Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-10

Аз жаргал бол ууч сэтгэл, тэвчээр, нэгнээ хайрлаж, хүндлэх сэтгэлээс үүсдэг

УБТЗ-ын 16 мянган төмөр замчны дунд гэр бүлээрээ ажилладаг олон хүн бий. Тэдний төлөөлөл болсон О.Энхболд, Д.Болормаа нарыг энэ дугаартаа урилаа. Эхнэр Д.Болормаа нь УБТЗ-д 36 жил ажиллаж буй бөгөөд ирэх зургадугаар сард гавьяаныхаа амралтад гарах гэж байгаа ажээ. Харин нөхөр О.Энхболд нь 33 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Төмөр замд олон жил тасралтгүй ажиллахдаа залуустаа зөв үлгэр дуурайлал болсон энэ хоёр эрхэмтэй хөөрөлдсөнөө хүргэе.

О.Энхболд: -Аав Ц.Очирбат төмөр замын худалдааны байгууллагад, ээж А.Энхээ маань “Найрамдал” цэцэрлэгт насаараа ажилласан. Би удам дамжсан төмөр замчин. Дунд сургуулиа төгсөөд цэрэгт явж ирээд л төмөр замд орсон. Гэхдээ аав, ээжээс гадна надад их нөлөөлсөн хүн бол миний багын найз, одоо Худалдан авалт, борлуулалтын албаны Материал аж ахуйн дарга Ж.Аргалант. Тэр үед Ж.Аргалант төмөр замд орчихсон байсан. Тэгээд би 1988 онд АБТЭМА-д ачигчаар ажилд орсон. Уг нь, би ОХУ-д дулааны станцын талын мэргэжлээр нэг жилийн курст суралцсан юм шүү дээ. Мэргэжлээрээ ДЦС-3-ын Нэгдсэн засварын газарт ажиллаж байгаад 1986 онд цэрэгт татагдаж, халагдаж ирээд төмөр замд орсон. Улмаар, аавынхаа дэмжлэгээр 1989 онд Туул зөрлөгт дагалдан жижүүрээр очиж, намраас нь Төмөр замын коллежийн эчнээ ангид суралцаж, ашиглалтын техникч болсон. 
Д.Болормаа: -Би наймдугаар ангиа 1982 онд төгсөөд эмнэлэгт хэвтээд гарч иртэл ганцхан Төмөр замын ТМС-ийн хуваарь үлдсэн байсан. Тэр нь замын ангийнх байсан юм билээ. Би юу ч мэдэхгүй, сургуульгүй үлдэж болохгүй тул зүгээр л авчихсан. Яваад очтол манай урд айлын хүүхэд ТМС-д цахилгаанчнаар ажилладаг байж таараад “Чи ашиглалтын ангид нь ор” гээд сольж өгсөн. Ингээд л ашиглалтын ангид нь гурван жил сураад Айраг өртөөнд мэдээлэгчээр томилогдсон доо. Тэндээсээ Оорцог-Энгэр зөрлөгт жижүүрээр ирэхэд цахилгаан очирын системтэй байж билээ. Ер нь, би цахилгаан очирын систем, хагас автомат хориглол, одоо өртөө хоорондын хориглол гээд бүгдэд нь ажиллаж үзлээ. Хонхорт ачаа тээврийн чиглэлээр таван жил ажилласнаас бусдад нь би жижүүрээр ажилласан. 
О.Энхболд: -Би Туулаас Агуйт хүртэлх зөрлөгүүдийн дунд 30 гаруй жилийг өнгөрөөж байна. Сайн удирдлага, сайхан хамт олны дэмээр өдий зэрэгтэй явна. УБТЗ тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд нэг хэсэг олон зөрлөг шинээр нэмсэн шүү дээ. Улаанбаатар хэсэглэл Агуйт зөрлөгийг 2000 онд нээхэд Улаанбаатар өртөөний тухайн үеийн дарга Т.Батболд, Хүний нөөцийн менежер М.Хонгор гуай нар надад санал тавьж, даргаар нь томилсон. Тэр үед би Хонхор өртөөнд жижүүр байсан юм. Богд уулаас цааш гарч үзээгүй надад Агуйт говь шиг санагдаж билээ. Элс, шороогоор шуураад л... Өмнө нь нээлттэй, 12 дугаар зөрлөг гэж байсан юм билээ. Тэгээд хөдөлгөөн багассан үед хаасан байснаа буцаагаад нээсэн нь тэр. Тэгэхэд манай хүн Хонхорт кассираар ажиллаж байлаа. Гэтэл би Агуйт явах болж, эхнэр маань өдрийн найман цагийн ажил хийдэг ч намайг дагаж очоод ээлжийн жижүүр болох эсэх асуудал тулгарсан. Тэгээд М.Хонгор гуайд “Би зөвшөөрч байна. Харин манай хүнд та хэлж өг” гэсэн. Эхнэрийг маань дуудаж уулзаад ямар арга хэрэглэсэн юм бүү мэд, зөвшөөрүүлсэн л байсан /инээв/.
Д.Болормаа: -Нөхрөө дагаад л явна шүү дээ/инээв/. Бид хоёр тэндээ дөрвөн жил ажиллаад Бумбат зөрлөгийг 2004 онд нээхэд би жижүүрээр ирсэн. 
О.Энхболд: -Боловсон хүчний бодлогодоо болж өгвөл гэр бүлийг нэг дор нь байлгахыг эрмэлздэг шиг билээ. Нэг дороо байвал байгууллагадаа ч, гэр бүлдээ ч давуу талтай л даа. Гэвч бид хоёрыг дахиад хамт нэг зөрлөгт татаж ирэх боломжгүй байсан болов уу. Даргын УАЗ-469 давхиж очоод эхнэрийг жижүүр Д.Нарангэрэлийн хамт “Машинд суу” гэж байна. Гайхаад “Би яах юм” гэтэл харж байснаа “За чи ч дулаан хувцсаа өмсөөд бас суу” гэлээ. Тэгсэн чинь замдаа тэр өдөр нь нээгдсэн Чулуут зөрлөгт жижүүрээр үлдээгээд энэ хоёрыг аваад явчихсан /инээв/. Яах вэ, шинэ зөрлөгүүд нээгдэхэд эхний ажилтнаар очиж амжилттай ажилласан. Тухайн үед Т.Батболд, Ч.Отгонбат, Л.Энхболд нарын сайхан дарга нар, мөн Я.Товуухорол гэж мундаг хүн ахлах байцаагч байлаа. Чулуутад хавар ирсэн бол намар нь Тээвэр зохион байгуулалтын албаны “Буурал” хэмээх Б.Лхагвасүрэн дарга утасдаад “Хайрхан зөрлөгийг нээж, чамайг даргаар нь томилсон тушаал гарсан. Одоо тийшээ оч” гэдэг юм. Ингээд гурав дахь зөрлөгөө нээж, эхнэртээ ч нэлээд ойртоод авсан. 
Д.Болормаа: -Үндсэн гэрээ бол би Бумбатад нүүлгээд ирсэн. Харин хань маань үүргэвчтэй хувцастайгаа явуулын хүн л зөрлөг хооронд томилогдоод байсан. Хаана л очно технологийн сууцаар хангачихдаг болохоор санаа зовох зүйлгүй. Энэ нь, нэг талдаа амар ч өөрийн гэсэн орон гэргүй үлдэх нь бий. Тэтгэврийн нас дөхөөд ирэхээр юм бодогдож эхэлдэг юм билээ. Бага охин маань нэгдүгээр ангид орох гээд Бумбатаасаа өргөдөл өгч, 2013 онд Хонхортоо буцаж ирсэн. Тэгээд бид хоёр өөрийн гэсэн хашаа авч, байшин барьсан. 
О.Энхболд: -Би бас Хайрханаасаа шууд Хонхортоо ирчихээгүй. 2005 онд Баян зөрлөгт шинээр томилолтын жижүүрийн орон тоо батлагдахад ирсэн. Өөрөөр хэлбэл, гэртээ дахиад нэг зөрлөгөөр ойртсон. Зөрлөгийн дарга байхад ажил орхиод гэр рүүгээ яваад байх боломжгүй л дээ. Жижүүр болоод хааяа нэг ирнэ. Тэгээд 2004 оноос хойш гурван жил араас нь нэхэж явсаар 2007 онд Бумбат зөрлөгийн даргаар ирээд нэг юм нийлсэн инээв.

Интернэт өвөө, эмээ
Д.Болормаа: -Манай хоёр том хүү эрт биеэ дааж сурсан. 24-ийн цэцэрлэгт яваад, сургуульд ороход нь сурагчдын дотуур байранд өгсөн. Баасан гарагийн орой л галт тэргээр гэртээ ирдэг. Гэвч “Хурдхан буцаад явах юмсан” л гэнэ. 
О.Энхболд: -Хүүхдүүд амралтаараа ээж дээрээ л ирнэ. Аавындаа очвол тухгүй шүү дээ. Надад ер нь гэрийн нохой маань л олддог байлаа инээв.
Д.Болормаа: -Одоо хоёр хүү маань Чех улсад ажиллаж амьдарч байгаа. Тэнд гэр бүлээрээ амьдардаг Монгол айлын хүргэн болж, биднийг ачтай болгосон. 2019 онд хүүхдүүдийн урилгаар очиж үзсэн. Түүнээс өмнө бол “Интернэт өвөө, эмээ” л байлаа инээв. Одоо зургаан нас хүрч байна.
О.Энхболд: -Бид тавуулаа нэг гэрт байж үзээгүй юм байна. Хоёр том маань дотуур байраар л амьдарсан. Том хүү дунд сургуулиа төгсөөд 2007 онд гадаад явсны дараа бага охин төрсөн. 
Д.Болормаа: -Тийм юм байна. Бага хүү ах руугаа яваад гурван жил боллоо. Бас л тэндээ амьдрал зохиож буй дуулдсан. Бид хоёрыг ирж амьдар л гэцгээгээд байгаа. Урилгаар очиход тэнд идээшихээргүй санагдсан. Тиймээс эндээ л бага охинтойгоо гурвуулаа амьдарна даа. Гэхдээ миний хоёр хүү зөв хүмүүжсэн болохоор сэтгэл амар, зовлон алга. 
О.Энхболд: -Надад бол зовлон байна. Нэгдүгээрт санах зовлон бий. Хоёрдугаарт, тавь гарчихаад нүүрсээ авч, усаа зөөж, түлээгээ хагалж байхдаа боддог юм. Хоёр сайхан хүүтэй хэр нь ингээд явж байх ч дээ гэж. Уг нь, миний дийлэхгүй зүйлийг хүү маань дийлэхийг харж, аавдаа туслахад нь баярлаж, бахархмаар байна шүү дээ.
Д.Болормаа: -Тэр ч миний ханийн жаргалтай зовлон л доо. Хэрэв хөвгүүд маань буруу, зөрүү яваад сэтгэл зовоодог бол хоёулаа яана.
О.Энхболд: -Би утсаар ярихдаа аав нь энд усаа зөөгөөд л яваад байх нь зөв үү, буруу юу. Хоёр хүү нь болохоор хол жаргаад л... гэхээр инээдэг юм. Удахгүй нэг сарын хугацаатай ирнэ гэж хэлсэн. “Тэгээд таныг бүтэн сар усанд явуулахгүй” гэсэн.
Д.Болормаа: -Шугам замын хүүхдүүд ер нь л их хэрсүүжиж, биеэ эрт даадаг юм. Нэг хэсэглэлийнхэн чинь томуудад нь багуудыг нь даалгаад л дотуур байр руу явуулчихдаг. Дотуур байрандаа бүгд л нэг айлын хүүхэд шиг эв найртай өсдөг нь сайхан шүү. Хараа хяналт ч сайтай. Хүүхдүүдээ амраад ирэх өдөр шугам замынхан бууз, хуушуур гээд л янз бүрийн сайхан хоол бэлдсэн, бөөн завгүй хүмүүс л байдаг сан. Тэгж байтал суудал ирээд бөөн л шуугиан болно доо. Хоёр өдөржин л эл хуль байсан зөрлөг аз жаргалаар дүүрч, хувцас хунарыг нь угааж цэвэрлэцгээсэн л хүмүүс байна. 

Зөрлөгт цоожтой хаалга байдаггүй
О.Энхболд: -Зөрлөгийнхөн сайхан шүү. Нийтэч, нэгнээ гэсэн сэтгэлтэй. Ер нь, цоожтой хаалга байдаггүй. Ажлаас ирэхэд гал түлчихсэн л байдаг. Зам дагаж хөгжил гэдэг утгаараа ойрхон малчин айлууд бууна. Шөнийн суудалд суухын тулд зөрлөгийнхнөөр л байж байна. Суудлаас буухад нь ачаатай байвал бидний хэн ч хамаагүй тосож аваад, хүргэж өгнө. 
Д.Болормаа: -Зовлон, жаргал, баяр, гунигаа бүгд л хамт хуваалцана. Олон жил суурин ажиллаж байгаа нь мал хуйтай ч болсон байдаг. 
О.Энхболд: -Манай хүн 1993 онд Хонхор өртөөнд ирэхэд нь бид хоёр танилцаж байлаа. Хөгтэй ч гэмээр нэг зүйл нь бид хоёрт томилогдож очсон газар технологийн нэг нэг өрөө өгдөг. Тэрийг нь дунд нь хаалга гаргаад хоёр өрөө болгоод амьдарчихна инээв. Хэдийгээр нэг гэр бүл ч гэсэн заавал тусад нь байр өгөх ёстой. Учир нь, бид хоёрын нэг нь өөр тийшээ томилогдлоо гэхэд оронд нь ирсэн хүнд тэр өрөөг нь өгдөг юм. 
Д.Болормаа: -Намайг жирэмсний амралтаа авахад өөр жижүүр ирж, дундаа гаргасан хаалгаа тоосго өрөн хааж билээ. Тэгээд ажилдаа буцаж орохдоо дахиад нураагаад хаалга болгосон. Энэ мэтчилэн хамт очсон газраа дундаа хаалга гаргаж байсан шүү инээв.
О.Энхболд: -Ер нь, жижүүрийн ажил амаргүй, хүнд шүү дээ. Ялангуяа, шөнийн ээлжинд гарсан хүн ажлаас буугаад бүрэн амарч чаддаггүй тал бий. Хүн унтах цагтаа унтаж л бие нь эрүүл байх ёстой гэж эрдэмтэд хэлдэг юм билээ. Залуу байхад нэг их анзаардаггүй ч олон жил болоод ирэхээр энэ нь сөргөөр нөлөөлөх гээд байдаг юм уу даа. Миний хувьд шинэ хуулиар нь гэвэл 62 хүрч тэтгэвэрт гарах юм билээ. Гэхдээ тэтгэвэрт гарна, бас ч үгүй хэдэн жил тэтгэврээ идэж амьдарна гэж бодоод байгаа шүү инээв. Уг нь, манай мэргэжил хүнд нөхцөлд ормоор л юм шиг санагддаг. Өртөөний жижүүрийн мэргэжлээр УБТЗ-аас өөр газар хөрвөж ажиллах боломжгүй. Нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшсэн бол хоёргүй сэтгэлээр л зүтгэхээс аргагүй. Харин сүүлийн үед хувийн төмөр замын цөөнгүй компани бий болж, магадгүй жижүүр хүн хаана нь очих сонголтоо хийж болох хэмжээнд хүрэх гэж байна.

Монгол ахуй, өв соёл орхигдож байна
Д.Болормаа: -Шугам замд биднийг залуу байхад зурагтгүй, утас ч үгүй байлаа. Нэгнийдээ цугларч хууч хөөрнө, тоглож наадна. Амьд харилцаа гэдэг жинхэнэ байсан. Одоо бол амьд харилцаа алга болж. Айл бүхэн зурагттай, хүн бүр утастай болохоор бараг хоорондоо ч уулзахгүй шахам болсон. 
О.Энхболд: -Хөгжиж дэвшээд байгаа мэт боловч хуучны сайхан уламжлал биднээс холдсоор байна. Өөрсдөө анзаарахгүйгээр хоорондоо улам холдох юм. Хүүхдүүд хүртэл нэг айлдаа цуглаад өдөржин тоглодог байлаа. 
Д.Болормаа: -Зуны цагт сарайгаа зуны байшин болгоод хүүхдүүд шөнөжин тоглодог сон. Одоо хичээлээ хүртэл цахимаар хийж байхад яалтай ч билээ. Утаснаас нь холдуулах ямар ч боломжгүй. 
О.Энхболд: -Ахмадууд бидэнд л хариуцлага ирж байна даа гэж бодоод байгаа. Залуустаа монгол ахуй, ёс заншил, өв уламжлалаа суулгаж өгөхгүй бол болохгүй нь. Биднээс сонсолгүй үлдвэл өөр хэн хэлэх билээ. Биднээс сурч үлдээгүй юм чинь хүүхдүүддээ бүр юу ч хэлэхгүй. Улам л цахимжсан, вакумжсан хүмүүс бий болно. 
Д.Болормаа: -Тэтгэвэрт гарсан, өөр тийшээ явсан хүмүүс ч эргээд уулзах нь ховор болж дээ. “За баяртай, холбоотой байцгаана” гээд л гардаг. Тэгээд л холбоо тасардаг. Хуучин бол зорьж уулзаад, гурав дөрвөөрөө сонин сайхан ярилцдаг байлаа. 

Хотын хүүхдүүд байлаа
О.Энхболд: -Би төмөр замын гурван угсармалын 49 дүгээр байранд нь бага насаа өнгөрөөсөн. Уг нь, Зүүнхараад төрсөн. Хөгшчүүлийн хүүхэд байлаа. Тэндээ нэгдүгээр ангид орсон ч сахилгагүйтээд байж л дээ. Одоо бодоход эмээгээ гурван ч удаа багш дээр дагуулж очсон санагддаг юм. Тиймээс эмээ намайг “Үгэнд орохгүй байна. Хүүхдээ ав” гэж аав, ээж рүү явуулснаар энэ тосгоны хүүхэд болсон доо. Гэхдээ намайг дийлэхгүй нь гэхээсээ илүү дөрвөн дүүтэйгээ ойр байг гэж бодсон байх. 38 дугаар сургуульд элсэж, таваас аравдугаар ангидаа 51 дүгээр сургуульд сурч төгссөн. Тэр үед энэ орчин шал өөр байлаа. Хэвлэх үйлдвэрээс хойш, Богд-Ар хороолол байгаа энэ орчим задгай талбай байсан. Бид цүнхээ овоолж тавьчихаад хөл бөмбөг тоглоцгооно. 
Д.Болормаа: -Миний бага нас бол 13 дугаар хорооллын Модон завод орчмоор л өнгөрсөн дөө. Бага ангидаа 21 дүгээр сургуульд сурч, наймдугаар ангиа 39-д төгссөн. Эгч нь өнөөг хүртэл 36 жил төмөр замдаа ажиллаж байна.
О.Энхболд: -Нарантуул захын буйран дээр Цэргийн алба хааж байлаа. Манайх барилга засварын анги байсан. Гэртээ ойрхон алба хаана гэдэг ч онцгүй юм билээ. Хал цэрэг болсон үедээ энэ хооронд хэдхэн минут гүйгээд л ирнэ. Эхний хоёр гурван ирэлтэд гоё хоол хийчихсэн байж байна. Сүүлдээ бүр “Чи ирээд талх авчихаарай” гэж бичиж үлдээгээд явсан байна шүү дээ /инээв/. Сүүлдээ ирвэл зарах гээд байхаар нь ирэхгүй. Анх Тавантолгойгоос хуваарилагдаад бүхээгтэй машинд шөнө яваад л байсан юм. Их л хол явах шиг боллоо. Тэгээд өглөө нь хартал байшин барилгатай, хүн амьтан олонтой газар шиг байна. Хашаан дээгүүр хартал Сансар харагдаж байдаг юм даа. Нэг хуучин цэргээс “Ахаа одоо бид эндээс хаашаа явах юм бэ” гэтэл “Чи хаачмаар байна” гээд анхны шанаагаа авч эхэлсэн /инээв/. Уг нь, цэргийн сургуульд сурч, цэргийн дарга болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Гэвч Цэргийн ерөнхийд шалгалт өгөөд тэнцээгүй. Тухайн үед их дээд сургуульд орж чадаагүй хүүхдүүдийн хувийн хэрэг Районы хөдөлмөрийн хэлтэст хүрээд ирдэг байсан. Тэндээс сургууль, ажил гарвал хуваарилдаг. Байсхийгээд л явж очдог ажилтай. Тэнд н.Мөнхбаяр гэж нэг залуу ажилладаг. Би дармалдаад цэвэрхэн биччихдэг. Тиймээс яваад очихоор н.Мөнхбаяр надаар их юм бичүүлнэ. Нэг өдөр очтол баахан томилолтын хуудас ширээн дээрээ гаргаж тавиад “За миний дүү дуртайгаа сонгоод ав” гэж байна. Бүгд л Орост очиж суралцах томилолт. Тэгээд гурван жил сураад барилгачин, эсвэл нэг жил сураад цахилгаанчин болох уу гэж бодож байгаад эрчим хүчний ангийг нь сонгоод явсан даа. Урал мөрний эрэгт нэг жил сурахдаа дээр, доороо курсгүй 20 монгол оюутан очиж байлаа. Учир нь, нэг жилийн сургалт болохоор тэр. Гэвч төмөр замтай амьдралаа холбосон маань аз юм даа.
Д.Болормаа: -Ер нь, төмөр замын ач буян их. Хүүхдүүдийг маань зөв хүн болгож төлөвшүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан. Цаг үеийн ямар ч хүнд байдал тулгарсан төмөр замын “нуруу” хэзээ ч хотойдоггүй. Цар тахлын энэ цагт олон л хувийн байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдаа цомхотгож, санхүүгийн доройтолд орж байна. Харин УБТЗ бол нэг ч ажилтнаа ажилгүй болгосонгүй, тэр бүү хэл ариутгал халдваргүйтгэлийг сайн хийж, халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр мөрдүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зарим үед бид ажил дээрээ тусгаарлагдан ажиллаж, цалингаа хэвийн авч байгаа.
О.Энхболд: -Жилийн үр дүнгийн шагналыг хүртэл энэ жил бас 200 хувиар олгосон шүү дээ. Хөл хорио тогтоосон ч бид ажлаа хэвийн хийж чадаж байгаа нь чадварлаг удирдлагуудын болон олон жил өндөр хариуцлагатай ажиллаад төлөвшсөн төмөр замчдын ач гавьяа юм. Гал тэрэгний дугуй эргэж л байвал улс орны эдийн засаг өөдөлж, ДЦС-ууд нүүрсээр тасрахгүй хотынхоо дулаан, эрчим хүчийг үйлдвэрлэж, ард түмэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслээр тасрахгүй. Энэ их гавьяат үйлсийг бий болгоход жирийн нэгэн жижүүр миний бие, бүр гэр бүлээрээ оролцож буйдаа бахархалтай байдаг. Замчид, холбоочид, зүтгүүрчид, вагончид... гээд бид бүхний ажил салшгүй уялдаатай. Хамтын хүчээр бид ямар ч цаг үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байдаг даа ах нь. 
Нэг хөгжилтэй зүйлийг дурсахад цэргийн найзтайгаа таардаг юм. “Хаана ажиллаж байгаа вэ” гэхээр нь “Жижүүрээр, эхнэр бид хоёр хоёулаа жижүүр” гэлээ. Тэгсэн нөгөөх маань “Тийм үү, би ч бас жижүүрээр ажиллаж байгаа” гэж байна. Төмөр замд орж дээ гэж олзуурхаад “Хаана вэ” гэтэл “Хоёрдугаар эмнэлгийн үүдэнд сууж байгаа” гэдэг юм даа /инээв/. Тэгээд найздаа төмөр замын жижүүр гэж ямар ажил байдгийг тайлбарлаж билээ. 
Д.Болормаа: -Тэр найз нь “Чи тэгээд эхнэртэйгээ хоёулаа жижүүр гэж үү дээ” гээд гайхсан гэсэн. Хоёулаа л нэг байгууллагын үүд манаад сууж байдаг юм бодож л дээ, хөөрхий. Төмөр замд ажиллаж үзээгүй хүн юу мэдэх билээ дээ.

Нэгнийхээ ажил мэргэжлийг ойлгож, хүндлэх хэрэгтэй 
О.Энхболд: -Залуу халуун нас гэж ярьдаг шүү дээ. Залуу насанд хүн бүр гэнэн л байдаг. Сүүлийн үед манай залуус хоорондоо ойлголцохгүй, маргалдах, босгосон амьдралаа нураах байдал ажиглагдаж байна. Залуустаа хандаж хэлэхэд хүнээс үг сонсож, хамт олон дотроо өөрийгөө зөв авч явах, гэр бүлдээ эерэг байх зэрэгт ахмадуудаасаа үргэлж суралцах хэрэгтэй. Хоёр өөр орчинд өссөн, амьдралыг харах өнцөг, үзэл бодол өөр залуус л хоорондоо танилцаж гэр бүл болдог шүү дээ. Тэгээд л ихэнх нь зөрчилддөг. Харин зөрчилдөхгүйн тулд хэн хэнд нь хүлээц гэж байх хэрэгтэй. Хэсэгхэн хугацааг хүлээцтэй, ууч сэтгэлтэй байгаад давчихвал аяндаа бие биеэ ойлгож хүндэлдэг болоод ирнэ. Өөр орчинд өсөн, өөр үзэл бодолтой хүнийг яг өөрийнхөөрөө байлгах гэж бухимдаад яах юм. Миний эрх чамаар, чиний эрх надаар хязгаарлагдаж байгаа, энэ чинь бас л хувь хүн гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бас аливаа муу зүйлийг мартаж чаддаг байх нь чухал. Юм бүхнийг санаж, бодоод, үе үе сөхөөд яваад байх хэцүү шүү дээ. Аз жаргалтай сайхан амьдралыг бий болгохын тулд нэг нь алдаа гаргасан бол уучилж сур. Амьдрал бол тоглоом биш. 
Нэгэнт дэр нэгтгэсэн бол хань ижлийнхээ өмнө, цаашлаад үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байх хэрэгтэй. Зорилгоо нэгтгээд, нэг зүг рүү тэмүүлээд, үүнийгээ мэдрээд ирэхээр аз жаргалын үүд нээгдэж байна л гэсэн үг. Амьдралын шалгуур хүн бүхэнд тулгардаг. Тэрийг л давах хэрэгтэй. Бид хоёрын хувьд ижил мэргэжилтэй, ихэвчлэн хамт ажилласан болохоор өөр хамт олон дунд нэгийгээ харах, ажлыг нь ойлгохгүй байх зовлон байсангүй. Хоёр өөр мэргэжилтэй залуус гэр бүл болчихоод нэгнийхээ ажлыг ойлгохгүй зүйл ажиглагддаг. Нэгнийхээ мэргэжлийн ажлыг ойлгож, хамт олныг нь ч ажил мэргэжилтэй нь хамтатган хүлээж авах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол өнөө хардалт, хагацал бий болно. Миний хань чинь энэ байгууллагад бас нэг ажилтан нь, хамт олныхоо дунд хувь хүн шүү гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. 
Д.Болормаа: -Төмөр замын ажилтан ямар ч үед бэлэн байх ёстой. Хурал, зөвлөгөөнд гэнэт л дуудна. “Би амарч байна” гэх эрхгүй. Тэгж ч болохгүй шүү дээ. Ажлын онцлог нь тийм юм чинь. 
О.Энхболд: -Ийм тохиолдолд эхнэр, эсвэл нөхөр нь өөр мэргэжлийнх бол ажлыг нь ойлгохгүй “Чи амарсан биз дээ. Явж яах юм” гэж хориглож, уурладаг шиг билээ. Ингэж л болохгүй. Хамт олныг нь, ажлыг нь бүү хэл өөрийг нь ч хүндлэхгүй байгаа л нэг хэлбэр.
Д.Болормаа: -Эмэгтэйчүүд их л тэвчээртэй байх хэрэгтэй. Миний хань бол их тэвчээр шаардуулахаар байгаагүй. Ер нь, эмэгтэй хүн эр нөхөртөө итгэдэг байх нь чухал. Дээр нь “Миний хань намайг хэзээ ч орхихгүй” гэж өөртөө ч итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл үгүй бол аз жаргал үгүй. Бид хоёр бол үргэлж цуг явдаг. Амарсан үед цалин буусан ч ханийгаа амрахаар дэлгүүр хамт хэсэх жишээний. Ганцаараа явна гэхээр л эвгүй болчихдог юм билээ. Хаана ч явсан цуг шүү дээ. Гэхдээ би жаахан хурц ааштай. Харин хань минь дуугүй. Би хэд тачигнаад л өнгөрнө. Тавхан минутын дараа уур гарахад “Чи ганцаараа л хэрэлдээд байсан шүү дээ” гээд сууж байдаг юм. Зарим хүмүүс “Би уур хүрэхээрээ хэд хоног дуугардаггүй” гэж ярьдаг. Олон хоног бухимдлаа тээж, сэтгэлээ зовоож дэмий. Уурлавал тэр дор нь асгаад л тайвшрах хэрэгтэй. Үргэлж уурлаад явж яах юм. Амьдрал богинохон шүү дээ.

Сайхан найз нөхөд амьдралын түшиг
Д.Болормаа: -Насаараа хамт ажиллаж байгаа нэг найз маань бий. Тэр хүн бол Хонхор өртөөний жижүүр Б.Хишигсүрэн. Бид 18 дугаар зөрлөгөөс хойш 32 жил нөхөрлөж явна. Хүүхдүүд маань хамт тоглож өссөн болохоор бас найзууд. Ер нь, амьдралд сайхан найз нөхөд их түшигтэй байдаг. Одоо “Хоёулаа хүүхдүүдээ нэг уулзуулах юмсан” гэж их ярьдаг юм. Замын II ангийн XVII хэсгийн мастер Л.Чулуунбаатарынх бас байна. Манай гурав бол гэр бүлийн найзууд. 
О.Энхболд: -Дурсвал олон сайхан хүн бий. Хамт олон, найз нөхөд л хүнийг хүн болгодог юм билээ. Улаанбаатар өртөөний үе үеийн дарга нар бид хоёрын амьдралыг ойлгож, болж өгвөл нэг дор нь л байлгах шийдвэрийг гаргаж байсанд баярладаг. Одоо тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан байна. Олон сайхан хүний хайр хишгийг хүртэж явна даа бид хоёр. 
Д.Болормаа: -Зүгээр нэг дарга биш, удирдах ухаанд бүрэн суралцсан хүмүүс гэж боддог юм. Манай Хонхор өртөөний Д.Энхбаяр дарга маань цөөнгүй жил биднийг сайхан удирдсан. Хамт олныг зөв удирдаж, нэгэн цул болгож чаддаг хүн дээ. Одоо Б.Жаргал гэж залуу дарга ажиллаж байгаа. Анх биднийг төгсөөд очиход Замаас халамжлан хүмүүжүүлэгч гэж нэг хүнд даалгадаг байлаа. Намайг Хөдөлмөрийн баатар Ш.Түгж гуай халамжлан хүмүүжүүлдэг. Нэг удаа очиход нь би 09.00 цаг хүртэл унтчихаж. Надад талх, молоко хоёр өгч, “Залуу хүн орой эрт унтаж, өглөө эрт босох хэрэгтэй. Ажлаас хоцорч ер болохгүй” гэж ярьсан нь өнөө ч санаанаас гардаггүй. Тэр цагаас хойш би нойрноос болж нэг ч удаа хоцорч үзээгүй. 07.30 цагаас эхлээд л ажилдаа яарч, дэгэлзээд л байдаг болсон. Хаа нэг хотын төв орчихоод замын түгжрэлээс шалтгаалж хоцорсон байх. 
О.Энхболд: -Бас нэг зүйлийг хэлэхэд хаа газрын ажилчид ялгаагүй өглөөний мэндтэй, ажил хүлээлцэхдээ сайхан эерэг уур амьсгалыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Шөнөжин ажиллаад, бас ч үгүй сэтгэл сэргэг буух гэж байтал ээлж авах хүн маань бөөн уцаар орж ирвэл миний 12 цагийн турш нугалсан ажлын амжилт үгүй болчих шиг л болдог. Эрч хүчтэй яваад ортол ажлаас бууж буй хүн урвайгаад байвал бас л дагаад сонин болчих нь бий. Хэчнээн сэтгэл нь гундуу байсан ч дараагийн ээлжтэйгээ инээгээд л уулзах хэрэгтэй. Би залуустаа “Яаж ээлжээ өнгөрөөнө дөө гэсэн янзтай битгий ирж бай. Гэр бүлд чинь таагүй зүйл болсон байсан ч түүнийгээ ажлын байрандаа битгий чирч ир. Энэ бүхэн чиний ажлын бүтээмжид нөлөөлнө. Нэг товчлуур буруу, эсвэл дутуу дарахад л бүх зүйл орвонгоороо эргэнэ. Чиний цалин хасагдаж, арга хэмжээ тооцуулах юу ч биш болно. Хэмжээлшгүй том эрсдлийг бий болгох учир үргэлж эерэг бай” гэж захидаг. Ер нь, миний амьдрал хаашаа эргэх нь нэг л товчлуураас шалтгаална шүү дээ. Пультны ард ганцаараа сууж байгаа ч хөдөлгөөний диспетчерээс өгсөн үүргийг чи ахлаад л машинч, замынхан гэхчилэн бүгд багаараа биелүүлэх үүрэгтэй. 12 цаг сайхан ажиллаад өглөө бууна даа гэж эерэг бодвол бүх зүйл сайхан болдог доо. 
Сонин шүү, амраад гэртээ унтаж байхдаа галт тэрэгний сигналд ер сэрдэггүй хэр нь утасны сэрүүлэг зөөлөн дууграхад л сэрдэг юм. Өртөөндөө олон жил амьдраад ирэхээр тийм болчихдог юм шиг билээ. Нэг жил хашаа аваад гэрт амьдарч үзтэл гадуур яваа машин, хүмүүсийн чимээ их, гэр дайрчих гээд байх шиг санагдана. Тэгсэн хэр нь галт тэрэгний чимээ ер анзаарагдахгүй.
Д.Болормаа: -Уг нь, сэрүүлгэнд сэрж байгаа хүмүүс галт тэрэгний чимээнд унтмааргүй л байгаа биз. Тэгтэл тийм биш. Манайх тэгээд байшин барьж орсон юм.

Ийнхүү амьдралын жаргал, зовлон, ухаарал эргэцүүлэл, сургамж зөвлөгөө хослуулсан аз жаргал дүүрэн гэр бүлтэй ярилцлаа. Олон жил хамт амьдарч, нэг мэргэжлээр нэг газар ажилласан хүмүүс бараг л нэг хүн болсон байдаг мэт ажиглагдав. Ярианы төгсгөлд О.Энхболд гуай “Миний хань тэтгэвэрт гарах нь ойртоод сэтгэл санааны өөрчлөлтөд ороод л байх шиг ажиглагдаад байгаа. Өдөрт заавал нэг удаа тэтгэврийн тухай ярьдаг болсон. Хүнтэй утсаар ярихдаа “Би удахгүй суулаа” гэж хэлж сонсогдоно. “Ганцаардах болов уу, яах бол” гэж боддог ч байж магадгүй. Зарим ахмадууд маань тэтгэвэр нь ойртох үед эртнээс өөрийгөө бэлдээд байх шиг ажиглагддаг байж билээ. Тиймээс би ханьдаа одоо сэтгэлийг нь өргөх, тэтгэвэрт гарлаа гээд өртөөнийхөө л хажууд юм чинь нэг их зүйл өөрчлөгдөхгүй гэдэг ч юм уу байдлаар хандаж байгаа” гэсэн юм. Хань ижлээ ингэж их ойлгодог, хүндэлдэг гэр бүл илүү олон байгаасай гэж өөрийн эрхгүй бодогдов. Тэд нэгнээ ярьж байхад хэн нь ч нэг удаа үгийг нь тасалсангүй. Энэ нь нэгнээ хүндэтгэж буйн нэгэн том жишээ ажээ.

Сэтгэгдэл үлдээх