Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн ачаа боловсруулалт 22 хувиар өсжээ

-Манай анги нь энэ оны эхний хагас жилд нийт 1341.9 мянган тонн ачаа боловсруулсан.Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс транзит ачааны урсгал өмнөх оны мөн үеэс 88.8 хувиар өсөж, 588.9 мянган тоннд хүрсэн. Харин орон нутгийн ачааны урсгал 351.5 мянган тонн буюу өмнөх оноос 6.8 хувиар буурсан нь орон нутгийн ачаа авто замаар түлхүү тээвэрлэгдэж, мөн нөгөө талаас автомашины эргэлт хилийн ачааллаас шалтгаалан удааширсан зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.
-Чингэлэг тээврийн талаар тодруулж асууя. Ялангуяа, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгийн татан авалтыг эрчимжүүлсэн шүү дээ?
-Эхний зургаан сарын байдлаар чингэлэг тээврээр 27158 вагон, 42473 чингэлэг ачиж, 610137.4 мянган тонн ачаа боловсруулсан. Үүнээс транзит 15715 вагон 28348 чингэлэг, шилжүүлэн ачилтаар 10792 вагон 13314 чингэлэг, орон нутгийн ачилтаар 651 вагон 810 чингэлэг тус тус тээвэрлэсэн. 
Энэ нь, өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулахад транзит чингэлгийн тээвэр есөн хувиар өссөн байна. Шилжүүлэн ачилтын чингэлэг 0.8 хувь, орон нутгийн ачилтын чингэлэг 55.7 хувиар тус тус буурсан. Ковид-19 цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан Хятад улс автомашин нэвтрүүлэхдээ хязгаар тогтоосноор орон нутгийн ачилтын чингэлгийн тоо нэлээд буурсан. Мөн эхний хагас жилийн байдлаар зөвхөн чингэлэг тээврээр 129741.3 мянган тонн ачаа боловсруулж, 5050 вагон 8290 чингэлэг тээвэрлээд байна. Тяньжин боомтоос ирсэн чингэлэг нь тогтмол шуурхай ачигдаж байгаа. Одоо үлдэгдэлгүй болсон. 
- Цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буйн хувьд халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд тавьдаг байх. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Улсын хэмжээнд ковид-19-ийн халдварын тоо буурахгүй байгаа. Ийм нөхцөлд Замын-Үүд Шилжүүлэн ачих анги халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Замын-Үүд Шилжүүлэн ачих анги нь УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штаб, Сумын онцгой комисс, зангилааны цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулахаар гаргасан тогтоол, тушаал, дүрэм, журам, цахилгааныг тогтмол мөрдөж хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Ангийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

    • Ангийн хэмжээнд 162 А цахилгааны дагуу зайнаас ажиллах горимд шилжиж, “Ээлжийн ажлыг зохион байгуулах” түр журам гарган мөрдөж байна.
    • Нийт ажилчдын дархлааг дэмжих зорилгоор 309 ажилтанд 7071 мянган төгрөгөөр Д аминдэм, витагрипп авч олгосон.
    • Ариутгал халдваргүйжилтийг чанартай хийх зорилгоор бүх өрөө тасалгаанд спиртэн суурьтай хөвөн байршуулж, компьютер хэрэгслийг ариутгаж байна.
    • Цар тахлаас урьдчилан сэргийлэх “Маскаа зүүцгээе-Гараа угаая-2” аяныг дэмжиж ажиллах зорилгоор “Хандлагаа өөрчилье-Хамтдаа хичээе” аян зарлан халдвар хамгааллыг баримтлан ажиллаж байна.
    • Шилжүүлэн ачих ангийн 307 ажилтан буюу 99.3 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Ажилтнуудад нэг удаагийн амны хаалт 26408, комбинзон 246, нэг удаагийн малгай 860, санитос-143 ширхгийг тус тус олгоод байна.
    • Цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эхний таван сард ангийн хэмжээнд 18559 мянган төгрөг зарцуулаад байна.
    • Ажлын байр, өрөө тасалгааны ариутгал халдваргүйжилтийг долоо хоногт дөрвөн удаа 66 ажлын байр 2125 ам метр талбайг ариутгуулж байна. Нийтдээ “Баяндэмбэрэл” ХХК-аар 102146 ам метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийлгэлээ.
    • БНХАУ-аас ирж байгаа импортын ачаа, орон нутаг ачилтаар автомашинтай ирсэн ачааг “Баяндэмбэрэл” ХХК, “Жүд Жи Жигдэн” ХХК–ууд ариутгаж байгаа бөгөөд эхний таван сарын байдлаар нийт 45796 вагон, чингэлэгт ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн.

    Сэтгэгдэл үлдээх