Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-09-01

Бүтээн байгуулалтад УБТЗ чухал хувь нэмэр оруулсныг онцлов

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах юм. Өөрөөр хэлбэл, жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр жил бүр гадаадаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг нэг тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ гэсэн үг. Энэ хэрээр валютын ханш тогтворжих бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсөх юм байна. Зөвхөн энэ үйлдвэрт 600 ажлын байр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжинө. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг очих үеэр товч мэдээлэл өгсөн бөгөөд бүтээн байгуулалтад УБТЗ ХНН чухал хувь нэмэр оруулсныг онцолсон юм. Уг төсөл нь Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь, Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил, анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд, үйлдвэрийн цахилгаан станц, гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд гэсэн үе шаттай ажээ. Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, талбайн дэд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулсан бөгөөд өнөөгийн байдлаар ажил нь хуваарийн дагуу явж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх