Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Лхүндэвийн Сэнгээ

Дөрвөн улирлын өнгө

Уран хөхөө уянгалуулан донгодох нь урин хавар ирснийх

Унаганы уруул, яргуйн дэлбээнд хэдийнээ түлэгдээ дээ

Алаг цэцэгс айзам хэмнэлээр найгах нь дэлгэр зун айлчилсных

Аагим халуунд түүчээ тогоруу аргагүй л нуур руу дэгдээ дээ

Тариан түрүү алдуул салхинаа халиурах  нь намар цаг болсных

Таанын үнэрт айраг шуугин исэхэд найр наадам жигдрээ дээ

Цан хүүрэг цавцайн, тэсгим хүйтэн тасхийх нь дүн өвөл дүүрснийх 

Цасан дор анхны яргуй хэнзэлж хавар цагийг зөгнөө дөө

Аавын  өдөр

Үүрийн гэгээтэй уралдан адуундаа явсан аавын минь

Үнэгэн лоовуузны бүчинд өглөө эхэлж ирдэг

Удамт хурдан хүлгүүдээ уулын хяраас буулгахад нь

Уурганых нь үзүүрт нар анхалж манддаг

Цан хяруутай моринооосоо уяан дээр буухад нь

Цайны дээжийн дусал ган дөрөөг нь мялаадаг

Ялгуун саарал морь нь амгай харшуулан эвшээлгэхэд

Яахын аргагүй сайхан өдөр болох нь гэж аав билэгшээдэг

Өндөрт мандсан наран хоргодон байж жаргадаг

Өвлийн тэр урт өдөр уургач аавын минь өдөр

Эрхэмсэг амирлангуй

Нутгийн дүү яруу найрагч, зураач Б.Пүрэвсүрэн агсанд

Алтан Дуулгын оройгоор бударсан цас 
Аль нэгэн цагт мөс болон хувирна
Учрал шувууд далавчаа нэгэнтээ дэвэхүйд
Уур болж хурмастад дэгдэн
Хувилгаан бараан үүлнээ хувирах нь
Хувь заяа гэх оньсого мэт таагдашгүй
Дэлгэр-Овооны дээд тэнгэрт
Дээдэс хилэгнэх адил зангирах
Тэр бөөн үүлнээс цав цагаахан бороо
Тэнүүлч эр гэрийнхээ зүг гэлдрэх шиг
Аажуухан ганц нэгхэн дуслахуйд
Алаг цэцэгс дэлбээгээ хумьж ичингүйрэн
Айлын бүсгүйчүүд өрхөө бүтээж хаширлах ч
Аниргүйхэн тал хэн нэгнийг хүлээх мэт  
Тэрхэн зуурт тэртээ дээр элэн хальж
Тэндээсээ орчлонг хомхойрон ширтэх
Хагацал шувуу далавчаа нэгэнтээ гөвөхүйд
Хаан хөх уулс гуниглах адил дүнсийвч
Хаа нэгтээ халамцуу хөх өвгөн найр хөгжөөн
Хачин солгой өнгөөр уртын дуу шуранхайлах нь
Өрнийн гайхамшиг Испани аялгуу эгшиглэхээс ч
Өөриймсөг болоод эрхэмсэг амирлангуй

Энэ галт тэрэг

Манай өртөөнд өглөө бүр

Мандах нарыг тээж ирдэг

Энэ галт тэрэг эхнэрийн минь

Цайны дээжтэй цааш одно

Цаг цагийг товчоолж

Өөр өөр өртөөдөд

Өдрийг бүтнээр нь түгээн 

Эргэж ирэхдээ тэргэл сарыг

Энхрийлэн бүүвэйлж

Од мичдийн анивчаан дунд

Олныг зүүдэнд нь жаргаан

Амтат нойрноос нь сэрээхгүйгээр

Аяар чимээгүйхэн урагшилж 

Дэнлүү барин үдэх гоо бүсгүйн

Дэрэвгэр сормуус ичингүйрэн буух  шиг

Сүүлийн дохиогоо хаа нэг нууцалсаар

Сүүмийх харанхуйд  нэг мөсөн уусна

Дугуйн төвөргөөн нь хэсэгтээ л

Дурласан  залуугийнх нь шивнээ шиг  

Их бүлээхэн нэг л зөөлнөөр 

Ирж буй цагийг илтгэн  лугшина

Төдхөн үл таних өөр нэг бүсгүй

Зөвхөн над руу талимааран харж

Зөнгөөрөө зөөлөн инээмсэглэх адил

 Талын тэртээгээс үүр  гэгээрэн

Танил төвөргөөн сонор мялааж

Ханийн минь чанасан цай

Халиваа шилгээн дэврэх нь

Нар тээсэн мөнөөх галт тэрэг

Манайхыг зорин ирж  яваа нь тэр

Энэ галт тэрэг ирж буй галт тэрэг

Эхнэрийн минь шившиж өргөсөн

Цайны дээжээр үдүүлэн цааш одно

Цаг нь болохоор эргээд л ирнэ

                         энэ галт тэрэг


Зуны шөнө

Дэлгэр зуны саруулхан шөнө

Дэндүү гэмээр намуухан  

Дэнжийн айлуудын сөхөөстэй хаяавч

Дэрвэх ч үгүй, хөдлөх ч үгүй

Хаяахан чөдөртэй морь тургилах нь

Хачин содон сонор дэлдэж 

Энэ шөнийн аниргүй төрхийг

Этгээд өнгөөр чимэх адил 

Хаа нэгтээ бяцхан болжмор  

Халуухан элгэн дэх өндгөө

Хагарч байна гэж зүүдлэн  

Далавчаа сандран дэвэхэд

Даруйхандаа сэрүү татавч  

Дахиад л нам гүм болно

Харин энэхэн зуурт

Хаалга дэлгээтэй гэрийн

Хаан хойморт хатан амьсгаа

Хамаа намаагүй давчдан 

Аяарсал алдагдаж ач тач болох ч 

Аажуухандаа амар жимэр эзэмдсээр

Амар амгаландаа дуг нойрсоно

Дээрээс мэлтийх тэргэл саран

Дэргэдүүр нь жирвэлзэх түмэн одод

Аниргүйхэн энэ шөнийг  

Алсаас  чимээгүйхэн ширтэх ч

Үе үехэн ичингүйрч

Үүлсийн дунд зүсээ нууна

Сэтгэл нь тэндээ төвдөхгүй

Сиймхийгээр нь сэмхэн шагайлна

Дэлгэр зуны саруулхан шөнө

Дэггүй мөртлөө дэндүү намуухан


Сүүн аялгуу

Тэр бүсгүйтэй тааралдсан өдөр

Тэртээ дээр солонго татсан

Бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрээс

Бүлээхэн бороо зөөлөн шивэрсэн

Дээд тэнгэрийн хишиг гэмээр

Дээл норгох төдий тэр дуслуудтай  

Яахын аргагүй сэтгэл хөндөх

Яруухан эгшиг хамт шивэрсэн

Дээрээ шүхэр дэлгэх юм бол

Дэндүү эмзэгхэн тэр эгшиг  

Зүрхний гүнд хөндүүрлэн байгаад

Зүгээр л арилчих юм шиг санагдсан

Зүүд адил тэр  бодлоо манаж

Зөндөө удаан ганцаар алхсан

Нар гудайж солонго арилсан

Намуухан бороо ч бас татарсан

Гэрийн минь салхивчаар сүүн аялгуу

Гэргий минь охиноо бүйвэйлэх сонсогдсон

Сэтгэгдэл үлдээх