Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-12

Ц.Төрмөнх: Хүйтний эрч сулартал бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

-2020 онд цар тахлын улмаас төр, хувийн хэвшлийн олон ажил саатсан ч УБТЗ төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 30 сая тонн ачаа тээвэрлэлээ. Улаанбаатар өртөөнийхөн хорио цээрийн дэглэмийн хүндхэн үеийг давлаа. Төлөвлөгөөний биелэлтээс хоёулаа яриагаа эхлэх үү? 
-Тэгье, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зарим тээврийн хэмжээ буурч, зарим нь өслөө. Тодруулбал, зорчигчийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотой зорчигч тээвэр нэлээд буурсан. Харин ачаа тээврийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт биелсэн. Бид 2020 онд 125403 вагон буулгаж, 101.4 хувиар, 22399 вагонд 281248 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 112.4, 335996 вагон явуулж 133, статик даацыг 12 тонн буюу 142.4 хувиар тус тус биелүүллээ. Мөн орон нутгийн вагоны сул зогсолт 23 вагон/цаг гарч 115 хувиар биелсэн. Замын тээврийн орлогод нийт 42 тэрбум 749 сая 82235 төгрөг оруулсан байна. Тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд манай хэсэглэлийн хоёр өртөөний замыг сунгалаа. Хэдийгээр цар тахалтай, хөл хориотой байсан ч бид Баян өртөөний ажлыг дуусгаад оны өмнө хүлээж авсан. Тус өртөө хүлээн авч, явуулах дөрвөн замтай. Мөн зүүн бүсийн утаагүй түлшний үйлдвэртэй холбогдлоо. Цаашид зүүн бүсийн ачаа тээвэр, чингэлэг, аюултай ачаа буулгах терминалыг “Туушин” компани барихаар газар сонгосон. Тэгэхээр Баян өртөөний цар хүрээ нэлээд тэлэхээр байна. Үлдсэн ажлыг нь энэ оны гурав, дөрөвдүгээр сараас хийж дуусгана. Тус өртөөний зам 2000 орчим метр уртассан. Мөн Чулуут зөрлөг 1200 орчим метрийн ашигтай урттай хоёр замтай байсныг бид гурван замтай, 2000 метрийн урттай болгож өргөтгөлөө. 
-Тэгэхээр урд чиглэлд урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг хуваалгүйгээр шууд явуулах боломж бүрджээ гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хоёр өртөөгөөр урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгнүүд саадгүй зөрөхөөр болсон. Бид өнгөрсөн жил түүхэнд байгаагүйгээр хамгийн олон чингэлэг тээвэрлэсэн шүү дээ. Энэ нь, 30-35 вагонтой хойноос орж ирсэн хоёр галт тэргийг нэг болгож явуулсантай холбоотой. Мөн урдаас Ерөө рүү явж буй галт тэрэгнүүд дандаа 100 орчим вагонтой ирдэг. Эдгээр галт тэрэг саадгүй зөрж, тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн маш том ажил болсон. Зүтгүүрийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбогдуулан Тээвэр зохион байгуулалтын албанаас цаашид нэмж Үнэгт, Шатан, Ногоонтолгой гэхчилэн таван өртөө, зөрлөгийн замыг уртасгахаар төлөвлөсөн байна билээ. Энэ бүгд биелэлээ олчихвол урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг хойд чиглэлд ч салгалгүй явуулна гэсэн үг. Тэгэхгүй бол 100 вагонтойг заавал хоёр салган явуулж байгаа шүү дээ. Нэг галт тэрэг бэлтгэхэд их хугацаа ордог. Өртөө, зөрлөгүүдийн хүчин чадал нэмэгдсэнээр хугацаа хэмнэж, илүү их ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. УБТЗ бол Ази, Европыг холбосон коридорт нэлээд том тоглогч гэдгээ харууллаа. Тиймээс урд, хойд хоёр хөрш маань ч манайхтай уялдуулаад хилийн өртөөнийхөө хүчин чадалыг нэмэх байх. 
-Хоёр хөршийн хүлээж авах галт тэрэгний тоо цар тахалтай холбоотойгоор зарим үед тодорхой хэмжээгээр буурч байна. Үүний улмаас өртөөдийн паркт хуримтлал үүсээд байх шиг. Танай хувьд ачаалал ямар байна вэ?
-Хуримтлал үүсэх нь гайгүй. Зорчигчийн галт тэрэг явахгүй байгаа учраас ачааных ар араасаа явчихаж байна. Харин илчит тэрэгний хүрэлцээ л жаахан тааруу байх шиг. Гэхдээ манай зүтгүүрчид аль болохоор тээврийн хэмжээг тасалдуулахгүйн тулд бүхий л нөөцөө дайчлан ажиллаж байна. Ачаа тээврийн хувьд гэвэл орон нутгийн ачаа ихэслээ. Өнөөдрийн байдлаар /2021.01.06/ зөвхөн ажлын паркад 616 вагон байна. Үүнээс гадна явж, ирж буй вагон мянга давсан. Жилийн эхний гурван сард тээврийн хэмжээ бага байдаг. Гэвч сүүлийн хоёр жилээс оны эхнээс дуустал ачаа тээвэр ихээр явсан. Энэ жил ч ялгаагүй өндөр байна. 
-Дээр хэлсэнчлэн өртөө, зөрлөгүүдийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмсэн. Харин тэр хүчин чадлыг бүрэн ашиглаж байна уу? 
-Манай өртөө хоногт 950 вагон боловсруулах л хүчин чадалтай. Буулгалт 350-360 вагон байх ёстой. Гэхдээ бид 2020 онд хоногийн дээд буулгалтыг 530 вагонд хүргэсэн. Энэ бол дээд амжилт. Буулгах газрууд нь хязгаартай учир ийм хэмжээнд хүртэл тогтмол буулгах боломжгүй. Бид өнгөрсөн онд энэ талд багагүй ажил хийсэн. Буулгалт хийдэг хувийн хэвшлийнхний замыг уртасгаж байж л бидний ажлын амжилт нэмэгдэнэ шүү дээ. Таван вагон ордог газарт 50 вагон ирээд өдөрт 10 дахиж орвол бидний ажил урагшлахгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй энэ талд нэлээд ярьж, уулзсаны хүчинд нефть импортлогч “Сод Монгол” ХХК-ийн зам 14 вагоны хүчин чадалтай замыг 26 болгон уртасгаж, буулгалтын стакад гэж төхөөрөмжөөр тоноглуулсан. Мөн “Улаанбаатар гурил” компанид найман вагон ордог замыг нь 10 болгуулсан. Үйлдвэр нь Дарханд байдаг болохоор гурил маш их буудаг. “Нутгийн зам” компанийн зургаан вагон буудаг замыг 12 вагоны багтаамжтай болголоо. Дээр нь, “Техник импорт”, “Амгалан ложистик”, “Улаанбаатар БҮК” зэрэг компаниуд буулгалтын замаа уртасгахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас амжсангүй. Энэ ондоо цар тахал гайгүй болохоор эдгээр компанитай ярилцаж байгаад ажлыг нь хийлгэнэ. Говийн төмөр замын бүтээн байгуулалтын бетон дэрийг “Улаанбаатар БҮК” нийлүүлж байгаа шүү дээ. Өдөр бүр 10 вагон дэр ачиж, бас их хэмжээний материал буулгаж байна. Өмнө нь, бүр 20 вагон дэр ачиж байсан ч говьдоо буулгах талбайгүй, эндээ ч нөөцгүй болсон. Цаашид бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжлэх учир энэ компанийн ачилт, буулгалтын хүчин чадлыг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа юм. Манайх бол тээвэрлэлтэд санаа зовох зүйлгүй.
-Цахилгаан станцуудад ч вагон нэлээд саатдаг шүү дээ. Тэдний нүүрс буулгах замыг уртасгах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломж бий юу?
-Боломж тун бага. Гэхдээ технологид удаан зогсоодог асуудлыг нь болиулмаар байгаа юм. Нүүрстэй вагоныг хоёр цаг шахам зогсоодог. Энэ нь, лабораторийн дүгнэлт гарахтай нь холбоотой юм билээ. Тэгэхээр энэ айл дүгнэлтээ аль болох богино хугацаанд гаргах шаардлагатай. Эсвэл станцуудад орсон вагоны зогсолтын төлбөрийг нэмэгдүүлэх ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн тэд маш их нүүрсний үлдэгдэлтэй буулгадаг. Нэг вагонд нэг тонн орчим нүүрс үлдээдэг гээд бод. 60 вагонд 60 тонн нүүрс буцаж байна. Арай л байгаа биз. Тонн тутмыг нь мөнгөөр л тооцож авдаг баймаар юм. 
-Ачаа тээвэр нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөнчдийн ажил ч зогсолтгүй үргэлжилнэ. Ямар төрлийн тээвэр нэмэгдэж байна вэ? 
-Хүйтэрсэнтэй холбоотой хоёр станцын нүүрсийг л хамгийн ихээр шуурхай тээвэрлэж байна. Дээр нь, нефть бүтээгдэхүүн, чингэлэг, импортын хүнс, эм эмнэлгийн бараа бүтээгдэхүүн маш их ирж байгаа. Ер нь, манай өртөө УБТЗ-ын нийт буулгалтын 60-70 хувийг дангаараа гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс хоногийн 24 цагийн турш тасралтгүй л ажиллаж байна даа. Хүйтний эрч чангарч буй тул ажлын байруудаар нь явж ямар хүндрэл учирч байна, хэрхэн туслах вэ, халуун аарц, цайгаа ууж чадаж байна уу гэхчилэн эргүүл шалгалт хийж, болохгүй бол зарим үед сэлгээний ажлыг түр зогсоох хүртэл арга хэмжээ авсан. Хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар “Цагдаа нар л гадаа, хүнд нөхцөлд ажиллаж байна” гэж шуугих юм. Төмөр замчдыг яаж ажилладаг гэж бодно вэ гэж асуумаар л санагдах юм байна шүү. Холбогч найруулагч, вагон үзэгч, замчид бүгд хүйтэн төмрөөс барьж зүүгдээд салхи сөрж, ухрах няцах эрхгүйгээр гадаа ажилладаг шүү дээ. Цагдаагийн ажлын хүндийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ вагонд зүүгдэн хүйтэн салхи сөрөөд явж буй найруулагчийн ажил амаргүй. Агаарт -30 хэм байлаа гэхэд зам төмрийн толгойд -40 хүртэл нэмэгддэг. Тийм л амаргүй хүнд нөхцөлд төмөр замчид маань улс орныхоо эдийн засаг, дулаан эрчим хүчийг тасалдуулахгүйн тулд идэр есийн жаврыг сөрөн ажиллаж байна. Хүйтний эрч сулартал бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. 
-Энэ жилийн өвөл өмнөх жилүүдээс эрс хүйтэрлээ. Анхны өвөл ажиллаж байгаа олон залуус байна уу?
-Тэтгэвэрт гарсан, өөр тийш шилжсэн хүний оронд орсон шинэ залуус олон бий. Энэ жилийн хувьд 342 хүний орон тоо батлагдсан. Үүнээс 10 гаруй хувьд нь шинэ ажилтан. Гадаад, дотоодын их дээд сургууль дөнгөж төгсөөд ирсэн залуус. Эдгээр хүмүүстээ анхны өвөлжигчийн сургалт, багш шавийн гэрээ хийсэн. Сургалт, мэдээллээ бид цахимаар хийж байгаа.
-Танай өртөө цар тахлын улмаас нэг хэсэг байдал нэлээд хүндэрсэн ч цаг алдалгүй хэвийн байдалд нь оруулсан. Халдвар авсан хүний тоо нийслэлд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Магадгүй цаашид дахин хөдөлгөөнчдөөс олноороо тусгаарлагдах асуудал үүсвэл хүн хүчний нөөц хэр байгаа вэ?
-Цар тахал гарсантай холбоотой Улаанбаатар өртөө түүхэндээ анх удаа гурван цагийн тэг зогсолт хийсэн. Захиргааны болон ээлжинд ажиллаж байсан 33 хүн нэг дор хөл хорионд орсон. Тиймээс манай өртөөнд ажиллаж байсан, Тээвэр зохион байгуулалтын албаны Техник технологийн хэлтсийн дарга Ч.Отгонбат, галт тэрэгний хөдөлгөөний төвийн хэсгийн байцаагч Ш.Батсайхан болон Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Болдбаяр нарын төмөр замчид ирж ажилласан. Ер нь, үе үеийн төмөр замчид төмөр замын мэргэжлийн ажлыг дороос нь эхлэн хийдэг. Энэ зарчмын дагуу манайхаар дамжсан дарга нар Удирдах газарт олон бий. Тэднээс ирж ажилласан. Дээр нь, өөр өртөө, зөрлөгөөс хүмүүс таталгүй дотоод нөөц бололцоогоо бүрэн ашигласан. Өмнө нь, хөрвөн ажиллах чадвартай төмөр замчдыг бэлдсэн байсан нь ач тусаа өглөө. Харин ч Сүхбаатар өртөөнд манайхаас долоо, Зүүнхараад нэг хүн очиж ажиллалаа. Хэдийгээр өөрсдөө хөл хорионд орж, асуудалтай байсан ч бусад өртөөддөө тус дэм болсон. Ер нь, Улаанбаатар өртөө бол Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэлээр бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудыг сургаж гаргадаг үндсэн том бааз. Өнгөрсөн онд л гэхэд бид дөрвөн инженерээ Захиран хуваарилах хэлтэст диспетчер болгож өгсөн шүү дээ. Хэрэв цар тахал цаашид дахин манай үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрлээ гэхэд орлон ажиллах хүн хүчний судалгааг гаргаж, нөөцөө төлөвлөсөн. Гэхдээ бид дахин эрсдэлд орохгүйн тулд хуваарь гаргаад өдөртөө дарга, гурван орлогч, хүний нөөц гэсэн хүмүүс ажиллаж байгаа. Мөн ээлжинд гардаг 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг богиносгосон цагаар, хөдөлгөөнтэй шууд бус холбоотой ажилтнуудыг аль болох зайнаас ажиллуулж байна. 
-Ажлын байрны хэрэгцээт болон ариутгал халдваргүйтгэлийн бараа материал, бүтээгдэхүүний хангалт хэр байна вэ? 
-МХЕГ-аас УБТЗ-д өгсөн удирдамж чиглэлийн дагуу Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Хүрэлбаатар даргаар ахлуулсан комисс долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт хуралдаж, Замын хэмжээнд бэлтгэсэн. Өмнө нь ч бид бэлэн байдалтай ажиллаж байсан шүү дээ. Ариутгал халдваргүйтгэлийн бараа материалын нөөцийг тухай бүрт нь хангалттай бүрдүүлж байгаа. Хэрэв халдвар гарлаа гэхэд тусгаарлах байр ч бэлэн. Мөн манай албанаас кварцын дөрвөн гэрэл, ҮЭ-ийн хорооноос ариутгал хийн халуун хэмждэг хоёр аппарат авч өглөө. Үнэндээ цар тахалтай холбоотой дутагдаж, гачигдах зүйл алга. Удахгүй цар тахал арилж сайхан цаг ирнэ байх аа. 
-УБТЗ-ын захиргаа 2021 оны 01 тоот тушаалаар оныхоо зорилтыг “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жил” болгон зарлалаа. Үүний даруу танай өртөө ямар ажил төлөвлөн ажиллахаар болов?
-Бид Замын даргын энэхүү тушаалыг удирдлага болгоод өөрийн өртөөний онцлогт тохирсон төлөвлөгөө гаргасан. Аль болох осол гологдлоос ангид байх, хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг ажлын байранд нь бүрдүүлэх чиглэлээр ажиллана. Тухайлбал, шугам замын хоёр өртөөнд байр сууцыг нь засварлах, зарим ажлын байрыг тохижуулах, Улаанбаатар өртөөний зүүн талын үйлчилгээний постыг шинээр барих зэрэг ажил төлөвлөсөн. Мэдээж бас тээврийн зорилтуудаа биелүүлж, өмнөх оны амжилтаа бататгах зорилт тавьсан. Бид 2020 онд хөдөлмөр хамгааллын нэг осол, гурван гологдолтой ажилласан. Энэ нь, хөдөлгөөнчин хүний хамгийн гаргаж болохгүй замналын гологдол байсан. Тиймээс гологдол гаргасан хүмүүстэйгээ тусгайлан уулзаж, дахиж гологдол гаргахгүй байх, шинэ залуу боловсон хүчнүүдээ сургах талд нэлээд анхаарч ажиллана. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
-Баярлалаа, цар тахлын үед идэр есийн жаврыг сөрөн гадаа ажиллаж байгаа төмөр замчдадаа талархал илэрхийлье. Манай төмөр замчид нэгдмэл зорилготой, эв нэгдэлтэй хамт олон. Ямар ч цаг үед улс орныхоо хөгжлийн түүчээд алхаж явсан шүү гэдгээ 2021 ондоо ч харуулаарай гэж хүсье!

Сэтгэгдэл үлдээх