Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-19

3137 вагонд их, дунд засвар хийжээ

Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо өнгөрөгч онд 3137 вагонд их, дунд засвар, 147 вагонд урсгал засвар хийж төлөвлөгөөт зорилтоо 88.3 хувиар биелүүлсэн байна. Мөн өөрийн эзэмшлийн вагоноос гадна “БТЕГ” ХХК, “ТЗЗТИ”-ХХК, “ХЦШ”-ХХК-ийн 733 вагонд, бусад хувийн хэвшлийн зургаан вагонд дунд засвар хийжээ. Тус хамт олон ОХУ-д жилдээ хөдлөх бүрэлдэхүүний 600-800 хос дугуйг их засварт явуулдаг байсныг өөрийн нөхцөлд угсрах, засварлах суурь баазыг бүрдүүлэн өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Жилдээ хөдлөх бүрэлдэхүүний 1000-1500 хос дугуйг угсрах, их засвар хийж цаашид Монгол Улсын хэмжээнд хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн их засвар, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой болсон юм. Тус цехийн ажилтнууд УДСКП-2 төхөөрөмжийг угсарч ажиллагаанд оруулснаар кассетин гүүшинг сугалах, суулгах бүрэн боломж үүссэн байна. Энэхүү цехдээ ачааны вагоны 2928 хос дугуйд бүрэн магадлагаа, 5499 хос дугуйд завсарын байцаалт, 4073 хос дугуйн мөөрийг зорж, 116 хос дугуйн дэлийг шавсан бөгөөд 566 хос дугуйд их засвар хийснээр төлөвлөгөөг 89-144 хувиар биелүүлсэн байна. Зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу түлш, сэлбэг материал, цахилгаан зэрэг үйл ажиллагааны зардлыг 309212.0 мянган төгрөгөөр хэмнэж, 675117.8 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ. Үүнд, актлагдсан вагоны хаягдал төмөр борлуулж 130427.9 мянган төгрөг, гадны байгууллагын вагонуудад дунд засвар хийж 2922400.6 мянган төгрөгийн орлого олсон байна. Мөн 18 нэр төрлийн 23.2 тонн хаягдал төмөр ашиглан 29706 бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, засварт орж буй вагон болон тоног төхөөрөмж, агуулахад нийлүүлснээр 30 сая 160 мянган төгрөгийн зардал хэмнэжээ. Тус депогийн засварчид засварын чанарыг 100 вагонд 3.6 нэгж буюу өмнөх оныхоос 3.7 нэгжээр, вагоны дунд засварт зогсох хугацааг 0.9 цагаар, их засварт зогсох хугацааг 10.1 цагаар тус тус бууруулж, засварын чанарыг 3.8 хувиар сайжруулсан үзүүлэлттэй шинэ оны ажилдаа орсон юм. Мөн урсгал засварт зогсох хугацааг нормт хугацаанд нь багтаан засварын чанарыг бүрэн хангаж ажиллажээ. Түүнчлэн, вагоны хоногийн дундаж үлдэгдлийг 60 вагон байхаас 48.2 вагон хүртэл буулгасан байна. 

Сэтгэгдэл үлдээх