Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-26

Б.Гантөмөр: Иргэд замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь их байна

-Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр танай албаны хэмжээнд ямар арга хэмжээ авч байна вэ? 
-УБТЗ-ын хэмжээнд “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг сахиулах ажлын хүрээнд Замын даргын 2017 оны А-223, 2019 оны А-25 тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төмөр замын дагуу байрладаг орон нутгийн удирдлага болон бүх шатны байгууллага айл өрх, иргэдтэй хамтран ажиллах, хууль дүрмийг сурталчилах, телевиз, радио бусад мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, шторк явуулах, хүн ихээр цугладаг баяр ёслол, нийтээр амрах өдрүүд, сургууль цэцэрлэг орох, зуны урин дулааны үед нэмэгдэл эргүүл постыг ажиллуулж байна. Мөн торон хашаа, гарц, тэмдэг тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийх, хяналтын камерийг нэмэгдүүлэх, эрсдэлтэй цэгүүдийн судалгааг гаргаж эрсдэлийг бууруулах зэрэг ажлыг хийж байна. 2020 онд хийсэн томоохон ажлын нэг нь Толгойт-Улаанбаатар-2 хоорондын замын 396 дугаар километрт 450 метр бетон хашаа барьсан. Энэ онд үргэлжлүүлэн барихаар төлөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-нд “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг сахиулах зорилгоор Замын хэмжээний цахим зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнд бүх зангилаа, өртөө, зам, холбоо, эрчим хүч, ус хангамжийн анги болон, ТЦА-ны Төмөр зам дахь Цагдаагийн газрын төлөөлөл оролцлоо. Энэ зөвлөгөөнөөр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр УБТЗ-ын хэмжээнд 2020 онд “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг сахиулах ажлыг хэрхэн хангаж ажилласныг дүгнээд, 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.
-Төмөр замын гарам дээр автомашин дайруулах, шүргүүлэх, яаралтай тоормос хийлгэх тохиолдол буурахгүй байгаа. Үүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа нь чухам юу байна вэ? 
-УБТЗ-ын хэмжээнд 2020 онд төмөр замын гарам дээр галт тэргэнд автомашин дайрагдсан тохиолдол найм, автомашин байснаас галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдол 50 удаа бүртгэгдсэний ихэнх хувь нь Улаанбаатар хот болон төвлөрсөн газруудад байрлах гармууд дээр гарсан. Энэ нь, төмөр замын дагуу төвлөрөл ихэссэн, төмөр замын гармаар нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөө талд нь, жолооч нар, гармын хориглосон заалттай дохио дайрах, гармын хаалт сүлжиж галт тэрэгний өмнүүр гарах, анхаарал болгоомжгүйгээс, гармаар нэвтрэх үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих тохиолдол буурахгүй байна. 
Төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх, гармын аюулгүй байдлыг хангах, ард иргэдэд сурталчлах чиглэлээр жил бүр УБТЗ-ын хэмжээнд “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэн жил бүр таваас доошгүй гармын техникийн байдлыг сайжруулан ажиллаж байна. Мөн төмөр замын дагуу орон нутгийн ард иргэд, байгууллага, сургууль цэцэрлэг, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад гармаар аюулгүй нэвтрэх, дүрэм журмыг сурталчилах, сургалт явуулах зэрэг ажлуудыг тогтмол хийж байна. Харамсалтай нь, бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна.
-Гарам дээр гарч байгаа эрсдлийг бууруулах үр дүнтэй ямар арга байна вэ?
-Төмөр замын гарам дээр гарч байгаа эрсдэлийг бууруулах гол шийдэл нь төмөр зам, авто замыг хоёр түвшинд огтлолцуулах явдал юм. Энэ нь хөрөнгө мөнгө ихээр шаарддаг, төсөв төлөвлөгөөнд оруулж тодорхой түвшинд шийдэгддэг учраас тэр бүр хийж чадахгүй байна. Гэхдээ 2019 онд Сүхбаатар-Дулаан хоорондын замын 28 дугаар километрт УБТЗ өөрийн хөрөнгөөр автомашин гарах хонгилон гарц, 2020 онд Улаанбаатар хотын хэмжээнд Улаанбаатар-Амгалан хоорондын замын 411 дүгээр километрийн VIII зуут буюу Амгалан өртөөний тэгш тал Ботаникийн хүрээлэнгээс урагшаа гардаг чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар автомашины хонгилон гарц хийсэн. Дархан-Уул аймгийн зүгээс Дархан-1–Дархан-2 хоорондын замын 123 дугаар километрийн Ш зуутад Дархан өртөөний сондгой бэлчирээр автозамын гүүр барих ажлыг эхлүүлсэн.
2021 онд Улаанбаатар хотын захиргаанаас Улаанбаатар-1-Амгалан хоорондын замын 407 дугаар километрийн 10 дугаар зуут буюу Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаар, Эмээлт–Толгойт хоорондын замын 389 дүгээр километрийн V зуут буюу СХД-ийн нутаг дэвсгэр Тахилтаас хуучин 22-ын товчооны баруун чиглэлд автомашины хонгилон гарц хийхээр төлөвлөж байна. Цаашдаа Улаанбаатар хотын баруун бүсийн автозамыг хөгжүүлэх судалгааны шатанд Толгойт өртөөний А, Б паркийг холбох зам 393 дугаар километрийн X зуутаар Толгойт, Орбит чиглэлд давхар гүүр барих боломжийг судалж байна. 
 Хамгийн гол нь, тээврийн хэрэгслийн жолооч, ард иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, анхаарал болгоомжтой гармаар нэвтэрч байх нь өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд үүсэж байгаа эрсдлийг бууруулна. 
-Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг мөрдүүлэх ажил зөвхөн төмөр замчдын бус орон нутгийн захиргааны цаашлаад ард иргэдийн хамтын хүчээр цэгцэнд нь оруулах асуудал гэж ойлгож байна. Холбогдох төрийн байгууллагаас энэ чиглэлээр дэмжлэг туслалцаа хэр үзүүлж байна вэ?
-Зам, тээврийн хөгжлийн яам болон төмөр зам дагуу оршдог аймаг, сум, орон нутгийн “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг сахиулах ажлын хүрээнд Төмөр зам дагуу аймаг, орон нутгийн байгууллагуудтай зангилаадын хэмжээнд хамтран ажиллаж байгаа. Гэхдээ санасны хэмжээнд үр дүн гарахгүй байна. 

Сэтгэгдэл үлдээх