Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-10

Төмөр замчид онцгой нөхцөл байдалд ажиллана

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед төмөр замчид тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар салбар нэгжүүдээс утсаар болон цахимаар холбогдон мэдээлэл авлаа. 


АБТЭМА
Тус ангийнхан ковид-19 –ийн халдвараас урьдчилан сэргийлж, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлд зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, өглөөд дөрвөн хэсгийн нэвтрэх цэг дээр хамгаалах иж бүрэн хувцас хэрэглэлтэй ажилтан ажиллагдсын биеийн халууныг хэмжиж нэвтрүүлж байгаа аж. Мөн нэг ажилтанд өдөр тутам амны хаалт гурван ширхэг, ариутгасан бээлийн хамт олгож эхэлжээ. Ажиллагсдын бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж өдөр тутмын зааварчилгааг задгай талбайд 5-10 минутад багтаан өгч, ажлын бригадыг тус бүр таван хүнтэй зохион байгуулжээ. Түүнчлэн, ажилтнуудад хоорондын зай баримтлан ажил үүргээ гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллаж байна. 
Үдийн цайны завсарлагыг 11.30-13.30 цагийн хооронд хоёр цаг болгон сунгаж, нэг ширээнд хоёр хүн суух буюу ажилчдын цайны газарт нэг удаад 20 хүн хооллох хязгаарлалт хийсэн байна. Ажилчдын дархлааг дэмжих зорилгоор 10.30 цагт халуун аньс, чацарганы шүүс, 15.30 цагт халуун аарц, зөгийн балтай сүү уулгаж, ажил тарахад бүх ажилтны биеийн халууныг хэмжиж, хувцас солих өрөө тасалгааг кварцын гэрлээр ариутгаж байгаа аж. Тус ангийн 246 ажилтнаас 243 нь шинжилгээнд бүрэн хамрагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гурван ажилтан үлдсэн хэмээн манайд мэдээллээ.

Дохиолол холбооны II анги
Тус ангийн хувьд шугамын хэсэг, холбооны байшин, шалган турших тасгийг 2-3 баг болгож, долоо долоо хоногийн ээлжээр ажиллуулах зохион байгуулалт хийжээ. Ангийн удирдлага, санхүүгийн ажилтнууд ч хоёр баг болон мөн ээлжээр ажиллаж байна. Харин 1900-1949, 24107, 24109 дугаарын утасны ачаалал буураагүй, телеграф, залгагч нарыг зайнаас ажиллуулах техникийн боломж нөхцөл бүрдээгүй тул ажиллагсдын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллуулж байгаа аж. Харин өртөө, зөрлөгийн механикууд хариуцсан хэсэгтээ зурмагт ажлаа хийж, ГТХАБ-ыг ханган ажиллаж байна. Ангийн нийт ажилтнууд коронавирусийн шинжилгээнд бүрэн хамрагджээ.

Дохиолол холбооны III анги 
Тус ангийн хувьд байгууллагын дарга, шуурхай ажлын инженер, КИП холбооны инженер нар ажлын байрандаа, бусад ИТА, санхүүгийн ажилтнууд гэрээрээ ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд зарим ажилтныг дуудан ажиллуулж байна. Түүнчлэн, тус ангийн харьяа зарим хэсгийн ажилтнууд тусгаарлалтад орсон тул Сайншандаас инженер, механикчдыг томилон ажиллуулж байгаа аж. Тухайлбал, Чойр, Айрагт тус бүр хоёр инженер, Улаан-Уулд нэг инженер, нэг механикч, Замын-Үүдэд ангийн орлогч дарга, хоёр инженерийн хамт томилогдон ажиллаж эхэлжээ. Харин зөрлөгийн механикчид болон ээлжийн инженер, техникийн ажилтнууд хэвийн горимоор ажиллаж байна.

ЦХОБА-ныхан нэмэлт хамгаалалтад гарчээ
ЦХОБА-ны анги салбарууд үүрэгт ажлаа хийхийн зэрэгцээ зарим зангилаадад нэмэлт хамгаалалтад гарч байгаа аж. Тухайлбал, Улаанбаатарт “Ган зам”, Сайншандад “Их соён”, Замын-Үүдэд “Жинчин” зочид буудалд зүтгүүрийн бригадыг байрлуулсантай холбогдуулан нэмэлт хамгаалалтад алба хаагчдыг гаргажээ. Мөн Сүхбаатар өртөөний товарын конторт улаан бүс байгуулан хамгаалалт гаргасан аж. Улаанбаатар зангилаанд ХАБЭА-н албаны байцаагч, лаборантуудтай хамтран Улаанбаатар Гал унтраах ангийн гал сөнөөгчид хуваарийн дагуу ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж. Албаны хэмжээнд нийт 475 ажилтан шинжилгээнд хамрагдаж, хүндэтгэн үзэх шалтгаантай нэг ажилтан үлджээ. Тодорхой тооны ажилчид тусгаарлалт ажиглалтад байна. Мөн зайнаас ажиллах боломжтой ажилчдыг гэрээс нь ажиллуулж, албаны хэмжээнд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлсэн хэмээн албаны орлогч Д.Гантөмөр мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх