Шинэ мэдээ

Нийтэлсэн: 2021-08-03

Их засварын хоёр дахь хэсэг энэ сарын 23-аас эхэлнэ Их засварын хоёр дахь хэсэг энэ сарын 23-аас эхэлнэ

Өнөө жилийн замын төлөвлөгөөт их засвар өнгөрсөн сарын 3-нд Толгойт-Улаанбаатар-Амгалан хоорондын замд эхэлсэн билээ. Нийслэл дундуур дайран өнгөрдөг 17.6 км замд их засварыг ЗЗМС-ын хамт олон энэ сарын 8-нд сүүлчийн цонхоо авснаар амжилттай дуусгажээ. 
ЗЗМС-ын орлогч дарга Т.Пунцаг “Нийслэлийн дундуур дайран өнгөрдөг хөдөлгөөний эрчимжилт өндөртэй хэсэгт их засвар хийхэд биднээс өндөр хариуцлага, хөдөлмөрийн нягт зохион байгуулалт шаардлаа. Дээр нь, нийслэлд ковид-19 вирусийн халдвар өндөр байсан тул ажилчдын халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч, Толгойт дахь бааздаа ногоон бүс бий болгож 176 ажилтан тусгаарлалтад орж ажилласан. Мөн Төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд ажилчдын эрүүл мэндийг тогтмол хянаж, Цэрэгжүүлсэн хамгаалах ангийнхан хамгаалалтад ажилласан. Замын их засварт Замын II анги, хөдөлгөөнчид, холбоочид, зүтгүүрчид, эрчим хүчнийхэн бүгд нэг баг болж өндөр бүтээлтэй ажиллалаа. 17.6 км замын их засварыг төлөвлөсөн ёсоор 12 цонхонд багтаан, амжилттай гүйцэтгэж, долдугаар сарын 17-нд Замын II ангид хүлээлгэн өгөөд байна. Одоогийн байдлаар, манай машин механизмууд Замын VI ангийн хэсэглэлд дунд засвар дээр ажиллаж байна. Цайдам-Салхит-Эрхэт хоорондын 2.6 км замд дунд засвар хийх юм. Замын их засварын дараагийн хэсэг Мааньт-Агуйт-Наран-Элгэн-Оорцог-Энгэр хоорондын 53.8 км замд хийнэ. Уг хэсгийн их засварыг долдугаар сарын 23-наас эхлүүлж, аравдугаар сарын 22-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний дараа Замын-Үүд-2 өртөөнөөс улсын хил хүртэл 8.1 км замд их засвар хийснээр энэ онд хийх 80 км замын их засвар бүрэн дуусна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх