Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

Зүтгүүрчид тээврийг тасралтгүй үргэлжлүүлж байна

Сайншанд татах хэсэг
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр Сайншанд татах хэсгийн хэмжээнд шуурхай ажлууд зохион байгуулан, халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна. Тус татах хэсгийн нийт 886 ажилтнаас  885 нь түргэвчилсэн оношлуур болон РСR шинжилгээнд бүрэн хамрагджээ. Татах хэсгийн хэмжээнд 38 ажилтан томилолт, ээлжийн амралт, чөлөөтэй, өвчтэй хугацаандаа Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт хөл хорионд орсон бөгөөд тухайн орон нутагтаа оношилгоо, шинжилгээнд хамрагдан, энэ тухайгаа байгууллагадаа тухай бүр нь мэдэгдэн, харилцан холбоотой байгаа аж. Нийт 48 ажилтан нэг болон хоёрдугаар хавьтлын улмаас эмнэлэгт болон гэртээ тандалт тусгаарлалтад орсны дотор Чойр солилцох тасгийн 33 ажилтан депогийн амрах байранд тусгаарлагдсан байна.Сайншанд болон Айраг хэсэглэлээс машинч, туслах машинч, зааварлагч машинч 16 ажилтныг Чойр солилцох тасагт томилолтоор ажиллуулснаар тээвэрлэлтийн ажил хэвийн явагдаж байна. Одоогоор 15 ажилтны тусгаарлалтын хугацаа дуусч, ажил үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Коронавирусийн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншандад зүтгүүрийн бригад болон зааварлагч машинч нар, эмч, үйлчилгээний ажилтан нийт 111 хүн “Их соён” зочид буудалд, Замын-Үүд эргэх депогийн зүтгүүрийн бригад, засварчид, инженер техникийн болон үйлчилгээний 155 ажилтан “Жинчин” зочид буудал, амрах байр, вагонд, Айраг хэсэглэлийн 14 ажилтан депогийн амрах байранд тус тус тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэн, тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна. Мөн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад найман ахмад машинчийг ажиллуулж байгаа аж. Жижүүр бага эмч нар өглөө бүр ажилтнуудын халууныг хэмжиж, амны хаалт, бээлий, гар ариутгагч тараан, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах талаар заавар зөвлөгөө өгч, цайны газар халуун аарц, чацаргана, аньсаар үйлчилж, ҮЭ-ийн хороотой хамтран ажилтнуудаа D, С витамины гурван сарын хэрэглээгээр ханган, дархлаа дэмжин, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулжээ. Мөн Д.Амаржаргал зааварлагчтай Ашиглалтын цехийн 10 дугаар цувааны хамт олон 5000 амны хаалт, Б.Мөнхбаатар зааварлагчтай Ашиглалтын цехийн VI цувааны хамт олон 888 мянган төгрөг, ҮЭ-ийн хорооноос 10 мянган амны хаалт, илчит тэрэгний засварчин Б.Наранхүү хувиасаа 200 маск, 100 мянган төгрөгийг тус тус байгууллага, хамт олондоо хандивлажээ. Ийнхүү нэг санаа, нэгдмэл зорилготой “Зүтгүүр галт тэрэгний магнайд, Зүтгүүрчид ган замчдын манлайд” гэсэн уриан дор энэ хүнд цаг үеийг даван туулахаар шамдан ажиллаж байна.

Улаанбаатар татах хэсэг
Улаанбаатар татах хэсэг хорио цээрийн дэглэмийн үед Замын орлогч даргын 243-А тушаалын дагуу ажиллаж байна. Машинчийн бригадын эхний ээлж арваннэгдүгээр сарын 26-нд солигдсон бол дараагийн ээлж энэ сарын 11-нд солигдох ажээ. Тус татах хэсэг түргэвчилсэн оношилгооны 2000 тест авсан бөгөөд ээлжээс бууж буй машинчдаас эмч нар шинжилгээ авч, гэрт нь хариулж байна. Мөн татах хэсэгтээ автомакс худалдан авч, түүгээрээ засварт орсон илчит тэргүүд болон өрөө тасалгаануудаа ариутгаж байна. Түүнчлэн, ҮЭ-ийн хорооноос нь D3 амин дэмийг машинч, засварчдад өгч, татах хэсгийн захиргаанаас амны 60 мянган хаалтыг түгээж, машинч нарыг аялалд гарахад шил арчигчийн саванд нь ариутгах бодис найруулан өгч байгаа аж.  Одоогийн байдлаар нийт 1223 ажилтны орон нутагт яваа таваас бусад нь шинжилгээнд хамрагджээ. Мөн өвлийн хувцасны түгээлтийг бүрэн хийсэн, машинчийн бригадын хомсдолд ороогүй байгааг тус татах хэсгийн дарга мэдээллээ.

Дархан татах хэсэг
Тус татах хэсгийнхэн хорио цээрийн дэглэмийн үед аялалд явж байгаа зүтгүүрийн бригадад ээлжийн эмчээр дамжуулан ариутгалын 0.03 хувийн ариутгалын уусмал бодис найруулан заавар, зөвлөмжийн хамт олгож, хоёр цаг тутамд хаалга, цонх, бариул, тохойвч, машинч, туслах машинч талын пульт, радио станцын труп, машинчийн кранууд, хүний гар хүрч болох хатуу гадаргууг ариутгах ажлыг зохион байгуулж байна. 
Мөн Засварын цехийн ажилчдад амны хаалтыг хэрхэн зөв тогтмол зүүх, гараа сайтар угааж ариутгах, гэрийн нөхцөлд дархлаа дэмжих зөвлөмжийг өдөр бүр өгч байгаа гэнэ. Түүнчдэн, Дархан-Уул аймгийн ЭМГ-аар өнгөрсөн сарын 23-нд, “Дархан жолоо” ХХК-аар энэ сарын 1-нд, Эрдэнэт солилцох тасагт “Хөх билэгт” ХХК-аар мөн 1-нд, Сүхбаатар депод “Батдэмбэрэл” ХХК-аар өдөр бүр, Зүүнхараа солилцох тасагт Мандал сумын ЭМГ-аар тус тус халдвартгүйтэл ариутгалыг мэргэжилийн байгууллага, эмч нараар хийлгэжээ. Харин ажлын байрны өдөр тутмын халдваргүйжилт ариутгалыг үйлдвэрийн эмч, ээлжийн эмч нараар хийлгэж байгаа аж. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэмийн үед короновирусийн халдвараас сэргийлж Замын I орлогч дарга И.В.Милостныхын 243-А цахилгааны дагуу өнгөрсөн сарын 22-ноос эхлэн ачааны хөдөлгөөний зүтгүүрийн бригадын 73 ажилтны PCR шинжилгээг тогтмол авч, хариуг баталгаажуулан амралтын байр, тасалгаат вагонд байрлуулан, гэр бүлээс нь тусгаарлан ажиллуулж байна. 

Сэтгэгдэл үлдээх