Автомашины эзэмшигч таван төрлийн татвар хураамж төлнө.
Автомашины эзэмшигч таван төрлийн татвар хураамж төлнө.
- Ган зам сонин |
- Мөнхтөр |
- Уншсан: 1746

-Автомашины эзэмшигч хувь хүн бүр тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын, зам ашигласны төлбөр, оношилгоо, албан журмын даатгалд хамрагдах ёстой. Тээврийн хэрэгслийн албан татварын зургадугаар сарын 1-нээс өмнө төлөх үүрэгтэй. Манайхан цагийг нь тулгадаг муу зуршилтай учраас одоогоор татвар хураах цэгүүд ачаалал багатай байна. Тавдугаар сар гараад хүн бүхэн татвараа төлөх гэж дараалал үүсгэн цаг заваа үрж, хаа хаанаа ачаалал үүсгэдэг. Тиймээс ачаалал багатай үед татвараа төлөх хэрэгтэй. Татварын есөн дүүрэг, нийслэлийн нийт 16 цэгт хурааж байгаа. Тухайлбал, 2000 сс хөдөлгүүрийн багтаамжтай суудлын тэрэг тээврийн хэрэгслийн албан татвар 48 мянга, зам ашигласны төлбөр 30 мянга, мөн агаарын бохирдлын төлбөр нэмж төлнө. Нийслэлийн татварын газрын Тээврийн татварын тасгийн дарга С.Цэрэнжамц.
Өнгөрсөн жил нөхөн төлбөр авсан бол даатгалын хэмжээ нэмэгдэнэ
-Хувь хүний тээврийн хэрэгслийн болон албан журмын жолоочийн хариуцлагын даатгал гэсэн хоёр төрлийн даатгал байна. Автомашин эзэмшигч албан журмын хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Таны нас, жолоо барьсан туршлага, тээврийн хэрэгслийн даац, жолоодох хүний тоо зэргээс хамааран итгэлцүүрийн журмаар суурь хураамжийн дүн өсөх буюу буурна. Өнгөрсөн жил даатгуулаад даатгалаас ямар нэгэн төлбөр гардуулаагүй тохиолдолд таны даатгалын хураамж 0.95 коэффициентээр буурна. Хэрвээ зам тээврийн осол гаргаж, даатгалаас нөхөн төлбөр авч байсан бол 1.55-аар өсөх жишээтэй. “Бодь даатгал” компанийн даатгалын ажилтан Б.Оюунбат.
Авто машиныг зарлан дуудахын өмнө зарлан дуудахгүй
-Түр болон удаан зогсох хориотой тэмдгийг байршуулсан тохиолдолд автомашиныг ачиж журамладаг. Энэ ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс /ЗХУТ/ гадна зургаан хувийн компани гүйцэтгэж байгаа. Манай төвийн мэдээллийн утас 70004455 гэсэн дугаарыг замын хажуугийн түр буюу удаан зогсох хориотой гэсэн тэмдэг дээр бичсэн. Автомашинаа ачуулсан хүн энэ дугаар руу залгаж аль журмын хашаанд аваачсан, хэдэн төгрөгийн төлбөр төлөх зэрэг мэдээллээ авч болно. Зай багтаамжнаас шалтгаалаад аль ч журмын хашаанд аваачиж болно. Сонсголонд “Тэнүүн огоо”, Замын цагдаагийн газрын зүүн талд, Гурвалжингийн гүүр даваад “Хөсөг трейд”, болон Чулуун овоонд журмын хашаа байгаа. ЗХУТ-өөс бусад хувийн компаниуд ачсан машиныхаа мэдээллийг манайд мэдээлдэггүй учраас иргэдэд чирэгдэл үүсээд байгаа юм.
Тиймээс энэ асуудлыг зохицуулж ачсан бүх автомашины мэдээллийг 70004455 утаснаас авдаг болох, гар утсанд нь мессэж очих, ухаалаг утсаар төлбөр төлдөг болох зэрэг зохицуулалтыг удахгүй хийхээр болсон. Харин автомашиныг ачихын өмнө зарлан дуудахгүй байхаар болсон. Энэ нь ойр орчмын иргэд, байгууллагад сөрөг нөлөөтэй. Тиймээс иргэд автомашинаа анхнаасаа л дүрэм зөрчиж байрлуулахгүй байх нь чухал. Тухайн автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч төлбөр өөр өөр байна. 900-2500 сс бол 70 мянга, 2507-3900 сс бол 75 мянга, 3901-ээс дээш хөдөлгүүртэй автомашинд 80 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Мөн журмын хашааны үнэ болох 3500-5000 төгрөгийг нэмнэ.