Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-05

УБТЗ-ын 2020 оны онцлох есөн үйл явдал

Улиран одож буй 2020 онд УБТЗ-ын хамт олон улс орны стратегийн чухал бараа бүтээгдэхүүний тээврийг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, улсынхаа эдийн засаг, нийгмийг тэтгэх гол судас болов. Үүний зэрэгцээ өөрийн салбар бүрт тодорхой дэвшил, томоохон бүтээн байгуулалтыг хийж, 16 мянган төмөр замчны нийгмийн баталгааг ханган ажилласан амжилтаар шинэ онтойгоо золголоо. 

УБТЗ 60 хувийн өсөлттэй транзит тээвэр хийв
УБТЗ-ын хамт олон 2019 онд 28.2 сая тонн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоосон билээ. 2020 онд төмөр замчид дээрх амжилтаа ахиулж, 28.4 сая тонн ачаа тээвэрлэх, транзит чингэлгийн галт тэргийг 2000-д хүргэх зорилт дэвшүүлсэн. Улиран одож буй онд төмөр замчид төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлж, оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 29.5 сая тонн ачаа тээвэрлэж, 22.3 сая тонн ачаа ачиж, 18.7 сая тонн/км-ийн ачаа эргэлтийн ажил гүйцэтгэж байна. Энэ нь, өмнөх оноосоо тээвэрлэсэн ачааны хэмжээг 5.1, ачилтын хэмжээг 5.0 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. Мөн импортоор 3.0, экспортоор 11.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2019 оноос 1.1-10.7 хувиар өссөн үзүүлэлт байв. Түүнчлэн,  2020 онд тэгш болон сондгой чиглэлд Монгол орны нутгаар дамжин өнгөрч буй чингэлгийн галт тэрэгний тоо хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2300-д хүрэхээр байгаа нь өмнөх оноос даруй 800 гаруй галт тэргээр давсан амжилт юм. Уг үзүүлэлт нь ОХУ болон Казахстаны томоохон тээврийн коридоруудтай харьцуулахад УБТЗ нь тухайн жилд хамгийн өндөр буюу 60 гаруй хувийн өсөлт үзүүлсэн коридори болж байна. Тус хамт олон энэ амаргүй цаг үед ачаа тээврийн өндөр амжилт гаргахад шат дараатай техник, технологийн шинэчлэлт нөлөөллөө. Тухайлбал, гол замын өндөр хүчин чадалтай 10, сэлгээний таван шинэ илчит тэрэг худалдан авч парк шинэчлэлтийг хийсэн билээ. Мөн 2019 оны амжилтаараа ТОП-100 байгууллагын наймд эрэмбэлэгдсэн батламжийг 2020 онд  дахин гардсан юм. Ийнхүү жилээс жилд өсөж буй амжилт бүтээлээрээ УБТЗ нь Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад сүүлийн гурван жил дээгүүрт жагслаа.

Хос дугуй угсрах үйлдвэр байгуулав
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депог өргөтгөх төслийн гурав дахь шатыг 2020 онд амжилттай хэрэгжүүлэв. Вагончдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл, оюун билиг шингэсэн Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэрийн нээлтийн туузыг Замын удирдлагууд төмөр замчдын мэргэжлийн баярын өмнөхөн хайчилсан билээ. Энэхүү бүтээн байгуулалт нь УБТЗ төдийгүй улсын хэмжээнд анхдагч үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Жилдээ 1200-1400 хос дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь хос дугуйн их засварт зарцуулдаг валютын гадагшлах урсгалыг дотооддоо шингээх, засварын зардал болоод цаг хугацаа ихээхэн хэмнэх, улмаар ажлын байр нэмэгдүүлэх онцгой үр өгөөжтэй ажил болсон юм. Эдийн засагчид уг үйлдвэрийг таван жилийн хугацаанд өртгөө нөхөж, үр ашгаа өгч эхэлнэ хэмээн тооцсон байна. Нөгөөтэйгүүр, хос дугуйг дотооддоо  угсарснаар ачааны вагон үйлдвэрлэлд нэг алхам ойртож буй хэрэг гэдгийг мэргэжлийнхэн онцолсон билээ. 

Олон-Овоо-2 шинэ төсөл
Олон-Овоо-2 орд нь 183.55 га талбайтай, 19 сая тонн барилгын чулууны нөөцтэй, улсын хэмжээнд томоохонд тооцогдох орд газар. Шинэ ордыг ашиглалтад оруулснаар Чулуун заводынхон ирэх 50 жилд хүрэхүйц “үүцтэй” боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоогийн хүчин чадлаар жилдээ 400 орчим мянган шоо метр буталмал чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоог манай мэргэжилтнүүд гаргажээ. Чулуун заводын хамт олон 2020 оны дөрөвдүгээр сараас шинэ ордын өрөмдлөг тэсэлгээний ажлыг эхлүүлсэн юм. УБТЗ өөрийн замын аж ахуйн арчлалт, үйлчилгээнээс гадна Монгол Улсын Засгийн газрын шинэ төмөр замын төслийн гүйцэтгэгчээр сонгогдон их бүтээн байгуулалтын ажлыг гардаж буйтай уялдаж гарсан шийдвэр юм. Чулуун заводын хамт олны хувьд 2020 онд өмнөх оноосоо үйлдвэрлэлээ даруй 50 гаруй хувиар нэмэгдүүлсэн амжилтаар шинэ онтойгоо золгож байна.

Замчид 68.3 км-т их засвар хийжээ
Замчид улс орны хэмжээнд өрнөсөн төмөр замын бүтээн байгуулалтад түүчээлэн оролцсоны зэрэгцээ Сумангийн зоо-Замын-Үүд өртөө хоорондын замд их засвар хийлээ. ЗЗМС-ын замчид  замын их засварын төлөвлөгөөт ажилд зургадугаар сарын сүүлчээр гарч, аравдугаар сард төлөвлөсөн ажлаа багтаан дуусгахдаа 68.3 км-т их засварыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэв. Манай замчид замын төлөвлөгөөт их болон дунд засвараас  гадна улс орны хэмжээний том төслийн ажил гүйцэтгэж байсан тул энэ жилийн их засварын сүүлийн км-үүдэд Дорнод Сибирийн төмөр замын зам засварын бригад ирж, хүч хавсарснаар аравдугаар сард нөр их ажлын ард гарцгаалаа. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний эрчимжилт ихтэй замын урд хэсэгт их засварыг түлхүү хийснээр энэ оны их засварын дараах байдлаар урд хэсгийн нийт 700 км замаас 550 км-т нь төмөр бетон дэртэй их засварыг хийгээд байна. Үүнээс гадна манай замчид 17 км замд хүчжүүлсэн дунд засвар хийж, Замын-Үүд-2, Дархан-1, Чулуут, Баян, Аршаант өртөөдийг өргөтгөж, хүлээн авах явуулах хүчин чадлыг дээшлүүлэв. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйлсэд ч төмөр замчид өөрийн хувь нэмрээ оруулж, Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулав.

Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалт
Өнгөрсөн онд УБТЗ-ын хамт олон Монгол Улсын Засгийн газраас хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км замыг ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ. Мөн тухайн онд Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, 4.5 км замыг угсарсан юм. Харин 2020 оны дөрөвдүгээр сард ЗЗМС-ын хамт олон уг бүтээн байгуулалтын ажилд гарч, одоогийн (12 дугаар сарын 24-ний) байдлаар 108 км зам угсарч, 24 гүүрийн ажлыг гүйцэтгээд байна. Энэ жил замчид ажлын хоёр дахь фронтыг нээж, зам угсралтыг бүрэн механикжсан болон гар, механикжсан аргаар хослуулан хийж эхэлснээрээ онцлог юм. Уг ажилд ЗЗМС-аас гадна Замын II, III, IV ангийн замчид оролцож байна. Оны төгсгөл гэхэд зам угсралтыг 112 км-т хүргэх зорилттой ажиллаж байгаа билээ.

Төмөр замчин 48 өрх шинэ байранд орлоо
УБТЗ төмөр замчдынхаа нийгмийн баталгааг найдвартай хамгаалж буй байгууллага юм. 2020 онд дэлхий нийтэд нүүрлэсэн аюулт цар тахлаас үүдэн УБТЗ-д багагүй хохирол учирч буй ч төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн, шугам замын алслагдсан өртөө, зөрлөгт шинэ орд өргөөд үүдээ нээж, төмөр замчид шинэхэн байрны түлхүүр гардсан юм. “Төмөр замчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг амжилттай үргэлжилж, 2020 онд Мааньт өртөө, Бэлэндалай зөрлөгт тус бүр 24 айлын шинэ орон сууц ашиглалтад орлоо. Сүүлийн жилүүдэд шугам замын өртөө, зөрлөгт орчин үеийн тохилог орон сууцыг барьж байгуулах, мөн орон сууцны засвар шинэчлэл хийснээр төвөөс алслагдсан сууринд төмөр замчид аятай тухтай, тогтвор суурьшилтай амьдрах бололцоо бүрдэж байгаа юм. УБТЗ ийнхүү бүтээн байгуулалтыг хөдөөгийн сууринд хийж буй нь орон нутгийн хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Ган хэлхээний гагнаас бататгасан
Төмөр замчид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийнхээ залгамжийг эрхэмлэн хүндэтгэдэг сайхан уламжлалтай хамт олон. Тэр утгаараа 2020 онд Төв эмнэлгийг хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ОХУ-ын ахмад дайчин, Монгол Улсын хүний гавьяат эмч, хурандаа Лувсангийн Шаравдорж, Улаанбаатар өртөөг төмөр замын гарамгай удирдагчдын нэг Б.Баярмагнай агсны нэрэмжит болгон хүндэтгэлийн ёслолыг хийж, дурсгалын самбар байршуулав. Төмөр замчдын эдгээр хүсэлтийг Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталгаажуулсан юм. Түүнчлэн, Улаанбаатар зүтгүүрийн депогийн ТЭМ18ДМ-3006 серийн сэлгээний илчит тэргийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, анхны машинч нарын нэг Навааны Кампааны нэрэмжит болголоо. Тэрбээр, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг амь биеэрээ хамгаалсан эх оронч төдийгүй Улаанбаатар зүтгүүрийн депод 29 жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг зориулсан шилдэг машинч нарын нэг байлаа. Монголын нэртэй түүхч, судлаачид өнөөгийн УБТЗ-ын “Ган зам” пресс төв нь Монгол Улсад хамгийн анх байгуулагдсан европ технологийн хэвлэх үйлдвэр болохыг баталсан байдаг. Уг байгууллагын суурь 1912 онд Оросын консулын дэргэд байгуулагдаж, улмаар Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сониныг хэвлэсэн түүхтэй. Харин 1954 онд уг хэвлэх үйлдвэр нь машин техник, хүн хүчний хамт УБТЗ-ын мэдэлд шилжсэн юм.

Ковид-19-ийн эсрэг төмөр замчид “нэгдэв”
Урд хөршид шинэ төрлийн коронавирус дэгдэж эхэлсэн цагаас төмөр замчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ хугацаанд хамгийн эрсдэлтэй нөхцөлд тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт онцгой үүрэгтэй ажилласаар байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард дотоодод ковид-19-ийн халдвар тархаж, улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед 3500 гаруй төмөр замчин ажиглалт тусгаарлалтад орж, тээврийн хэвийн үйл ажиллагаа саатахуйц нөхцөл байдал үүссэн. Гэсэн хэдий ч Замын захиргаанаас шуурхай арга хэмжээ авч, “Онцгой отряд” байгуулан тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж чадлаа. Өнөөдөр төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжийнхэн онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн салбарынхантай эн зэрэгцэн стратегийн ач холбогдолтой төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагааг хангаж байна. Тухайлбал, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эрүүл мэндийн ачаа бараа, дулааны цахилгаан станцуудын нүүрс тээвэр, улс орны эдийн засгийн гол салбар болох уул уурхайн экспортын тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Цар тахлын улмаас УБТЗ өөрөө багагүй хохирол амсаж буй ч төмөр замчдынхаа ажлын байрыг найдвартай хадгалж, цалин хөлс урамшууллыг бүрэн олгож, бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

Ган судсаар эгшиглэсэн “Хурд”-ын аялан тоглолт
УБТЗ үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийг тэтгэх тээврийг гүйцэтгэхээс гадна ард иргэдэд соёл, гэгээрлийг түгээх хамгийн тод “харгуй” байсантай хэн ч маргахгүй. Ахмад буурлууд төмөр замаар “Соёлын галт тэрэг” аялан төмөр замчдад урлаг соёлоор үйлчилдэг байсан сайхан түүхийг дурсдаг. Тэгвэл хамгийн хүнд хэцүү шалгуур дүүрэн 2020 онд төмөр замчид аюулгүй байдлаа бүрэн хангаж, өндөр зохион байгуулалтын дор “Хурд” хамтлагийн аялан тоглолтыг зохион байгууллаа. Төмөр замчин гэр бүлээс гаралтай уг хамтлагийн уран бүтээлчид олон жилийн дараа “Соёлын галт тэрэг” хөлөглөн ая дуугаа эгшиглүүлж, төмөр замчдын урам зоригийг сэргээсэн. Амаргүй цаг үед ч төмөр замчдын сэтгэл зүрхийг хөглөсөн энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулсан Замын захиргаанд хаягласан төмөр замчдын талархал “давлагаалсан” нь энэ оны хамгийн эерэг хандлага цуглуулсан үйл явдлын нэг байсныг манай сонин онцолж байна. 

Сэтгэгдэл үлдээх