Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-05

Жилд 216000 ширхэг бетон дэр үйлдвэрлэнэ

Замын албаны ИТА, замчдын хувьд Монгол Улсын Засгийн газар, УБТЗ-ын захиргаанаас хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, их хөдөлмөрийн ард гарсан бүтээн байгуулалтын, мэргэжлийн ур чадвараа улс орны хэмжээнд бататгасан амжилтын жил болов. Замчдын нөр их хөдөлмөрийн зэрэгцээ үйлдвэрлэлийн салбарт ч бүтээгдэхүүний өртгийг бууруулах, технологийн шинэчлэл хийх зорилтоо бүрэн биелүүлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байна. Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн хамт олон 2020 онд 147 мянган бетон дэр үйлдвэрлэж төлөвлөгөөт зорилтоо 100 хувиар биелүүлэн, шинэ онд АРС бетон дэр 200 мянгыг үйлдвэрлэх шинэ зорилт дэвшүүллээ. Тус үйлдвэр байгуулагдсан цагаас хойш нийт 1.6 сая төмөр бетон дэр үйлдвэрлэснээс гадна Япон улсын М-01 бэхэлгээт бетон дэр, Английн пандрол, Германы восслох бэхэлгээт бетон дэрүүдийг Монголд анх удаа туршилтаар хийж байсан билээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын их бүтээн байгуулалтад тус үйлдвэрийнхэн 52 мянган АРС бэхэлгээ бүхий төмөр бетон дэр үйлдвэрлэснээ хүлээлгэн өглөө. 1997 онд байгуулагдсан цагаас урсгал дамжлагын аргаар CZ маягийн дэр үйлдвэрлэх технологитойгоор ажиллаж байгаад 2006 онд Хэвлэх цехийн зарим тоног төхөөрөмжид хэсэгчилсэн шинэчлэл хийж АРС маягийн бэхэлгээт бетон дэр үйлдвэрлэж эхэлсэн. Эхний жилүүдэд үйлдвэр нэг ээлжээр ажиллаж, жилд дундажаар 50 -70 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэдэг байсан. 2013 оноос дотоод нөөц бололцоонд тулгуурлан, ажилчдын ажлын цагийн нягтралыг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд байнгын хоёр ээлжинд шилжиж, жилд дунджаар 100-120 мянган бетон дэр үйлдвэрлэх болсон. Улсы орны хэмжээний бүтээн байгуулалт, УБТЗ-ын өсөн нэмэгдэж байгаа ачаа тээврийн урсгалыг дагаж бетон дэрний эрэлт эрс өссөн өнөө үед үйлдвэрлэлээ тасалдуулахгүйгээр АРС бетон дэрний хэв 30 ширхгийг нэмснээр үйлдвэрийн хүчин чадлыг 34 хувь буюу хоногийн үйлдвэрлэлийг 240 дэрээр нэмэгдүүлэх боломжтойг Замын захиргаанд танилцуулан, 2020 оны “Замын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-нд тусган шийдвэрлүүлсэн нь Замын алба болон инженер техникчдийн их хөдөлмөрийн үр дүн байлаа. Худалдан авалт, борлуулалтын албанаас зохион байгуулсан тендер, гэрээний үр дүнд тус үйлдвэр БНХАУ-д үйлдвэрлэсэн хэв 30 ширхгийг 12 дугаар сарын 26-нд бүрэн хүлээн авч, жилд 216000 ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо. Монгол Улсын хэмжээний төмөр замын их бүтээн байгуулалтад түүчээлэн оролцож буй замчдын их хөдөлмөр, хөлс хүчээр ачаа тээвэр тасралтгүй үргэлжилж, эх орны хөгжлийн дэд бүтцийн шинэ гарц өдрөөс өдөрт хаяа тэлэн урагшилж байна. 

Сэтгэгдэл үлдээх