Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-11-24

Төмөр замчдыг нэмэлт тунд хамруулж эхэллээ

Замын хэмжээнд дархлаажуулалтын нэмэлт тунд төмөр замчдыг хэрхэн хамруулж буй болон хүмүүсийн сонирхдог нийтлэг асуултад хариулт авлаа. 

Дархлаажуулалтын галт тэрэг урд замд аялж байна
Төв эмнэлгийн халдвар судлаач эмч Г.Пүрэвдулам:
-Нэмэлт тун буюу дархлаа сэргээх тунд төмөр замчид хэрхэн хамрагдах вэ?
-Эрүүл мэндийн сайдын А-642 тоот тушаалын дагуу улсын хэмжээнд гурав дахь тун вакциныг хийж эхлэхэд төмөр замчдыг ч нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар, төмөр замчдын 15.9 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна. Энэхүү ажлыг эрчимжүүлэхээр Төв эмнэлгээс төвийн хэсэгт явуулын баг ажиллуулж эхэлсэн. Мөн шугам замд Хөдөлгөөнт дархлаажуулалтын цэгийг ХӨСҮТ, МХЕГ-тай хамтран аялуулахаар бүх бэлтгэлээ ханган энэ сарын 21-нээс Замын-Үүд зангилаанаас эхэлж байна. Хөдөлгөөнт дархлаажуулалтын цэг нь төмөр замчид болон ахмад төмөр замчид, үүнээс гадна орон нутгийн иргэдийг хамруулна. Хөдөлгөөнт вакцинжуулалтын цэг Замын-Үүд зангилаанд энэ сарын 21-23-нд, Улаан-Уул өртөөнд 24-нд, Сайншанд зангилаанд 25-нд, Зүүнбаян өртөөнд 26-нд, Айрагт 27-нд, Олон-Овоо, Чойр өртөөнд 28-нд Мааньт, Багахангайд 29-нд, Багануур, Булагтайд 30-нд тус тус ажиллана. Тэгэхээр төмөр замчид эдгээр өдрүүдэд нэмэлт тунгаа хийлгэх бүрэн боломжтой. Үүнээс гадна өөрт ойр сум, дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд хандаж, нэмэлт тунд хамрагдаж болно.
-Гуравдугаар тунд хэдий хугацаанд хамрагдах ёстой вэ?
-Дархлаа сэргээх тунд 18 наснаас дээших эхний хоёр тун вакцинд хамрагдсан иргэд, мөн хоёр тун вакцинд хамрагдсаны дараа өвдөөд эдгэрсэн иргэд эдгэрснээс хойш 21 хоногийн дараа хамрагдаж болно. Мөн нэгдүгээр тунгаа хийлгээд гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол ахин нэг, хоёрдугаар тун вакциныг авах боломжтой. 
Түүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд 14-36 долоо хоногийн хооронд вакцинд хамрагдах боломжтой. Хэрэв жирэмсэн байхдаа дээрх хугацаанд нэгдүгээр тунд хамрагдсан бол төрсний дараа 42 хоносноос хойш дараагийн тун вакцинд хамрагдана.
-Нэмэлт тунгийн талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү? Буруу, зөрүү ойлголт ч их байгаа шүү дээ. 
-Гуравдугаар тун ямар ач холбогдолтой вэ гэхээр коронавируст халдвараар өвдсөн хүмүүс хүндрэх болон, нас барах эрсдлээс хамгаална. Ялангуяа, манай орны хувьд хүйтний улирал эхэлмэгц томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Энэ үед томуу, томуу төст өвчинтэй хавсарч хүндрэх нөхцөл байдал үүсэж байгаа учраас нэмэлт тунг санал болгож байгаа. 
Ер нь, эрдэмтдийн судалгаагаар хоёр тун вакцин хийлгэсэн болон халдвар аваад эдгэрсэн хүмүүст бий болсон дархлаа нь 3-6 сарын дараа буурч байгаа тул дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэхийг зөвлөж байгаа. 
Нөгөө талаар, вакцинд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдэх тусам халдварын тоо буурч, эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал буурдаг. 
-Хүмүүс өмнө нь астразенека, вероцелл, файзер, спутник гэсэн хэд хэдэн төрлийн вакцин хийлгэсэн байгаа. Гурав дахь тунг ямар вакцинаар хийлгэх вэ. Энэ тал дээр эргэлзэж байгаа болон өмнөх вакцинаас өөр вакцины нэмэлт тун хийлгэх хүсэлтэй хүн байж болно. Энэ талаар...? 
-Нэмэлт тунгаар Файзер үйлдвэрийн Комирнети болон Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцинуудаас сонгон хийлгэх боломжтой. Мөн өмнө нь Спутник-В вакцин хийлгэсэн хүмүүс Спутник-В вакцины нэгдүгээр тунгаар нэмэлт тунгаа авах боломжтой. 
-Хүмүүсийн дунд өмнө нь Спутник-В-ээс өөр вакцины хоёр тун хийлгэсэн хүн нэмэлт тунг Спутник-В-ээр хийлгэх боломжтой юу гэх асуулт нийтлэг байна?
-Спутник-В вакциныг өөр бусад вакцины нэмэлт тунгаар хийж болно гэсэн зөвлөмж гараагүй байгаа. Одоогоор зөвхөн Спутник-В вакцины эхний хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт тунгаар хийх заалттай байгаа. Ер нь, дархлаажуулалтын нэмэлт тунг үйлдвэрлэгчээс гаргасан зөвлөмжийн дагуу хийдэг.
-Төвийн хэсэгт нэмэлт тун хийх явуулын баг ажиллана гэсэн. Энэ багийг аж ахуйн нэгжүүдэд хүрч ажиллана гэж ойлгож болох уу? 
-Тиймээ. Аж ахуйн нэгж байгууллагууд хэд дэх өдөр нэмэлт тунгаа хийлгэх вэ гэдэг захиалгаа урьдчилж өгөөд зохион байгуулж байгаа. Тухайлбал, манай явуулын баг энэ сарын 18-нд Удирдах газарт ажиллаж, 92 ажилтанд нэмэлт тун хийсэн.
-Вакцин хийлгэсний дараах хариу урвалын талаар мэргэжлийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? 
-Өвчлөөд эдгэрсний дараа зарим хүнд ханиалгах, цээжээр хатгах зэрэг өвчилсөн үеийн эмнэл зүйн шинж тэмдгүүд тодорхой хугацаанд буюу удаан үргэлжлэх тохиолдлууд гарч байгаа. Мөн дархлаа унах үед ядрах, сульдах шинж тэмдгүүд илэрдэг. Түүнээс вакцинтай холбоотой хариу урвал, хүндрэл харьцангуй бага байдаг. Вакцины хариу урвал 2-3 хоногт илрээд арилдаг. Хэрэв вакцины дараах хариу урвал хүндэрвэл эмнэлэгт хандах шаардлагатай. Тэгэхээр өвдөөд эдгэрсэн эсвэл өвчлөөгүй байлаа ч ямар ч үед дархлаагаа сайн байлгавал энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Нөгөө талаар, вирусийн мутацлагдсан хувилбаруудаас хамгаалахын тулд дархлаагаа сэргээх тун хийлгэх нь илүү үр дүнтэй. Тиймээс нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй.

Н.Аюурзана: Тодорхой хугацааны дараа дархлаа буурч байгаа тул нэмэлт тунг хийлгэх нь зүйтэй
Төв эмнэлгийн халдвар судлаач эмч Н.Аюурзана:
-Хоёр тун вакцин хийлгэсэн болон өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн коронавирусийн эсрэг дархлаа тогтоцын байдал тодорхой хугацаанд буурдаг гэж үзэж байгаа. Үүнийг танай эмнэлгийн хувьд хянаж судалсан зүйл бий юу. Өвчлөөд эдгэрсэн хүмүүст нэмэлт тун шаардлагатай юу, үгүй гэдэг дээр хүмүүст эргэлзээ их байна?
-Дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг дархлаа нь тодорхой хугацааны дараа аажмаар буурч байгаа нь тогтоогдсон. Түүний үндсэн дээр дархлаа сэргээх тунд хамрагдахыг зөвлөж байгаа.
Манай эмнэлгийн хувьд улаан бүсэд ажиллах эмч, сувилагч, ажилчдын дархлааны тогтоцын шинжилгээг улаан бүс рүү орох болгонд авч харьцуулж судалдаг. Тэгэхэд, хоёр тун вакцин хийлгэсэн болон өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн дархлааны тогтоц нэг сарын дараа гэхэд ойролцоогоор 10-15 нэгжээр буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. Төмөр замчдын дийлэнхийн хувьд нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад нэлээд хугацаа өнгөрсөн учраас нэмэлт тундаа хамрагдан дархлаагаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүний хувьд зөвлөе.
-Шугам замд ажиллах Хөдөлгөөнт дархлаажуулалтын цэг нь ямар бүрэлдэхүүнтэй ажиллах вэ?
-Хөдөлгөөнт дархлаажуулалтын цэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХӨСҮТ, манай эмнэлгийн эмч, ажилтнууд нэг баг болж ажиллана. ХӨСҮТ-өөс шаардлагатай тоног төхөөрөмж, вакцинаар хангаж байна. МХЕГ-ын байцаагч нар хөндлөнгийн хяналт хийгээд явна. Нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Урд шугам замд 4000 гаруй төмөр замчин ажиллаж амьдардаг. Үүнээс 540 гаруй хүн нэмэлт тунгаа хийлгэсэн, 3800 орчим төмөр замчин нэмэлт тунд хамрагдах шаардлагатай гэсэн судалгаа байна. 
Үүн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд 21 аймгийн төв, сумд, сум дундын нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүд, өрхийн эмнэлгүүдээр нэмэлт тунгийн дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүй хийж байгаа. Тэгэхээр заавал Хөдөлгөөнт оношилгооны цэгээр үйлчлүүлнэ гэлгүй өөрт хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагуудад хандаад вакцинаа цаг алдалгүй хийлгэх бүрэн боломжтой.
Энэ дашрамд, төмөр замчдадаа хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Манай Хөдөлгөөнт дархлаажуулалтын цэгийг МХЕГ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллуулж байгааг дээр хэлсэн. Үүнээс гадна энэ аяллыг зохион байгуулахад манай төмөр замын маш олон байгууллага, хамт олон хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, Зорчигчийн вагон депо, Улаанбаатар татах хэсэг, ХАБЭА-н алба, Төмөр зам дахь Цагдаагийн газар, ЦХОБ-ын алба хаагчид, Дохиолол холбоо, мөн эрчим хүчнийхэн гээд олон хүний хүч хөдөлмөр, оролцоотой, маш их хөрөнгө мөнгө зарцуулж дархлаажуулалтын галт тэргийг аялуулж байгаа тул та бүхнийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх