Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-08-18

Б.Дашбалжин: Нэг удаагийн хэрэгсэл, хувцас, эм тарианы хоёр сарын нөөц бий

-Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх УОК-ийн шийдвэр, ЗТХ-ийн сайдын болон УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын тушаал, цахилгаан гарснаар нэгдүгээр сарын 27-ноос орон нутгийн галт тэргэнд манай эмч нар тандалт, үзлэг хийж эхэлсэн. Өдөрт 12-15 эмч бүх чиглэлд явж, өдөрт дунджаар 7500 гаруй хүнд тандалт хийн ажиллаж байна. Наймдугаар сарын 4-ний байдлаар давхардсан тоогоор 2098 их, бага эмч ажиллаж, нийт 817431 зорчигчид хяналтын үзлэг хийж, галт тэргэнд ажилласан. Мөн Замын-Үүд, Сүхбаатар өртөө болон Баянтүмэнд Төв эмнэлгийн харьяа нэгж ажилладаг. Тэнд хилээр орж, гарч буй Монгол, Хятад агентуудад өдөрт хоёр удаа хяналтын үзлэг хийдэг. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл яаж ажиллах тухай ажил үүргийн зааварчилгаа гараад бэлэн байдлаа бүрэн ханган ажиллаж байгаа. Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, хувцас, эм тарианы хоёр сарын нөөц бий. Бид өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа галт тэрэгний ажилчдыг тусгаарлан ажиглах байранд авсан. Мөн Баянбуурал амралтад Оросоос авчирсан хүмүүсийг тусгаарлахад манай хоёр эмч дотор нь ажилласан. Үүний зэрэгцээ мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг манайхан эмнэлгийн болон төмөр замынхаа цахим хуудас, сонин хэвлэлээр дамжуулан төмөр замчдад хүргэж байгаа. Манай улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс бид цаашид эмнэлгийнхээ ажиллах нөөцийг илүү сайн бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Үүний хүрээнд эрсдэл гарлаа гэхэд хэн хаана, хэрхэн ажиллах хуваарь гаргасан. Өөрөөр хэлбэл, Ковид-19 илэрлээ гэхэд ор дэлгэж ажиллах, хэн, хаана дэлгэх гээд бүгд тодорхой болсон. Өглөө бүр амбулаториор үйлчлүүлэгчдийг угтан халууныг нь үзэж, амны хаалт хэрэглэхийг шаардаж, хоорондын зай бариулж, шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр явахгүй байх тухай ЭМЯ-ны зөвлөмжийг тогтмол өгч байгаа. Мөн эдгээр зөвлөмжийг тасгуудад хэвтэж буй хүмүүст болон төмөр замынхаа салбар нэгжүүдэд ч өгч байна. Хэвтэж буй хүмүүс дунд халдвар тээгч оруулчихгүйн тулд судалгаа, мэдээлэл байнга авдаг. Түүнчлэн, хөдөлгөөн урсгалыг нь зохицуулж, сахиуруудын эргэлтэд хязгаарлалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй учир эмнэлгийн удирдлага, эмч, ажилчдын утас 24 цагийн турш нээлттэй, удирдлагын багийнхан хариуцлагатай жижүүрээр тогтмол ажиллаж байгаа. Тодруулбал, лавлах 244996, цахимын 244995, Халдвартын тасгийн 244973, 244988 гэхчилэн утаснуудаар мэдээлэл авч байна. Ес, аравдугаар сард томуу өвчин ихэсдэг тул Ковид-19 гарах магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ЭМЯ-наас мэдээлж байна. Тиймээс манай эмнэлэг энэ үед хүн хүчний нөөц бүрэн байх үүднээс урин цагт эмч, ажилчдаа нэлээд амраасан. Асуудал гарвал эмч нар амарсан, дархлаа нь сэргэсэн байх ёстой. Мөн эмч нараа витаминжуулсан. Зорчигч тээврийн төв, Зорчигчийн вагон депо, Татах хэсгүүд гэхчилэн салбар нэгжүүдтэй ямагт хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд хил гаалиар хүмүүсийг нэлээд нарийвчилсан хяналттай оруулсан учир сэжигтэй тохиолдол гараагүй. Сэжигтэй гэдэг нь 37.5-аас дээш халуурсан, цээжээр нь өвдөх, амьсгаадах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэхийг хэлнэ. Энэ тохиолдолд ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудын утсаар холбогдох ёстой.

Сэтгэгдэл үлдээх