Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-23

Б.Магсаржав: анх Галт тэргээр аялахдаа “Зүүдэн бороо”-г зохиосон

-Шинэхэн гавьяатад төмөр замчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хоёулаа Монгол цэргийн өдрөөс өмнө уулзахаар товлосон ч амжсангүй?
-Баярлалаа. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолыг аваад сар гаруйхны л хугацаа өнгөрч байхад цэргийн баяр тохиолоо. Би Цэргийн ансамбльд таван жилийн алба хаасан хүн шүү дээ. Уг нь, гурван жил алба хаагаад халагддаг ч миний уран бүтээлийн замналаас шалтгаалж, таван жилийн алба хаасан түүхтэй. Би 1985 оны цэрэг. Сонгины 019 дүгээр их бууны ангид хуваарилагдсандаа их баярлаж билээ. Тавантолгойн сургалтын баазад 45 хоногийн карантинд байхдаа ёстой толгой цэрэг байлаа. Нэг гэм нь 23 настай хөгшин цэрэг. Багшилж байгаад ирсэн болохоор “багш цэрэг” ч гэж дуудна. 18 настай шавь нартайгаа хамт шанаа аваад л зогсож байлаа шүү дээ. 
-019 дүгээр ангиас Цэргийн ансамбль руу шилжсэн гэсэн үг үү?
-Цэргийн албанд татагдсан хүн заавал 45 хоногийн карантин дуусгаж, тангаргаа өргөх ёстой. Намайг дөнгөж тангараг өргөөд байтал МУУГЗ, хурандаа П.Хаянхярваагаар (Ардын жүжигчин) ахлуулсан бригадад МУГЖ Ч.Туул, Н.Отгон, Ө.Баярмагнай, Г.Жанчив гээд бүх сорууд нь ирчихсэн “Батлан хамгаалахын сайд Ж.Ёндонгийн тушаалаар та Цэргийн ансамблийн концертмейстер гэсэн орон тоонд шилжиж ажиллахаар боллоо” гэхэд “Гүйцэтгэе” гээд л ёсолсон. Миний хүсэл биелэчихгүй юу. Би явахынхаа өмнө зэсвгийн агуулах руу орж их буунаасаа, карантинд байхдаа 10 км-ийн кросст тэвэрч гүйж байсан 25 кг жинтэй сумнаасаа, ангийнхаа тугнаас адис авахад дарга нар “Эх оронч цэрэг ийм л байдаг” гээд магтаж байсан. Ганц хайрцаг “Беломор” тамхиа салааныхаа цэргүүдэд тарааж өгөөд л автобусанд суусан даа. Тэгэхэд тэр оны 1000 цэрэг “Сүүн далай ээж”-ийг минь дуулаад л. Ингэж л би Цэргийн ансамблийн алтан босгоор алхсан.
-Цэргийн ансамблийн тайзны ард амьдарч байсан гэдэг ?
-Ээ дээ, тэр чинь ёстой сайхан дурсамж. Концертмейстер гэдэг чинь өндөр ур чадвар, боловсрол шаарддаг ажил. Тэгэхэд би офицерийн цалин авдаг байлаа. Ганц гэм нь, би хөдөөний цэрэг учраас хотод гэргүй. Энэ нь, надад харин ч их завшаан болсон шүү. Нийтийн байр санал болгоход нь “Надад гэр орон хэрэггүй. Жүжигчидтэйгээ ойрхон байя. Тайзны ард нэг өрөө л гаргаад, ор дэвсгэр, ус буцалгагч өгчих” гэсэн. Надад өгөх байсан нийтийн байрыг орон сууцны дараалалд орох гэж удаан хүлээсэн олон хүүхэдтэй эмэгтэйд өгсөн. Би тайзны арын хоосон өрөөнд хөнжил пүүгээ дэвсээд урлагийн амьдралаа эхэлсэн дээ. Миний амьдарч байсан өрөө одоо ч бий. Өдөр нь жүжигчид хувцсаа солино. Шөнө нь миний гэр болно. Орой хоёр хүний порцоор хоол хийгээд жижүүртэйгээ хамт хооллоно. Заримдаа жижүүрийн гэрээс хоол ирнэ. Миний үе тэнгийнхэн гэр бүл зохиогоод амьдралын замаа эхлүүлж байхад надад тийм зав байгаагүй. Цэргийн тушаал бол тушаал шүү дээ. Ер нь, амьдралын хамгийн аз жаргалтай үе цэргийн ансамбльд ажиллаж, амьдарсан таван жил юм даа.
-Урлагийн тайзтайгаа хаяа нийлүүлж амьдрахдаа олон ч сайхан бүтээлийг өлгийдөж авсан байх?
-Хамгийн сайхан нь орон нутагт бригад явах. Учир нь пурштэй орон дээр унтах боломж олдоно. Нөгөө нэг шалтгаан нь уран бүтээлчидтэйгээ хамт агаар салхинд явахад дууны хөгжим бичих онгод жинхэнэ утгаараа хөглөгддөг байв. МУАЖ Ө.Баярмагнай, МУГЖ Г.Жанчив, Н.Отгон, Д.Дашням, Д.Тунгалаг эгч гээд олон сайхан дуучин “Ийм дуунд ая хийгээч” гээд л шүлэг бариад ирнэ. Зам зуур шинэ дуу мэндэлж, нэг сумаас нөгөө суманд очихдоо өөр дуу дуулна. Нэг ёсондоо концертын өөрчлөлтийг хийж байсан үе л дээ. Урлагт заавал диктатур байх ёстой гэж боддог. Цэргийн дүрэмд орж, зарчимд баригдаж явсан он жилүүд надад маш их зүйл өгсөн. Ер нь, өлсөж, ядарч явахдаа бичсэн уран бүтээл ард түмэнд маш сайн хүрдэг юм байна гэдгийг ойлгосон. “Зовж бүтээсэн хөдөлмөрийн хөлс нь хүртэл амттай байдаг” гэж аав минь надад хэлдэг сэн.
-Та 15 настайгаасаа хөгжмийн боловсрол эзэмшсэн хүн. Бүр орон нутагтаа хоёр жил багшилсан гэхээр чухам яагаад хэзээ хойно цэрэгт татагдчихдаг билээ?
-Өөрийн дур л байхгүй юу. Намайг багшилж байхад Увс аймагт цэргийн ансамбль ирж, тоглосон нь миний хорхойг их хүргэсэн. “Ер нь, энэ цэргийн ансамбль гэж гоё байгууллагад оръё. Намайг цэрэгт татагдчихсан байхад ийш нь авч л таараа. Би чинь мундаг баянист шүү дээ” гэж өөрийгөө хөөргөсөн. Би айлын эрх хүүхэд. Нэгэнт шийдсэн бол хэн ч дийлэхгүй. Цэргийн комисст явж очоод “Саналаараа цэрэгт явж болох уу?” гэж асуусан. Гэтэл тэр үед бүртгэж байсан хошууч “Болох нь болно л доо. Гэхдээ таны өмнөхөн аймгийн Боловсролын хэлтсийн дарга ирээд, “Сайн багшаа бид алдмааргүй байна” гээд цэргийн албанаас таныг чөлөөлүүлээд явсан” гэдэг байгаа. Тэгэхэд нь “Эх оронд минь дайн болбол би багшлаад сууж байх уу? Би эр цэргийн албыг заавал хаах ёстой. Боловсролын хэлтэс миний өмнөөс шийдэх эрхгүй” гээд л комиссоор орсон. Эрүүл саруул хүн шууд л тэнцэнэ биз дээ. Үсээ хусуулж байхдаа “Би цэрэг боллоо” гэж хөөрцөглөөд л... Ингэж цэрэг болж, амьдралаа армитай холбосондоо баярладаг. Хэрэв цэрэгт яваагүй бол өдийд дуу хөгжмийн нэг сайн багш өвгөн л байна биз. Гавьяат багш ч болж чадахгүй нь лавтай. Амьдралын нэг жишээ ярихад, одоо Увс аймагт Монгол Улсын гавьяат багш Ж.Найдан гэж бий. Миний багш л даа. Тэр хүний дээшээ явах замыг нь Увс аймгийнхан хаасан. Ердөө дуу хөгжмийн багшаар нь л үлдээчихсэн. Би зөрсөндөө хожсон гэж боддог.
-Баянхуур хөгжим таны амьдралын замыг чиглүүлж, нэг насны тань “нөхөр” болж дээ. Тийм үү? 
-Үнэндээ хөгжмөөс холбирох гарц надад байгаагүй. Аав ээж минь надад дөрвөн настай байхад баян хуур авч өгсөн. Манай сум Туватай хиллэдэг болохоор айл бүр баян хууртай. Би зургаан настайдаа баян хуур тоглож сураад 6,8,10,12 настайдаа алтан медаль авч байлаа. Долоон настай сургуульд орж, 15 настай наймдугаар анги төгсөхдөө таван алтан медаль зүүчихсэн хүн байв шүү. Ер нь, амьдралын замаа хөгжмийн урлагтай салшгүй холбоход минь дунд сургуулийн багш нар ч их түлхэц болсон юм болов уу. Дөнгөж дунд сургуулиа төгсөнгүүт “Энэ их авьяастай хүүхэд” гээд аймгийн Боловсролын газраас Багшийн сургуулийн Хөгжмийн ангийн урилга өгсөн. Ингээд ёстой л ээжийн өврөөсөө дөнгөж гарсан 15 настай хүүхэд Улаанбаатарт ирж байлаа. Оюутан байхдаа ээжийгээ их санана. Баянхуур минь л хань болж байсан. 
-Ээжийгээ их санадаг байлаа гэснээс “Сүүн далай ээж” таны анхны уран бүтээл байх аа. Хэддүгээр курстээ энэ дууны аяыг бичив?
-Нэгдүгээр курст дөнгөж орсон жилээ бичсэн юм байна. Л.Мөрдорж гуайд дууны ая бичмээр байгаагаа хэлэхэд “Зохиолчдын хороо орж, яруу найрагчаа олж ав” гэсэн. Тэр өдөр Зохиолчдын хороонд жижүүр хийж байсан Ш.Сүрэнжав гуай Ц.Гайтав гуайн өрөөг зааж өгсөн. Ингээд өрөөнийх нь хаалгыг зүрхэлж ядан тогшлоо. Ц.Гайтав гуай ч намайг хүн чинээ тоосонгүй. Бараг 30-аад минутын дараа анзаарснаа “Чи яах гэж яваа хүүхэд вэ?” гэв. “Багшаа надад дууны ая орж ирээд байх юм” гээд зүрхэлж ядан хэлэв. Ц.Гайтав гуай намайг учиргүй дооглож инээгээд л “За тэгээд чухам яаж орж ирж байх юм дээ, тэр ая чинь?” гэж байна. “Гэнэт л орж ирээд байна. Л.Мөрдорж багш намайг явуулсан юм аа” гэвэл “Би ажил ихтэй байна дараа бол” гээд хөөлөө. Хоёр дахь өдөр нь мөн л хөөгдөв. “Жаргал дуурь” гээд их том бүтээл дээр ажиллаж байсан үе нь юм билээ. Гурав дахь өдөр нь нэг шил архи аваад очив оо. “Чи ямар ядаргаатай хүүхэд вэ? Би маш их ажилтай байна гээд байхад” гээд л мөн хөөж байна. Тэгэхэд нь би их заль гаргаж, архиа албаар цуйлгаад л “Багшаа би танд нэг юм авчирсан. Танд өгөх гэж гурав хоног хадгалж явлаа” гэв. Гэтэл Ц.Гайтав багш “Тэгээд үүнийгээ эрт хэлэхгүй яасан юм бэ. Алив наад хаалгаа хаа” гэж байна. Тэр агуу хүн намайг ингэж анх хүлээж авсан. “Залуу хүүхэд юм чинь хайр сэтгэлийн сэдэвт шүлэг бичүүлнэ биз дээ” гэж байна. “Үгүй үгүй. Би анхныхаа дууг ээждээ зориулмаар байна” гэлээ. Ц.Гайтав гуай миний аваачсан архийг аягалаад л үзэг цаасаа шүүрч авсан. Тэр архи стаканд яг гурав хийгээд л дууссан. Тэгснээ “Чиний дуу яг гурван бадаг болох юм байна. Авчирсан архи чинь гурав хийгээд л дууслаа” гээд инээж билээ. Ингэж л “Сүүн далай ээж” гэх агуу шүлгийг нь гардаж авсан даа. 
-Аяыг нь хэдий хугацаанд хийв?
-Ц.Гайтав гуайг их зөнтэй хүн байж дээ гэж би боддог. Намайг өрөөнөөс нь гарахад “Миний бие жаахан базаахгүй байгаа. Эмнэлгээс дөнгөж гараад ажлаа хийж байгаа минь энэ. Чи нэг сараас хэтрэлгүй аяа сонсгохыг бодоорой” гэсэн. Гэтэл манай ангийнхан эхэлж, дараа нь сургуулийн бүх оюутнууд дуулцгаасан. Үнэхээр, яг сарын дараа радиогоор Ц.Гайтав гуайг бурхан болсон тухай мэдээлсэн. Дууныхаа аяыг сарын дотор хийсэн ч би сонсгож амжаагүй оршуулганд нь оролцож, нотыг нь дэрлүүлсэн дээ. 
-“Зүүдэн бороо” дууныхаа аяыг галт тэргээр явж байхдаа зохиосон гэж дуулдсан?
-Тэр чинь бүр 1987 оны хавар шүү дээ. Нэг өдөр П.Хаянхярваа хурандаа дуудаад “Монголын зохиолчдын эвлэлээс төмөр замаар ухуулгын бригад явуулна. Энэ бригадад хөгжимчид, дуурийн дуучид, яруу найрагчид явдаг учраас чи баян хуурчаар яв” гэсэн. Өмнө нь, би галт тэргэнд огт сууж үзээгүй. Тэгэхэд би есдүгээр купенд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, АУЗ Б.Лхагвасүрэн агсантай хамт орж таарсан. Энэ их том хувь тохиол. Лхагваа ах маань тамхиа баагиулаад л намайг нэг их тоосон шинжгүй. Миний дотор харин “Энэ хүнээс нэг дууны шүлэг авчих юмсан” гэсэн хүсэл гижигдээстэй. Гэхдээ мань хүн намайг ажиглаад л байсан юм билээ. Зам зуур “Сүүн далай ээж”-ийгээ дуулж өгтөл, нэлээд харж байснаа “Чамд ч юм байна шүү. Наад дуугаа Ц.Гайтавтай хамт бичсэн юм уу” гэж байна. Ингээд бид хоёр вагон ресторанд сууж байтал Лхагваа ах “Ард чинь гурван эмэгтэй сууж байна эргээд хар даа. Аль эмэгтэй нь чамд таалагдаж байна?” гэв. Эргээд хартал дээлнийхээ энгэрт ромбо зүүчихсэн гурван охин сууж байв. “Гурвуулаа л сайхан бүсгүй байна шүү дээ” гэтэл “Тийм л дээ. Гэхдээ нэг нь онцгой байна” гэв. Дахиад л эргэж харлаа. “Дундах нь илүү сайхан бүсгүй юм” гэлээ. “Зөв, чи одоо л даалгавраа биелүүллээ” гэж байна. “Одоо тэгээд болов уу?” гэхэд “Болоогүй ээ. Дундах бүсгүйнх нь чухам юу чамд таалагдав?” гэж авдаг байгаа. Бүр ч хэцүү даалгавар. Чухам юу нь илүү гэдгийг нарийн хэлж чадсангүй. Лхагваа ах “Чи цаанаас нь очоод тамхи аваад ир. Тэгэхдээ дахиад сайн ажиглаарай” гэв. Буцаж ирэхдээ “Тэр бүсгүйн нүд нь ёстой дэндүү хар юм байна даа” гэхэд “Зүйтэй. Хар нүдэн гэдгийг л би чамаар хэлүүлэх гээд байлаа” гээд тэр дор нь хоёр бадаг шүлэг бичсэн.
-Тэр бүсгүй дууны эзэн болсноо мэдсэн үү?
-Лхагваа ах найман мөр шүлэг биччихээд “Цаад гурвыгаа дууд” гэв. Анагаахын дээд сургуулийг төгсөөд Сэлэнгэ рүү буцаж яваа оюутнууд юмсанж. Лхагваа ах “Та гурав 30 минутын дараа есдүгээр купенд очиж шинэ дуу сонсоорой” гэв. Би ч мэл гайхав. Нөгөө бүсгүйчүүд ч “Баярлалаа. Ямар гоё юм бэ” гэцгээж байна. Тэр мундаг яруу найрагчаас дуу сонсох урилга авна гэдэг чинь маш том хувь тохиол шүү дээ. Тэднийг явсны дараа “Лхагваа ах аа, та энэ гуравт ямар дуу сонсгохоор болчихов?” гэхэд “Юу ямар дуу гэж. Энэ дуу л байхгүй юу. Чи чинь авьяастай гээ биз дээ. Одоо чамайг шалгана” гэж байна. Би сандарна биз дээ. Өрөөндөө яваад ортол Лхагваа ах маань нам унтаж байна. “Хүүе Лхагва ах аа босоорой. 30 минут юу юугүй болох гээд байдаг. Дууны гуравдугаар бадаг байдаггүй. Одоо яах вэ” гэлээ. Мань хүн шууд үзэг дэвтрээ шүүрч аваад л 
“Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо
 Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм 
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо” гэж бичээд “За ингээд боллоо. Чи аяа бич” гэв. Би нэгдүгээр купе рүү очоод л хаалгыг нь онгойлготол нөгөө бүсгүй толинд харж, үсээ самнаад зогсож байна. Цаанаас нь сарны гэрэл тусчихсан. Хачин сайхан дүрслэл. Буцаад өрөө рүүгээ гүйлээ. Ердөө нэгээс есдүгээр купений хооронд л ая нь ороод ирсэн. Лхагваа ах маань бас л дугхийж байна. “Ая нь болчих шиг боллоо. Та сонс доо” гэсэн. Лхагваа ахын үгийг амаргүй л дээ. Нэг удаа би “Лхагваа ахаа энэ ганцхан үгийг жаахан өөрчилчилбөл яах бол?” гэтэл “Чи миний зүрхний нэг хэсгээс л хайчлах гэж байгаа юм байна. Өөрөө л мэд” гэсэн. Түүнээс хойш би энэ тухай бодохоос ч эмээдэг болсон. Биднийг өртөө зөрлөг бүрт буулгаад л орхичихно. Дараагийн галт тэрэг ирэх хооронд тоглолтоо хийгээд л цааш явна. Зүүнхараа, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар гээд л замд буусан хүн бүр “Зүүдэн бороо”-г минь аялаад бууна. Ингээд Хиагт хүрч аялал дуусаад Улаанбаатарт ирэхэд дуу минь хэдийнэ түмэнд түгсэн байсан. 
-Тэрнээс хойш ч галт тэргээр олон зорчиж, бишгүй уран бүтээлийг туурвисан байх?
-Тэгэлгүй дээ. Миний дуу галт тэргэнд л эгшиглэж, зорчигч олон сонсдог байлаа шүү дээ. Би 1989 онд Цэргийн ансамблиас халагдаад МУБИС-д нэг жил багшлаад Хятадын хөгжмийн их сургуульд сурахаар Бээжин явсан. Тэнд сурч байхдаа би Бээжин-Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд суугаад замдаа бууж чадалгүй Москва орж байсан түүхтэй. Амралтаараа явж байгаа оюутан тасалбаргүй, баянхуураа аваад суучихгүй юу. Гэтэл орос үйлчлэгч нар надаар ая тоглуулж дуулсаар байгаад нэг хартал Улаанбаатар өнгөрөөд явчихаж билээ. Дахиад нэг хартал Хиагт руу ороод ирсэн. “Одоо нэгэнтээ өнгөрсөн” гээд л цааш явсан даа. Тэр галт тэрэг Москвад нэг хоноод буцдаг юм билээ. Вагоны үйлчлэгч нар намайг гэртээ урьцгаагаад. Галт тэрэгний даргынд нь дайлуулж хоносон. Маргааш нь тэд намайг дэлгүүр рүү дагуулж яваад шинэ костюм авч өгөөд. Ингэж яваад буцахад амралтын хугацаа дуусчихсан байсан. Улаанбаатарыг цонхоороо хараад л шууд Бээжин рүү явсан даа. “Зүүдэн бороо”-ноос хойш намайг галт тэргэнд танихгүй үйлчлэгч гэж үгүй болсон. Намайг яаж ийгээд л туулайчлуулна. Төмөр замтай холбоотой бас нэг зүйл ярихад галт тэрэгний хэмнэлийг сонсож байгаад баянхуурын “Ган зам” нэртэй зохиол бичсэн. Түүнийгээ сургалтад ашиглаж байна.
-Таны залуу нас уран бүтээлээр оргилж, буцалж байж дээ?
-Ер нь тийм дээ. Хүн уран бүтээлд хэт шунахаараа архинд донтсонтой адилхан болдог л доо. Гэхдээ эр хүн ямар ч үед өөрийн ноён нуруугаа алдаж болохгүй. Би бол хөгжмийнхөө л ноён нуруу болоод явсан. Тэр нь амжилтад хүргэсэн. Нэг мэдэхэд л энэ олон жил жирэлзээд өнгөрсөн байсан шүү. Зах зээлийн давлагааны хамгийн хүчтэй шуурга нь болж байх үед буюу 1990-1996 онд би Хятадад сурч байсан нь хамгийн том аз. Би тэгэхэд улсын хангамжинд байлаа шүү дээ. Хэрэв тэр үед Улаанбаатарт байсан бол гудамжинд гарах биз. Маш олон сор болсон нөхөд минь тэр давлагаанд хөл алдсан даа.
-Урлагийнхныг ард түмэн их хүндэлдэг. Түүнийгээ хатуу сархадаар илэрхийлдэг ч юм уу даа. Энэ “хүндлэл” таныг ч бас дайрсан байх аа? 
-Тэр бол ямар ч сургуулийг төгсөхөөс хэцүү зүйл дээ. Би энэ зам руу орж үзсэн. Нэгэнт орсон бол буцаж гарна гэдэг эр хүний жудаг, ноён нуруу заасан амаргүй даваа юм билээ. Гарахын төлөө их ч чармайсан. Яг гудамжинд гарахын зааг дээр ирээд байхдаа Ж.Ганчимэг гэдэг бүсгүйтэй учирсан минь ёстой л авралын од минь байсан даа. 
-Төрийн дээд шагналыг зарим хүнд хэт эрт өгөөд, өгөх ёстой хүнд нь оройтууллаа гэж ярьдаг. Таны хувьд МУУГЗ гэдэг алдрыг арай эрт авсан бол илүү ихийг бүтээх байлаа гэж боддог уу?
-Үгүй. Харин ч энэ шагнал надад цагаа олж ирлээ дээ гэж боддог. Би 58 нас хүртлээ хийх зүйлээ хийгээд л явж байна. Хэрэв энэ шагналыг 10 жилийн өмнө авсан бол өөрөө өөртөө гавьяат болоод дуусах байлаа. Би амьдралд хөлөө олж, төлөвшөөгүй байсан шүү дээ. Төр үнэхээр түмэн нүдтэй юм билээ. Намайг архинаас гаргаад, сайн ханьтай болгосныхоо дараа өглөө. Надад ойролцоогоор 600 орчим уран бүтээл бий. Түүнээс 30 орчим нь л ард түмэн дунд байнга дуулагдаж байх шиг. Дуулагдаагүй олон дуу байна. Миний гэргий Ж.Ганчимэг яруу найрагч хүн. Амьдрал тогтсон хоёр жил гаруй хугацаанд илүү сайхан бүтээлүүд хийлээ. МУГЖ С.Цогтсайханы “Ээждээ очоорой”, жүжигчин Л.Сөрөлтийн “Сэтгэл юм хойно” гэхчлэнгээр эхнээсээ бичлэгт ороод явж байгаа. Гавьяат болсноосоо хойш эхнэртээ Мартын-8-ны бэлэг болгож “Айсуй” нэртэй шүлгэнд нь аялгуу хийснийг МУГЖ Б.Сарантуяа аваад явсан. Одоо клип нь хийгдэж байгаа. 
Бас нэг баяртай мэдээ дуулгахад Үндэсний урлагийн их театрт хорместерээр ирээч гэсэн санал тавьсан. Би маш баяртай хүлээж авлаа. Одоогоор ажил арай эхлээгүй байгаа ч “Ардаараа овоглосон үндэсний их театр” номыг судалж байна. Уран бүтээлчид дотроо орно гэдэг хамгийн сайхан. Энэ местэд дандаа багш нар маань ажиллаж байсан юм билээ. Д.Төрбат зохиолч надад “Хатан титэм” нэртэй зохиол авчирч өглөө гэхчлэнгээр бүтээл гэдэг ундарч байна. Нас ч залуу байна. Өчигдөрхөн би хөгжмийн хятад багштайгаа ярихад “Одоо багш нь 10 жил бүтээлээ хийнэ” гэж байна. 98 настай хүн шүү дээ. Би Монголд тоглогдож байгаа дуурийн тоглолтыг гадаад дотоодгүй дугаарлаж үздэг цаг ирээсэй гэж мөрөөддөг. Үүний төлөө би хөдөлмөрлөнө. Н.Жанцанноров багш маань ч надад энэ даалгаврыг өгсөн.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх