Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-02

Төмөр замчин - өвөө, аав, хүү

Ахмад төмөр замчин Дагвын Галхүү. Сүхбаатар депогоос ажлын гараагаа эхлүүлж, Л.Оюунцэцэг хэмээх бүсгүйтэй гэр бүл болсноор төмөр замын удам судар, ургийн модноос салаалсан уртаас урт мөчрийн нэгэн салаа болсон юм. Одоо тэрбээр гэргийнхээ хамт Сүхбаатар хотод гавьяаны амралтаа эдлэн, амьдарч байна. Түүнтэй утсаар холбогдоход “Дуудах нэр, дуурсагдах алдартай явна гэдэг сайхан шүү дээ. Би одоо ч төмөр замынхаа тосгонд, төмөр замаас авсан байрандаа насны ханьтайгаа хамт сэтгэл зовинох зүйлгүй жаргаж сууна аа, хүү минь” хэмээн яриагаа эхэлсэн юм.

Д.Галхүү: Амьдралын хамаг сайхныг би төмөр замаасаа авсан
-Өвөө нь 1975 онд сургуулиа төгсөөд л  Сэлэнгэд ирсэн. Тухайн үед хүмүүс төмөр зам руу л “шуурдаг” байлаа. “Олон газар явж, олон хүнтэй уулздаг, ахуй хангамж сайтай газар” гээд л нийтээрээ шагшицгаана. “Тэр гайхамшигт замаар нь зорчдог төмөр хүлгийн эзэн болно” гэсэн хүсэл тэмүүллээр л машинчийн мэргэжлийг сонгосон доо. Сургуулиа төгсөөд Сүхбаатар зүтгүүрийн депод ажиллаж эхлэхэд Х.Лувсан-Ёндон гэж мундаг машинч байх. Сүхбаатар депогийн анхдагч машинч нарын нэг л дээ. Сургуулиа дөнгөж төгссөн шижигнэсэн залуус очиж байв. Олуулаа ч томилогддог байж дээ, тэр үед. Үе тэнгийн залуус ахмад, дунд үеэсээ суралцаад л, бие биенээ хурцлаад ёстой л эрч хүчээр дүүрэн ажиллана. 1975 онд Х.Лувсан-Ёндон машинчийн охинтой нь танилцаж, дотноссоор гэр бүл болсон доо. Тэр үед манай хүн Сүхбаатар депод нярваар ажиллаж байлаа. Залуу нас юм хойно ажлаа ч хийнэ, амьдралаа ч товхинуулна, үр хүүхдээ ч өсгөж хүмүүжүүлнэ гээд аль алиныг нь амжуулаад явдаг сан. Тухайн үед эрхэлсэн ажилдаа ч муугүй байсан юмдаг уу. Миний багш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Чойжил гэж хүн байлаа. Багшийнхаа амжилттай эн зэрэгцэхүйц сайн ажиллана гэсэн зорилго өөртөө тавьж, Залуучуудын бригад хүртэл байгуулж байв. Гайгүй ч сайн ажилласан. Түүнийхээ хүчинд МХЗЭ-ийн Их хуралд хоёр удаа сууж, Дэлхийн залуучууд, оюутны их наадамд оролцож, “Төмөр замын мэргэжлийн залуу аварга”-аар хоёр удаа, “Хөдөлмөрийн аварга”-аар хоёр удаа гээд гялалзаж явлаа даа. Ц.Чойжил, М.Цээсүрэн, С.Ойдовням, Г.Дашдорж гээд баатар, гавьяатуудтай ойр явж, тэднээс их ч зүйлсийг сурсан даа. Миний хичээл зүтгэлийг депогийн удирдлагууд ажиглаад л байсан юм билээ л дээ, хөөрхий. Би ч энэ тухай огт мэдэхгүй, залуу нас шүү дээ. Гэтэл Сүхбаатар татах хэсэг гэж байгуулагдахад намайг Ашиглалт эрхэлсэн орлогч дарга болгов. Дарга маань гавьяаны амралтдаа суухад би оронд нь томилогдсон. Товчхондоо ийм л түүхтэй хүн дээ, би. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Тэд маань бүгд төмөр замчин болсон. Том охин Сүхбаатар өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байгаад Чойр руу явсан. Нөхөр Л.Ууганбаяр тэндхийн ТҮГ-т даргаар томилогдсон болохоор хамт шилжсэн. Тэдний хүү нь бас туслах машинч. Ер нь, манай хүргэн, бэрүүд бүгд төмөр замчид. Удаах хоёр хүү маань хоёул Сүхбаатар депод машинчаар ажиллаж байна. Төмөр замын дээд сургууль төгсөөд машинч болцгоосон. Бага хүүгийн маань гэргий бас Сүхбаатар татах хэсэгт нярваар ажилладаг. Отгон охиноо Төмөр замын дээд сургуулийн цахилгааны ангид сургасан. Цаашдаа цахилгаан галт тэрэг явах байх гэж бодсондоо энэ ангид элсүүлсэн ухаантай. Мөн санхүүч мэргэжлээр давхар сургасан. Одоо Улаанбаатар татах хэсэгт цалингийн нягтлангаар ажилладаг. Ер нь, манайхан бүгд Замын хэмжээнд тарчихаад л байна (инээв)Төмөр замчны хүүхдүүд аав ээжийгээ дагаад л төмөр замчин болцгоох юм байна шүү дээ. Яах вэ, эцэг эхийн хувьд төмөр замчин хүн сахилга баттай, цаг баримталдаг, өнөөгийн залуусыг бодвол ажилдаа сэтгэл зүтгэлтэй болж төлөвшдөг давуу талтай л даа. Миний хамаатан саданд төмөр замын хүн байгаагүй. Харин хадмынхан маань удам судраараа төмөр замчид. Би хадмуудтайгаа ойр байсан болохоор ч тэр үү, бүгд л төмөр замчин болцгоолоо. Хоёр хүү маань хил гарч ажилладаг болохоор хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор буудалд тусгаарлагдаад гэртээ ч харихгүй л үүрэг гүйцэтгэж байна. Том охины нөхөр нь Чойр ТҮГ-ын даргаар томилогдоод “Тэнд хоёр жил ажиллаад ирнэ” гэж ярьж байсан. Одоо бараг гурван ч жил болох нь. Яах вэ дээ, төмөр замчин хүн ийм л байдаг хойно. 

Л.Ууганбаяр: Гэрэлт ирээдүйтэй салбарт хүү минь ч бас ажилладаг
Чойр ТҮГ-ын дарга 
-1993 онд дунд сургуулиа төгсөөд конкурстээ бэлтгэж байтал Төмөр замын коллежид элсэлт авч байгааг сонссон. Очиж шалгалт өгч тэнцээд төмөр замчны замнал эхэлсэн дээ. Миний талаас бол төмөр замд ажилладаг хүн байгаагүй. Хүүхэд насны сониуч зандаа хөтлөгдөөд л Вагоны ангид яваад орчихсон. 1995 онд дотуур байрны оюутан байхдаа гэргийтэйгээ танилцсан. Тэр үед энхэр маань нэгдүгээр курсийн оюутан. Би 96 дугаар тасагт, гэргий минь 71 дүгээр тасагт амьдардаг байлаа. Өрөө нь ч ойрхон болохоор удалгүй дотносож, тэр хавар нь хоёул нэг гэрт орсон. Ажлын талбарт гараад хоёул ээлжинд гарна. Орой гэртээ ирээд ажлаа л ярина. Мэргэжлийн холбогдолтой зүйл дээр санал солилцоно гээд л нэг байгууллагад ажиллахын давуу тал их шүү дээ. 1996 онд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод хуваарилагдан засварчин, засварын цехийн мастераар ажиллаж байгаад жилийн дараа Сүхбаатар ТҮГ руу шилжсэн. Тэндээ вагон үзэгч, ахлах үзэгч, техникийн агентаар ажиллаж байгаад 2016 онд мастер болсон. 2019 онд Чойр ТҮГ-ын даргаар томилогдоод өнөөг хүртэл ажиллаж байна. Энд томилогдон ирсний дараа ундны ус, цаг агаарын нөхцөл гээд газар орондоо л дасах шаардлага гарсан. Би 20 гаруй жил хангайд ажилласан хүн. Чойрт задгай салхи ихтэй. Хүйтэнд малгайтай хэрнээ л зулай руу нэвт салхилна шүү дээ. Түүнээс биш хийж байгаа ажил яг л адилхан учраас хүндрэл бэрхшээл гэх зүйл байгаагүй. Ер нь, төмөр замын мэргэжил гэдэг өөр салбарт хөрвөн ажиллах боломжгүй байдгаараа онцлогтой. Энэ мэргэжлийг сонгоод ажлын талбарт гарсан л бол буцах замгүй. Тиймээс өмнөх ажлаа сэтгэлээсээ хийх ёстой гэж би боддог. Энэ мэргэжлийнхээ л буянд би амьдралаа авч яваа учраас үнэнч байх ёстой. Гадны хүмүүс бол төмөр замыг ахуй хангамж сайтай, хамгийн наад зах нь л жилд нэг удаа гэр бүлээрээ галт тэргээр үнэгүй зорчдог зэргээр нь бусад байгууллагаас илүү гэж боддог байх. Миний хувьд бол энэ байгууллагын дэг журамтай, гүйцэтгэх ажил маань бүх заавар зөвлөмж, технологитой байдаг нь сайхан санагддаг. Түүнээс гадна ахмад, залуу үеийн нарийн уялдаа холбоотой. Бие биедээ мэддэг бүхнээ харамгүй зааж, өвлүүлдэг уламжлал зэрэг нь маш бахархмаар санагддаг. Минийхээр бол вагон үзэгч хүнд ажигч гярхай байдал хамгаас чухал. Тийм болохоор шавь нартаа “Вагоны хаана ямар эд анги байдгийг маш сайн тогтоон нүдэлж, хараагаа дасгаж бай” гэж захьдаг. Вагон үзэгч болсноосоо хойш багагүй л гэмтэл илрүүлсэн. 2000 оны эхэн үед шиг санагдана. Сүхбаатар өртөөнөөс хөдлөх гэж байсан олон улсын галт тэрэгний хос дугуйнд гарсан гэмтлийг илрүүлсэн минь сэтгэлд маш тод үлдсэн. Тухайн үед илрүүлж чадалгүй тэр галт тэргийг явуулсан бол аюул болно шүү дээ. Олон хүний амь нас, эд хөрөнгийг учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх нь төмөр замчин хүний гол зорилго. Манайх ганц хүүтэй. Хүүгээ өвөөгийнд нь үлдээгээд л ажилдаа явцгаадаг байв. Өвөөгийнхөөр нь дандаа л машинчид орж, гарцгаана. Тэд манай хүүд их л сайхан санагддаг байсан юм болов уу. Хар багаасаа л “Би машинч болно” гэж ярьсан. Тэр мөрөөдлөө ч биелүүлсэн. Би төмөр замынхаа ирээдүйг үргэлж гэрэл гэгээтэй хардаг. Ачаа тээврийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Техник технологи ч шат шатандаа шинэчлэгдэж байна. Ийм гэрэлт ирээдүйн замд хүү минь сэтгэл, зүтгэлээ зориулж яваа нь манай гэр бүлийн бахархал юм даа.

У.Эрдэнэбаяр: Аавын минь хувцасны үнэр хамгийн гоё санагддаг сан
Замын-Үүд эргэлтийн депогийн туслах машинч
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрж, өссөн. Бага нас минь бүхэлдээ төмөр замын тосгонд, төмөр замчдын тосны үнэрт өнгөрсөн дөө. Миний өндөр өвөө, өвөө, эмээ, аав, ээж, ах, эгч нар гээд бүгд төмөр замчин болохоор миний амьдралыг зүтгүүр, вагонгүйгээр төсөөлөхийн аргагүй. Багаасаа өвөө, эмээ дээрээ торнихдоо, төмөр замчин хүний амьдралаар өссөндөө ч юм уу тэвчээртэй, цаг баримталж, өгсөн үүргийг биелүүлэхийн төлөө зүтгэдэг хүмүүжилтэй болсон юм болов уу гэж боддог. Багадаа аaв, ээжтэйгээ галт тэргээр аялдаг байлаа. Нэг өртөө, зөрлөгт зогсоод л “Аав аа, одоо хаана явж байна вэ?”, “Дараагийнх нь ямар нэртэй зөрлөг вэ?”, “Бид хэдэн удаа зогсоод очих вэ?”, “Стоп кран” гэсэн бичигтэй энэ улаан юмыг татчих уу?” гэж юм бүхнийг л замын турш сониучирхан асуудаг байж билээ. Аав ажилдаа явахдаа ээж бид хоёрыг заавал үнсээд гарна. Ээжийг оройн хоолоо хийж эхлэнгүүт л коридорт аавын гуталны дотно чимээ сонсогдоно. Аавынхаа гутлын чимээг андахгүй л дээ. Хаалга руу хар эрчээрээ гүйнэ. Хаалга нээгдэнгүүт цаанаа л өвөрмөц үнэр аавын минь хувцаснаас ханхийнэ. Энэ үнэр сэтгэлд нэг л дотно санагддаг байж билээ. Намайг дунд сургуулийн сурагч байхад Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Дамбийбалжир гуай миний толгойг илээд, “Чи өвөө шигээ мундаг машинч болно шүү. Чадна биз дээ?” гэж асуусан нь санаанаас огт гардаггүй юм. Магадгүй, зүтгүүрчдийн манлайд явсан удирдагч хүний энэ үг надад “Би төмөр замчин, тэр дундаас илчит тэрэгний машинч болно” гэсэн гэгээн мөрөөдлийн жигүүрийг дэлгэж өгсөн байх. Мөрөөдөлдөө ч хүрсэн. Төмөр замчны ажил бахархмаар хэдий ч жинхэнэ төмөр замчин болох замнал үнэндээ амаргүй юм билээ. Шантрах үe надад маш их гарсан. Заримдаа бүр ажлаасаа гармаар санагдах үе ч тохиолдсон шүү. Энэ бүхэнд “Би төмөр замчин гэр бүлийн үргэлжлэл учраас чадах ёстой” гэсэн тэмүүллээр өөрийгөө зоригжуулдаг. Намайг хэн ч төмөр замчин бол гэж хүчлээгүй. Гэхдээ энэ миний хүсэл мөрөөдөл учраас зам зуурас мэргэжлээ орхих нь дэндүү харамсалтай. Өөрөө өөртөө хатуу шаардлага тавьж, түүнийгээ биелүүлэхийг хичээж ажилладаг. Мэдээж намайг ажил мэргэжлийн талбарт чиг баримжаагаа олоход анх тосож авсан удирдлага, засварчид, туслах машинч, машинч, зааварлагч машинч нар гээд олон сайхан хүн тусалсан. Одоо ч хамт олноосоо суралцсаар л явна. Дурлалт бүсгүйтэйгээ ч би ажил мэргэжлийнхээ л замд учирсан. Миний гэргийг Төрбадрахын Гэрэлцацралт гэдэг. Одоо Замын-Үүдийн эргэх депод тууз орчуулагчаар ажиллаж байна. Улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө аагим халуун, тэсгим хүйтнийг ажрахгүй хөдөлмөрлөж яваа минь миний хамгийн том бахархал. Зүтгүүрийн цонхоор эх оронд минь нар хэрхэн мандаж, жаргахыг харах хийморьтой, сэтгэл огшоод л явчихдаг юм. Энэ бол хэр баргийн аавын хүүд тохиохгүй аз шүү.

Сэтгэгдэл үлдээх