Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-30

Гүүрийн суурийг засварлаж байна

Толгойт-Амгалан хоорондын замын 406 дугаар км-ийн долдугаар зуутад байрлах төмөр замын бетон гүүрийн доогуур барилгын “Эко констракшн” компани “Төмөр замын аюултай бүсийн дэглэм” зөрчиж, шуудуу ухаж, гүүрийн суурийг хүчитгэсэн бетон хийцийг эвдсэн ноцтой зөрчил гарсан. Тухайн хууль бус үйл ажиллагаа нь гуравдугаар сарын 21-ний өдөр эхэлснийг Замын II ангийн замын эргүүл илрүүлэн ангийн захиргаандаа яаралтай мэдэгджээ.  Мэдээллийн мөрөөр Замын II ангийн удирдлагууд газар дээр нь очиж, шуудуу ухаж буй үйл ажиллагааг зогсоосон боловч хоёр хоногийн дараа дахин үргэлжлүүлэн ухсаныг мөн тухайн үед нь зогсоож, холбогдох байгууллагуудад хандаж, сэргээн засварлуулах хүсэлт гаргажээ. Мөн УБТЗ-ын холбогдох алба, хэлтсийн удирдлагууд удаа дараа очиж ажиллан, барилгын компаниар гүүрийн суурийн бетон хийцийг сэргээн засварлуулж, хэвийн байдалд оруулах шаардлага тавьсан байна. “Одоогийн байдлаар (Гуравдугаар сарын 29-ний)тухайн барилгын компани сэргээн засварлах ажлыг эхэлсэн боловч шар усны үерээс шалтгаалан ажил удаашралтай байна” хэмээн Замын II ангиас мэдээллээ. Сэлбэ голын дээгүүр тавьсан энэхүү гүүр нь 50 метрийн урттай, хоногт 36 болон түүнээс дээш тооны галт тэрэг өнгөрдөг ачаалал өндөртэй гүүр юм.

Сэтгэгдэл үлдээх