Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-08

Хөдөлмөр чимээлж, хөлс үнэртсэн хоолтын тойргийн нэг өдөр

2020 оны есдүгээр сарын 2:
Зам даган моторын дуу нүргэлж, лантууны түс түсхийх чимээ хадан, 240 гаруй замчин 1150 метр замд мөр зэрэгцэн ажиллах нь бахдалтай. Зарим нь, хуучирч муудсан дэрүүдийн чигжээсийг ухаж суллахад нэг хэсэг нь суларсан дэрүүдийг татаж гаргаад шинэ модон дэр тавина. Нэг хэсэг нь шинэ ивүүр хийн бэхэлж, чигжихэд мастер, бригадын дарга нар цүп тавин хэмжинэ. Үндсэндээ бүх ажлыг дамжлагаар гүйцэтгэнэ. Замын хэсгүүд бүгд өөр өөрсдийн машинтайгаа ирсэн агаад замаас гаргасан хуучин дэрүүдийг ачаалан хэсэг рүүгээ зөөнө. Үе үехэн богино холбоогоор галт тэрэг ирж буйг замчдад мэдээлэн замаас гаргахад төдөлгүй суналзсан урт галт тэрэг дуут дохио хангинуулсаар алгуурхан явж өнгөрөх. Энэхэн агшинд замчид галт тэрэг явж өнгөрөхөд л гараа жаахан амраах юм. Галт тэрэг өнгөрөнгүүт ажлаа яаравчлан үргэлжлүүлэх нь тэдэнд хором мөч бүр ямар үнэ цэнтэйг илтгэнэ. 
Энэ бол Замын II анги 70 жилийнхээ ойн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг, Хоолтын тойрог буюу 474, 475 дугаар км дэх дэрийн хүчжүүлсэн дунд засварын дүр зураг. Замын албаны орлогч дарга Ж.Борхүү, тус ангийн дарга Д.Алтангэрэл, даргын жолооч Д.Батсайхан бид хэдийг үд дундын үед очиход замчид ажлынхаа тал хувийг хэдийнэ нугалжээ. Ангийн дарга Д.Алтангэрэл “Манай ангийн 14 хэсгийн 240 гаруй замчин 11 дүгээр хэсгийн арчилдаг энэ тойрогт ажиллаж байна. Хэрэв 11 дүгээр хэсэг дангаараа үүнийг хийнэ гэвэл сар шахамын ажил. Тиймээс хэсгүүдийнхээ нэгдсэн хүчээр дэрийн аж ахуй нь муудсан энэхүү тойрогт 600 гаруй дэрийг нэг өдрийн дотор сольж байгаа юм” хэмээн тайлбарлав.
Замчдын хамгийн хол нь Багануур дахь XIX хэсгээс иржээ. Борви бохисхийх чөлөөгүй ажиллах замчдын дундуур зураг даран алхангаа ажиглавал тэнд эр эм, хөгшин залуугийн ялгаа гэж ер алга. Тавиас давсан настай болов уу гэмээр эмэгтэй хэн нэгэн замчинтай дэр мод дамжлаад л алхаж явах, зарим нь хүрз, лоом барьчихсан залуу эрсээс ч дутахгүй ажиллаж байлаа. Энэ их хүнд хүчир ажлыг юман чинээ санахгүй нэгнийгээ “явуулан” инээлдэж, хөгжилдөнө. Ер нь, замчид их нийтэч, элгэмсэг, нөхөрсөг улс. Өвлийн хүйтэн, зуны халуун, бороотой, шуургатай аль ч цаг үед яваад очиход ажлынхаа талбарт нэг л зангаараа инээлдэж байдаг юм. Энд ажиллаж буй замчдын дунд аав охин, ээж хүү, эхнэр нөхөр, ах дүүс олон. Өглөө нэг гэрээс гарч өдөржин хамт ажиллаад үдэш цугтаа харих нь тэдний хувьд жаргал ажээ.
Тухайлбал, замчин Б.Дэмбэрэлсүрэн охинтойгоо нэг хэсэгт ажилладаг юм байна. Аав нь “Миний охин болгоомжтой” гэхэд, охин нь ч аавыгаа бас хайрласан харцаар харна. Он цагийн хамаг л зовлон жаргалыг нүүрэндээ шингээсэн өвгөн замчин дэр мод өргөхөд охин нь ухасхийн дэмнэнэ. Энэ мэтчилэн Замын II ангийн замчид дэрийн хүчжүүлсэн дунд засварыг уярал хайр, инээд наргиан шингээн гүйцэтгэж байна. Ийм их эв нэгдэл, энэрэл хайр шингэсэн төмөр зам дээгүүр өнгөрөх галт тэрэг бүр аюулгүй, сая сая зорчигч амгалан байх нь дамжиггүй. 
Тэдний ажилтай Тээврийн хяналтын албаны дарга Б.Гантөмөр, Замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав, Дохиолол холбоо, мэдээлэл хариуцсан хяналтын байцаагч Ц.Цэнгэлжаргал нар очиж танилцан ажлын амжилт хүсэв. Энэ үеэр замын хэсгийнхний төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.

Манай хэсгийн хариуцдаг 20 км-т 38 тахир бий
XI хэсгийн мастер Д.Батжаргал
-Замын II анги 70 жилийн ойгоо тохиолдуулан бүтээлч ажлын дэвтэр, туг аялуулж байгаа шүү дээ. Энэ ажлынхаа хүрээнд манай хэсэг дэх 1150 метр урт, 299-298 радиустай тахир тойруу замд 14 хэсгээс замчид татан засвар хийж байна. Сүүлийн үед хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг их аялж буй тул дэрийн аж ахуй муудсан энэ хэсэгт цариг тэлж байгаа. Тиймээс өнөөдөр /2020.09.02/ 630 дэр солих ажил үргэлжилж байгаа юм. 630 дэр гэдэг нь, тийм ч хангалттай биш. Солих дэр цаана нь өчнөөн үлдэнэ. Ер нь, манай хэсгийн хариуцдаг 20 км-т 38 тахир бий. Үүнийг 35 хүний бүрэлдэхүүнтэй арчилж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Миний хувьд Замын II ангид 28 дахь жилдээ ажиллаж байна. Аав Д.Дамдиндорж, ээж Б.Шороот болон ах дүү нар маань ч бүгд замчид. 

Энэ зэргийн хүчжүүлэлт хийнэ гэдэг бол том амжилт
XVI хэсгийн мастер Ж.Алтанцэцэг
-Дэрийн хүчжүүлсэн дунд засварт манай хэсгээс нийт 15 хүн оролцож байна. Бид 60-70 орчим метрт 35 дэр сольж, хуучин дэрүүдийг хэсэгт нь хүлээлгэж өглөө. Дахиад ч солихоор 10 гаруй муу дэр үлдэж л байна. Гэхдээ энэ зэргийн хүчжүүлэлт хийнэ гэдэг бол том амжилт. Одоогийн байдлаар /16.00 цаг/ ажлын 80 хувийн гүйцэтгэлтэй байна. XI хэсгийн хувьд гол зам, олон тахиртай, хүндхэн хэсэг. Хөдөлгөөний аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллах ёстой. Ерөнхийдөө манай ангийн хэмжээнд дэр мод, дүнзний аж ахуй нэлээд муудаж байгаа. Манай хувьд салбар зам хариуцдаг. 11 жижиг тахир, 71 суман шилжүүлэг, 48 гарамтай. 

Олуулаа ажиллах нь маш үр дүнтэй, зөв шийдэл юм байна
XV хэсгийн мастер Х.Хишигмаа
-Манай хэсгээс мастер, бригадын дарга, жолооч, тогооч гээд 14 хүн ирсэн. Манай XV хэсэг Толгойтоос салбарласан салбар замуудыг хариуцдаг. Салбар замын хувьд Р-43, 50 маягийн зам төмөр, модон дэр, хадаасан бэхэлгээтэй. Өнөөдрийн бидний ажиллаж буй энэ хэсэг бол Р-65 зам төмөр, КД маягийн бэхэлгээтэй болохоор өөр байна. Бидний хувьд хүн цөөнтэй болохоор 35-40 орчим дэр сольж байгаа. Бүх дэрээ сольсон, өргөж чигжих ажил л үлдлээ. Олуулаа цуглаж ажиллах нь маш үр дүнтэй, зөв шийдэл юм байна. Гол замын замчид замаа хэрхэн арчилдагтай танилцаж, туршлага судалсан томоохон ажил боллоо. Би 2013 онд ТЗДС-ийг Зам барилга, замын инженерээр төгсөөд Замын II ангид ажилд орсон.

Дэр мод муудсан хэсэгт цариг их тэлж байгаа
VIII хэсгийн Туул зөрлөгийн бригадын дарга Д.Борчулуун
-Манай хэсгээс мастер, хоёр бригадын дарга, 23 замчин, жолооч, тогооч гээд 27 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Энэ 474, 475 дугаар км нь КД бэхэлгээтэй модон дэртэй тахир зам. Дэр мод муудсан хэсэгт цариг их тэлж байгаа. Энэ км-т 2007 онд их засвар орсноос хойш хүчжүүлсэн засвар хийгээгүй байх. Бид гэхэд л 120 орчим метр замд 60 дэр солих хүчжүүлсэн дунд засвар хийж, цариг, түвшин, суулт тохируулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар /13.00 цагийн үед/ ажлынхаа 65 орчим хувийг гүйцэтгэлээ. Энэ байдлаараа 17.00-18.00 цагийн үед ажлаа бүрэн дуусах байх.

Өвөө, аав, ээжийгээ залгамжлаад ажиллаж буйдаа баяртай байдаг
XIX хэсгийн бригадын дарга П.Хишигжаргал
-Багануурын XIX хэсгээс нийт 16 хүн ирж дэрийн хүчжүүлсэн дунд засварт оролцож байна. Бид XX хэсэгтэй нийлээд 125 метрт 60 дэр мод солилоо. Ийм олон дэр сольчихоод байхад цаана нь, 20 орчим хувь нь муу дэр үлдэж л байна. Үүнээс дэр модны аж ахуй ямар их муудсаныг харж болох байх.
Миний хувьд 13 дахь жилдээ ажиллаж буй гурван үеийн төмөр замчин. Өвөө Лхамсүрэн маань Замын II дугаар анги байгуулагдахад замчнаар орсон байдаг. Аав Л.Пүрэвээ энэ ангид 36, ээж Ж.Мөнхжаргал 38 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Өвөө, аав, ээжийгээ залгамжлаад, энэ олон замчидтайгаа гар, сэтгэл нийлээд ажиллаж байгаадаа баяртай байдаг. 

Бусад хэсгийн залуустаа маш их баярлаж байна
XI хэсгийн замчин Б.Дэмбэрэлсүрэн охиныхоо хамт
-Миний хувьд зөвхөн энэ хэсэгтээ л 26 дахь жилдээ ажиллаж байна. Манай хариуцдаг хэсэг тахир тойруу ихтэй, үзэгдэлт орчин муутай. Өнөөдөр зөвхөн манай хэсгийнхэн гэхэд л 60 дэр мод сольж байгаа. Бусад хэсгийн залуус цуглаад арчилгаа үйлчилгээ их шаарддаг энэ хүндхэн км-ийг засаж өгч буйд маш их баяртай байна. Ах нь таван хүүхэдтэйн гурав нь төмөр замчин болсон. Энэ хэсэгт охин Д.Норовсамбуутайгаа хамт ажилладаг. Миний охин хоёр, гурван жил ажиллачихаад эрүүл мэндийн шалтгаанаар нэг жил өнжөөд эргэж орсон. Охиндоо мэдэхгүйг нь зааж, даахгүйгээ өргөлцөөд л хамт ажиллаж байна. Том хүү маань Улаанбаатар өртөөнд жижүүрээр ажиллаж байгаад гадагшаа явсан. Удаах хүү Д.Лувсанзундуй маань Дохиолол холбооны II ангид механикчаар ажилладаг. Гэр бүлээрээ л төмөр замдаа ажиллаж байна даа. 

Өөрт ногдсон ажлаа бусдаас түрүүлэн хийчихээд эхнэртээ тусалдаг
XI хэсгийн замчин Т.Батхүрэл
-Би өнгөрсөн хавар эхнэр Ч.Мөнгөнбаганатайгаа төмөр замын МСҮТ төгсөөд энэ хэсэгт хамт ажилд орсон. Оюутан байхдаа дадлагаар Замын II ангийн VII хэсэг дэх Туул голын гүүрийн их засвар дээр ажилласан. Тэгэхэд олон хүн маш их ажил хийсэн ч энэ удаагийнх шиг ийм олон хүн цугларан хийж буй засвар дээр анх удаагаа ажиллаж үзлээ. Хэсэг хэсгээрээ засвар хийх км-ээ хувааж аваад, дотроо шат дамжлагаар гүйцэтгэж байна. Миний хувьд хуучин дэрийн ул ухаж, дэрээ зөөж байна. Өмнө нь, би Зэвсэгт хүчний 150 дугаар ангид таван жил ахлагчаар ажилласан. Тэгээд төмөр замын ажилтан болж амьдралаа дээшлүүлье гэж эхнэр бид хоёр ярилцаад орж ирсэн юм. Хадам ээж маань насаараа замчинаар ажилласан хүн бий. Эхнэртэйгээ хамт ажиллах сайхан ч эмэгтэй хүнд замчны ажил хүнд санагддаг. Тиймээс өөрт ногдсон ажлаа бусдаас түрүүлэн хийчихээд эхнэртээ тусалдаг. Би бусдаас дутуу ажиллаж, эхнэртээ тусалж чадахгүй бол хэцүү шүү дээ.

Дэрийн хүчжүүлсэн дунд засвар дууслаа
Ийнхүү өглөө эртлэн эхэлсэн замчдын нөр их ажил 20.00 цаг дөхүүлэн дуусаж, хэсэг хэсгийн замчид гүйцэтгэлээ XI хэсгийн мастер, бригадын дарга нарт шалгуулан хүлээлгэж өгөв. Ангийнхаа 70 жилийн ойн хүрээнд гүйцэтгэж буй их ажлын ард гарсан замчид сэтгэл тэнүүн харагдах агаад түрүүхэн л галт тэргүүд анхаарамж өндөртэй, аажуухан өнгөрч байсан бол одоо салхи татуулан давхих ажээ. Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүүгийн хэлснээр “Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг замчид” маань харуй бүрийтэй уралдан өөр өөрийн хэсэг рүү хүлгийн жолоо заллаа.

Сэтгэгдэл үлдээх