Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-14

Сургалт

Улс орны хэмжээнд цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм тогтсонтой холбоотойгоор Замын хэмжээнд цахим сургалтыг голлон сонгож, зохион байгуулсан. Гэвч үр дүн нь хэр байна вэ? Өнөө жилийн Замын даргын үзлэгийн нэг шалгуур үзүүлэлт нь, төмөр замчдын сургалт, сургалтын чанар байсан билээ. Энэ удаа Зүтгүүрийн аж ахуйн алба болон татах хэсгүүдэд зохион байгуулж байгаа сургалт, түүний үр дүнг хэрхэн тооцож буй талаар тодрууллаа.

Цар тахлаас шалтгаалж гадаад сургалтууд хойшилсон
Зүтгүүрийн аж ахуйн албаны сургалтын инженер Ч.Мэндбаяр:
-Манай албаны хэмжээнд гадаад болон дотоодын чанартай нэлээд хэдэн сургалтыг хийхээр төлөвлөсөн ч цар тахлын онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор ялангуяа гадаад сургалтад ажилтнуудаа хамруулж чадсангүй. Дотоод сургалтын хувьд заримыг нь зохион байгуулсан. Үлдсэн сургалтыг нөхөх байдлаар хийгээд явж байна. Дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу хийсэн сургалтуудаас дурдвал, 2020 оны нэгдүгээр сард Сайншанд татах хэсгийн машинч нарын мэргэжлийг дээшлүүлэх курсыг ТЗДС-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Одоо Улаанбаатар татах хэсгийн 20 машинчийг сургаж байна. Ирэх арванхоёрдугаар сард илчит тэргийг өвлийн тээвэрт бэлтгэх комиссын үзлэг өндөрлөнө. Үүний дараа хүлээн авагч болон мастеруудын сургалтыг зохион байгуулахаар ТЗДС-тай ярьж тохирсон. 
-Сургалтын үр дүн хэрхэн гарч байна?
-Дээр дурдсан гурван удаагийн дотоод сургалтад хамрагдсан хүмүүсийн хувьд 70-80 хувь нь амжилттай суралцаж төгссөн. Энэ сургалтад сууснаар туслах машинч нар машинч болох болзлыг хангадгаараа онцлогтой. 
-Сургалт явуулахад хүндрэл бэрхшээл хэр тулгарч байна вэ?
-Хүндрэл бэрхшээл харьцангуй бага гарч байна. Нэмж хэлэхэд, Улаанбаатар татах хэсэг Замын Ерөнхий инженерийн группээр ажилладаг ажилтнууддаа зориулсан аппликейшн хийн хөгжүүлээд явж байна. Гэхдээ энэ нь туршилтын журмаар хийгдэж байгаа. 
Энэ аппликейшнд хувь хүн өөрийгөө дайчлан хөгжүүлэхтэй холбоотой мэдлэг сорьсон асуулт, хариулт бий. Мөн мэдээллийн сан дотор нь татах хэсгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа ажил, шинээр хэрэгжиж буй тушаал, дүрэм журам, сургалтын ном товхимолууд цахим хэлбэрээр орсон байдаг. 

Хорио цээрийн дэглэм нэг талаар ажилтныг бие даан суралцах нөхцөлийг бүрдүүлсэн
Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Х.Сүрэнжав:
-Бид аливаа сургалтыг зохион байгуулахдаа мэргэжил эзэмшсэн ажилтан бүр өөрөө мэдлэг чадвараа тогтмол сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байж, ажлаа чанартай гүйцэтгэхэд чиглүүлэн ажиллаж байна. хэлбэл, манай байгууллагын зүгээс тухайн ажилтанд туслах зорилгоор, суралцахад шаардлагатай заавар, мэргэжлийн ном орчуулах, хэвлүүлж түгээх, технологи боловсруулах, төрөл бүрийн сэдвээр хичээл боловсруулах, уншиж судлахад шаардлагатай сургалтын материалын сан үүсгэх, түүнийг цахим хэлбэрээр хүртээмжтэй хүргэх гэхчлэн сурах нөхцөл бололцоог бүх талаар бүрдүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн цаг үеэ дагаад тавигдаж байгаа шаардлага, гарч буй алдаанд суурилж, ажилтнуудын хүсэлтийг харгалзан жилийн техникийн сургалтыг хувь хүн, мэргэжил, аюулгүй ажиллагаа, хууль эрх зүйн мэдлэг чадвараар улирал бүрээр нарийвчлан төлөвлөхөөс гадна шинээр нэвтэрч буй технологи, гарч буй алдаанаас сэрэмжлүүлэх сургалтыг нэмэлтээр тогтмол явуулж байна. 
Сургалтын үр дүнг шууд хэлж, тодорхойлоход хүндрэлтэй асуудал. Ажилтан цаг ямагт сурч боловсроход өөрсдөө анхаарахаас бус, хэн нэгэн “Надад зааж өгнө” гэх өрөөсгөл ойлголтоос салахад анхаарч байна. Хорио цээрийн дэглэм нэг талаар, бие даан суралцах, цахим сургалтад анхаарахад тус дөхөм болох шиг боллоо. 
-Хэдийгээр ажлын онцлог, олон төрлийн ажил мэргэжил, ажилтнуудын тогтвортой бус байдлаас үүдэн сургалтыг ажилтан бүрт нийцүүлж явуулах бололцоо хязгаарлагдмал ч гэлээ сурах нөхцөл, өрөө тасалгаа эсвэл техник хэрэгсэлтэй холбоотой хүндрэл харьцангуй бага байна. Харин зүтгүүрийн бригад жолоодлогын дадлага хийе гэхэд тренажёргүйгээс түргэн хугацаанд илчит тэрэг жолоодож дадлагажихад хүндрэлтэй байдаг. Мөн ашиглалтын суурь заавруудтай бүрэн танилцахаас илүүтэйгээр тест бөглөж шалгалт давах ойлголт зарим ажилтанд хадгалагдсаар байна. Тиймээс шалгалтыг чанаржуулж, ажилтан шугам зам, засварын явцад алдаа, дутагдал гаргахаас өмнө анги танхимд гарах зөрчлийг илрүүлж, зааж сургах шаардлагатай гэдэгт анхааран ажиллаж байна. Зүтгүүрийн мэргэжлийн хүн жишээлбэл зүтгүүрээ маш сайн мэдэж, бүтэц, ажиллагаа, онцлогийг нь сайтар ойлгосны дараа засварлах ч юм уу жолоодох ёстой гэж би хувьдаа боддог. Товчхондоо хувь хүн өөрөө цаг үетэйгээ нийцэж, суръя, мэдье гэсэн чин хүсэл эрмэлзэлгүй байх нь гол хүндрэл шүү дээ.

Дархан татах хэсэг
Сургалтын инженер А.Алтансүх: 
-Манай депо 540 орчим ажилтантай. Үүнээс үндсэн бригад 250, засварчид 130 орчим. Замын даргын А-274, албаны даргын 4/28 тоот тушаалын дагуу сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр зохион байгуулдаг. Биет байдлын, анхны өвлийн гэх байдлаар стандарт сургалтууд хийдэг. Манай депогийн хувьд биет байдлын сургалтыг түлхүү явуулдгаараа бусад депогоос онцлогтой. Тухайлбал, секц хаах, клотока солих, хамгаалах хэрэгслийн ажиллагааг сэргээх, гэмтэлийг олж илрүүлэх, явах ангид үзлэг хийх гэх мэт ажилбаруудыг ажилтнаар бие даалгаж хийлгэдэг. Сургалтын энэ арга хэлбэр нь илүү үр дүнтэй байдаг. Хоёрдугаарт, гар утас хүмүүсийн үндсэн хэрэглээ болчихлоо. Тиймээс ажилтнуудыг гар утаснаасаа сургалтын материалуудаа үзэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорьж байна. Хичээлүүдийг подкаст хэлбэрээр оруулах, багц дүрэм, Замын даргын тушаал шийдвэрийг тайлбартай сонсох хэлбэрт шилжүүлж тавьж өгч байна. Хүн ажлаа хийж байхдаа ч, машин барьж явахдаа ч чихэвчээр хичээлээ сонсоод байх боломжтой болж байгаа. Дээр нь, видео хэлбэрээр хичээлүүдийг бэлтгэж оруулж байна. Гуравдугаарт, Улаанбаатар татах хэсгээс санаачлан хэрэглээнд нэвтрүүлж байгаа “2Загал” апплейкишнийг ашиглаж эхэлсэн. Уг апплейкшныг сургалтад ашиглаад заасан хичээлүүдээр шалгалт авч, видео болон бусад хичээлүүдээ түүнд байршуулан ажиллаж байна. Сургалтын үр дүнг тооцоход засварчдын зэргийн дундаж хэрхэн өөрчлөгдөв, машинч нарын зөрчил дутагдлын тоо хэрхэн буурч байна гэдгээс харж болно. Гэхдээ сүүлийн үед ажилчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаагаас дээрх аргаар үр дүнг тооцоход хэцүү болсон. Жилдээ маш олон хүн ажлаасаа гарч, оронд нь шинэ ажилтан орж ирдэг. Тэднийг сургаж дадлагажуулахад бүхнийг эхнээс нь эхлэх шаардлагатай болдог. Жилдээ нийт ажилчдын 30-40 нь солигддог. Сайн засварчин, сайн машинчийг бэлтгэхэд бараг 10 жил шаардагдана. Гэтэл ажилчдын шилжилт хөдөлгөөн их байгаагаас олон жилийн сургалтын үр дүн гарахгүй байна гэхэд болно. 
Хэрэв ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаад байвал сургалтын үр дүн өндөр гарна. Депогийн хувьд шинэ залуу ажилтныг сургахад ганц сургалтын инженер биш сургагч, зааварлагч, ИТА, мастерууд гээд бүхэл бүтэн баг ажиллаж байна. 

Сайншанд татах хэсэг
Сургалтын инженер Т.Гандэлэг: 
-Сургалт зохион байгуулах журам боловсруулан, депогийн даргаар батлуулан ажиллаж байна. Сургалтыг үндсэндээ ашиглалт болон засвар гэсэн хоёр үндсэн чиглэлээр явуулдаг. Ашиглалтынхныг ажлын онцлогоос хамаарч долоо хоногт нэг, засварынхныг долоо хоногт хоёр удаа сургалтад тогтмол хамруулж ажилладаг. Сургалтыг мэргэжлийн ур чадвар, ХАБЭА, хувь хүний харилцаа хандлага, хууль эрх зүйн гэсэн сэдвээр явуулж байна. Мөн шинэ ажилтны дадлагын гурван сарын хугацаанд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх долоон цаг, ХАБЭА-н хоёр цагийн сургалтад заавал хамруулсан байх ёстой. 2020 оны эхний найман сард шинэ төрлийн коронавирусийн хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан танхимын сургалтыг хийгээгүй. Онлайнаар сургалтыг хийж байлаа. Өнгөрсөн хугацаанд онлайн сургалтын үр дүнг тооцоход хүндрэлтэй зүйл ажиглагдаж байсан. Харин албаны хэмжээнд нэвтрүүлж байгаа “2Загал” апплейкишнийг ашиглаж эхэлснээр онлайн сургалтын үр дүнг тооцоход өмнөхөөс давуу тал ажиглагдаж байна. Мөн энэ апплейкишн нь одоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа учраас бид саналаа өгч ажиллаж байгаа учраас цаашид улам сайжрах байх гэж найдаж байна.  Уг апплейкишнийг манай депогийн хөдөлгөөнтэй шууд холбоотой 577 ажилтан ашиглаж байгаа. Уг апплейкишнд сургалтуудаа байрлуулаад хоёр хоногийн дараа ажилтнуудаас 10 асуулттай тестээр шалгалт авдаг. Өөрөөр хэлбэл, машинч, засварчдыг нэг бүрчлэн шалгалтаа өгсөн эсэхийг хянаад явах боломжтой. Гэхдээ хорио цээрийн дэглэм суларч танхимын сургалт хийж эхэлсэн тул хуваарийн дагуу сургалтыг хийж эхэлсэн. Хүндрэлтэй зүйлийн хувьд ажилчдын шилжилт хөдөлгөөн их байгаагаас сургалтын чанар үр дүнг тооцоход төдийлөн өндөр гарахгүй тал байна. Дархан, Улаанбаатар татах хэсгүүдээс манай депогийн хувьд ажилчдын шилжилт хөдөлгөөн хамгийн их байдаг талтай. Жишээ нь, энэ оны эхний есөн сарын байдлаар манай депод 120 гаруй ажилтан шинээр орсон. Тэгэхээр шинэ ажилтныг туршлагатай мэргэшсэн ажилтан болтол сургахад нэлээд хугацаа шаардана. Гэхдээ сургууль төгсөөд ажилд орж байгаа залуусын суралцах чадвар сайн байдаг талтай.

Сэтгэгдэл үлдээх