Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-05

А.Буяннэмэх: Олон улсын түвшинд төмөр замын салбарт онцгой анхаарч эхэллээ

-Бид хоёр оны зааг дээр уулзаж байна. Энэ мөчид хүн бүр хуучин онд хийж бүтээснээ дүгнэж, шинэ оны ажлаа төлөвлөдөг шүү дээ?
-Бид ер нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээн дээр амьдардаг. Манай байгууллагын хувьд төрийн байгууллага учир энэ салбарын ирээдүйг харж байх нь илүү чухал.
Тэр ч утгаараа бид манай улсын төмөр замын салбарын хөгжил 2035, 2050 онд ямар байх вэ гэдгийг ярих нь сонирхолтой байх болов уу. Үүний тулд маш их судалгаа хийх ёстой. Маш сайн судалгааны үндсэн дээр ирээдүйн хөгжлийг илүү бодитой тодорхойлно. 
2020 онд миний хувьд Европын холбооны 2050 он хүртэл хийсэн судалгаанууд дээр нэлээд төвлөрч ажилласан. Европын холбооны орнуудын төмөр замуудын хоорондын харилцаа ямар түвшинд хүрэхээр байна гэдгийг судаллаа. 
Энэ судалгаанаас харахад тэд систем хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх асуудалд онцгой анхаарч байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн хослолыг маш өндөр хэмжээнд хөгжүүлнэ гэж тодорхойлж, хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгая. Тэр дундаа төмөр замын салбарт төр, Засгийн газраас хөрөнгө оруулалт санхүүжилтийг тогтвортой барих бодлого барьж байгаа юм байна. 
Бид ч олон улсын бодлого чиглэлтэй хэтийн төлөв, хөгжлийн бодлогоо уялдуулахгүй бол болохгүй. Ямар ч судалгаагүй үр ашиг нь тодорхойгүй зүйлд хөрөнгө оруулалт хийгээд байж болохгүй шүү дээ.
-Ингэхэд манай улсын төмөр замын салбарт судалгаа хэр хийгдэж байгаа бол?
-Манайд төмөр замын тээврийн эдийн засгийн үр өгөөжийн талаар хийж байгаа судалгаа, үүнд зарцуулж байгаа мөнгө харьцангуй бага байна. Бараг байхгүй гэж хэлж болно. Эдийн засгийн судалгаа ямар ач холбогдолтой вэ гэхээр тухайн салбарын аль хэсэгт хэр хэмжээний хөрөнгө оруулснаар ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг судлах ёстой. Түүнийг нарийвчлан судалж байгаа зүйл алга. Тухайлбал, манайд олон уурхай байна. Тэнд нүүрс байна. Түүнийг төмөр замаар зөөвөл ашигтай гэх маягаар маш ерөнхий хандаад байна. Энэ бол судалгаа биш. Маш муу таамаглал. Тэгэхээр ийм судалгаа хийдэг мэргэжлийн байгууллага, ажилтныг бэлтгэх шаардлага бий. Дээр нь, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нь үр дүнтэй. Наад зах нь, бид хоёр хөршийнхөө судалгааны байгууллагатай маш сайн хамтарч байж үр дүнд хүрнэ. Бидний хүссэн хэмжээнд тээврийг хүргэхэд хоёр хөршийн хилийн боомт дээр үүсэх ачаалал, тэдний хүчин чадал, нөөц бололцоог мэдэж байж ажлаа төлөвлөх ёстой шүү дээ. Тэдний дараагийн 10, 20 жилд барих хөгжлийн бодлого, ямар арга хэмжээ авах вэ гэдгээс бидний ирээдүй хамааралтай. Ингэж харвал бид илүү бодитой судалгаатай болно. Түүнээс бид дотроо мянга сайхан юм яриад хэрэггүй л дээ. 
Ер нь, олон улсын судалгаанаас харахад төмөр замын тээвэр эдийн засгийн гол хурдасгуур болох боломжтой. Мөн эдийн засгийн гол хэмнэлтүүдийг гаргаж чаддаг. Бүх л салбар руу нөлөөлж чадах салбар. 
Хачирхалтай нь, олон улсын түвшинд хийсэн судалгаанаас харахад бусад салбартай нь харьцуулбал өмнө нь төмөр замын салбарыг тэгж их өндрөөр үнэлдэггүй байж. 
Оруулсан хөрөнгө оруулалтуудаас нь харахад агаарын болон далайн тээвэрт илүү анхаарч байсан байх юм. Одоо энэ хандлага өөрчлөгдөж эхэлнэ гэж судлаачид үзэж байна. Тэгэхээр бид ч бас дэлхийн бусад улс орны нэгэн адил хандлагаа өөрчилж, энэ салбар руу анхаарлаа хандуулах шаардлага гарч ирж байна.
Яг бодит амьдрал дээр төмөр замын тээврийн салбарын оруулсан хувь нэмэр далай болон агаарын тээврээс хамаагүй илүү болох нь харагддаг. 
-Ямар давуу талууд байгааг нь тодруулж өгнө үү?
-Төмөр замын тээвэр нь хот хоорондын бусад тээврээс аюулгүй байдлаараа 24 дахин илүү байна. Өндөр хурдны төмөр зам нь агаарын тээврээс 3.4 дахин бага орчны бохирдолтой зэрэг маш олон давуу талтай. Үүн дээр ганцхан Монголд биш дэлхийн аль ч улс орны төмөр зам маш хариуцлагатай, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж чаддаг юм байна. Төмөр замын тээврийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл маш өндөр. Өөрийн орны ганцхан жишээг хэлэхэд, бид өнөөдөр 414.6 км шинэ төмөр зам барих төслийг эхлүүлэхэд хэчнээн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа дагаж хөгжиж байна. Хэчнээн машин, механизмтай болов. Хэдэн ажлын байр шинээр бий болов. Ард иргэд шинэ мэргэжил эзэмшиж, туршлага сууж, ажилтай орлоготой боллоо гэдэг наад захын үзүүлэлт. Үүний цаана мөнгөөр хэмжиж болохгүй хүмүүсийн итгэл үнэмшил, нийгэмд эзлэх байр сууриас эхлээд маш их эерэг нөлөөллийг хэлж болно. 
Уул уурхайн болон бусад томоохон салбарын хувьд ч төмөр замын тээвэргүйгээр илүү үр ашигтай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжгүй гэдгийг бид ойлгож, мэдэрч эхэллээ шүү дээ. Тэгэхээр бид төмөр замын тээвэрт суурилсан эдийн засгийн бодлогыг боловсруулах нь ирээдүйн хэтийн төлөвлөгөөг илүү бодитой болгож чадна гэдгийг ойлгох ёстой болж байна. Энд би бусад салбарын нийгэмд үзүүлж буй үр нөлөөг үгүйсгээгүй шүү. Гэхдээ төмөр замын хөгжлийг суурь бодлого болгож бусад салбарын бодлогыг уялдуулж тооцоолбол илүү бодитой болох юм гэдгийг хэлэх гэсэн юм. 
Жишээ нь, малын экспорт хийе гэхэд тээвэрлэлтийн онцгой нөхцөлийг биднээс шаардана.Гэтэл манайд тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүн байхгүй. Тэгэхээр тээврийн салбарын хөгжлөө ярж байж дараагийн хоёр, гурав дахь алхмаа хийх нь илүү бодитой болох нь. Яагаад би үүнийг их онцлоод яриад байна гэхээр олон улсын түвшинд төмөр замын салбарын олж хараагүй зүйлсээ одоо эргэн харж онцгой анхаарал хандуулж эхэллээ. Үүнээс бид хоцорч болохгүй. 
-Олон улсын түвшинд төмөр замын тээвэрт анхаарал хандуулж эхэллээ гэдэгтэй санал нэгтэй байна. Дэлхий нийтээр цар тахлын аюул нөмөрсөн 2020 онд хамгийн тогтвортой тээврийн салбар төмөр зам байлаа шүү дээ. Тээврийн бусад салбарт уналт гарлаа.
-Европын холбооны судалгаанаас харахад төмөр замын тээвэрт сүүлийн арван жилд байнгын өсөлт харагдаж байна. Тэр дундаа нийтийн тээвэр, аялал жуулчлалын тээвэрт. Харин 2020 онд ковид-19-өөс шалтгаалсан бууралт гарч магадгүй. Ерөнхийд нь харахад тогтмол өсөлт байна. Энэ нь, тодорхой төвшинд үйлчлүүлэгчдийг татаж байна гэсэн үг. Үүнд инноваци, шинэ санаа шийдлүүд, үйлчилгээний шинэ төрлүүд нөлөөлж байна. Мөн чингэлэг тээвэр асар хурдацтай өсөж байна. Өндөр суурьшилтай метрополит хотуудыг төмөр замын тээвэргүй төсөөлөх боломжгүй боллоо. Хамгийн аюулгүй байдлыг хангасан, нэвтрүүлэх чадвар өндөртэй гэдэг утгаараа зайлшгүй нөлөөлнө. Европын холбооны улсуудад төмөр зам нийтийн тээврийн 45 хувийг гүйцэтгэж байгаа юм байна. Үүнийг жил ирэх тусам нэмэгдүүлнэ гэж байна. Манай улсад ч хот доторх хөнгөн галт тэрэгний үйлчилгээг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарна.
Мөн холимог тээврийг хөгжүүлэхэд төмөр зам зайлшгүй нөлөө үзүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, төмөр замаар тээвэрлэсэн ачаа барааг цааш нь авто тээврээр үйлчлүүлэгчид хүргэх, зорчигчийг галт тэрэгнээс дараагийн очих газарт хүргэх зэрэг холимог тээврийн систем хөгжиж байна.
Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр төмөр замын салбарт Төрөөс зайлшгүй стратегийн дэмжлэг хэрэгтэй. Төмөр замын тээврийн салбарын хөгжил бусад салбарын хөгжлийн үндэс суурь болох нь гэдгийг бүгд харж ойлгоосой гэдгийг хүсэж байна. Бид ч гэсэн төмөр замын салбарын энэ давуу талыг ашиглах ёстой.
-Таныхаар төмөр замын тээврийн хөгжилд төр яаж оролцох ёстой вэ?
-Төрийн оролцоо, дэмжлэг гэдгийг хүндрүүлж бодох хэрэггүй. Төр нэг их хянаж, зааж зааварчилах гээд байгаа юм биш. Төрийн болоод төрийн оролцоотой, мөн хувийн хэвшлийн, гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж бий болж байгаа үед эдгээрийн уялдаа холбоо, хоорондын зохицуулалтыг зөв хийж өгөх, гадаадаас хөрөнгө оруулалтыг татах явдал. Үүний тулд судалгааг хийж өгч, судалгааны үндсэн дээр энэ салбарын аж ахуйн нэгжүүдийг зөв чиглүүлэх, нөгөө талд нь төр засагт төмөр замын салбарт ийм хөрөнгө оруулалт, зохицуулалт хэрэгтэй байна гэдгийг бид уламжлах үүрэгтэй. Манайх ийм үүрэгтэй байгууллага шүү дээ. Энэ чиглэлд ажиллаж байна.
Одоо бас нэг чухал асуудал байгаа нь Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчлэл. Ирээдүйг харсан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлд бодит үр нөлөө үзүүлэх хууль байгаасай гэж бид хүссэн. Ер нь, хууль эрх зүйн тал дээр бид ирээдүйгээ урьдчилж тооцож хуулиа шинэчилж чадаж байна уу, үгүй юу. Зарим талаар, арай хоцроод байх шиг... Амьдрал дээр гарч ирсэн асуудлын араас хууль гаргадаг. Гэтэл хэдэн жил болоод өнөө хуулиа ахиад шинэчлэхээс аргагүй болдог. Энэ бол миний түрүүний хэлсэн судалгаагүй байгаатай асар их холбоотой. Судалгааны байгууллагыг бид өндөр түвшинд ажиллуулж чадахгүй байгаа учраас ирээдүйд бид юу болохыг таамаглаж чадахгүй байна. Ирээдүйд гарах асуудлыг урьдчилан тооцож, эрх зүйн орчныг зохицуулчих амьтай, энэ салбарыг хөтлөөд явах хуулийг боловсруулж чадахгүй байна уу даа гэж хардаг. Бүх зүйл харилцан уялдаатай. Одоогийн хуулийн шинэчлэлийг магадгүй өнгөрсөн цаг дээр нэг хэсэг нь, мөн одоо буй процесст тулгуурласан болов уу гэж хардаг. Ирээдүй цагийг нэг их харж чадаагүй л болов уу. Ирээдүйг хамгийн бодитой магадлал өндөртэй таамаглах зүйл бол судалгаа гэдгийг дахиад ч хэлмээр байна. Өнгөрснийг бид түүхээс харна. Ирээдүйг бол судалгаагаар харна шүү дээ. 
Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, төмөр замын салбар ямар чухал ач холбогдолтойг төр засаг төдийгүй улс даяараа ойлгож, энэ салбарт анхаарал хандсан цагт л хөгжинө. 
-Ярианыхаа төгсгөлд таны ярилцлагын эхэнд дурдсан 2035, 2050 онд Монголын төмөр замын салбарын хөгжил ямар байх бол гэдэг асуултыг тавимаар байна?
-Монгол Улс төмөр замын сүлжээгээ 2035, 2050 он гэхэд 5000 гаруй км-т хүргэж, хот доторх галт тэрэгний сүлжээг нэмэгдүүлчихсэн байх боломжууд бидэнд бий. Үүнд гадны хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Ганцхан бидэнд дотоодын зөв зохион байгуулалт сайн хөтөлбөрүүд хэрэгтэй. Төр сүүлийн үед төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийгээд эхэлж байгаа нь маш сайн. Цаашид төмөр зам руу орж байгаа хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тогтвортой, найдвартай байлгах нь чухал. Санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх барилгын салбар, цахимжуулахад, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл, логистикийн чиглэлээр хэдий хэмжээнд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг тодорхойлохдоо бусад салбарын төсөл хөтөлбөртэй хооронд нь уялдаатай авч үзэх ёстой. 
Энэ жил “Койка” олон улсын байгууллагатай хамтраад Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн төвийг чадавхижуулах төслийг эхлүүлсэн. Судалгааны ажлаа есдүгээр сарын 1-нээс эхэлж, арваннэгдүгээр сарын 30 хүртэл хамтарч ажилласан. Одоо БНСУ-д тайлангууд маань судлагдаад явж байна. Энэ судалгаа бидэнд бас нэг том үйл бэлэглэх байх. Юу гэхээр Монголын төмөр замын салбарын нэгдсэн ТЭЗҮ-ийг бий болгох юм. 
Цаашид төмөр замчид бид улс орныхоо хөгжлийн тэргүүн эгнээнд явах болно.
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх