Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-22

Ц.Сүхбаатар: Засгийн газрын шийдвэрийн хугацаанд 4.6 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн зардал гарна

-Эрчим хүчний үнийг тэглэх Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэр үйлдвэрлэлийн дутагдалтай манай улсын хувьд хэрэглээг нэмэгдүүлэх шалтгаан боллоо. Дэд бүтцийн хөгжил тааруугаас систем тэр чигээрээ “нурах” аюултайг мэргэжилтнүүд, инженерүүд хэлж байна. Тасралтгүй ажиллагаатай УБТЗ-ын хувьд энэ эрсдлийг та юу гэж харж байна вэ. Сүлжээ тасарвал тээвэр зогсох аюултай биш үү? 
-Энэ бол цэвэр хувь хүний ухамсраас шалтгаалж байгаа асуудал. Уг нь, Засгийн газраас тогтоол гаргахдаа Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга ч хэлж байсан. Хэрэглэгч бүр өөрөө ухамсарлаад цахилгаанаа хэмнэж, иргэний үүргээ биелүүлэн ухамсартай хандвал болохгүй асуудал огт биш л дээ. Бидний ёс зүйн гэдэг юм уу жаахан тааруухан хандлага харагдаад байгаа хэрэг. “Үнэгүй юм, хүний юм хоёрт нугасгүй” гэж Монголчууд ярьдаг. Яг тийм л байдал харагдлаа. Засгийн газрын тэргүүн шийдвэрээ танилцуулсны орой л гэхэд эрчим хүчний хэрэглээ арав гаруй хувиар нэмэгдсэн. Трансформаторын дэд станцуудад гэмтэл гарсан тохиолдлууд ч олон нийтийн сүлжээгээр харагдана лээ. Гарч буй нийт гэмтлийн 90 гаруй хувь нь гэр хороололд гарсан мэдээ бий. УБТЗ-д ч ийм байдал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид боломжтой бүх арга хэмжээг авна. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй хангах нь бидний үндсэн үүрэг. Тиймээс ч манай бүх ажилтан 24 цагийн турш жижүүрийн байдалтай, гарсан дуудлага, гэмтлийг тэр дор нь сэргээн засахаар төлөвлөн, ажиллаж байна. УБТЗ галт тэрэгний тасралтгүй найдвартай ажиллагаагаа хангахын тулд хоёр талын тэжээлтэй байдаг. Нэг нь тасрахад нөгөө талаас тэжээгдэх схемийн уян хатан горимтой. Бүх өртөө, зөрлөгүүд нөөцийн дизель генератортой учраас нэг удаа цахилгаан тасрахад галт тэрэгний хөдөлгөөн саатаад байхгүй. Аюул харьцангуй хол. Энэ сарын 16-нд Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний системийн өвлийн их ачааллын хэмжилт хийсэн. Хэрэглээ болгонд “Эднийх өнгөрсөн жил тэдийг авч байсан юм. Зун төд, өвөл нь төдийг авчээ” гэдгийг хэмжсэн гэсэн үг. Учир нь, Засгийн газрын шийдвэр өвлийн их ачааллын үетэй давхацчихлаа. Манайх ч мөн ялгаагүй эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын хувьд хэмжилт хийлгээд цаг тутам мэдээ өгч байна. Диспетчерийн төвийн мэдээллээр гэр хороололд хэрэглээ нэмэгдсэн байна гэх ч бодит байдал дээр орон сууц, нийтийн аж ахуйн газруудад ч ялгаагүй. Тэгэхээр аль аль талдаа л анхаарч үзэх ёстой юм. Төмөр замын хувьд харьцангуй гайгүй байх. Бид урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулаад төлөвлөгөө гаргасан. Хяналт тавьж, хэмжилт хийгээд эхэлсэн.
-Засгийн газрын шийдвэр гарснаас хойш айл өрх, албан байгууллага, төмөр замын өөрийн үндсэн хэрэглээнд өсөлт гарав уу. Ер нь, УБТЗ-ын хэмжээнд эрчим хүчний хэрэглээний өсөлт хэр ажиглагдаж байх юм?
-Төмөр зам дагуу хот суурин газар түүнийг дагасан үйлдвэр аж ахуйн газрууд, орон сууц, гэр хорооллын айл өрхүүд гээд манайхаас эрчим хүчний хэрэглээгээ авдаг тохиолдол бий. Шийдвэр гарснаас хойш манай хэрэглээнд өсөлт ажиглагдсан зүйл алга. Улаанбаатар хотын шугам сүлжээнд л асуудал гараад хязгаарлалтын горимд шилжүүлэх, зохицуулах асуудал яригдсан. Энэ хүрээнд Диспетчерийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний диспетчерүүд манайхантай ачааллаа шилжүүлээч гэж ярьсан байна лээ. Бид ч ачааллын хэмжилтүүдээ хараад зохицуулалт хийж, аль болохоор хэрэглэгчдээ хязгаарлахгүйг хичээнэ. Хэрэглэгчид маань ч иргэнийхээ үүргийг ухамсарлаад өмнөх хэрэглээнийхээ хэмжээнд л байж чадвал эрсдэл үүсгэж, шугам сүлжээнд нэмэлт ачаалал үүсэхгүй. Гэмтэл саатал ч гарахгүй шүү дээ. 
Сайжруулсан түлш шуудай нь 3800 төгрөг байсан бол одоо 950 төгрөг болж хямдарсан. Нэмэлт хэрэглээ бий болгохгүй байх талаас нь бодолцож Засгийн газраас арга хэмжээ аваад байхад хэрэглэгчид бас ухамсартай хандах л зүйл байлтай. Төмөр замын хувьд өнгөрсөн 2019-2020 оны жилийн дүн хараахан гараагүй учир би танд 2018-2019 оны тайлан мэдээгээр жишээ татан тайлбарлая. Энэ мэдээнд УБТЗ-ын эрчим хүчний хэрэглээ найман хувийн өсөлттэй гарсан. Хэдий коронавирус гээд ажил, үйлчилгээ саарч зогсож байгаа боловч төмөр замын хэмжээнд ачаа бараа буураагүй. Бүр зарим үйлдвэр, аж ахуйн газрууд шинээр ашиглалтад орлоо. Жишээ нь, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалт. Үүнийг дагаад өндөр хүчдлийн шугамууд баригдана. Дагаад хэрэглээ нэмэгдэж таараа. Сүүлийн дүн мэдээгээр 414.6 км замын 76 хувьд эрчим хүчний шугам, сүлжээг нь тавьжээ. Ирэх жил гэхэд дуусгачих болов уу. Зүүнбаянд Үе угсрах бааз шинээр байгуулсан. Зүүнбаян, Дархан өртөөний зорчигчийн тавцанг өөрсдийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Өнгөрсөн жил л гэхэд Сүхбаатар өртөөний 70 жилийн ой болж зорчигчийн тавцанг нь шинэчилж, лед гэрэлтэй шинэ технологийн гэрэлтүүлэг тавьсан. 
-УБТЗ бол цахилгаан дамжуулан түгээж борлуулдаг шүү дээ. Засгийн газрын шийдвэр гарснаар УБТЗ-д хэчнээн хэмжээний хөнгөлөлт үзүүлж байна вэ? Эсрэгээрээ эрчим хүч түгээж борлуулснаараа Замд тодорхой хэмжээний орлого татан төвлөрүүлдэг. Үйл ажиллагааныхаа зардлыг ч нөхдөг. Энэ орлогыг хаанаас хэрхэн бүрдүүлэх вэ? 
-УБТЗ-ын хэмжээнд жилдээ 120 сая цаг киловатт цахилгаан эрчим хүчийг бөөний үнээр аваад өөрийнхөө шугам сүлжээгээр дамжуулан түгээдэг. Бөөний үнээр аваад жижиглэнгээр зарахад төмөр замд жилдээ найм орчим тэрбум төгрөгийн орлого үлддэг. Худалдааны хэлээр бол бөөний үнээр авсныгаа улсынхаар зараад шугам, сүлжээгээрээ дамжуулсны, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол, ажилчдын цалин хөлсөнд зориулахаар үлддэг нь энэ. Үүгээрээ ашиг харах биш үйл ажиллагааныхаа зардлыг хаагаад явдаг ийм л тоо. Түрүүчийн 120 сая цаг киловаттын 39 хувийг нь төмөр зам өөрийнхөө хэрэгцээнд буюу өртөө зөрлөг, үйлдвэр, аж ахуйн байгууллагадаа хэрэглэдэг. 37 хувийг нь төмөр зам дагасан айл өрх, албан байгууллага. Үлдэж буй 34 орчим хувийг нь төрийн захиргааны байгууллагууд хэрэглэнэ. Эндээс нийт орлого маань 22 орчим тэрбум төгрөг болдог. Бид хуулийн дагуу эрчим хүчний зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрөлтэй. Ингэхдээ Засгийн газраас мөрдөж буй үнийг ижил мөрдөнө. Хэдийгээр өөрийн шугам сүлжээгээр дамжуулж байгаа ч гэсэн бөөний үнээр аваад хотын үнэтэй адилхан үнээр л өгнө. Та төмөр замаас цахилгаан авдаг гээд илүү үнэ төлөхгүй. Засгийн газрын саяын шийдвэртэй холбоотойгоор бид өнгөрсөн оны хэрэглээгээ ирэх оныхтойгоо тулган тооцоо хийж үзсэн. Энэ оны арванхоёрдугаар сарын 21-нээс ирэх оны долдугаар сар хүртэлх хугацаанд УБТЗ-д 4.6 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн зардал гарахаар байна. Зөвхөн төмөр замын өөрийн хэрэглээнд. Айл өрхийн биш. Энэ 4.6 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газар улсын төсвөөс манайд өгнө. Цаад утгаараа Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн ашгаас хаахаар шийдсэн юм билээ. Энэ бол нэг талдаа цар тахлын хүнд хэцүү цаг үед манайд хөнгөлөлт болж, өөрийн зардлаас хасагдах нь. Том дэмжлэг шүү. 
-Хэрэглээний төлбөрийг тэглэсэн явдал салбарын аюулгүй байдалд эрсдэл учруулж мэдэхээр байна гэдгийг хэн хүнгүй л ярьж байна. Хэрэглээг хязгаарлахын тулд өмнөх сартай харьцуулаад илүү гарсныг нь хэрэглэгч өөрөө төлөх зохицуулалт яригдсан. Мэргэжлийн хүний хувьд та энэ зохицуулалтын талаар ямар бодолтой байна вэ? 
-Буруу биш ээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээнүүд харахад нохойныхоо амбаарт, үнээнийхээ саравчинд хүртэл халаагуур залгачихсан тохиолдол гарлаа. Машиныхаа доор халаагуур тавьсан ч гэх шиг. Энэ бол зүй бус хэрэглээ. Ухамсрын л асуудал. Ийм тохиолдолд мөнгийг нь төлүүлэхийг буруу гэж хэлж чадахгүй. Харин таны гэр орондоо тавтай тухтай, хэвийн байх хэмжээнд байхад л хангалттай биш гэж үү. Цахилгааныг бид үнэтэй байхад нь зохистой хэрэглээд болоод байсан юм чинь одоо тэр хэмжээндээ л хэрэглэх хэрэгтэй. Эдийн засаг нь улс орноороо хямарсан үед бодох л ёстой. Монгол хүний хувьд нэгдүгээрт иргэний үүргээ биелүүлэх, хоёрдугаарт, эх оронч санаачилга гаргаад хэмнэвэл болохгүй зүйл биш. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд Эрчим хүч, Барилга хот байгуулалтын яамдаас ус, цахилгаан дулааныг зүй зохистой хэрэглэхээр хоёр журам гарах юм билээ. Хэрэв энэ журам гараад олон нийт мөрдөхөөр болбол саяын таны асуудаг хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мөнгийг нь төлүүлэх асуудлууд яригдаж таарна. Торгуулийн асуудал ч яригдаж магадгүй. Замбараагүй хэрэглээ өөрт биш гэхэд бусдад хохиролтой. Хэн нэгний буруутай үйлдлээс тэр хавийнхаа дэд станцыг шатаагаад тавьчихвал бас л засвар хийх гээд өчнөөн зардал гарна. Олон айл гэрэл цахилгаангүй болно биз дээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ саатахыг ч үгүйсгэхгүй. 
-Эрчим хүчний салбарын хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар салбарын хөгжил нь тарифтаа уягдаад байдаг. Өнөөдөр манай хэрэглэгчид олон улсын жишгээс хэд дахин бага төлбөр төлдөг шүү дээ? 
-Гадны жишгийг харахад айл өрхийн буюу ахуйн хэрэглээ өндөр үнэтэй байдаг. Харин Монгол Улсад нэг киловатт цахилгаан эрчим хүчний үнэ ердөө таван цент. 100 орчим төгрөг. Олон улсын жишгээс хэд дахин бага. Энэ утгаараа манайд цалхилгааны үнэ өртөгтөө хүрдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ учраас Засгийн газар цахилгааны үнийг чөлөөлдөггүй. Ингээд эрчим хүчний салбар алдагдалтай явсаар ирлээ. Удахгүй зөв голдиролдоо орох байлгүй дээ. БНХАУ-д 15 янзын тариф бий. Шатлалтай. Хавар газар тариалан эхлэх үед үнийн хөнгөлөлт өгөөд намар ургацаа хураасны дараа үнийг нь өндөр болгочихдог. Гэтэл цахилгаан үйлдвэрлэхийн тулд асар их хөдөлмөр зардаг. Тэнд уурхайчид, төмөр замчид, цахилгаан станцын ажилтнуудын маш их хөдөлмөр шингэсэн. Эрчим хүчний салбарын нэг онцлог нь нөөцийг хадгалж, хязгаарлаж болдоггүй. Үйлдвэрлэл, хэрэглээ хоёр зэрэг явж байдаг онцлогтой. Нэг мөчид зэрэг явна. Түүнээс илүү гарсан цахилгаанаа нөөцлөөд байдаг бол сайн сан. Сүүлийн үед хуримтлалуурын цахилгаан станц гээд техникийн дэвшлийн талаар их ярих болсон. 
-Засгийн газрын шийдвэрийг та хэр үндэслэлтэй, тооцоо судалгаатай гэж харж байна вэ? 
-Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвийнхөн манай эдийн засагч, хяналтын менежер, борлуулалтын инженерүүдтэй уулзаж, өнгөрсөн жилийн арваннэг, арванхоёрдугаар сард хэрэглээ ямар байсан, ирэх оны зургадугаар сар хүртэл ямар байх вэ гэдгийг судалж, тооцоод тогтсон. Бид чинь ирэх оныхоо захиалгыг 2021 онд ийм хэмжээний киловатт цахилгаан авъя. Сардаа тэдэн сая киловатт цахилгаан гээд сараар нь хүртэл хуваарилан захиалгаа өгөөд гэрээгээ хийчихсэн. Ийм судалгаа, тооцооны үндсэн дээр л Засгийн газар даах уу, даахгүй юу, хэдэн төгрөгийн цахилгаан, дулааны хэрэглээ байх вэ гэдгийг судалж, мэргэжлийн хүний үгийг сонссоны хойно л гарсан шийдвэр гэж ойлгож байгаа. Манай инженер, менежер, эдийн засагч гээд холбогдох хүмүүс сууж байгаад тооцоо хийж үзэхэд 3.5-3.9 тэрбум орчим төгрөгийн цахилгаан гарах болов уу гэж тооцсон. Гэтэл цаг үеийн нөхцөл байдал, төмөр замын тээврийн хэмжээг тооцож үзэхэд 4.6 тэрбум төгрөгийн цахилгаан болох сүүлийн тооцоо гарлаа. Тав, зургаахан том шугам, сүлжээ байна шүү дээ. Эднээс хэдийг авах, хэдийг бөөний үнээр өгөх үү, энэ айл хэдэн хэрэглэгчтэй юм бэ гэхэд бүх тоонууд гараад ирнэ. Манай шугам, сүлжээний хувьд 20 мянган хэрэглэгчтэй. Арай ч тэгж мэргэжилтний үгийг сонсоогүй гэж бодохгүй байна. Засгийн газрын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахааргүй арван байгууллагын нэр яригдаж байсан. Энэ жагсаалтаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэж тусад нь нэр зааж байгаад хассан гэсэн. 
-УБТЗ жилд дамжуулж байгаа цахилгаанаасаа хэчнээн хувийн алдагдал хүлээдэг юм бэ? 
-Өнгөрсөн жилүүдэд жилийн дүнгээрээ 8-9 хувь орчмыг алдсан. Энэ бол Монгол Улсын шугам сүлжээний алдагдлуудаас хамгийн бага хувь нь. Баруун аймгууд руу 24-25 хувь хүрдэг. Манайх алдагдлаа бууруулахын тулд олон жил тууштай ажиллаад хэрэглэгчдээсээ суурь хураамж авч эхэлсэн. Авсан суурь хураамжаа эргээд айл өрхийнхөө шугам, сүлжээг сайжруулахад зарцуулсаар алдагдал буурч найм орчим хувьд хүрсэн юм. Сар, сард харьцангуй өөр л дөө. Арваннэгдүгээр сарын байдлаар 10-11 хувьтай гарлаа. Яагаад гэвэл хүйтний эрч нэмэгдэж байна. Зун хэрэглээ буураад ирэхэд дөрвөн хувь хүртлээ багасдаг. Хотын шугам, сүлжээний газруудад яадаг вэ гэхээр төсөл хөтөлбөрт хамрагдаад зээлийн хөрөнгөөр шугам сүлжээгээ шинэчлээд байдаг. Гэтэл энэ төсөл хөтөлбөрүүд төмөр замд хэрэгждэггүй. Төсөлд хамрагдъя, шугам, сүлжээгээ сайжруулъя гэхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гээд авч хэлэлцдэггүй. Өнгөрсөн жил гэхэд Говьсүмбэр аймагт бүх тоолуурыг цагийн ялгавартай ухаалаг тоолуураар сольсон мөртлөө Чойр зангилааны төмөр замын хэсэгхэн айлд тавиагүй байх жишээтэй. Зарим талдаа улсын хөгжлөөс хоцрох гээд байх шиг. Замын захиргаа жилдээ хуваарь хийгээд шугам, сүлжээнд тодорхой хэмжээний засвар, үйлчилгээ хийхээс бүрэн шинэчилж чадахгүй л явна. 
-Ер нь, УБТЗ-ын эрчим хүчний салбар хэрхэн хөгжих ёстой юм бэ. Ойрын ирээдүйд хаашаа аль чиглэлд явах уу. Төмөр замыг цахилгаанжуулах тухай асуудал яригддаг. Үүнд бэлдэж ямар нөхцөлүүдийг хангасан байх ёстой юм? 
-70 гаруй жил хөгжсөн УБТЗ ажиллагааныхаа хүрээнд нийгмийн хөгжлийн хамаг ачааг үүрч зүтгэж яваа. Цаг үе, хэрэгцээ шаардлагаа дагаад цахилгаанжсан төмөр зам болох ёстой. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзаад энэ асуудлыг судална гэж амлаад хоёр орны төрийн бодлогын хэмжээнд хүртэл яригдсан. Ингэхийн тулд зарим нэг хүндрэл, бэрхшээл бий. Нэгдүгээрт, анхны хөрөнгө оруулалт ихтэй. Зардал өндөр. Хоёрдугаарт, өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд 100 сая тонн буюу түүнээс дээш ачаа тээх хэрэгцээ шаардлага хэр бүрэлдсэн байна вэ. Гуравдугаарт, хос замтай байж цахилгаанжуулахгүй бол болохгүй. Өнөөдөр төмөр замын гаргаж буй зардлын дийлэнхийг дизель түлшний зардал эзэлдэг. Контактны сет буюу татах цахилгаан шугам сүлжээтэй болбол энэ зардал харьцангуй багасна. Багасгахын тулд анхны хөрөнгө оруулалт асар өндөр цахилгаанжсан төмөр замыг улсын хойд хилээс урд хил хүртэл гол зам дагуу тавих хэрэгтэй. Дээр нь, хос замтай хийхгүй бол ганц зам дээр хийх тохиромжгүй. Ачаа урсгалын хэмжээ хэд байгаа билээ дээ, одоо. Жилдээ 28, 29 сая тонн ачаа л тээж байна шүү дээ. Тэгтэл ганц замаа асар өндөр зардлаар цахилгаанжуулчихаад ачаа, тээврийн боломж, потенциалаа тооцолгүй хийвэл үргүй зардал гаргах эрсдэлтэй. 
Цахилгаанжсан зүтгүүртэй болчихвол хэдэн татах мотор л засахаас бусдаар зардал буурах учиртай. Одоохондоо улсын хөгжлийн үе шат, ийм эдийн засгийн нөхцөл боломж хараахан бүрдээгүй. Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорыг хоёр хөрштэй хамтраад цахилгаанжуулахад болохгүй юм байхгүй. Одоогийн байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний эх үүсвэр найдвартай биш. Саяын тогтоол шийдвэр гарсны дараа л гэхэд хэрэглээ 1245 мегаватт хүрчихсэн. ОХУ-аас авдаг цахилгааны хэмжээ боломжит дээд хэмжээндээ тулсан. Эрчим хүчний ачааллын хэмжээ 100 хувьд хүрчихсэн. Нөөцгүй үед цахилгааны эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь нийтэд харагдлаа даа. 
-Яг энэ чиглэлээр хийсэн тооцоо, судалгаа байдаг юм болов уу?
-Байдаг. Бүр намайг 1987 онд Удирдах газарт ажиллаж байх үед зарим нэг тооцоо хийж эхэлсэн юм билээ. 2000 он гарсны дараа ч тооцоо, судалгаа хийсэн. Ачааны хэмжээ хос замтай байх уу гэдгээс хамаараад олон тооцоонууд хийх шаардлага гардаг. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье! 

Сэтгэгдэл үлдээх