Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-09-01

Б.Ганчулуун: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн элсэлтээ зохион байгууллаа

-Энэ хичээлийн жилд хэдэн мэргэжлээр оюутан элсүүлээд байна вэ? 
-Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн ангидаа долоон мэргэжлээр 330 оюутан элсүүлсэн. Харин техникийн боловсрол олгох гурван жилийн ангидаа мөн долоон мэргэжлээр 240 оюутан элсүүлж авлаа. Нийтдээ 14 мэргэжлээр 42 анги хичээллэнэ. 
-Монгол Улсад өрнөж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор элсэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх, ялангуяа замын мэргэжилтэй ажилчдыг илүүтэй бэлтгэх шаардлага гарав уу? 
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх нь мэргэжлийн боловсролын анхны зорилт шүү дээ. УБТЗ-ын Хүний нөөц болон бусад албадын захиалгыг харж байгаад жил бүрийн элсэгчдийнхээ квотыг ХНХЯ-нд өгдөг. Энэ нь, элсэлтээ хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлтэд нийцүүлэн зохион байгуулдаг гэсэн үг. 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг ч яг ийм байдлаар зохион байгууллаа. Таны асуусанчлан, хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлтэд нийцүүлж, замын мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр хоёр анги гаргасан. 
-Ковид-19 тархснаас  сургуулиуд цахим сургалт зохион байгуулж байна. Цахим сургалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ? 
-Өнгөрсөн хичээлийн жилийн сүүлчийн семестрийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Үүний үр дүн дан ганц суралцагчийн өөрийн идэвх, чармайлтаас хамаарна. Багшийн ур чадвараас ч багагүй зүйл хамаардгийг үгүйсгэх аргагүй. Тийм учраас аль алинаас нь хамаатай хүчин зүйл бий гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ хичээлийн жилийн хувьд онолын хичээлүүдээ цахимаар явуулна. Ингэхдээ өнгөрсөн хичээлийн жилийн алдаа оноог засаад улам илүү сайжруулах явдал чухал. Ерөнхийдөө есдүгээр сарын 1-14-нийг хүртэл цахимаар онолын хичээлүүдээ ороод түүнээс хойш танхимаар хичээллэнэ. Мэдээж, аюулгүй байдлын үүднээс тодорхой дэг, журмыг мөрдөх нь маргаангүй. 
-Энэ хичээлийн жилийн хувьд сургалтын хөтөлбөрт ямар шинэчлэлүүд хийсэн бэ? 
-Техникч, эчнээ, мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн ангийнхаа хөтөлбөрийг бүрэн шинэчилсэн. Нэг үгээр, манай багш нар өнгөрсөн хичээлийн жилийг сургалтын хөтөлбөрөө шинэчлэхэд бүрэн зориулсан гэхэд болно. Дээр нь, их бүтээн байгуулалттай холбоотой түр сургалтаар чадамжийн гэрчилгээтэй төмөр замчин бэлтгэх боломжийг нээлээ. Өөрөөр хэлбэл, түр сургалтаар төмөр замчин бэлтгэх хөтөлбөр боловсруулаад дууссан. Одоо Мэргэжлийн боловсролын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвөөр батлуулах ажил л үлдээд байгаа. Энэ хичээлийн жилийн нэг онцлог юу вэ гэвэл, өмнө нь төмөр замын мэргэжилтэй ажилтан байхын тулд мэргэжлийн боловсролыг 10 чиглэлээр эзэмших бололцоотой байсныг та бүхэн мэднэ. Тэгвэл сая ЗТХ-ийн сайдын баталсан А-154 тоот тушаалаар бакалавр, техникч, мэргэжлийн боловсрол эзэмшсэн, чадамжийн гэрчилгээтэй ажил горилогч ямар ажлын байруудад ажиллах бололцоотойг маш нарийн тусгасан. Ийм эрх зүйн орчин бүрдсэн. 
-Политехник коллеж МСҮТ-өөс үйл ажиллагааны хувьд илүү өргөн хүрээг хамарна. Сургалтын хөтөлбөр, түүний чанар, агуулга гээд олон зүйлийг өмнөхөөс ахиулах шаардлага гарсан байх. Тэр дундаа багшийн хөгжлийг дэмжих, чадамжийг нэмэгдүүлэхэд юунд анхаарч байна вэ? 
-Сургалтын байгууллагад гурван төрлийн нөөц бий. Хамгийн чухал нь сургалтын хөтөлбөр. Удаад нь, сургалтын орчин. Түүний дараа багшийн хөгжлийн асуудал. Цаг зуурын гамшгаас шалтгаалаад сургалтын арга хэлбэрүүд цахим хэлбэрт шилжиж байна. Иймд багш нараа энэ чиглэлд нь илүүтэй хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Сэтгэгдэл үлдээх