Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-07-10

МЭНДЧИЛГЭЭ

Монголын ард түмний өв соёлын гайхамшгийг илтгэсэн Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан нийт төмөр замчид, ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлье.

    Энэхүү тэмдэглэлт өдрийг УБТЗ-ын хамт олон хөдөлмөр бүтээлийн бахдам амжилтаар угтаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Манай төмөр замчид энэ оны эхний хагас жилд 15,9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,9 хувиар илүү байна. Экспорт, импорт, орон нутаг, транзит тээврийн хэмжээ бүгд өслөө.

   Коронавируст цар тахлын хүнд үед манай төмөр замчид ард иргэдэд нэн шаардлагатай ачаа барааг шуурхай тээвэрлэж, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

    УБТЗ-ын хамт олны Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцох оролцоо улам нэмэгдэж,  Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг амжилттай барьж байгуулсан нь төмөр замын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал боллоо.

     Эдгээр амжилт нь УБТЗ-ын хамт олон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаагийн илэрхийлэл юм.

   “УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн Газар, бизнес эрхлэгчид өндрөөр үнэлж монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 дугаар байранд шалгарууллаа. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын хамт олны дундаас 9 хүн салбарынхаа гавъяат цолоор, олон арван хүн төрийн одон, медалиар шагнуулсан нь “УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн бас нэгэн бодит илрэл юм.

    УБТЗ-ын хамт олон цаашид улам шамдан ажиллаж, улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг ханган ажиллах болно.

     Коронавируст цар тахлын халдварын улмаас монголын ард түмний уламжлалт  Үндэсний их баяр наадмыг хойшлуулсан ч удахгүй сайхан цаг ирж, монголын уудам тал нутагт эрийн гурван наадам болж, уртын сайхан дуу уянгална гэдэгт итгэл дүүрэн байна.

    Сайхан цагийг хамтдаа угтая.

 

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга   И.В.МИЛОСТНЫХ

 

 

Сэтгэгдэл үлдээх