Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-22

“Онцгой отряд”-ынхон үүргээ “онц” биелүүлж байна

Арваннэгдүгээр сарын 25. Цар тахлын нэг голомт Сэлэнгэ аймаг болох нь тогтоогдож, Сүхбаатар өртөөний Хөдөлгөөн цехийн төмөр замчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь тусгаарлав. Ингэснээр Монгол Улсын хойд хилийн өртөөний ажил тэг зогсолт хийхэд хүрэв. Энэ нь, хүн ардын хүнсний тээвэр тасалдах, цаашлаад улсын нийгэм эдийн засагт маш том хохирол дагуулна гэдгийг төмөр замчид илүү мэдэрч байлаа. Тэр ч утгаар нь, УБТЗ-ын захиргаанаас хойд хилийн өртөөний тээвэр зохион байгуулалтыг маш шуурхайн хэвийн горимд оруулах арга хэмжээ авсан. Ингээд Замын захиргаанаас гаргасан чиглэлийн дагуу Тээвэр зохион байгуулалтын алба нэг өдрийн дотор шаардлагатай бүх арга хэмжээ авч, УОК болон яам, газруудаас зохих зөвшөөрөл авсны үндсэнд 42 хүний бүрэлдэхүүнтэй, шуурхай ажлын баг бүрдүүлж, ихэвчилэн Толгойт, Улаанбаатар өртөөнөөс хүн хүч дайчилжээ. Сүхбаатар өртөөнд түр ажиллахаар очсон хүмүүсийн дунд Дархан өртөө, АБТЭМА-ийн ажилтнууд болон Сүхбаатар хэсэглэлийн бусад өртөө зөрлөгийн төмөр замчид, Тээвэр зохион байгуулалт, Зорчигч тээврийн албаны байцаагч нар багтсан юм. Улмаар, тухайн өдрийнхөө орой буюу арваннэгдүгээр сарын 25-ны 22.00 цагт тасалгаат хоёр вагоны бүрэлдэхүүнтэй тусгай галт тэргийг аялалд гаргахад бэлэн болов. Шуурхай ажлын бүлгийнхэн замд гарахын өмнө Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан биечлэн ирж, Сүхбаатар өртөөний даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хойд хэсэглэл хариуцсан ачаа тээврийн байцаагч Б.Ванчинхүүг, орлогч даргаар Галт тэрэгний хөдөлгөөний хоёрдугаар хэсэглэл хариуцсан байцаагч Г.Амарсайханыг, ерөнхий инженерээр АБТЭМА-ийн орлогч дарга С.Энхбаярыг тус тус томилсон. Энэ нь Замын удирдлагаас хүнд хэцүү цагт онцгой хариуцлага, итгэл найдвар олгож буйг онцлоод заавар зөвлөгөөг ч өгчээ. Шуурхай бүлгийнхэн ч үүрэгт ажилдаа шууд оров. Тэд Улаанбаатараас хөдлөнгүүтээ л хэн нь ямар ажил хийж байсан, Сүхбаатар өртөөнд очсныхоо дараа хэнд ямар ажлыг хариуцуулж, аль ээлжинд хэнийг, хэнтэй хамт ажиллуулах зэрэг ерөнхий төлөвлөгөөг ч замдаа боловсруулсан аж. 

Г.Амарсайхан: Нөхцөл байдал маш хүнд байсан ч богино хугацаанд хэвийн горимд нь оруулсан
Онцгой үүрэг авсан төмөр замчид газар дээр нь хэрхэн ажилласан хийгээд одоо Сүхбаатар өртөөний ажил үйлс хэрхэн үргэлжилж буй талаар тус өртөөний орлогч даргын албыг түр орлон гүйцэтгэгч Г.Амарсайхантай цахимаар холбогдож ярилцлаа. 
-Арваннэгдүгээр сарын 26-ны 06.00 цагт биднийг вагоноос буухад Сүхбаатар өртөөнд нэг ч мэргэжлийн хүнгүй, парк дүүрэн вагон, хов хоосон ажлын байрууд, хоёр талаасаа ирэх, явах галт тэрэгнүүд нь бэлэн бус шил шилээ хараад зогсчихсон байсан. Хэн ч ээлж хүлээлцээгүй... Энэ байдал төмөр замчин хүний сэтгэлд их хүнд тусдаг юм билээ. Манай төмөр замд өмнө нь ийм зүйл огт тохиолдож байгаагүй. Бараг киноноос харсан байх шүү. Эхний хоёр, гурван гараа бол үнэндээ маш хүнд байсан. Гэхдээ бид бүгд мэргэжлийн төмөр замчид учраас өртөөний онцлог, ажлын технологитой богино хугацаанд танилцаж, ажил ч гарт ороод ирсэн дээ.
-Та бүхэн Сүхбаатар зангилааны ажлыг шуурхай үргэлжлүүлсэн. Харин өнөөгийн нөхцөл хэр байна вэ?
-Өнөөдрийн байдлаар, өртөөнд тасалгаат дөрвөн вагонд 77 ажилтан, зүтгүүрийн депод тасалгаат зургаан вагонд 114 ажилтан, цэрэгжүүлсэн хамгаалах салаанд тасалгаат нэг вагонд 17 ажилтан, Техник үйлчилгээний газарт тасалгаат хоёр вагонд 36 ажилтан гээд зангилааны хэмжээнд нийт 14 вагонд үйлчлэгч, засварчин, эмч нарыг оролцуулаад 217 ажилтан байрлан, ажиллаж байна. Мөн зам, холбооныхон өөр өөрсдийн ажлын байранд тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэж байна. Өртөөний ажлын гүйцэтгэлийн хувьд аль хэдийнээ хэвийн горимдоо орсон. Наушки өртөөнөөс хоногт дунджаар 4-6 галт тэрэг хүлээн авч, хүлээлгэн өгч байна. Энэ сарын 06-наас эхлэн тус өртөөнд сэлгээний хоёр дахь илчит тэргийг ажиллуулснаар галт тэрэг найруулгагүй явах, ачилт буулгалтын вагонуудыг тавьж өгөхгүй удаах зэрэг асуудал гарахгүй болсон. 
-Өртөөний хүний нөөцийн хувьд хүндхэн байгаа сонсогдсон. Яг хэдэн хүний ажлыг хэдүүлээ гүйцэтгэж байна вэ?
-Хөдөлгөөн цехэд л гэхэд долоон ажлын байранд 21 хүн, Ачаа тээврийн цехэд мөн тооны ажлын байранд 22 хүн тулаагаар ажиллаж байна. Бидэнд одоогоор нөөцийн ажилтан байхгүй. Зохих зөвшөөрлийг нь аваад харьяа шугам зам болон аймаг, орон нутагт байгаа, шууд ажиллах боломжтой хүмүүсийг дайчилсан. 
-Сэлэнгэ аймаг халдварын голомт болсон учраас та бүхэн хамгийн өндөр эрсдэлтэй цэгт үүрэг гүйцэтгэж байна. Зангилаа, өртөөний ажлын байрууд болон өөрсдийгөө халдварын эрсдлээс сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байна вэ?
-Сүхбаатар зангилаанд Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн ажиллаж байна. Тэрбээр, УОК болон Замын захиргаанаас ирүүлж буй үүрэг даалгавар, заавар зөвлөмжийг шууд хүлээн авч, тэдгээрийг тухайн орон нутгийн захиргаа, хил, гааль, тагнуул, цагдаа, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг бүхий л байгууллагын үйл ажиллагаатай уялдуудах чиглэлээр онцгой анхааран, ажиллаж байна. Үүний сацуу нэг зорилго, нэгдмэл сэтгэлтэйгээр хөдөлмөрлөж байгаа төмөр замчдаа олон нийтийн буруу ташаа ойлголт, дарамт шахалтуудаас хамгаалахын тулд цаг наргүй ажиллаж байгааг нь энд онцлон дурдмаар байна. Энэ нь, бидний баттай ар тал болж, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах боломжийг олгож байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Нөгөө талаасаа төмөр замын тээвэр хэсэгхэн хугацаанд зогсоход хүрвэл Монгол Улсын нийт хүн амын хүнсний хэрэглээ тасалдана. Тэр тусмаа саяхнаас авто тээврийн хөдөлгөөн зогссон тул гурил, будаа, өндөг, элсэн чихэр зэрэг хүнсний нэн чухал бүтээгдэхүүн шууд хомсдоно. Тиймээс бүх ажлын байр, ажилтан, тоног төхөөрөмжүүддээ ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар чанарын өндөр түвшинд тогтмол хийлгэж байгаа. Дашрамд дурдахад, энд вагонд тусгаарлагдан ажиллаж байгаа төмөр замчдын зүгээс “Маскаа зүүцгээе, гараа угаацгаая, зайгаа барьцгаая” сэдэвт уриалгыг цахим орчинд түгээн ажиллаж байна.
-Цаг агаарын байдал хэр байна вэ. Хойд хил орчимд өдийд хэт хүйтрэлтэй холбоотой хүндрэл мэр сэр гардаг шүү дээ?
-Өдөртөө харьцангуй дулаан. Шөнөдөө -25 хэмээс дээш хүйтэн хонож байна. Цаашид ер нь хүйтрэх төлөв ажиглагдаж байна.
-Та нар хэдий хугацаанд Сүхбаатар өртөөнд ажиллах вэ?
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмийг энэ сарын 21 хүртэл сунгасан. Тус өртөөний төмөр замчид мөн үеэр л тусгаарлалтаас гарах байх. Өртөөний ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болсон үед л бид буцах болов уу хэмээн ярилаа.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар өртөөнд 143 ажилтан ажилладгаас Хөдөлгөөн цех бүрэн бүрэлдэхүүнээрээ тусгаарлалтад орж, тэдний үүргийг бусад өртөөнөөс дайчлагдаж очсон 28 ажилтан гүйцэтгэж байна. Мөн ачаа тээврийн цехэд ажиллаж байгаа 27 ажилтны 15-аас бусад нь гаднаас очсон ажилтнууд. Түүнчлэн, тус өртөөний үйлчилгээний найман ажилтан ажлын байруудад тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байгааг өртөөний Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга Э.Наранбаатар хэллээ. 

Г.Батгэрэл: Холбогч найруулагч бол миний хийж сурсан ажил
-УБТЗ-д 34 дэх жилдээ ажиллаж байна. 22 жил холбогч, найруулагчаар ажиллаад хилийн өртөөний ачаа вагон хүлээлцэгч болсон. Дараа нь тээшийн пүүлэгч, вокзалын жижүүрийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн хэмжээнд цар тахлаас үүдэлтэй хөл хорионы хатуу дэглэм тогтоогдож, өртөөний ажилтнууд тусгаарлалтад орсон учраас хүн хүчний хомсдолд орсон. “Мэргэжлийн хүний хувьд үүрэг гүйцэтгэ” гэхээр “За” гээд л холбогч найруулагчийн ажилд гарсан. Эхэндээ бол галт тэрэгний бөөгнөрөл үүссэн, найрлагагүй гээд байдал хүнд байсан. Одоо өртөөний ажил хэвийн горимдоо орж, галт тэрэг хэвийн явж байна. Улаанбаатараас ирсэн залуус ч чадварлаг юм. Хойд, урд талдаа гурав, гурваараа зургаан бригадын 12 хүн ажиллаж байна. Хөтөл өртөөнөөс хоёр, Ерөөгөөс хоёр бусад нь Улаанбаатар хэсэглэлээс ирсэн холбогч найруулагч нар. 

Г.Ариунболд:Өмнө нь хийж байсан болохоор онцлогийг нь сайн мэднэ
-Би Хонхор өртөөний даргаар ажилладаг. Сүхбаатарт нөхцөл байдал хүндэрсэн тул очиж ажиллах үүрэг ирэхэд эх орны тушаал мэт л хүлээж авсан. Төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах нь төмөр замчин хүн бүрийн журамт үүрэг шүү дээ. Одоо Сүхбаатар өртөөний жижүүрээр гурван хүн тулаагаар ажиллаж байна. Анх ирсэн өдрөө би шөнийн ээлжинд гарсан. Миний хувьд энэ өртөөнд өмнө нь ажиллаж байсан болохоор ажлын онцлогийг сайн мэднэ. Харин бусад хүмүүс нь бүгд өөр газраас ирсэн болохоор тэднийг зангидаж удирдана гэдэг үнэхээр амаргүй байсан. 20.00 цагаас 03.00 хүртэл ер нь өндөр ачаалалтай ажилласан. Одоо бол бүгд тус тусынхаа хариуцсан ажлыг мэдрээд, хоорондын уялдаа холбоо ч сайжраад байна.

Ц.Цэцэгмөрөн: Бид тасралтгүй ажиллаж байна
-Би Сүхбаатар өртөөнд вокзалын жижүүр, тээшийн кассираар ажилладаг. Арваннэгдүгээр сарын 26-нд үндсэн ажлынхаа ээлжинд гарсан. 27-оос нярвын үүрэгт ажлыг хүлээж авсан. Манай өртөөний үйлчилгээний найман ажилтан вагонд байрлан гэртээ харихгүйгээр үүрэг гүйцэтгэж байгаа. Би ээлжинд гарсан хүмүүсийн нэг удаагийн хувцас хамгаалах хэрэгслийг олгодог. Бусад маань ажлын байруудад хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэлтэйгээр цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг.
Ийнхүү төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, улс ардынхаа стратегийн онц чухал барааг хомсдуулалгүй үргэлжлүүлэх өндөр хариуцлагыг Замын удирдлагаасаа авсан “Онцгой отряд”-ынхан хойд хилийн өртөөнд үүргээ “Онц” биелүүлж байна. 

Сэтгэгдэл үлдээх