Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Эхний хагас жилд 15.9 сая тонн ачаа тээвэрлэлээ

УБТЗ-ын хамт олон цар тахлын аюул нүүрэлсэн энэ хүнд цаг үед оны эхний хагас жилийн ачаа тээврийн төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Тодруулбал, эхний хагас жилд 15.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар давсан үзүүлэлт юм. Экспорт, импорт, орон нутаг, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс өссөн байна. Түүнчлэн, дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо эхний хагас жилийн байдлаар 1119-д хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 179 галт тэргээр илүү байгаа аж.
Коронавируст цар тахлын хүнд үед УБТЗ-ын хамт олон ард иргэдэд нэн шаардлагатай ачаа барааг шуурхай тээвэрлэж ирсэн нь гамшгийн үеийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
УБТЗ нь 2020 онд 30 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт тогтоож, дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэн 2312 чингэлгийн галт тэрэг аялуулж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар нь үлэмж өссөн. Түүнчлэн, тус нийгэмлэг нь шинэ төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтад түүчээлэн оролцсон зэрэг амжилтаараа Монгол Улсын 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн зургадугаар байрт эрэмбэлэгдлээ. 
Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нэн чухал хэрэгцээтэй ачаа барааг УБТЗ-ын хамт олон 24 цагаар зогсолтгүй тээвэрлэж байна. Ийнхүү Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа УБТЗ-ын хамт олны хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ зүй ёсоор үнэлсэн байна. 
Тус нийгэмлэг нь сүүлийн дөрвөн жил дараалан ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байгаа бөгөөд жил бүр амжилтаа ахиулж иржээ. 2017 онд 14 дүгээрт, 2018 онд 10 дугаарт, 2019 онд наймдугаарт шалгарсан бол энэ удаа зургадугаар байрт шалгарсан байна.

Сэтгэгдэл үлдээх