Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-23

Л.Энхболд: Ажилтны туршлага, ур чадвар сул байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг

-УБТЗ оны тэргүүн зорилтоо “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н жил болгон тодорхойлсон. Харин танай алба тээврийн бүхий л үйл ажиллагаанд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үндсэн чиг үүрэгтэй. ХАБЭА, хөдөлгөөний аюулгүй байдал гээд хоёр тусдаа мэт сонсогдох ч угтаа хүрэх цэг нь нэг. Таны хувьд өөр өөр юм шиг ойлгогдох энэ бодлого, зорилтыг хаана нь нэгтгэж зангидах, хаана нь илүү уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж харж байна вэ? 
-Хөдөлгөөний аюулгүй байдал, ХАБЭА гэдэг нэг зоосны хоёр тал. Ажилтан хүн ажлын технологи, дүрэм заавар зөрчих, багаж хэрэгсэлтэй буруу харьцах зэргээс шалтгаалж үйлдвэрлэлд хөдөлгөөний аюулгүй байдлын гологдол, дутагдал эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал талаас “Үйлдвэрлэлийн осол” гаргадгийг бид бүхэн мэднэ. УБТЗ-ын алба, салбар нэгжийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр олон тооны дүрэм, журам, заавар, технологи, технологийн карт боловсруулан мөрддөг. Эдгээрийг ягштал мөрдүүлэх, хэрэгжүүлэх явдал туйлын чухал. Салбар нэгжүүдийн хэмжээнд “Ажлын байранд ажил гүйцэтгэх технологийн карт”-ыг албан тушаал тус бүрээр боловсруулж, мөрдүүлэх тухай Замын даргын 2019 оны А-24 тоот тушаал гарсан байдаг. Технологийн картад ажилтан хүн өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг ямар дарааллаар, ямар хугацаанд, ямар багаж, хамгаалах хэрэгсэл ашиглан хэрхэн гүйцэтгэх талаар тусгасан. Мэдээж, энэ бүхнийг ажлын байрны зураг авалт, ажиглалтад тулгуурлан боловсруулсан нь ойлгомжтой. Чухал бичиг баримт. Ажилтан хүн технологийн картыг бүрэн мэдэж, яв цав дагаж мөрдөн, зөв дадал зуршил болгон хэвшүүлж чадвал гологдол дутагдал, осол гарахгүй байх бүрэн боломжтой. Үүний хэрэгжилтэд салбар нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтны оролцоо, үүрэг хариуцлага туйлын чухал. Тэгэхээр 2021 оны зорилгын агуулга нь ажилтныг сургах, дадлагажуулах, зөв дадал, хандлагад сургах, ажлын технологи, хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй, үйлдвэрлэлийн орчныг сайжруулахад оршиж байгаа юм. 
-Уучлаарай, ингэж асуудаг нь хэдхэн хоногийн өмнө шугам замд ажиллаад ирсэн Замын даргын улирлын үзлэгтэй холбох гээд байгаа юм. Үзлэгээр нийгэмлэгийн оны тэргүүн зорилт, Тээврийн хяналтын албаны үндсэн чиг үүргийн уялдаа холбооны зохицол ямар хэмжээнд байгаа нь илүүтэй харагдсан байх гэж бодогдоод байна л даа. Юу хийх шаардлагатай байна?
-Тээврийн хяналтын албаны байцаагчид өнгөрсөн долоо хоногт уламжлал ёсоор улирлын үзлэгийн комисст багтан шугам замын салбар нэгжүүдэд ажиллаад ирлээ. Ингэхдээ төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, тээвэрлэлтийн үйл ажиллагааны байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулсан. 
Үзлэгийн явцад байцаагчид Техник ашиглалтын журам болон бусад дүрэм, заавар, ажлын технологи, нормативт баримт бичгийн хэрэгжилт, нормативт шалгалтын чанар үр дүн, 2021 оны зорилтын хэрэгжилт, хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжийн ажлын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудалд илүүтэй анхаарлаа хандууллаа. Энд мэдээж, хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмлэгийн тэргүүн зорилтыг уялдуулах шаардлага бий. 
-Танай албаны 2020 оны галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлаар хийсэн дүн шинжилгээгээр нийт гологдлын 30 орчим хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан байсан. Мөн хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтнуудын сахилга бат, дүрэм журмын мэдлэг, хэрэгжүүлэлт, ажлын зөв дадал хэвшил дутагдсан, технологийн сахилга хангалтгүйгээс үүдсэн гологдлын тоо урьд жилүүдийнхтэй адил өндөр хэвээр гарчээ. Энэ нь, Замын захиргааг ямар ч эргэлзээгүйгээр 2021 оны тэргүүн зорилтыг тодорхойлоход хүргэсэн болов уу. Ахиад л миний түрүүнд асуусан бодлогын уялдаа холбоо бага байна уу даа гэж харагдаад байх юм? 
-Тээврийн хяналтын албаны 2020 оны ажлын зорилго чиглэл нь олон улсын практикт хэрэглэж буй аргачлалаар галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой гологдол, дутагдал гарахад нөлөөлж буй хүчин зүйл, эрсдлийг илрүүлэх, үнэлэх, дүн шинжилгээнд тулгуурлан урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд оршиж байв. Гэхдээ гологдлын тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа. УБТЗ-ын хэмжээнд 2020 онд нийт 73 гологдол гарсан. Өмнөх 2019 онтой харьцуулбал, гологдлын тоо 19 нэгж буюу 21 хувиар буурсан харагдана. Харамсалтай нь, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан, хориглосон дохио өнгөрсөн, тээврийн хэрэгсэл дайрагдсан, хөдлөх бүрэлдэхүүний эд анги зам дээр унасан, сум зүссэн, галт тэргэнд мал дайруулсан гологдол өмнөх онтой харьцуулахад өссөн дүнтэй гарсан. Галт тэрэгний хөдөлгөөнд гарсан гологдол, дутагдал нь гол төлөв хувь хүний хариуцлага, дадлага туршлага сул, ажилдаа эзний ёсоор хандаагүй, дүрэм, журам, заавар, технологийг мөрдөж ажиллаагүй, мөн дунд тушаалын албан тушаалтнууд хяналт, шалгалтыг чанартай хийгээгүй, хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжүүдийн хамтын ажиллагаа дутмаг байсан зэргээс шалтгаалсан байна. Харин салбар нэгжийн хэмжээнд шинээр ажилд орсон ажилтнуудыг зөв дадалд сургах, дадлагажуулах, гаргасан алдаа дутагдлын шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг нарийн судлах, дахин гаргахгүй байхад чиглэсэн ажлыг оновчтой зохион байгуулах шаардлага тулгарсан нь анзаарагддаг. 
-Жил бүр УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэж байна. Оны эхний хоёр сарыг л харахад өнгөрсөн оны мөн үеэс 9.2 хувиар өссөн байх жишээтэй. Үүнийг дагаад төмөр замын үндсэн хөрөнгийн элэгдэл эрчимтэй нэмэгдсэн. Дагаад аюулгүй чанартай үйлчилгээ бүхий тээвэрлэлтээр зөвхөн дотоодын гэлтгүй олон улсад үйлчлэхэд эрсдэлтэй нөхцөл үүсэх боллоо. Танай албанаас гаргадаг эрсдлийн үнэлгээгээр Замын хэмжээнд эрсдлийн түвшин ямар байна вэ?
-Тээврийн хяналтын алба нь хөдөлгөөнтэй холбоотой албадтайгаа хамтран ОХУ-ын төмөр замд хөдөлгөөний аюулгүй байдалд үүсэх эрсдлийг илрүүлэх, үнэлэхэд мөрдөгдөж буй аргачлалд тулгуурлан Замын даргын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А-624 тоот тушаал гаргасан. Энэ тушаалаар “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын хүчин зүйлийн шинжилгээ хийх аргачлал”, “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөх эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөллийн хувь, тохиолдох магадлалын хүснэгт”-ийг баталсан. Уг баримт бичгийг боловсруулахдаа УБТЗ-ын хөдөлгөөнтэй холбоотой алба, салбар нэгжийн үйл ажиллагааны онцлогийг тооцон орууллаа. Аргачлалын дагуу Тээвэр зохион байгуулалт, Вагоны аж ахуй, Дохиолол холбоо, Замын аж ахуйн чиглэлээр албаны болон салбар нэгжийн түвшинд эрсдлийг тодорхойлох ажлыг зохион байгуулсан шүү дээ. Албадаас гаргасан дүн шинжилгээнээс дүгнэлт хийхэд хүний хүчин зүйл буюу зарим ажилтны ажлын туршлага, мэдлэг, ур чадвар сул байгаа нь харагддаг. Мөн дэр модны аж ахуйн байдал муудсан, хөдлөх бүрэлдэхүүний насжилт зэргээс шалтгаалсан эрсдэл өндөр байна. Тээврийн хяналтын албаны байцаагчид өнгөрсөн онд 10 гаруй хяналтын хуудсыг шинээр боловсруулж, мөрдүүлсний зэрэгцээ эрсдлийг “Эрвээхий зангианы арга”, “Эрсдлийн дулааны картын арга”-аар үнэлэхээр болсон. 
-Суурь бүтцийн асуудлыг орхигдуулж болохгүй. Өнөөдөр УБТЗ-ын хамгийн эмзэг сэдэв бол суурь бүтцийн найдвартай ажиллагаа. Гол замын нийт 40 орчим хувь нь их засварын хугацаа хэтэрсэн байна. Гэтэл бид зэргэлдээх коридоруудтайгаа өрсөлдөн олон улсын чанартай дамжин өнгөрөх тээврийг бодлогоор дэмжиж ирлээ. Нэг борооноор зам нь угаагдчихдаг байдал УБТЗ-ыг гадаад орчинд сөргөөр ойлгуулчих вий гэсэн болгоомжлол байгааг нуугаад яах вэ? 
-УБТЗ-ын хувьд Ази-Европыг холбосон хуурай газрын хамгийн богино, өрсөлдөх чадвар өндөртэй коридорт тооцогддог учраас сүүлийн жилүүдэд тээвэрлэсэн ачааны хэмжээ тогтмол өсөлттэй байгаа. Тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ цаашид өсөх нь дамжиггүй. Өнгөрсөн онд байгалийн гамшиг, үерийн улмаас гол замын суурь бүтцийн төхөөрөмж байгууламжийг эвдэж, гэмтээсэн явдал нь цаашид замын ул шороог сайжруулах, ус зайлуулах хиймэл төхөөрөмжийг өндөр эрсдэл бүхий газарт барьж байгуулах нь ойрын үед хийх тулгамдсан асуудал гэдгийг харуулсан. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртсон, зэргэлдээ төмөр замаас орж ирж байгаа хөдлөх бүрэлдэхүүний бүтэц, техникийн үзүүлэлт өөрчлөгдсөн, ачаа урсгалын хэмжээ жилээс жилд огцом өсөж байгаа нь гол замд жилдээ 80 км-ээс доошгүй их засварын ажил төлөвлөх, замаа сэргээн сайжруулах цаг болсныг зүй ёсоор шаардах боллоо. Мөн Салхит-Эрдэнэт, Дархан-Шарын гол зэрэг салаа замуудад дэр модны аж ахуйг сайжруулах шаардлага бий. Замын захиргаа, Замын аж ахуйн албанаас бүхий л боломжоо дайчлан энэ чиглэлээр олон ажил төлөвлөж хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэх байх аа. 
-Галт тэрэгний хөдөлгөөний шинэ удирдлагын систем төмөр замчдын хувьд үнэхээр өндөр хүлээлттэй байна. СИРДП-Е системийг нэвтрүүлснээр тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүний хүчин зүйлээс хамаарсан годогдол, хөдлөх бүрэлдэхүүний элэгдлийг багасгах гээд өнөөдөр УБТЗ тулгамдаад буй олон асуудалд тодорхой ахиц гарна гэж тооцсон. Системийн жигдрүүлэлт ямар түвшинд явна? 
-СИРДП-Е систем түүний үндсэн гурван дэд систем болох өртөө хоорондын хориглол, радио хориглол, диспетчерийн төвлөрүүлэлтийн системүүд бүрэн нэвтэрснийг манай уншигчид мэднэ. Тухайлбал, 2017 онд өртөө хоорондын хориглолоор гол замын 67 өртөө, зөрлөгийг тоноглож, 2018 оноос хоорондын замыг нь хянаж эхэлсэн. Энэ хүрээнд радио хориглолын гурван төв, найман төв процессор ажиллаж байгаа. Системийг нэвтрүүлэх явцад програм хангамжтай холбоотой алдаа, дутагдлуудыг арилгах болон шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн ажлыг хийсэн. 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн туршилтын радио галт тэргүүдийг аялуулж эхэлснийг танай сониноор дамжуулан төмөр замчдадаа хүргэж байсан шүү дээ. 2020 онд нийт 2907 радио галт тэрэг аялуулснаас 46 радио галт тэргийг нэг хоорондын замд мөрдүүлэн аялуулсан. 2020 онд гол замын 42 өртөө, зөрлөгийг диспетчерийн удирдлагын горимд шилжүүлэн туршиж, шалгах ажил хийлээ. Илэрсэн дутагдлуудыг програм хангамжийн шинэчлэлтээр зассан. Өнөөдрийн байдлаар, бүхээгийн аюулгүй байдлын системээр тоноглосон 12 илчит тэрэг, 14 сүүлийн хагас иж бүрдлийн төхөөрөмж хэвийн ашиглагдаж байна. Радио галт тэрэг аялуулах явцад сүлжээний тогтворгүй байдлаас шалтгаалан галт тэрэг саатах, радио хориглолтын төвийн процессорын халуун нөөцлөлт, сүүлийн хагас иж бүрдлийн төхөөрөмж зүтгүүрийн хагас иж бүрдлийн төхөөрөмжтэй бүрэн холбогдож ажиллахгүй байгаа зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байна. Шинээр нэвтрүүлсэн СИРДП-Е системийн ашиглалтын явцад гарч буй эдгээр алдаа дутагдлыг арилгах, баталгааны техникийн арчилгаа үйлчилгээг гүйцэтгэж, системийн ашиглалтыг жигдрүүлэх ажил Ковид-19 цар тахлаас шалтгаалан төслийн гүйцэтгэгч ОХУ-ын “ЭЛТЕЗА”, туслан гүйцэтгэгч БНХАУ-ын “ZTE” компанийн холбогдох мэргэжилтнүүд хүрэлцэн ирж чадахгүй байгаатай холбоотой удааширсан. Хөдөлгөөнтэй холбоотой албадын оролцоотойгоор СИРДП-Е системийн үйл ажиллагаа, технологийн баримт бичиг, журам, зааврыг шинэчлэх ажлыг хийж байгаа. Энэ онд СИРДП-Е системийн үйл ажиллагааг жигдрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган радио галт тэргийг нэг хоорондын замд ар араас нь тогтмол мөрдүүлэн аялуулах, улмаар тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж бодит үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ хэлье. 
-2020 онд гологдлын тоо 2019 оныхоос 19 нэгжээр багассан. Энэ нь, тээврийн салбарын аюулгүй байдалд хууль, эрх зүйн талаас тодотгол оруулах нарийн чимхлүүр ажил хийсэнтэй холбоотой. Таны хувьд цаашид “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг батлахтай холбоотойгоор ямар хүлээлттэй байна вэ? 
-Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А-154 тушаалаар төмөр замын нийтлэг багц дүрэмд хамаарагдах 17 журмыг баталсан. Тэдгээрийн дотор Төмөр замын техник ашиглалтын журам, Дохиолол холбооны журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Төмөр замын тээвэр дэх осол гологдлыг судлан бүртгэх журам багтдаг. Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой сүйрэл, осол, гологдлын төрөл ангилал, нэр томъёоны хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Гологдлын тоо буурсан явдал нь дүрэм, журмын өөрчлөлттэй ямар ч холбоогүй гэж ойлгож болно. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, зохион байгуулалт, аюултай ачаа тээвэрлэлт, аюултай байгууламжийн ашиглалт хамгаалалтын асуудлууд тусдаа бүлэг болж тусгагдсан байна лээ. Одоогоор хуулийн төсөлд сүйрэл, осол, гологдлын талаар тусгахдаа “Төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдаж, хэвийн бус нөхцөл байдал үүсгэсэн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал гэж ангилна” хэмээн заасан. Тэгэхээр бидний хувьд нэг их хүлээлттэй зүйл алга. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх