Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2020-12-31

МЭНДЧИЛГЭЭ

Шинэ оноо бахдам дээд амжилтаар угтаж байгаа төмөр замчид, ахмадууддаа айлчлан ирж байгаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

       Улиран одож байгаа 2020 онд дэлхий даяар гамшгийн аюул нүүрлэсэн хүнд жил байсан ч УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн найдвартай, тасалдалгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Коронавируст халдварт цар тахлын улмаас УБТЗ-д нилээдгүй хүндрэлүүд үүссэн ч эрсдэлийг даван туулах хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, шаргуу ажилласны үр дүнд УБТЗ-ын төлөвлөгөөт зорилт биелж түүхэн дээд амжилтыг дахин тогтоож чадлаа.  2020 онд манай төмөр замчид  30 шахам  сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оныхоо амжилтыг давж биелүүллээ.

         Монгол Улсын нутгаар дамжин Ази-Европ, Хятад-Оросын хооронд тэгш болон сондгой чиглэлд аялсан чингэлгийн галт тэрэгний тоо 2300 хүрсэн нь өмнөх оноосоо 800 гаруй галт тэргээр илүү байна. 

        2020 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Орос, Казахстаны өндөр хүчин чадалтай коридоруудтай өрсөлдөн нийт дамжин өнгөрсөн чингэлгийн 20 гаруй хувийг тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэсээ 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь хамгийн өндөр өсөлттэй коридороор тооцогдож байна.

        Энэ амжилт нь УБТЗ бүс нутаг, олон улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулаад зогсохгүй Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болсныг нь баталж байна.

         УБТЗ тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч, техник технологийн олон  шинэчлэл хийлээ. Гол замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Сумангийн зоо-Замын Үүд-2 хоорондын 68 километр замыг шинэчилж, Замын Үүд-2, Дархан-1, Чулуут, Баян, Аршаант өртөөг өртгөтгөж, хүлээн авах, боловсруулах  хүчин чадлыг нь нэмлээ. 

       Мөн Зүүнхараагийн вагон засварын депог шинэчлэх төслийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн үйлдвэр”-ийг  ашиглалтад оруулж, зүтгүүр болон бүх төрлийн вагоны дугуйг дотооддоо угсарч засах бололцоотой боллоо. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар жилдээ 1500  хүртэлх хос дугуйг угсарч, гадагшаа урсаж байсан валютын урсгалыг зогсоох боломж нээгдэж байна.

       Хөдлөх бүрэлдэхүүний паркаа шинэчлэх ажлын хүрээнд өндөр хүчин чадалтай гол замын 10, сэлгээний 5 шинэ зүтгүүрийг 2020 онд худалдан авсан нь өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн тасалдалгүй, найдвартай байдлыг хангах чухал нөхцөлийг хангаж өглөө.

       2020 онд УБТЗ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урьдын адил томоохон үүрэг гүйцэтгэлээ. УБТЗ-ын хамт олон Зүүнбаян-Тавантолгойн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, ганцхан жилийн дотор 100 гаран километр төмөр зам тавьж, төмөр замын түүхэнд тод мөрөө үлдээж чадлаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа  ажилд бодит хувь нэмрээ оруулж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төмөр замыг барих ажлыг хийж гүйцэтгэлээ. Тэрчлэн коронавируст халдварт цар тахлын гамшгийн үед эм, тариа, хүнс зэрэг нэн шаардлагатай  ачаа барааг манай төмөр замчид шуурхай тээвэрлэж, гамшгийг даван туулахад бодит хувь нэмрээ оруулсаар байна.

        Энэ жил дэлхий дахинд коронавирусын халдварт цар тахлын улмаас олон байгууллага, аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгож байгаа ч УБТЗ ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж авч үлдэж чадсан төдийгүй үндсэн цалинг нь 10 хувиар нэмж нийгмийн хариуцлагатай байгууллага, хамт олон болохоо харууллаа. Төмөр замчдынхаа нийгмийн асуудалд анхаарч Бэлэндалай, Мааньтын 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулснаас гадна шугам замд ажилладаг төмөр замчдын олон арван сууцны байрыг засварлаж тэдний тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг хангалаа.

        Энэ онд манай эмнэлэг, худалдаа, кейтеринг зэрэг нийгмийн салбарын ажил үйлчилгээнд олон шинэлэг ахиц дэвшил гарч, үйлчилгээний чанар хүртээмж нь дээшилж, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

       УБТЗ-ын хамт олны  2020 онд олсон бахдам амжилт бол манай нийт 16 мянган  төмөр замчдын нөр их хөдөлмөр зүтгэл, хөлс хүч шингэсэн ажлын үр дүн юм.

        Угтан золгож байгаа шинэ ондоо айх аюулгүй, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг нийт төмөр замчиддаа хүсэн ерөөе.

        Ган зам нь зүрайж, галт тэрэг нь саадгүй хурдан байх болтугай 

     

                                                                                 УБТЗ-ЫН ДАРГА   Д. ЖИГЖИДНЯМАА                  

Сэтгэгдэл үлдээх