Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-20

Н.Наранбаатар: Миний төрсөн нутаг бол төмөр замын тосгон

Монголын метал рокийн загалмайлсан эцэг гэгддэг “Хурд” хамтлаг зургаан гишүүнтэй. Тэд бүгд төмөр замын тосгоны хүүхдүүд. Бүр, тав нь төрсөн ахан дүүс. Харин басс гитарчин Нааяа буюу Н.Наранбаатар “Ган зам пресс” төвийн хашаанд тоглож өссөн гэдэг. Түүний аав манай сонины гэрэл зурагчин, ээж нь Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч байв. Ингээд түүнтэй хүүхэд насных нь дурсамж, амьдрал, уран бүтээлийх нь талаар ярилцсанаа хүргэе.
-“Хурд”-ынхан төмөр замчдын нэгэн бахархал яах аргагүй мөн.  Танд хүүхэд насны мартагдашгүй олон дурсамж бий биз?
-Тэгэлгүй яах вэ. Төмөр замчдын хүүхдүүдээс бүрдсэн хамтлаг учраас саяхан Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх бүх зангилаанд “Соёлын галт тэрэг”-ээр, Баянтүмэн тасагт машинаар очиж тоглолоо. Манай хэд Аршаант зөрлөгт өссөн, Замын II ангийн замчин Ц.Дамба гуайн хүүхдүүд гэдгийг төмөр замынхан мэднэ дээ. Манай “Хурд”-д хоёр Наранбаатар байсан шүү дээ. Нарсар буюу Т.Наранбаатарын маань ээж Замын II ангид ажиллаж, аав нь төмөр замын авто баазад жолооч байсан. Миний хувьд ч ялгаагүй. Аавыг “Найрамдлын зам” сонины гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан Ц.Намсрайжав гэхээр ахмад төмөр замчид андахгүй. Ээж маань ч төмөр замын хэвлэх үйлдвэрт насаараа ажилласан С.Долгор гэж хүн байлаа. Аав, ээж хоёр өмнө нь Чойр зангилаанд ажиллаж байсан гэдэг. Аав солилцох тасагт туслах машинчаар ажиллаж байгаад хоёул Улаанбаатарт ирээд Хэвлэх үйлдвэр, сонинд орсон юм билээ. Ээж хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгчөөр ажиллаж байлаа. Би 1974 онд тосгоны гурван угсармалыг барих үед Төмөр замын эмнэлэгт төрсөн гэдэг. Хүүхэд насны хөгжөөнтэй дурсамж их бий. Тэр үед хэвлэхийнхэн тугалган үсэгнүүд өрж байгаад ном, сонин хэвлэнэ. Үсэгнүүд нь хашаанд том том хайрцагтай байх. Тосгоны найзуудтайгаа хэвлэх үйлдвэрийн хашааг давж ороод, үсэгнээс нь нууцаар хоёр халаасандаа дүүргээд гарна. Үсэг нь буруу харсан байдаг болохоор алган дээрээ дарж үзээд “Энэ нь А, энэ Б үсэг” гэцгээгээд л. Тэгээд ямар нэгэн юман дээр дарж үг бүтээгээд уншина. Бичиг үсэг тайлагдахад минь хэвлэх үйлдвэрийн тугалган үсэг их нэмэр болсон доо.
-Үсгээ буцааж хийгээд сольж авдаг байв уу?
-Эрэгтэй хүүхдүүд юм чинь яалаа гэж дээ /инээв/. Хар тугалга болохоор тийм, ийм үсэг гэж үзчихээд хайлуулж тоглоно. Молоко, консервны лаазанд хийж хайлаад, тоосгонд буу, сэлэмний дүрс ухаж байгаад цутгадаг. Тэгээд л тугалган гар буу, сэлэмтэй нөхөд төмөр замын тосгоноор нэг байлдана шүү дээ.
-Манай үйлдвэрийн хөрөнгийг “шамшигдуулж” явсан нөхөр байх нь ээ?
-Ер нь, тэгж байсан /инээв/. Ээж маань үсэг өрөгчөөсөө мастер болж, тэтгэвэртээ гараад ч үйлдвэрийнхээ жижүүрээр ажилласан. Тэр үед нь би долоо, наймдугаар ангийн том хүү болчихсон, ээждээ хань болоод Хэвлэх үйлдвэрт хонодог байлаа. Хөөрхий ээж минь, тэр цагаас хойш удалгүй бурхан болсон доо /нүдэнд нь гуниг тодорч, дуугаа хураав/. Одоо Хэвлэх үйлдвэр хашаагүй болсон харагдсан. Энэ хоёр давхарт Хэвлэх үйлдвэр, хажууд нь дан байшинд сонины редакц байсан юм. 
-Аав тань манай сонинд хэр олон жил ажилласан бэ?
-Намайг ухаан ороход л ажиллаж байсан санагддаг юм. Түүнээс өмнө цөөнгүй жил ажилласан гэдэг. Гэрэл зургаас гадна аавын бичсэн өгүүлэл, нийтлэлүүд танай сонинд цөөнгүй гарсан. Аав маань гэрэл зурагт маш их сонирхолтой хүн байлаа. Манайд гэрэл зургийн элдэв аппарат, өсгөгч, нэг, хоёрдугаар хор, зураг угаах хэрэгсэл гээд гэрээр л дүүрэн юм байх. Тэр үед хар цагаан зураг угаадаг. Үргэлж л зураг угааж эсвэл аль нэг техник хэрэгслээ ухчихсан сууна. Биднээс нэг нь ч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй. Аав тэтгэвэртээ гарсан хойноо Хандгайтын пионерийн зусланд хүүхдүүдийн зураг дарж угаагаад нэг, хоёр төгрөгөөр зарна. Би зураг угаах, хатаахад нь тусалдаг. Одооных шиг дижитал биш, хальстай аппараттай байсан юм шүү дээ. 
-Аав, ээжээс хэдүүлээ вэ?
-Би дөрвөн ах, нэг эгчтэй. Манайхны бүгднийх нь нэр Нарангаар эхэлсэн. Том ах Нармандах цэргийн, Наранжав, Нарангэрэл... гээд бусад нь санхүү, нягтлан гэхчилэн янз бүрийн ажил мэргэжилтэй. Харин бага ах Н.Наранболд маань л Зүтгүүрийн депод цахилгаан явах ангийн засварчнаар олон жил ажилласан. Би аавынхаа 47-48 насанд нь төрсөн хэнз хүүхэд. Бага ах гэхэд л надаас 10, том нь 20 насаар ах болохоор ухаан ороход бараг бүгд тусдаа гарчихсан. Ямар сайндаа л том ах хилийн цэргийн хүн тул хаа нэг ирэхэд нь ээжээс “Энэ хүн миний ах яг мөн үү” гэж асуудаг байсан гэдэг /инээв/. Айлын бага юм чинь жаахан эрх. Сургуульд орох үед аав тэтгэвэрт гарсан. Богд уулын Хүрхрээгийн аманд болон Хандгайтад төмөр замын зуслантай. Хүрхрээгийн ам руу вагоноор очиж амардаг байлаа. 
-Найз нарын чинь дийлэнх нь төмөр замчин болсон байх даа?
-Цөөнгүй бий. Хойд хилээс урд хил хүртэлх зангилаадад тоглолт хийж явахад найм болон арван жилийнхэн олон байна. Зүүнхараад гэхэд л нөгөө ангийн хоёр таарсан. Би төмөр зам дахь дөрвөн сургуулийг дамжиж төгссөн шүү дээ. Эхлээд 38 дугаар сургуульд гурван жил сургаад 20 руу явуулдаг байлаа. 38 дугаар сургуулийн хүүхдүүдийн үсийг хусчихсан “Шаолиныхан” гэдэг. Тэгээд 20 дугаар сургуульдаа 4-6 дугаар ангиа төгсөөд 7-8 дугаар ангиа 73, 9-10 дугаар ангиа 51 дүгээр сургуульд очиж төгсдөг. Эдгээр сургуулийг ангиараа л дамжаад байна шүү дээ. Ихэвчлэн төмөр замчдын хүүхэд дээ.
-Та яагаад урлагийн хүн болов?
-Энэ бол ХХ сургуулиас эхлэлтэй л дээ. Манай сургууль Чүүгээ /Чүлтэмдорж/ багшийн удирдлага дор “Ган зам” гэж чуулгатай байлаа. “Хурд-ынхан бүгд л энэ багшаар хичээл заалгаж, энэ чуулгаар дамжиж урлагт хөл тавьсан. Чүүгээ багш спортынх ч урлагт дуртай хүн байсан. Багш маань өөрөө санаачлаад хөгжим хийчихнэ. Цахилгаан бөмбөр ид дэлгэрсэн, худалдаад авах мөнгөгүй тул фанарь мод хөрөөдөж, дотор нь пүрш хийж, хоёр талыг нь цахилгаанд залгаад дуугаргана. Өөрөө цахилгаан бөмбөр хийж байгаа нь тэр. Хуучин гитарыг хөрөөдөж гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй болгоно. Манай ах нар ч орцонд гитар тоглож, дуулна. Эгч “Ган зам” чуулгад дуучин байсан юм билээ. Чүүгээ багш ангид орж ирээд “Нараагийн дүү Нараа энд байх ёстой. Эгч нь дуулж байсан, чи бас дуулах л байлгүй” гээд дуулуулсан /инээв/. Тэгээд сургуулийн 30 жилийн ой билүү дээ, Төмөр замын Соёлын ордонд хүүхдийн хоорт гоцлон анх удаа дуулж байлаа. Дараа нь, эгчээрээ гитарын хэдэн “барилт” заалгаж гитар тоглож сурсан. Ингэж л хөгжимтэй анх холбогдсон доо. Д.Отгонбаяр манай дээд анги, гитар сайн тоглоно. Д.Отгонбаяраараа ч зөндөө заалгасан. Тэр үед өртөө, зөрлөгөөр манай чуулга их явж тоглолт хийнэ. Лхахүү гэж кино механикч ах Кино клубынхээ бүхээгтэй, шар ГАЗ-53 машинд хөгжим ачиж, биднийг суулгаад л давхичихна. Ногоонтолгой, Аршаант гээд хотын хоёр талын ойрхон өртөө, зөрлөгүүдийн төмөр замчдад өдөр нь бид тоглолт хийж, үдэш нь Лхахүү ах кино үзүүлнэ. Төмөр замчид “Кино ирлээ, “Ган зам” ирлээ” гээд бөөн баяр угтдаг. Хандгайт зусланд чуулгаараа очиж амраад, амрангаа хүүхдүүдэд тоглолт үзүүлнэ. Ер нь, хүүхэд насаа би маш сайхан дурсамжтай, урлагийн гэгээн ертөнцөд өнгөрөөсөн дөө.
-Д.Отгонбаяр та хоёр тэгвэл дунд сургуульд байхдаа ч нэг чуулгад тоглодог байжээ?
-Тиймээ, Д.Отгонбаяр ХХ сургуулийг төгсөхөд 73 нээгдээгүй байсан тул шууд 51 рүү явсан. 51 дүгээр сургууль бас “Энхийн туг” гэж хамтлагтай. Тухайн үед бараг сургууль бүр хамтлагтай байсан юм болов уу даа. Би “Ган зам”-аас 73 дугаар сургуульд очтол харин хамтлаг байгаагүй. Тэр сургуульд сурчихаад 51 рүү шилжээд мөн л “Энхийн туг” хамтлагт нь орсон. Авьяаслаг хүүхдүүд эдгээр сургуулийн хамтлагаар үе шаттай дамжаад ихэнх нь урлагийн ертөнцтэй ажил, амьдралаа холбосон байх. 
-Тэгэхээр “Хурд”-ынхан яалт ч үгүй төмөр замын өртөө, зөрлөгт өсөж, төмөр замын тосгоны сургуулиудад нь суралцсан, жинхэнэ “Төмөр замын хамтлаг” юм байна?
-Хэн ч маргашгүй үнэн шүү. Д.Ганбаяр ах “Бидний судсаар төмөр зам гүйж яваа” гэж хэлдэг дээ. Үнэхээр бид төмөр замаас салшгүй холбоотой. “Энхийн туг” хамтлагт Батсүх гэж багш хүлээж авсан. “Ган зам” чуулгад байхдаа “Аа, энэ муу “Энхийн туг”-аас манайх илүү” гэдэг байсан ч анги дэвшээд өнөө хамтлагтаа орж байгаа юм чинь. Тэгээд “Манай “Энхийн туг” илүү” гээд л явж өгнө шүү дээ /инээв/. Энэ хамтлагт Д.Отгонбаяр бид хоёр гитар дарж, Төөжгө буюу Батмөнх дуулж байлаа. Төөжгө маань мөн л төмөр замчны хүүхэд л дээ. Үндсэндээ бид “Хурд”-ын эхлэл гишүүд юм уу даа. Ахлах ангийнхан болохоор Сангийн аж ахуй руу бид явдаг. Тэндээ дөрвөн анги дөрвөн талаасаа ордог модон байшинтай. Бид ажлаа хийж ирчихээд ангийнхаа нэг буланд нь суугаад тоглоход бүх анги сонсдог. Үндсэндээ оройн концертыг нь Д.Отгонбаяр, Төөжгө бид гурав хийчихдэг байлаа.
-Д.Отгонбаатар тэгэхэд “Энхийн туг” хамтлагт орж ирээгүй байсан юм уу?
-Бид хоёр нас чацуу ч манай доод ангид байсан юм. Тэр үед урлаг биш, бөхийн дугуйланд хичээллэдэг, спорт тал руугаа явдаг хүүхэд байлаа. Би сургуулиа төгсөөд “Хурд”-д орсон хойно л Д.Отгонбаатар өөрөө бидэн дээр бөмбөрчин болно гэж ирсэн. Ээж нь хэлдэг дээ, багадаа “Бөмбөрчин болно” гээд хөлдүү мах гараараа нүддэг байсан гээд. 
-“Энхийн туг” хамтлаг тоглолтоо хаана, хэрхэн хийдэг байв?
-Тэр үед “Оюутны шоу” гээд болж байсан юм. Бид дунд сургуулийнх хэр нь оюутан ах эгч нартай өрсөлдөж байлаа. Социализмын үе тул бид дандаа л улс төрийн дуу дуулдаг. Шоунд оролцохдоо хамтлагийнхаа нэрийг “Хар салхи” болгоод, маш сүртэй. Амьхандаа рок хамтлаг болж эхэлж байгаа юм уу даа /инээв/. Нийгэм ч, хүмүүсийн сэтгэхүй ч өөрчдөгдөж байсан үе. Өөрсдөдөө савхин хувцас хийлгээд өмсчихнө... Сүртэй “амьтад” явна шүү дээ.
-Та дунд сургуулиа төгсөөд л шууд “Хурд” хамтлагт орсон гэв үү. “Хурд” байгуулагдаад нэлээд хэдэн жил болсон байсан биз дээ?
-1986-1987 оны үед Зорчигчийн вагон депогийн дэргэд Л.Насанбат гуай анх байгуулсан гэдэг. Хамтлагтаа “Скорость” гэж нэр өгөөд, дараа нь “Хурд” болгосон юм билээ. “Манай хамтлагийн нэр нь хүртэл төмөр замтай холбоотой. Монгол Улсын хөгжлийн хурд бол галт тэрэгний хурдаас шалтгаална” гэж Д.Ганбаяр ах хэлж байсан. Тэр үед нь манай ахлагч Д.Ганбаяр ах, Батжаргал ах, Зоригоо, Тулгаа гээд залуучууд байсан. Тэгээд ардчилал өрнөж, хүмүүс ажлаасаа гарч наймаанд явцгааж, ганцхан Д.Ганбаяр ах л үлдсэн юм. Тэгж байтал Д.Отгонбаяр найз маань аравдугаар ангиа төгсөөд орсон. Би есдүгээр ангийнх ч найзыгаа дагаад очно л доо. “Харанга рок төв”-ийн дэргэд бэлтгэлээ хийдэг. “Харанга”-ын ах нар бэлтгэлээ хийж дуусаад “За “Хурд”-ынхан ороорой” л гэнэ. Би тэдний тоглохыг хараад суучихна. Тэгэхэд “Хурд”-д Цогоо гэдэг ах гитар тоглодог байсан ч бас гараад наймаанд явчихлаа. Тэгсэн хүн дутаад Д.Отгонбаяр маань “Чи нэг тоглоод үзэх үү?” гэж байна. Би ч сонссоор байгаад дуунуудыг нь бүр цээжилсэн тул шууд л тоглосон. Ингээд есдүгээр ангийн хүүхэд хэр нь “Хурд”-д орох үүд нээгдсэн дээ. Тэгээд 1992 онд аравдугаар ангиа төгсөөд юун тэр их сургууль бодох. Шууд л “Хурд”-д хөгжмөө тоглоод эхэлсэн дээ. Манай Т.Наранбаатар ч сургуулиа төгсөөд Замын II ангид ажиллаж байгаад ирсэн. 
-Дунд сургуульд байхдаа хэр сахилгагүй хүүхэд байв?
-Би ер нь сурлага сайтай хүүхэд байсан. 73 дугаар сургуульд очоод л жаахан сахилгагүйтсэн. Энэ нь, тэр сургуульд хамтлаг байгаагүйтэй холбоотой байх л даа. Гэхдээ хөгжим тоглодог, урлагт сонирхолтой хүүхэд хэчнээн сахилгагүйтсэн ч айхтар хулигаан болох нь гайгүй. Хаа сайгүй л атаман, хулигаантай байлаа шүү дээ. “Дош”-ноосоо гарахаар зодуулчих гээд л /инээв/. Ер нь, төмөр зам урлагийг их дэмждэг нь хүүхдүүдээ хулигаан болохоос аварсан байх. Төмөр замчдын суурь хүмүүжил нь хөгжим байж дээ гэж би боддог. Ер нь, аливаа хүний гэрийн суурь хүмүүжил маш чухал шүү дээ. 
-Төмөр замаар явах галт тэрэгний чимээг уран бүтээлчид, ялангуяа хөгжмийн зохиолчид хөгжимлөг талаас нь сонссон байдаг. Л.Мөрдорж гуай гэхэд л галт тэрэгний чимээг сонсож байгаад “Ган зам” дууны аялгууг хийснээ ярьсан байдаг юм билээ?
-Ган зам дээр явах галт тэрэгний “түг, таг... түг, таг...” гэх хэмнэл байдаг даа. Энэ чимээг уран бүтээлчид ямар нэгэн хөгжмийн хэмнэл болгон сонсдог байх. Багаасаа сонссоор сэтгэлд нь хоногшсон байдаг. Сонсохоор бөмбөрийн хэмнэл шиг ч санагддаг. Магадгүй манай Д.Отгонбаатар зөрлөгт өссөн болохоор энэ хэмнэлээс бөмбөр тоглох сэдлээ олсон ч байж болох юм. 
-Ингэхэд танай хамтлаг Цогоогоо аваагүй байхдаа огт дуучингүй байсан юм уу?
-Хамтлаг дуучингүй, аялгуунуудаа л тоглоод байдаг. Дараа нь, Д.Төмөрцог цэргээс ирсэн. Цогоог хамтлагт хэрхэн орсон түүхийг манайхан их ярьсан даа. Бэлтгэл дээр ирчихсэн хараад л сууж байна. Дуулъя гэхээр нь “Чи чадахгүй” гээд дуулуулахгүй. Тэгээд дуучин шалгаруулж авах зарыг Үндэсний телевизээр явуулсан юм. Зарын дагуу олон зуун залуу ирж шалгуулсан. Тэдэн дунд С.Ишхүү маань /талийгаач/ азаар ирж, бидэнтэй нэгдсэн дээ. С.Ишхүү маш авьяастай, “Ээждээ”, “Аавдаа”, “Сайхан бүсгүй”, “Зураг шиг бүсгүй” гэхчилэн олон сайхан дууны аялгууг зохиосон хүн шүү дээ. Хамтлагтаа нэг хэсэг дуулж байтал ар гэрээс нь дуудуулаад Өвөрхангай явчихсан. Гэхдээ бидэнтэй холбоотой ч хамтлаг дуучингүй. Ингээд Цогоогоо сонгосон доо. Дараа нь, С.Ишхүү маань буцаж ирээд даралтат хөгжмөө тоглож, уран бүтээлээ хийсэн. 
-Таны аялгууг нь зохиосон уран бүтээл байдаг уу?
-Бие дааж зохиосон гэвэл ганц, хоёр л бий. The Best Collection-1, 2 дугаар цомгийн цөөнгүй дууны гитарын аялгуу, хөгжмийн найруулгыг Д.Отгонбаяртай хамтарч хийсэн. Гэхдээ Д.Отгонбаяраас маань дийлэнх санаа нь гардаг болохоор автор нь болж явдаг. 
-Та их даруухан, ер амбицгүй юм шиг харагддаг. Харагддаг шигээ даруухан уу?
-/инээв/ Даруухан талдаа байх шүү. Би хамтлагийнхаа студид ажилладаг. Бичлэгийнхээ бүх хөгжмийг өөрөө тааруулж бичнэ, бичснээ найруулна, цэвэрлэнэ гээд ажил их. Студидээ өөр залуусыг ажиллуулдаг ч гол ажлаа би өөрөө хийдэг. Эхний тэр The Best Collection-1, 2 дугаар цомгийг Дашка /МУГЖ Б.Дашдондог/-тай “Сонор” студид нь бичиж байлаа. 
-Дуу бичлэгийн студид ажиллавал хөгжим техникийн мэдлэг нэлээд шаардах юм шиг санагддаг. Харин та яаж сурсан юм бэ?
-Би техникт сонирхолтой хүүхэд байсан. “Харанга рок төв”-д тэд өөрсдөө пульт тавьчихсан, Ц.Энхманлай ах дуугаа бичнэ. Тэрийг нь харж, заалгаж багагүй ойлголт авсан. Тэгээд “Харанга” тоглоход техникчийнх нь дэргэд суугаад хэрхэн холбож байгааг нь харж, холболцдог байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл хамтлагтаа энэ үүргийг давхар гүйцэтгэж явна. 
-“Хурд” бол анх метал рок хамтлаг гэгддэг байсан ч сүүлдээ уянгын тал руугаа орсон. Энэ нь нийгмийн захиалга байв уу?
-Тийм шүү. “Чоно”, “Алив бос”, “Шөнө” зэрэг нь анхны метал рок дуу шүү дээ. Тэр үед гарч байсан гадны метал чиглэлийн хөгжим, Judas Priest зэрэг хамтлагуудыг их сонирхож сонсоно. Урлагийн тайзанд бид шууд од болж, хайраар өлгийдүүлээгүй шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд шоу тоглолт болоход нь бид оролцож “Алив бос”, “Шөнө” хоёрыг дуултал үзэгчид хүлээж авдаггүй. “Болиоч ээ”, “Зайлаач ээ” гэцгээгээд, юм шидээд л... Арай гэж хоёр дуугаа дуулаад бараг хөөгдөж буусан даа. “Ямар сонин, юм ойлгодоггүй хүмүүс вэ” гэж бодоод жаахан гутрах маягтай. Дунд сургуулиа төгсөөд удаагүй мань мэтийнх нь үс гэзэг ч урт ургаагүй. Уранхай жинс энэ тэр өмсчихсөн, амьхандаа рок болох гээд л яваа нэг амьтан /инээв/. Гэвч тайзнаас хөөгдөж буулаа гээд дуртай урлагаасаа салах биш. Ер нь, манай хамтлагийн эхний он жилүүдэд тийм ч дардан зам байгаагүй. Өдрийн хоолны, оройн автобусны ч мөнгөгүй явах үе зөндөө. Нэг л их бэлтгэл хийсэн л хүмүүс байна. 
-Үнэндээ намайг дунд сургуулийн л хүүхэд байхад хүмүүс “Хурд”-ын уянгын дуунуудад дуртай байсан болов уу. “Цэргийн бодол”, “Ээждээ” гэхчлэн дуунуудыг хөдөөний хүүхэд болохоор Монголын радиогоор, дараа нь кассетны хөгжмөөр их сонсдог байж билээ?
-1993 онд Цогоо орж ирээд хамтлаг бүрдчихлээ. Энд тэнд метал рок дуунуудаа дуулахаар хүмүүс хүлээж авахгүй, бидэнд хэдэн цаас хэрэгтэй байдаг. Тэгсэн “Рэмбо” нэртэй Солонгос хоолны газар нээгдлээ. Оройн цагаар PUB маягийн юм болчихдог. Манай хамтлагтай тэднийх хамтран ажиллаж, хөөрхөн цалин авчихдаг боллоо. Хүмүүс хоол идэж байхад нь рок дуунуудаа дуулахаар нэг л наалдаж өгдөггүй. Орой нь PUB болчихоор арай дээр, гэхдээ л хүмүүс гайхсан шинжтэй хараад л /инээв/. Хааяа цөөн хэд нь л доргино. Тэгтэл менежер нь “Та хэд заримдаа дундуур нь уянгын дуу дуулмаар байна” гэж байна. Тэр үед “Чимээгүй ирэх дурлал”-ыг хийж байсан санагдана. Харин “Цэргийн бодол” дуу аль 1970-аад онд манай хэдийн том ах зохиогоод дуулсан байсан. “Та хэд миний дууг дуулахгүй юм уу” гэхээр нь “Манайх чинь рок хамтлаг” гээд л... Гэвч яалт ч үгүй уянгын дуу дуулахгүй бол болдоггүй. Тэгээд Д.Отгонбаяр бид хоёр ярилцаж байгаад “Цэргийн бодол”-ын урд нь соль зохиогоод дуулсан даа. Өнөө сонирхохгүй байсан хүмүүс чинь сонсоод, дагаж дуулдаг болоод л.
-“Цэргийн бодол” дууг 1995 онд Улсын циркт хийсэн “Хар салхи” тоглолтодоо хамгийн анх дуулсан гэдэг ч өмнө нь дуулж байжээ?
-Ер нь, тийм. Энэ тоглолтыг хийхийн өмнө Цахилгаан сантехник угсралтын “Хүрд” компанийн захирал Б.Энхжаргал гэж хүн бидэнд хурлын заалаа удаан хугацаанд үнэгүй ашиглуулсан юм. Guns N’ Roses хамтлагийг их үздэг, яг тэр хамтлаг шиг тоглоно гээд Цогоо маань мик-ээ бариад дуулангаа гүйж бэлтгэл хийдэг. Тэгээд Циркийн манеж тавцан хоёрын холбож банз хадаад, маш том, тэгэхдээ уруу тайз засаж байсан. Таван машин банз эзэнд нь буцааж өгөх тул хөрөөдөж, тайрахгүй нөхцөлтэй авсан юмдаг. “Цэргийн бодол” дууны дүрсний өмнө баахан банз хөрөөдөж, хадаад л хальт гардаг даа. Тайз засахын тулд заримыг нь хөрөөдөж тааруулахаас өөр аргагүй байсан юм. Их том даавуун дээр зураач, төмөр замын Жагаа гэдэг ахаар гитар барьсан мангас зуруулж, “Хар салхи” нэрээ бичүүлэн анонс хийгээд л... Тасалбар 666 төгрөг. Хүмүүс “Ямар учиртай тоо юм” гэхээр нь “Ааан, энэ чөтгөрийн тоо” гээд л. Нэг л их мангас, чөтгөр ярьсан хүмүүс            /инээв/. Тайзан дээр манай Цогоо гарч ирээд,
Өнчин дэрэн дээр нойр хулжиж
Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь
Өөрийн эрхгүй чи минь бодогдож
Өр зүрх минь чам руу тэмүүлнэ... гээд л дуулахад хүмүүс шуугилдаад л, бөөн урам авч байгаа юм чинь. Мөн Өвөрхангайн Д.Болд гэж яруу найрагч залуугийн “Ээждээ” шүлгэнд С.Ишхүү маань аялгуу хийчихсэн. 
Толгодыг даван шувууд буцлаа ээж минь
Догдлох сэтгэл таныг үгүйлж гансрах юм
Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор
Холдоод байх шиг санагдах юм даа, ээж минь... гээд маш гоё шүлэгтэй дуу шүү. Тоглолт эхний өдрөө хүн цөөнтэй ч дараагийнх нь багтах зайгүй дүүрэн болж билээ. Рок дуундуудаа Цогоо маань тайзан дээр тал бүр тийш гүйж дуулаад л... Тайзны урдаа тортой, доор нь утаа, гэрэл, бас сэнс тавьчихсан. Цогоог тэнд очингуут гэрэл асаж, утаа уугиад л, сэнс ажиллахад үс нь тааз өөд хийсч босно. Жексоны тоглолтоос санаа авсан нь тэр л дээ. Хүмүүс гайхаж орилолдоод л. Одооных шиг автомат юм байх биш. Тэр доор нь хоёр хүн суучихсан, мань хүнийг гүйгээд очиход нэг нь гэрлээ асааж, утаа гаргана, нөгөөх нь сэнсээ асааж байгаа юм чинь. Хөөрхий тэд тоглолт дуустал тайзан доор суусан даа /инээв/.
-Дуугаа бичүүлэх студи тэр үед хэр олон байв?
-Маш цөөхөн. Найман замаар бичдэг хөгжим Кино үйлдвэрт байна гэж С.Ононбат хэлсэн. Анх телевизид бичүүлэхэд бөөнөөрөө сууж байгаад нэг л бичдэг. Хэрэв нэг нь алдвал дахиад л эхэлдэг байлаа. Тэгээд тэр найман замаар бичдэг эдийг нь гуйж автал заал олддоггүй. Ардын жүжигчин Д.Ухнаа гуайд хэлэлгүй, шөнө нууцаар Улсын филармонид нь бичиж билээ. Хөгжмөө биччихээд Цогоогийн хоолойг бичихдээ дундаа хөшиг татчихна. Хөгжим, мик хоёроо тусгаарлаж буй нь тэр. Хөшгөө нээгээд “За явлаа шүү” гээд хөшгөө хаахад тэр дуулдаг /инээв/. Энэ мэтчилэн анхны дуунуудаа кассет зардаг цэгүүдэд Д.Отгонбаяр бид хоёр аваачиж өгнө. “Шинэ хамтлаг юм аа, дууг маань сайн явуулаад өгөөрэй” л гэнэ. Манай дуунаас сонгож тавьчихаад бид хоёрыг булан тойруут л тухайн үеийн хит дуунуудаар сольчихно. Борлуулалтаа бодоод байгаа нь тэр л дээ. Тэгээд бид хоёр булан тойрон сонсож байгаад солигдонгуут нь буцаж очоод “Манай дууг явуулчих л даа” гээд гуйдаг /инээв/. Тэгсээр хүмүүст хүрч, гуйлгахгүйгээр сонсдог болсон. “Цэргийн бодол” дууг тоглолтын дүрснүүдээр клипжүүлсэн нь Үндэсний телевизээр өдөрт хэд ч гардаг байсан юм бүү мэд. Хүсэлтийн хариу харахаар л гарч байдаг сан. 
Үүнээс өмнө, танигдаагүй байхад “Их долоогийн шоу” гэж болдог юм. Долоон том компани тус бүр нэг хамтлаг сонгож спонсорлоод Төв цэнгэлдэхэд тоглолт хийхээр боллоо. “Буян”-гийн Жагаа ах зохион байгуулсан санагдана. Манайхыг Б.Батболд захиралтай “XLTA” компани сонгож аваад хуучин микроавтобус өгч билээ. Унаатай болчихсон бөөн баяр, чихэж аваад л явна. Тэр шоун дээр бид гарч ирээд “Алив бос” дуугаа дуултал тоодоггүй. Тэгэхээр нь “Цэргийн бодол”-оо дуултал цэнгэлдэх дүүрэн үзэгчид тэр чигээрээ босож, дагаж дуулсан. Жинхэнэ хамрын самсаа шархирна гэдэг л болсон доо. Өмнөхөн нь хөөгдөж буудаг байсан нөхөд чинь бүр дахиулаад сүйд болдог юм. Ингэж л “Хурд” хамтлаг олонд танигдаж эхэлсэн дээ. 
-Би хөдөөний хүүхэд, арван хэдтэйгээсээ л та бүхнийг сонсож, шүтэн биширч өссөн. Харин тайзнаас хөөгддөг байсан гэхэд ер төсөөлөгдөхгүй байна?
-Харин мэдэхгүй хүмүүс анхнаасаа л мундаг байсан юм шиг ойлгодог юм билээ. Тийм биш шүү дээ. Олон ч саад бартааг туулсан даа. Тоглолтод хамт оролцож буй бусад хамтлаг дуучдын өмнө ч эвгүй байдалд орно. “Өнөө “Хурд”-ын хэдэн сэгсгэр” л гэнэ. Ямар сайндаа, манай нэг найзын аав нь “Цэргийн бодол” сайхан дуу юм. Даан ч дуулж байгаа хэдэн сэгсгэр юм нь хэрэг алга” гэсэн гэдэг /инээв/. “Сэгсгэр” гэж дуудуулсан ч зорилгодоо үнэнч явсаар бид нэг л мэдэхэд ард түмнийхээ хайр хишгийг мэдэрдэг болсон байсан даа. Циркт тоглож, их долоогийн шоунд оролцсоны дараа намар нь СТӨ-нд тоглолт хийхэд тасалбар өглөөд ирэхэд хэдийнэ дууссан байдаг сан. Ингээд л бид тоглолтоосоо ашиг авч, гэр гэртээ юм авдаг болсон. Би “Акира” зурагт, CD-ний хөгжим авч байлаа.
-Танай хамтлагийнхныг тайзан дээр байхад нь харахаар дотоод ертөнцдөө бүр нисээд л байх шиг санагддаг. Танд тайзан дээр гараад хөгжмөө тоглоход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайзан дээр хөгжим тоглож буй Наранбаатар, зүгээр л энгийн байж байгаа Наранбаатар хоёр маш өөр шүү. Гэхдээ орчноос тасраад, дотооддоо нисээд байх нь ч юу юм бэ. Урлагийн онгод гэдэг нь ч юм уу дуундаа бүрэн орчихно. Хөгжмөө тоглоод эхлэхэд цаанаасаа л өөр болоод явчихдаг юм. 
-Одоо бол танайхыг Монголчууд битгий хэл гадны улс орнуудад ч мэддэг болсон. Анх хэзээ хил гарч, хаана тоглолт хийж байв?
-1997 онд Өвөр Монголын Тунляо буюу Жирэм аймагт анх очиж тоглож байлаа. Өмнө нь, “Чингис”-ийн Жагаа ах очоод тоглочихсон, тэнд амьд хөгжмийн хамтлаг байгуулагдаж эхэлж байсан л үе юм билээ. “Хурд”-ын дуутай кассет урагшаа их гарчихсан. Өвөр Монголчууд The Best Collection цомгийг доторх дуунуудаар нь ээлжилж нэрлээд, бидний зургийг нь солиод л гаргачихдаг. “Чоно”, “Сайхан бүсгүй” гэхчилэн л олон цомог байна. Сонсоод үзэхээр доторх дуунууд нь ижил. Бид өөрсдөө ч бүр толгой эргээд. Өвөр Монголчууд “Өндөр үстэй хүмүүс ирлээ” гээд л /инээв/. Дараа нь, 1998 онд Унгар руу явсан. Монголд амьдардаг Габор гэдэг Унгар залуу “Та нарыг сонсох дуртай. Манай улсын “Омего” хамтлагтай төстэй санагддаг” гэж ярьсан. Унгарт “Европын соёлын өдрүүд” фестиваль болно гэдэг юм. Тэгээд тэр ч, бид ч их зоригтой байж, Унгар явсан даа. Очоод дөрөв, таван дуу дуултал маш их сонирхсон. Зохион байгуулагчдын зүгээс “Үзэгчдэд шинэ содон санагдсан” ч билүү номинацийн шагнал олгосон. Тайзнаас буутал рок сонсдог залуучууд нь бүчиж аваад, “Та нар мансууруулах ямар төрлийн бодис хэрэглэсэн бэ?” гэж орчуулагчаар дамжуулан асуусан. “Хэрэглэх нь байтугай тийм зүйлийн бараа ч хараагүй” гэтэл “Тэгвэл архи, пиво уусан уу?” гэнэ. “Үгүй” гэсэн чинь “Сонин л байна даа, шампанск ч уугаагүй гэж үү?” гээд гайхаж билээ. Унгарын нэг гитарчныг сэргээш маягийн юм хэрэглэсэн байна гэж яригдаж байсан. Тэгээд биднийг “Та нар сэргээш хэрэглээгүй хэр нь яаж рок тоглож, тайзан дээр ийм эрч хүчтэй байдаг юм бэ?” гэж гайхаад л /инээв/... Европын рокууд хэрэглэдэг байж л дээ. Тэндэхийн нэг сэтгүүлч бүр сонин юм асуусан. “Монголоос ирсэн гэв үү? Та нар хөгжим яаж олсон бэ, бэлтгэлээ нэг уулан дээрээ цуглаж хийдэг үү?” ч гэх шиг. Сэтгүүлч хүн байж улс орны тухай ямар ч мэдээлэлгүй. Бид “Манай улс өндөр хөгжилтэй...” гээд өнөө сэтгүүлчийг байхгүй болгосон л доо /инээв/.
-“Хурд” хамтлаг их дотооддоо дэг журамтай гэж сонссон. Нэг айлын хүүхдүүд болохоор олон жил хамтлаг оршин тогтнож буйн үндэс болов уу?
-Эрчүүд юм хойно уран бүтээлийн маргаан, зөрчил гарна л даа. Гэхдээ уулзах цэг, зорилго нэг юм чинь салахгүй шүү дээ. Бас нэг давуу тал нь төрсөн ах дүүс. Д.Ганбаяр ахын үгнээс бүгд гарахгүй. Ер нь, ах захаа хүндлэх сургаалийг аав, ээжээсээ сонсож өссөн болохоор тэрийгээ гээдэггүй байх. Сүүлийн үед олон сайхан залуус хамтлаг бүрдүүлж байгаа ч төдөлгүй тарчих юм. Аливаа зүйлд тууштай зорьж чадахгүй. Ямар ч мэргэжлийн хүн хийж буй ажилдаа тууштай явбал заавал амжилтад хүрдэг. “Хурд” бол бодит жишээ гэж болно.
-Таны аав, ээж эрт тэнгэрт дэвшсэн юм байна. Магадгүй түүнээс хойш Ц.Дамба, Ж.Памжав гуай хоёр л аав, ээжийг чинь орлодог болов уу гэж бодож байна?
-Тэгж хэлж болно. Баяр ёслол бүрээр хамтлагийнхнаа дагаад аав, ээжид нь очдог. Бужигнаад л, сайхан шүү дээ. Хөөрхий, саяхан аав нь бурхан боллоо. Гэхдээ манай хэд өдий олон жил 40, 50, 60 хүртлээ аав, ээжтэйгээ элэг бүтэн байна гэдэг сайхан, их аз шүү. Хүн бүрт олдоод байдаггүй л хувь заяа. Би олон ахтай, тэд маань ч аавыг орлоно. Гэхдээ Д.Ганбаяр ах нарын гэр бүлийг бодвол манайхан жаахан хол байдаг. Өдөр бүр уулзаад байдаггүй. Энэ хэд маань нэг хамтлаг болохоор ч ойр байдаг биз дээ.
-Хүн нас ахих тусам л аав, ээжийгээ, нутаг усаа санаж дурсдаг юм шиг билээ. Манай уншигчдад аав, ээжээ дурсаж, уран бүтээлийн тухай сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа?
-Эрэгтэй хүүхдүүд ээждээ л амь байдаг юм уу даа. Аавыгаа бодолгүй л яах вэ. Гэвч ээжийгээ л их санах юм. Заримдаа ээжтэйгээ байсан үеэ их зүүдэлнэ. Багадаа тоглож өссөн төмөр замын гурван угсармал, вокзал, хэвлэх үйлдвэр хавийг маш тод зүүдэлдэг. Нас ахих тусам дурсах, ярих зүйл нэмэгддэг юм байна. Миний төрсөн нутаг гэвэл төмөр замын тосгон юм даа. Аав, ээж минь ажиллаж, бага насны дурсамжийг минь хадгалж яваа сониныхон ярилцлага авч буйд маш баяртай байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье! 
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх