Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-05

УБТЗ 30 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоов

УБТЗ 2020 оны хамгийн отгон өдөр буюу өнгөрөгч сарын 31-ний өдөр ачаа тээврийнхээ хэмжээг 30 сая тоннд хүргэж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Өмнөх онд ачаа тээврийн төлөвлөгөөг 29.5 сая тоннд хүргэхээр төлөвлөж байсныг ийнхүү 1.7 хувиар давуулан биелүүлэв. Ачаа тээврийн хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 6.6 хувиар нэмэгдсэн аж. Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан хэлэхдээ, “Энэхүү ачаа тээврийн хэмжээ нь Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсан цагаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо” хэмээн онцолсон. Уг 30 сая тоннын ачааг дотор нь задалбал, 3 сая тонн буюу 10.1 хувь нь импортын ачаа, 11.7 сая тонн буюу 38.9 хувь нь экспорт, мөн 11 сая тонн буюу 36.7 хувь нь орон нутаг, 4.3 сая тонн буюу 14.3 хувь нь дамжин өнгөрөх тээвэр юм. Ийм хэмжээний тээврийг гүйцэтгэхийн тулд УБТЗ 68 км замд их засвар хийснээс гадна сэлгээний тав, гол замын 10 зүтгүүр худалдсан авсан. Мөн хувийн хэвшлийн компаниудаас хөдлөх бүрэлдэхүүн түрээслэн тээвэрт оролцуулсан гээд хөрөнгө оруулалтын болон зохион байгуулалтын олон ажил хийснийг дурдах хэрэгтэй. Дашрамд дурдахад, цар тахлын нөлөөгөөр зорчигч хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор зорчигч тээврийн төлөвлөгөө буурч 72 хувийн биелэлттэй гарчээ.

Сэтгэгдэл үлдээх