Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Ч.Лхагвасүрэн: Би ажилдаа ч, адуундаа ч хайртай

-Ардын хувьсгалын 100 жилийн ой гээд уяач нар эртнээс бэлтгэж, аль л илүү хурдан гэсэн морьдоо сойсон байх. Гэвч цар тахлаас үүдээд наадмыг энэ жил хойшлууллаа. Таны хувьд уг нь наадмын бэлтгэл хангагдсан байв уу?

-Харин тиймээ. Наадам болохгүйг төр засгаас эрт хэлчих хэрэгтэй байсан юм. Уг нь таван насны хэдэн морь сойж, уяа сойлго нь нэлээд таараад байлаа. Уяачдын бүтэн жилийн хөдөлмөр ингээд дууслаа шүү дээ. Тулгаж байж шийдвэр гаргаж буй нь онцгүй л байна. Нутагтаа байгаа нь ч яах вэ гэхэд бүр холын аймаг, сумдаас морьдоо аваад ирсэн уяач олон бий.

-Та хэчнээн жил морь уяж байна даа. Удам залгасан уяач уу?

-Би 2002 оноос эхэлж морь уясан. Уг нь, төв газрын хүүхэд л дээ /инээв/.

-Төмөр замын зарим байгууллага уяач ажилчдадаа наадмаар амралтыг нь тааруулж өгдөг юм билээ. Танай байгууллага уяачаа хэр дэмждэг вэ?

-Дарга нар маань намайг дэмждэг. Бусад нь долдугаар сард амаръя гэж байхад намайг хүчээр амраасан үе ч бий. Ер нь, наадам тааруулж амралтаа авахыг хичээнэ. Амралтаа авч чадвал гэр орондоо ч тогтохгүй яваад өгнө. Олуулаа ажилладаг болохоор үргэлж л баяр наадмынх нь үеэр амрах гээд байх бас хэцүү. Хэн ч сайхан цагаар амрахыг хичээнэ шүү дээ. Гэхдээ би суманд цаг сайхан, газрын гарц сайн бол наадмаар амаръя гэж боддоггүй. Ажлаа тараад л морьдоо эргэж тойрч, уяа сойлгыг нь тааруулж болдог. Харин ногоо цагаа муутай үед л хэцүү. Хаана газрын гарц сайн байна, тийшээ морьдоо аваад явах хэрэгтэй болдог юм. Дуртай юм болохоор зав л гарвал морьд руугаа давхина шүү дээ.

-Төмөр замд хэдэн онд ажилд орж байв?

-Би 1998 онд аравдугаар ангиа төгсөөд 1999 онд Биеийн тамирын дээд сургуулийн хуваарь авсан юм. Сагс, гар бөмбөг тоглодог. Оюутан болоод нэг сар орчим болж байтал Төмөр замын барилга орон сууцны ангиас ээж маань ажлаасаа гарчихсан. Тэгээд “Албаны байрнаас гар гээд байна. Миний хүү ирээд нэг жил төмөр замд ажиллачих” гэхээр нь жилийн чөлөө авч ирээд 2000 онд галчаар ажилд орж байлаа. Төдөлгүй жил болсон ч ажлын амт үзэж, цалингийн бараа харсан хүн чинь сургуульдаа буцаж явах сонирхол ч үгүй болсон /инээв/. Улмаар, слесарийн курст явж слесарь болж 2004 он хүртэл ажиллаад гарсан. Тэр үед манай эндхийн ТҮГ-ын даргаар одоо Дарханд байгаа Б.Ганчулуун дарга байсан юм. Нэг баг болж тэмцээнд их ордог болохоор намайг дэмжээд “Чи вагон үзэгч бол” гэсэн. Бүх баримт бичиг бүрдээд ордгийн даваан дээр бэр эгч маань “Солонгос явж ажиллая” гэхээр нь тэгье гээд ТҮГ-т орохоо больчихсон. Гэтэл аль ч үгүй, дахиад жил гаран хугацаанд ажилгүй явсан даа /инээв/. 

-Тэгээд яаж ажилд оров?

-Дахиад нэг тэмцээнд орох гээд зогсож байтал Б.Ганчулуун дарга таараад “Үгүй, чи чинь Солонгос явчихаагүй юм уу” гээд гайхсан. “Яваагүй” л гэсэн /инээв/. Би Солонгос явдаг “амьтан” нэг хонгор азарган үрээгээ зарж хотод байр хөлслөөд, ажил ч үгүй нэг хэсэг юм болсон. Харин Солонгос хэл л “хөөрхөн” сураад авсан. Тэгээд вагон үзэгчийн гурван сарын курст яваад 2006 онд Айраг ТҮГ-т ажилд орсон доо. Тэр цагаас хойш өнөөг хүртэл ажиллаж, ажлынхаа заваар морио уяад явж байна.

-Аймгийн алдарт уяач гэх эрхэм алдрыг та хэзээ, ямар амжилтаар хүртэв?

-Өнгөрсөн онд энэ цолыг хүртсэн. Аймаг, бүсийн наадамд 12 удаа амжилт гаргаж байж л энэ цолонд хүрдэг юм. Энэ дотроо түрүүлбэл оноо нь илүү нэмэгддэг. Миний хувьд аймгийн наадамд орж үзээгүй. Учир нь, тэр үеэр дандаа ажилтай таардаг болохоор аймгийн наадам зорьж чаддаггүй. Харин хаврын бүсийн наадмуудад л олон оролцсон. Миний онцлог нь морьдоо өвөл сул тавьдаггүй, хашаандаа үргэлж тэжээчихдэг болохоор бүсийн наадмуудад амжилт гаргахад их нөлөөлсөн. Зарим үед багахан уралдаан болох гэж байхад ажилтай таарвал эхнэртээ хүртэл сайн зааж өгөөд явуулна шүү дээ. Томоохон наадамд бол удирдлагаасаа гуйж байгаад ээлжээ солиулдаг. 

-Эхнэр чинь бас моринд сонирхолтой байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Миний хань чинь багаасаа хурдны морь унасан болохоор моринд дуртай. Монгол Улсын сайн малчин Н.Сумъяа гэж мундаг хүний охин С.Уранбилэг гэж эмэгтэй бий. Манай хадмынх адуу сайтай айл. Намайг уяач болоход их нөлөөлсөн. Би тээр жил Дууяа манлайд /Тод манлай уяач Ц.Дуламсүрэн/ нэг бор азарга зарж байсан юм. Тэр азарганы эцэг бор азарга их хурдан байхад нь манай эхнэр унаж уралддаг байсан юм билээ. 2001 онд намайг хүргэн болж очиход бор азарганых нь төл гэж нэг бор даага өмчинд нь хамт ирсэн. Төв газар өссөн нөхөр чинь тэр цагаас л адуунд “хорхойтой” болсон доо. Бор даагаа соёолон хүртэл нь уяж, хавчиг насанд нь Дууяа манлай аваад явсан. Их ч сайн давхиж байсан даа. Бор азарга маань Хэнтийн бүсэд айрагдсан, Булганы бүсэд 20 гаргаж ирсэн, Өлзийт хороололд түрүүлсэн гэхчилэн сонсогддог байсан. Тэгээд сүүлд нь Дууяа манлай нэг ирэхдээ “Архангай руу зарсан” гэж хэлсэн. 

-Бор азарганы чинь төлөөс одоо байгаа биз дээ?

-Байгаа, сайн ч давхицгааж байна шүү. Би ер нь морьдоо ширүүн уядаггүй. Нэг их ноолоод байдаггүй. Зөөлөн аргадах маягаар л уяа сойлгыг нь тааруулна. Заавал уралдуулах ёстой, яаж ийгээд давхиулна гэж шунах дэмий. Сайнгүй юм шиг санагдсаныг нь тавьчихдаг юм. Халуунд хий дэмий хүүхэд морь хоёр зовоогоод хэрэггүй шүү дээ. Ядаж арав дотор ороод ирэхээр морьдоо л давхиулъя гэж боддог. 

-Морь уях эрдмийг тэгэхээр хадам ааваасаа л сурав уу?

-Тэгсэн, миний хоёр баз хүргэн бас морь уядаг. Бид гурвуулаа Аймгийн алдарт уяач. Ц.Найманжин, У.Батбилэг гэж хоёр залуу бий. Энэ хоёроосоо ч нэлээд юм сурна шүү дээ. Ялангуяа, том базаасаа багагүй суралцсан. Дээр нь, том Пүрэвдорж, Мөнхбаатар, “Хонгор” хэмээх Мөнхөө гэхчилэн надад зөвлөгөө өгдөг нутгийн сайхан ах нар бий. 

-Адуу маллаад та 20 жил болжээ. Энэ бол бага хугацаа биш шүү дээ. Өнөөгийн байдлаар хэчнээн морь уяж, хэдэн азарга адуу маллаж байна вэ?

-Нийт 60 гаруй тооны гурван азарга адуу бий. Дандаа л хурдан удмынх. Уядаг нь олон биш ээ, арав гаруй л морь байгаа. Хүмүүс морио уяулъя гэдэг л юм. Өөрийнхөө морьдыг ч уяж амждаггүй шахам болохоор авдаггүй. Ажлын цагаар хүн гуйж, эсвэл эхнэр, хүүхдээ явуулж “Морь уяан дээрээ орооцолдсон байх вий, хараад ир” гэж явуулна. Тэгээд өөрөө орой ажил тарах цагтай уралдаад л гарна шүү дээ.  

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Морьдоо хүүхдүүдээрээ унуулдаг уу?

-Манайх таван хүүхэдтэй. Бага хоёр хүү нь ихэр, одоо дөнгөж дөрвөн сартай. Анх миний морьдыг У.Шинэбаяр гэж хүүхэд унадаг байсан. Том болоод одоо Замын-Үүдийн ТҮГ-т ажиллаж байгаа. Дараа нь, миний том охин Л.Бямбасүрэн унасан. Одоо 12 дугаар ангийн сурагч, бас л мориноос хасагдсан. Тэгээд Б.Тэлмэн гэж хүүхдээр унуулж байснаа одоо өөрийн хүү Л.Тэмүүлэн маань унаж байна. Охин 2014 онд, хүү арван настайдаа 2018 онд “Сумын шилдэг унаач”-аар шалгарсан. Хүү маань хурдны морь унаж сураад тэр жилдээ олон айраг, түрүү авч шалгарсан юм. 

-Эмнэг адуугаа та өөрөө сургадаг уу?

-Өө, манай охин адуунд эрэмгий шүү дээ. Айхгүй л мордоно.  

-Сайн морь эзнээ олон хүнтэй танилцуулдаг шиг санагддаг. Би танай загал морийг нэлээд хурдан адуу гэж сонссон. Өөрийн чинь зэлний унага уу?

-Загал маань манай унага. Одоо их насны морь. Хязаалан үрээ байхад нь бүсийн наадмаар маргааш нь уралдах гээд, би тэр шөнөдөө ажилтай таарчихдаг юм. Б.Далайжаргал даргад хэлтэл “Үнэхээр арга алга, чи яаж ийгээд л учраа ол” гэдэг юм. Тэгээд эхнэрээ “Чи л одоо явахаас өөр аргагүй боллоо” гэлээ. Ойр хавьд ногоо ургаагүй учир морьд 14 орчим км-ийн цаана байсан. Эхнэрээ манай морийг унадаг байсан У.Шинэбаярын хамт явууллаа даа. Маргааш өглөө нь ажлаас буугаад хувцсаа ч солилгүй давхиад очтол загал үрээнийхээ сүүлийг нь боочихсон, хязаалан мордуулж байна шүү. Харин хээр шүдлэнгийн хоол нь ихэдээд хоночихож. Тэр уралдаанд загал үрээ нэг км орчим тасархай түрүүлж, хээр үрээ таваар орж ирж билээ. Харамсалтай нь, хээр үрээгээ дараа нь хулгайд алдсан. Одоо халзан үрээ маань бас сайн давхиж байгаа. 

2019 онд Дундговь аймагт болсон зүүн бүсийн уралдааны эрлийз морьдын дунд насанд аман хүзүүдсэн. Олон наадамд дээгүүр давхисан морь эзнээсээ түрүүлээд алдартай болж, бас сайхан хүмүүстэй танилцуулдаг нь үнэн шүү. Дууяа манлайн авсан бор азаргыг хүмүүс анддаггүй. Бор азарганыхаа нэрээр олон хүнтэй танилцсан даа. Жишээ нь, хэдэн жилийн өмнө Дундговь аймгийн Говь-Угтаал суманд нэг найз маань дуудахаар нь ажлынхаа ахтай очсон юм. Тэгээд гүүн зэлэн дээр нь унага татаад зогсож байтал адуу сурсан нэг залуу давхиж ирлээ. Мэнд мэдээд “Та Айрагийнх байх аа. Таагаа гэдэг билүү” гэж байна. Нутгийнхан намайг Таагаа л гэдэг юм. “Тиймээ” гэсэн чинь “Би бор азаргаар чинь мэднэ. “Хутагтын хурд” гэж хаврын бүсийн уралдаанд миний хээр азарга 30 хэд дээр таны бор азаргатай зэрэгцээд явж байсан. Надтай хамт явсан хүн “Бор азаргаа дагаад яв. Наад азарга чинь одоо шууд урагшилна шүү” гэсэн юм. Тэгтэл улаан машинаас нэг хүний гар цухуйгаад дохио өгөхөд бор азарга сул юм шиг л явсан. Сүүлд нь сураглатал та байсан юм билээ” гэдэг юм. Бор азарга маань биднийг танилцуулсан, одоо ч холбоотой нөхөрлөж байна. Энэ мэт олон сайхан хүнтэй танилцаж байна даа.

-Яагаад Таагаа гэж нэрлэгдэх болов?

-Би багваахай цэцэг гартаа их зүүдэг хүүхэд байж л дээ. Аав маань өхөөрдөөд “Багваахай” гэж дуудсаар тэр нь “Паагаа” болоод, бүр сүүлдээ нутгийнхны аманд “Таагаа” болж хувирсан юм /инээв/. Одоо нэрээр дуудах хүн ховор шүү дээ. 

-Адуугаа аль нутгаас голдуу цуглуулав?

-Манай адууны 80 орчим хувь нь эхнэрийн өмчид ирсэн хадмын адууны угшилтай л даа. Тэгээд ганц нэг хурдан удмын гүү, азарган үрээ аваад өсгөж байна. Хүн ирээд “Энэ морийг зарчих” гэвэл гар татдаггүй. Говь-Алтай болон Өвөрхангай руу цөөнгүй адуу зарсан. Өвөрхангайн Төгрөг суманд нэг зээрд даага зарсан маань соёолон хүртлээ их хурдан байж, эзнээ Аймгийн алдарт уяач болгосон тухай саяхан сонссон. Газрын гарц муудаад Өвөрхангайн малчид манай нутаг руу өнгөрсөн жил орж ирсэн юм. Тэгсэн надаас тэр даагыг авсан хүн нүүж ирсэн байж таараад уулзахад “Зээрд даагаа би хэд айрагдуулаад зарсан. Харин авсан хүнээ алдарт болгосон доо” гэж байна билээ. 

-Ажлаа тараад л шууд морьд руугаа явдаг гэлээ. Тэгэхээр ажил, амралтын дэглэм алдагдаж байна уу?

-Дуртай юм болохоор зохицуулаад л явна. Хариуцлагатай ажил хийж байгаа юм чинь амралгүй яах вэ. Вагон үзэгчийн ажил бас сайхан шүү дээ. Би ажилдаа  ч, адуундаа ч хайртай. Хэрэв ажилдаа дургүй бол хэдийнэ гараад адуугаа дагаад явах байсан болов уу. Бид галт тэргээ сайн үзэж, ачаа тээвэрт аюулгүй явуулах үүрэгтэй. Бор-Өндөрийн ачилтад гэхэд л өдөрт 70-80 вагон үзэж, бэлтгэж байна. 

-Төмөр замынхаа ямар шагналыг хүртсэн бэ?

-Ажилд орсон 2006 ондоо би “Зангилааны аварга” болж байлаа. Шинэ хүн гээд зарим нь дургүй л байсан болов уу. Гэвч ажлын үзүүлэлтээрээ дээгүүр байсан шиг билээ. Мөн 2013, 2014 онд байгууллагынхаа хошой аварга, 2016 онд Айраг ТҮГ-ынхаа 30 жилийн ойгоор “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулсан. 

-Би танай 30 жилийн ойг сурвалжилж байсан. Сумын наадмаас дутахааргүй өргөн болсон шүү?

-Тиймээ, тэр үед Б.Далайжаргал дарга байлаа. Би морины уралдааныг зохион байгуулсан юм. Дарга “За чи будилаангүй сайн зохион байгуулаарай” гээд л /инээв/. Ер нь, төмөр замчдын наадам их сайхан болдог. Орон нутгийнхан “Танайх наадам хийхгүй юм уу” гэж их асууна шүү дээ. Би сумын Уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн. Төмөр зам маань Уяачдын холбоотой болоосой гэж боддог. Уяачдаа бодлогоор дэмжиж, нэгдмэл зохион байгуулалтад орвол төмөр замынхаа нэрийг аймаг, бүс гэлтгүй улсын наадамд ч өндөрт өргөх уяач олон бий байх. 

-Танай ажилд өөр уяач байгаа юу?

-Шинээр ажилд орсон хоёр залуу бий. Манай сумынх, уяач нар л даа. Гурвуулаа 20 гаруй морь нийлүүлээд гарсан чинь наадам болохгүй гээд тавьчихлаа.

-Гүү уяж, айраг исгэдэг үү?

-Үгүй, унага ер уяж байгаагүй. Манайд нэг цагаан гүү бий. Эхнэр маань “Цагаан гүүгээ барьж саам ууя” гэдэг л юм. Ажлын хажуугаар гүү барьж амжихгүй шүү дээ. Өглөө бүр унага барьж, цаг үргэлж адуутай хөөцөлдөх болно.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цар тахал арилж, удахгүй дэнж хотойтол сайхан наадах цаг ирнэ биз ээ. Танд ажлын өндөр амжилт хүсье!

-Баярлалаа, удахгүй сайхан цаг ирнэ. Танай сонины хамт олонд болон нийт төмөр замчдадаа ажлын өндөр амжилт хүсье. 

М.НАРАНБОЛД

Сэтгэгдэл үлдээх