Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-10

Тээвэрлэлтэд оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрнэ

ТЗХАБ-аас цахим хэлбэрээр зохион байгуулсан Ачаа тээврийн комиссын ажлын хэсгийн хуралд Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийнхэн оролцож, бусад төмөр замуудтай чингэлгийн галт тэрэгний тээврийн зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцов. Өнөөдрийн  байдлаар олон улсын харилцаанд чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлтийг зохион байгуулахтай холбоотой тодорхой дүрэм, журам байдаггүй нь төмөр замуудад зарим нэг бэрхшээлийг үүсгэх болов. Тиймдээ ч тээвэрлэлтэд гарч буй тулгамдсан асуудлуудыг төмөр зам бүр өөрсдийн дотоод дүрэм, журмаар шийдвэрлэж ирсэн. Учир нь, чингэлгийн галт тэрэг ганц улсын нутаг дэвсгэрээр аялдаггүй. Дунджаар 3-4 төмөр замыг дамжин өнгөрдөг бөгөөд тэр болгонд харилцан адилгүй техник, технологийн процесс, дүрэм, журамд захирагдах шаардлагатай болдог. Энэ байдал нь дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт хүндрэл учруулж, нийлүүлэлтийн сүлжээний тасралтгүй хэвийн байдлыг хангахад хүндрэл учруулдаг аж. Иймд чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлт, зохион байгуулалтын талаар гишүүн төмөр замууд нэгдсэн ойлголттой болохыг зорих болсон юм. Үүний тулд ТЗХАБ-ын гишүүн төмөр замуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлыг хэсгийг 2019 онд байгуулсан байдаг. Одоогоор бичиг баримтыг боловсруулах шатанд ажиллаж байгаа билээ. Тус ажлын хэсэг гурван хувийн хэвшлийн байгууллага болон 11 төмөр замын 70 гаруй төлөөлөгчтэй. Жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа хуралддаг байна. УБТЗ-д дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлттэй холбоотой үүсэж буй хүндрэлтэй асуудал гэвэл, ТЗХАБ-ын баримт бичигт чингэлгийн галт тэрэгний тодорхойлолт тусгагдаагүй, ачааг чингэлэгт хадгалах, бэхлэх техникийн нөхцөл байхгүй, вагоныг салгах тохиолдолд чингэлэг галт тэрэгний тарифын нөхцөл өөрчлөгдөх эсэх тодорхойгүй, чингэлгийн галт тэрэгний уртын талаарх нэгдсэн ойлголт үгүй зэрэг бэрхшээл гарах болжээ. Мөн дэд бүтэц болон технологийн хязгаарлалт, тээвэрлэлт тохиролцох цахилгааныг баталгаажуулах хугацаа тодорхой бус, чингэлгийн галт тэрэгний нэгдсэн хуваарьгүй, шилжүүлэн ачих вагон байхгүйгээс чингэлгийн галт тэрэг саатах гээд яаралтай шийдвэрлэх асуудал олон бий.
Харамсалтай нь, зуучийн байгууллагуудад ашигтай боловч тээвэрлэгчийн хувьд биелүүлэхэд хүндрэлтэй саналуудыг ОХУ-ын вагон эзэмшигчид дэвшүүлж, зарим төмөр замууд дэмжих хандлагатай байгаа нь бусад төмөр замуудад асуудал үүсгэх боллоо. Тиймээс дээрх хуралд УБТЗ-ын зүгээс дотооддоо мөрдөгдөж буй  дүрэм журам, дэд бүтэц, техник, технологи болон Замын даргын А-258 тушаалын хүрээнд санал боловсруулан оролцсон юм. Хэрэв ТЗХАБ-аас боловсруулж буй тус баримт бичиг батлагдвал тээвэрлэлтэд оролцогч талууд чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлт, зохион байгуулалтын талаар нэгдсэн ойлголттой болно.

Сэтгэгдэл үлдээх