Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-22

Хөл гишгүүртэй гар ариутгагч хийжээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр замчид ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай төхөөрөмж суурилуулж, энэ төрлийн бүтээлч санаачилгыг ч шинээр нэвтрүүллээ. Тухайлбал, Зорчигчийн вагон депогийн ҮЭ-ийн хороо өөрийн зардлаар ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай хаалга байршуулжээ. Уг хаалга нь хүн ирэхийг өөрөө мэдэрч 50 см зайнаас царайг уншдаг юм байна. Ингэснээр гурван секундийн дотор тухайн хүний биеийн халуун болон амны хаалтыг шалгаад хариу үйлдэл үзүүлдэг аж. Мөн ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон цацаж озоны хий болон хэт ягаан туяагаар 360 градуст ариутгал хийдэг онцлогтой гэнэ. Түүнчлэн, тус депогийн засварчин Б.Пүрэвдаваа хөл гишгүүрийн ажиллагаатай гар ариутгагчийг  зохион бүтээж ажлын байрандаа тавьжээ. Мөн Баянтүмэн тасгийн их эмч Г.Болод ийм үйл ажиллагаатай төхөөрөмжийг байгууллагын захиргаандаа бэлэглэсэн. Улаанбаатар татах хэсгийн засварчид ч ийм төрлийн төхөөрөмжийг санаачлан хийсэн гээд олон жишээг дурдаж болох юм. Дашрамд дурдахад, тэд шинэ бүтээлээ ажлын байрандаа байршуулахаас гадна хямд үнээр бусад байгууллагад захиалгаар хийж, нийлүүлэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл үлдээх