үздэгт оршино. Евразийг холбоход ОХУ-ын оролцоо мөн түүний нутгаар өнгөрөх транзит тээврийн өсөлт нь маш чухал. Дамжин өнгөрөх тээврээс олж буй орлогоороо ОХУ дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадна. Евразийн хөгжлийн банкны тооцоогоор 2020 он гэхэд ОХУ-аар дамжин өнгөрөх транзит чингэлэг тээврийн хэмжээ 450-500 мянган TEU-т хүрч магадгүй юм. Цаашид дэд бүтцийнхээ тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хязгаарлалтыг арилгаж чадвал дамжин өнгөрөх тээврийн хэмжээ түүнээс ч нэмэгдэх боломжтой. ОХУ-ын ложистикийн оператор GEFCO компаний арилжааны хэлтсийн захирал Никита Пушкарев ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх нийт транзит чингэлэг тээвэрлэлтийг жилд нэг сая TEU-д хүртэл өсгөх боломжтой хэмээн таамагласан. Түүний хэлж буйгаар хэрэв дамжин өнгөрөх тээврийг энэ хэмжээнд хүргэж чадвал ОХУ-ын төсөвт онц их орлого оруулахаас гадна төмөр замын салбарт ч бүхэлд нь нөлөөлөхүйц чухал үзүүлэлт болно гэлээ. ОХУ-ын 2030 он хүртэлх тээврийн стратегит 2010-2020 онуудад ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачааг 161 мянган TEU-ээс 1.1 сая TEU болгон нэмэгдүүлэхээр туссан байдаг. Гэхдээ цаашид өсөлтийг хадгалахын тулд бага тариф шаардагдана. Хэрэв тээвэрлэлтийн үнэ нэг чингэлэг тутамд дахиад мянган ам.доллараар буурвал 2021-2030 оны хооронд хөдөлгөөний хэмжээ ойролцоогоор 2.5 дахин нэмэгдэх боломжтой болно. Транссибирийн тээврийн зохицуулах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Геннадий Бессонов Хятадад тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх ачаа тээврийн нөөц хангаллттай бий гэжээ. 
Харамсалтай нь, одоогоор үүнийг нэмэгдүүлэх боломжгүй гэж тайлбарлав. Учир нь, 2019 онд Беларусь, Польшийн хил дээр дэд бүтцийн хязгаарлалтын улмаас ачаатай вагоны хуримтлал ихээр үүссэн. Хэрэв дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүсэж байвал Литва, Латвийн төмөр замтай нягт хамтран ажиллах хэрэгтэйг сануулав.

Оросын төмөр замын сүлжээгээр хоёр өдрийн дотор 2.5 мянган км зам туулжээ
Оросын төмөр замууд НХН транзит тээврийг дэмжих бодлогынхоо хүрээнд олон ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус нийгэмлэгийн Ерөнхий захирал Олег Белозеров ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд нэгэн өвөрмөц үзүүлэлтийн талаар танилцууллаа. Оросын төмөр замууд НХН нь Хятад улсаас Европ руу чиглэсэн галт тэрэгний туршилтын хөдөлгөөнийг хоёр өдрийн дотор зохион байгуулжээ.
Энэ тухай ОХУ-ын төрийн тэргүүний албан ёсны вэб сайтад байрлуулсан видео бичлэгт дурдагдсан байна. Оросын төмөр замууд НХН-ийн ерөнхий захирал Олег Белозеров төрийн тэргүүнд танилцуулахдаа “Бид Хятадаас Европ руу чиглэсэн галт тэрэгний 2.5 мянган км замын аяллыг хоёр өдрийн дотор зохион байгуулж чадлаа” хэмээн мэдэгджээ. 2018 оны тавдугаар сард баталсан “ОХУ-ыг 2024 он хүртэл хөгжүүлэх үндэсний стратеги зорилт”-ын тухай зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин Алс Дорнодоос Оросын баруун хил хүртэл чингэлэг тээвэрлэх хугацааг таван жилийн дотор долоо хоногоор бууруулах зорилт тавьсан. Тэр үед “Оросын төмөр замууд” НХН-ийн сүлжээнд ачаа ачсан галт тэрэгний дундаж хурд өдөрт 390 км, хоосон галт тэрэгний дундаж хурд өдөрт 370 км байв. Тиймээс НХН-ийн ерөнхий захирал Олег Белозеровын дээрх мэдэгдлээр Хятадаас Европ руу чиглэсэн галт тэрэгний туршилтын аялал өдөрт 1250 км зам туулжээ. Энэ нь, 2018 оны дундаж үзүүлэлтээс даруй гурав дахин их байгаа юм.

БНХАУ, Европын холбоо 2020 онд гадаад худалдаагаа 500-аас 800 тэрбум евро болгон нэмэгдүүлнэ
Эхлээд, Хятад, Европтой харилцах эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Казахстан улс дамжин өнгөрөх ачаа тээврийнхээ хэмжээг эдгээр улсуудын худалдааны эргэлтийн найман хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай сонирхолтой баримтыг дурдая.
Тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Казахстаны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Ерлан Карин “Казахстан-2050, Зүүн ба Өрнийн хоорондох шинэ тивийн гүүр” дугуй ширээний уулзалтын үеэр ингэж хэлэв. Эдийн засагчдын үзэж буйгаар Хятад, Европын холбооны хоорондох гадаад худалдааны хэмжээ 2020 онд одоогийн 500 тэрбум еврогоос 800 орчим тэрбум евро болж магадгүй.
Үүний зэрэгцээ Хятад, Европын хоорондох ачааны эргэлтийн хэмжээ 170 сая тонн болж нэмэгдэх болно. Дэд бүтцийн шинэ төслүүд хэрэгжүүлснээр Казахстаны дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж Ерлан Карин тодотгов. “Бидний харж байгаагаар ойрын хугацаанд Хятад, Европын холбоо эдийн засгийн хувьд нягт хамтран ажиллах хэтийн төлөв бий. Хэрэв ийм зүйл тохиолдвол АНУ Европ дахь эдийн засгийн нөлөөгөө алдаж, Хятадын араас дагаж худалдааны бодлогоо хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно.
Энэ нь Америкийн өнөөгийн гадаад худалдааны бодлоготой зөрчилдөж байгаа тул ойрын ирээдүйд Д.Трампын засаг захиргаанаас Хятадын “Худалдааны экспансионист бодлого” -ын эсрэг чанга мэдэгдэл хүлээх хэрэгтэй болов уу. 2017 оны эхний хагас жилд Хятад болон Европын холбооны 28 орны хооронд хийсэн худалдаа 514 тэрбум евро болсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс 344 тэрбум еврог Хятадын Европын орнуудад экспортолж буй бүтээгдэхүүн эзэлсэн. Европоос Хятадад экспортолж байгаа бүтээгдэхүүний хувьд 170 тэрбум евротой дүйдэг. Өөрөөр хэлбэл, Хятадаас Европ руу хоёр чингэлэг илгээдэг бол Европын холбооноос Хятад руу нэг л чингэлэг аялуулдаг ажээ.

Европын холбоо, Хятадын хоорондох ачаа урсгалыг хангадаг төмөр замын маршрут
Одоогийн байдлаар Европ, Хятадын хооронд төмөр замын тээврийг гүйцэтгэж буй дөрвөн үндсэн маршрут бий. Беларусь, Орос, Казахстанаар, Оросоор дамжин /Забайкальск/, Монголоор дамжуулан /Наушки/, Алс Дорнод ба Гродековогийн боомтуудаар дамжин өнгөрдөг. 2019 онд Забайкальск, Наушкиар дамжин өнгөрөх чиглэлд тээвэрлэсэн барааны хэмжээ буурсан ч Казахстан, Орос, Беларусийн нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөлттэй гарчээ. Энэ маршрут нь бусад чиглэлүүд дундаа тэргүүлэгч юм. Өнгөрсөн онд энэ чиглэлийн дагуу тээвэрлэсэн барааны эзэлхүүн дээд амжилт тогтоосон бөгөөд жилд 300 мянган TEU-т хүрсэн байна. Эдгээр дөрвөн маршрутаар тээвэрлэсэн чингэлгийн хэмжээг TEU-д шилжүүлсэн хэмжээгээр дараах графикт тодорхой харагдана. Эндээс харахад, бид 2018 онд Хятадаас Европ руу чиглэсэн нийт чингэлгийн 10.6, Европоос Хятад руу чиглэсэн чингэлэг тээврийн 8.8 хувийг дамжин өнгөрүүлжээ. Харин 2019 онд энэ тоо багагүй бууж, Хятадаас Европ руу 3.6, Европоос Хятад руу аялсан чингэлэг тээврийн 4.8 хувийг дамжуулсан байна.

Төмөр замын тээврийн хэмжээнээс ДНБ-ний өсөлт хамаардаг
Улс орон, бүс нутаг дахь үйлдвэрлэл, хэрэглээ харилцан хамаарал ихтэй байвал түүнийг дагаад тээвэрлэх ачаа их байдаг. Тодорхой бүс нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөр бүс нутагт хэрэглэдэг. Нэг бүс нутаг дахь үйлдвэрлэл нөгөө бүс нутгийн түүхий эд , тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд ангийг ашигладаг бол тэдгээрийг өөр хооронд нь тээвэрлэх шаардлага үүсдэг. Энэ утгаараа бүс нутаг, улс орнуудын хоорондох худалдааны өргөжилтийг дагаад тээврийн эрэлт ч нэмэгддэг. Манай хөрш ОХУ-ын түүхий эд БНХАУ-д эцсийн бараа, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж, буцаад дэлхий даяар тардаг болчихсон зах зээлийн бүтэн сүлжээн дунд бид байна. Энэхүү нийлүүлэлтийн сүлжээний зах зээлээс бид ч бас бусдын адил хуваалцах эрхтэй. Эдгээр нөхцөл байдал, харилцан хамаарлыг харгалзан үзвэл төмөр замын тээвэрлэлтэд нэг ийм дүгнэлт хийж болно. Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон төмөр замаар тээвэрлэж буй ачааны хооронд хүчтэй шууд хамаарал байдаг. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдснаар, 1990-2014 оны хооронд төмөр замаар тээвэрлэсэн ачаа болон дотоодын нийт бүтээгдэхүүний харилцан хамаарал 0.94 хувь буюу маш өндөр гарчээ. Ийм хүчтэй хамаарал нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг урьдчилан харах боломжийг олгож байгаа юм. Харин үүнд эсрэгээр төмөр замын тээврийн хэмжээнээс Монгол Улсад нэг жилд үйлдвэрлэж буй дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хамаардаг гэсэн товч гаргалгаа хийж болохоор. Манай улсын эдийн засаг харьцангуй жижиг. Ердөө 13 тэрбум ам.доллар. Төсөвт төвлөрүүлж буй орлогын 30 хувийг ердөө зэс, нүүрс гэх гадны зах зээлээс хамааралтай түүхий эдээр бүрдүүлдэг. Тэр утгаараа манай улсын эдийн засагт гадаад орчны нөлөөлөл их.
Эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй учир хүссэн, хүсээгүй бид гадаад нөхцөл байдлаа судалж байж төсөв төлөвлөгөөгөө баталдаг нь жам ёсны зүйл болсон. Тэгвэл бид манай улсыг дамжин өнгөрөх энэ том транзит эдийн засгаас хувь хүртэх бүрэн боломж байна. Далайд гарцгүй хэт жижиг эдийн засагтай манай орны хувьд энэ бол эдийн засгаа тэлэх томоохон боломж юм.

Ц.Лувсан: БНХАУ-Европ хооронд жил бүр 20 сая чингэлэг тээвэрлэдэг
/УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга/
-БНХАУ-Европ тивийн хооронд жил бүр 20 сая чингэлэг тээвэрлэгддэг. Үүний 94 орчим хувь нь далайгаар үлдсэн зургаан хувийг хуурай замаар тээвэрлэдэг гэсэн судалгаа бий. БНХАУ нь дээрх үзүүлэлтийг 2025 он гэхэд 10-15 хувьд хүргэнэ гэж тооцоолсны дээр олон төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулаад Замын захиргаа нь өөрийн улсын газар зүйн байршлыг ашиглаж, хуурай замаар тээвэрлэх ачаанаас тодорхой хувь хүртэж дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлэн улмаар тогтворжуулж чадвал Монгол Улсын ирээдүйд чухал “баялаг” бүтээж болох үйл явц гэж үзсэн хэрэг. Тэгэхээр манай УБТЗ-ын мянга мянган төмөр замчид хамтран эх орондоо “баялаг” бүтээж байна гэж ойлгож болно.

А.Алтаншагай: Бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний тээвэрлэлтийн урсгал нэг тогтворжих юм бол ачаа урсгал хэзээ ч буурахгүй
/Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга/
-Манай улсаар дамжин чингэлгийн галт тэргээр тээвэрлэж байгаа ачааны бүтцийг урсгалаар нь авч үзвэл тэгш талаас БНХАУ руу мод модон материал буюу түүхий эд их хэмжээгээр тээвэрлэдэг. Эсрэгээрээ БНХАУ-аас сондгой чиглэлд бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн. Харин сүүлийн үед Европ, Беларусь, ОХУ-аас ирж байгаа шинэ захиалгуудад бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмж, хуурай сүү, наран цэцгийн тос, рапсын тос, рапс, авто машины дугуй, пиво гэх мэт ачаанууд багтдаг. Энэ нь, бидэнд ямар ашигтай юм гэхээр бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний тээвэрлэлтийн урсгал нэг тогтворжих юм бол ачаа урсгал хэзээ ч буурахгүй, зах зээл нь ирээдүйд улам нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ ОХУ мод, түүхий эд экспортлохыг хориглох болон нөөц нь дуусах тохиолдолд тэгш талд аялах ачаатай галт тэрэгний аялал хоосон вагоны тээвэрлэлт болж хувирна.
“Ган зам” сонины 2020 оны есдүгээр сарын 22, №39, ярилцлагын хэсгээс..

Сэтгэгдэл үлдээх