Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-19

У.Мягмарсүрэн: Дадлагыг цахимаар хийлгэх судалгааны ажил хийж байна

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та ТЗДС-ийн захирлын албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Цар тахлын улмаас 2020-2021 оны хичээлийн жилд оюутнуудыг цахимаар бүртгэж, сургалтаа ч ихэнх хугацаанд цахимаар явуулж байна. Ер нь, цахим сургалтыг ямар хэлбэрээр түлхүү хийж байна вэ?
-Баярлалаа, Энэ хугацаанд олон ажил амжууллаа. Жишээ нь, БШУЯ-аас зарим мэргэжлийн индекс авсан, хөтөлбөрийн хорооны журам боловсруулан хэрэгжүүлж байна. Мөн Эрдмийн зөвлөлийн журмаа шинэчлэн боловсрууллаа, 2020-2025 оны стратеги төлөвлөгөөний төслөө боловсруулж хэлэлцүүлэх гэж байна. Төгсөж буй оюутан дадлага хийх хугацаандаа мэргэжлийн зэрэгтэй төгсөх журам, ШУТИС-ийн МеТС-тай хамтран үндэсний хэмжээний “Монгол инженер-2020” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эрдэмтэн судлаачид, багш нар туршлага солилцсон үр дүнтэй ажлууд зохион байгууллаа.
Намрын улиралд сургалт танхимаар хичээллэж эхлээд удаагүй байтал ковид-19 халдвар Монгол Улсад дэгдэж Улсын онцгой комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр сургалтын үйл ажиллагааг зогсоож, сургалт цахим орчинд шилжсэн. Хичээлүүд маань өмнө гаргасан хуваарийн дагуу хэвийн явж, нэгдүгээр улирлын сургалт дууссан. Бид өмнөх улирлын туршлага дээрээ үндэслэн цахим сургалт, сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлага түр журам гаргаж лекц, семинарын хичээлийг PPT, видео, word буюу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бусад платформууд ашиглаж E-cloud Unimis сургалтын програм ашиглан амжилттай явуулж байна. 
-Хөдөө орон нутгийн оюутнууд сургалтдаа бүрэн хамрагдаж байна уу?
-2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд сургалтдаа бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлүүд үүсэж байсан. Энэ удаад бол арай өөр. Яагаад гэвэл, оюутнууд хөдөө орон нутаг руу яваагүй байсан учраас бүрэн хамрагдаж чадсан. 
-Та өмнө өгсөн ярилцлагадаа “Сургалтын төлбөрөө 20 хувиар нэмсэн. Төлбөрөө нэмж байж л тодорхой хэмжээний сургалтын чанар ярих хэрэгтэй” гэж хэлж байсан. Оюутнууд цахимаар чанартай, хангалттай сургалтыг авч чадаж байгаа юу?
-Тийм ээ. Манай сургуулийн хувьд бусад сургалтын байгууллагатай харьцуулахад одоо ч сургалтын төлбөр бага байгаа. Бидний зорилт бол сургалтын чанар, чадварлаг багштай байх. Бид сургалтын чанарыг сайжруулахын тулд сургалтын орчин, эрүүл ахуйн нөхцөлөө сайжруулах, багш нараа чадавхжуулах хэрэгтэй. Тийм учраас бид экспертүүдийг урьж багш нартаа энэ нэгдүгээр сард судалгаа шинжилгээ, арга зүйн сургалтуудыг явуулж байгаа. Сошиалаар “Цахим сургалт чанаргүй, хангалтгүй байна” гэсэн мэдээллүүд гарч байгаа. Бид үүнтэй тэр бүр санал нийлэхгүй. Яагаад гэвэл, багш бол сайн чиглүүлэгч/coach/, мэдээлэл түгээгч байх хэрэгтэй. Харин оюутнууд маань тэр мэдээллийг мэдлэг болгон боловсруулалт хийж, боловсрол болгон өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Манай багш нарын хувьд боловсруулалт, мэдээллээ сайн хүргэж байгаа. 
-Цахим мэдээллээс харахад зайнаас суралцаж буй нь их дээд сургуулийн оюутнуудад хүндрэлтэй байгаа бололтой. Зарим нь, “Лаборатори, практикт тулгуурладаг хичээлийн агуулгыг цахимаар бүрэн эзэмших боломжгүй юм байна” гэжээ. Танай сургуулийн хувьд үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг ямар зохион байгуулалтаар хийлгэж байгаа вэ?
-Ямар нэг юманд хүндрэлгүй байна гэж юу байх вэ дээ. Тулгамдаж буй асуудлыг боломж болгон ашиглах хэрэгтэй. Энэ улирлын хичээлийг бид E-Cloud unimis програмаараа лекц семинараа явуулж, zoom meeting, VOOV, google meeting, jitsi meeting зэрэг програмаар бататган орно. Үйлдвэрлэлийн дадлагыг үйлдвэр дээр очиж хийх боломж их хомс болоод байна. Дижитал болон мэргэжлийн багш нараас бүрдсэн ажлын хэсэг гаргаж цахим дадлага хийх, дадлагын удирдамж боловсруулах, үйлдвэрлэлийн дадлага дээр хийгддэг ажлыг нэг бүрчлэн детальчлан видео бичлэг хийж оюутанд хүргүүлэх зэрэг судалгааны ажлуудыг хийж байна. Бид боломжит гарцыг хайж байгаа.
-Мөн төгсөх ангийн оюутнуудын хувьд ном, сурах бичгээс авахуулаад олон асуудал тулгардаг юм байна. Энэ талд хэрхэн анхаарч байна даа? 
-E-Cloud unimis сургалтын номын сангийн програмыг ашиглаж байгаа. Манай сургуулийн хувьд номын фондоо програмдаа шивсэн. Одоо файлаа татаж оруулж эхлэх гээд мэдээллээ бэлтгэж байна. Номыг файлаар оруулбал оюутнууд цахим хэлбэрээр уншина. Харин татаж авах боломжгүй. Номын санд байгаа бүх ном цахим болж, онлайнаар оюутнууд номоо унших боломж бүрдэж, төгсөх ангийн оюутнууд диплом, диссертацын ажил бичихэд тулгардаг асуудал хөнгөвчлөгдөнө гэсэн үг юм. 
-ОХУ-ын болон БНХАУ-ын их дээд сурууль, коллежуудтай хамтран хэрэгжүүлдэг 2+3 гэх мэт хөтөлбөрүүдийг энэ жил хэрэгжүүлж чадаж байна уу?
-Бид ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын сургууль, БНХАУ-ын Бугат хотын төмөр замын сургуулиудтай хамтран 2+3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зарим нэг хүндрэлүүд гарсан. Жишээ нь, оюутнууд ОХУ-ын Эрхүү хотод очиж дадлага хийх ёстой ч энэ асуудал хойшлогдсон. Гэхдээ бусад сургалт хэвийн явж байна. Харин БНХАУ-ын Бугат хотын төмөр замын сургуулийн оюутнууд энэ жил явж чадаагүй учраас бид энд сургах арга хэмжээ авч ажилласан.
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд өрнөж, төмөр замын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ цаашид улам ихсэх нь тодорхой. “Монголын төмөр зам” ТӨХК гэхэд л дэргэдээ МСҮТ байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь УБТЗ-ын сургуулиудын өрсөлдөгч гэсэн үг. Цаашид ч ийм сургуулиуд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс танай сургууль бусдаас давуу байх талд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой боловсон хүчний эрэлт маш их байгаа. Бид боловсон хүчнийг сургах тал дээр бодлогын чанартай ажлуудыг хийх хэрэгтэй. Өмнө нь, монополь шинжтэй байсан бол “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Болд төмөр-Ерөө гол” төмөр зам зэрэг өрсөлдөгчид гарч ирсэн. Мөн төмөр замын чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургууль коллеж, МСҮТ-үүд бий болсон. Зах зээлийн хууль нь иймээс хойно үүнийг яагаад ч хязгаарлаж чадахгүй. Тиймээс бид өрсөлдөөнөөс хуурай гарахын тулд олон жилийн бааз суурь, туршлагатай багш нараа ашиглаж, бодлогын түвшинд захиалгат шаталсан сургалтуудыг явуулах хэрэгтэй. Бид одоо л хэрэгжүүлэхгүй бол Төмөр замын дээд сургууль, Политехникийн коллеж нь өрсөлдөөнд байр сууриа алдана гэсэн үг. Манай сургуульд давуу тал их бий. Мэргэжлийн багш нар нь байна, туршилтын бааз нь байна. Энэ давуу талаа яаравчлан ашиглахгүй бол “Өндгөө дарсан тахиа шиг” өнгөрсөн хойно хашхирав гэгч нь болно шүү дээ.
-Багшийг хөгжүүлэх, оюутнуудаа сэдэлжүүлж, клубуудыг нь дэмжих, лаборатори, сургалтын техник технологиудыг сайжруулах талд ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Төмөр замын ирээдүйн хөгжил, их бүтээн байгуулалтыг босголцох боловсон хүчнийг бэлтгэж байгаа сургалтын байгууллага нь бодлогын түвшинд нэн тэргүүний байгууллага байх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсан. Үүний дагуу багш хөгжлийн хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, багшийн хөгжлийн төв байгуулан ажиллана. 
Боловсролын байгууллагын үндсэн тулгуур нь багш-оюутан-ажил олгогч гэсэн гурвалсан холбоо байдаг. Бид орцыг гарц болгохын тулд өөрсдөө маш сайн боловсрох хэрэгтэй. Зах зээлийн өрсөлдөөн, тэр тусмаа дижитал шилжилтийн үед багш нар чадварлаг судлаач байх шаардлагатай. Чадварлаг судлаач байхын тулд багшийн академик эрх чөлөөг олгож, чадамжийг сайжруулах ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Аливаа зүйл хайрцаглагдсан тохиолдолд хэзээ ч хөгждөггүй, харин даган баясагч болж хувирдаг. Боловсролын байгууллага, тэр дундаа багш нар академик эрх чөлөөтэй байж, шинийг эрэлхийлж, шинэ зүйлийг бүтээж, хөгжиж, инновацилаг байж, чадварлаг боловсон хүчнийг төрүүлэн гаргах нь зүйн хэрэг. Боловсролын байгууллагын бусад байгууллагаас ялгагдах онцлог нь хүнийг бүтээгдэхүүн болгон хувиргадаг, өдөр бүр суралцан, хөгжигч байдгаараа ялгаатай. Бид цаашид Үр дүнд суурилсан сургалтын арга зүй, Багшлахуйгаас суралцахуйд шилжих нь, XXI зууны дижитал сургалтын технологи, Хүн төвтэй өөрчлөлтийн менежмент, Статистик шинжилгээ хийхэд SPSS програмыг ашиглах нь, Боловсролын хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах зэрэг сургалтуудыг багш нартаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сургалтын байгууллагын оршин тогтнох үндэс нь бүтээгдэхүүн байдаг. Бид чадварлаг бүтээгдэхүүн бэлтгэхийн тулд оюутнуудаа сэдэлжүүлэх, сайн дурын болон мэргэжлийн клубуудыг дэмжих, сургалтын лаборатори, сургалтын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр анхаарч “Оюутны хөгжлийн хөтөлбөр” боловсруулж дэмжин ажиллах зорилт тавьсан. Мэргэжлийн салбарын багш оюутнуудын хийсэн Lightboard дээр тулгуурлан онлайн сургалтын техник, тоног төхөөрөмж бүхий танхим байгуулах, мөн анги танхимын тохилог орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч хоёрдугаар байрны тохижилтын засварын ажлыг хийж байна.
-Багшийн хөгжил, сургалтын орчноо сайжруулах талд нэлээд ажил төлөвлөн хийж байгаа юм байна. Харин танд цаашид сургалтынхаа хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлт хийхээр зүйл ажиглагдаж байна уу?
-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. ТЗДС, ПТК-ийн хамтарсан хөтөлбөрийн хороо байгуулагдсан. Хөтөлбөрийн дэд хорооны гишүүд нь шинэчлэн, сайжруулах ажлаа хэлэлцэж, ажилдаа орсон байгаа. Цаашид шинэчилсэн, шаталсан хөтөлбөр хэрэгжүүлэх судалгаа ч хийж байгаа. Хавсарга хөтөлбөр, хос хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээр стратеги төлөвлөгөөндөө тусгаж өгсөн. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх