Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Төв эмнэлэг ковидын шинжилгээ хийх лаборатори нээлээ

УБТЗ-ын Төв эмнэлэг дотооддоо ковидын шинжилгээ хийх лабораторитой боллоо. Тодруулбал, уг лабораторийн барилгыг Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийнхан засварлаж, Замын даргын хаврын үзлэгийн үеэр “Зургадугаар сарын 20-д гэхэд дуусгана” гэж байсан билээ. Тэд амласан хугацаандаа барилгын ажлаа дуусгаж, тохижилтоо бүрэн хийснээр тоног төхөөрөмж байршуулсны дараа  албан ёсны нээлтээ энэ сарын 2-нд хийсэн билээ. Нээлтийн ажиллагаанд Замын Хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ч.Цогтбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар, ЦХОБА-ны дарга Д.Гантөмөр, Төв эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн орлогч дарга Д.Цогт-Очир нар оролцлоо. Лабораторийн нээлтийн үеэр Замын орлогч дарга Ч.Цогтбаяр “Цар тахал манай улсад төдийгүй дэлхий нийтийг хамарсан энэ үед УБТЗ-ын удирдлагууд болон Төв эмнэлгийн ажилтнууд, энэхүү лабораторийг байгуулж байна. Төмөр замчдын нөр их хөдөлмөрийн үр дүнгээр бид өнөөдөр Молекул биологийн лабораторийг төмөр замд анх удаа нээж байна. Энэ бол түүхэн үйл явдал юм. Цаашид төмөр замчдынхаа эрүүл энхийн манаанд бүрэн зогсож, өөрийн гэсэн лабораторидоо олон төрлийн шинжилгээ хийх нөхцөл бүрдлээ. Өнөө үед улсын хэмжээнд PCR шинжилгээний авалт хумигдсан үед төмөр замын Төв эмнэлэг шинэ лаборатори нээж буй нь бидний бахархал юм. Лабораторийнхоо үйл ажиллагааг нь улам идэвхжүүлж, цаашид авч явах хүмүүст ажлын өндөр амжилт хүсье” гэлээ. Молекул биологийн лабораторид одоогийн байдлаар хоёр эмч, хоёр лаборант, нэг үйлчлэгч ажиллах юм байна.
Төв эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн орлогч дарга Д.Цогт-Очир “Энд ажиллах эмч, лаборантуудаа ХӨСҮТ болон АШУҮИС-ийн лабораториудад дадлага сургалтад бүрэн хамруулсан. Өнөөгийн байдлаар, тус лабораторид БНСУ-ын “SeeGene” компанийн BioRad CFX96 маркийн полимеразын гинжин урвалын аппарат, нуклейн хүчил ялгах Seeprep-32 аппарат зэрэг тоног төхөөрөмжтэй байна. Полимеразын гинжин урвал ялгах аппарат нь “SeeGene” компанийн ковид-19 вирус илрүүлэх оношлуурыг ашиглаж байгаа бөгөөд уг оношлуураар өдөрт 200-300 хүнд шинжилгээ хийх боломжтой. Нуклейн хүчил ялгах аппарат нь 25 минутад нийт 32 хүний нуклейн хүчил ялгах хүчин чадалтай. Ажлын долоон цагт 188 хүнд ковид-19 вирус илрүүлэх шинжилгээ хийнэ. Бидний бас нэг давуу тал нь ковид-19 вирус илрүүлэх шинжилгээг бодит хугацааны ПГУ-ын аргаар тодорхойлох юм. Үүний зэрэгцээ БНХАУ-ын “SNIBE” компанийн дэлхийн 100 гаран оронд хэрэглэдэг MAGLUMI аппаратаар ковид-19 вирусийн халдвар авсан хүний биед үүсдэг иммуноглобулин MG болон вакцин тогтоцын чадамжийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийнэ” хэмээн танилцууллаа. 
Ийнхүү лабораторийн нээлтийг хийж, тууз хайчилсны дараа доторх өрөө тасалгааны зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь танилцууллаа. Лабораторийн гадна, дотор талыг хянах зориулалтаар өндөр нягтаршилтай зургаан камер суурилуулжээ. Гэсэн хэдий ч цаашид ЦХОБА-наас харуул хамгаалалт ажиллуулах шаардлагатайг лабораторийн эрхлэгч Х.Өнөржаргал хэлсэн юм. Агааржуулалтын систем нь эерэг болон сөрөг даралт үүсгэж үлээх, сорох горимтой бөгөөд халуун, хүйтнээр үлээх тохируулгатай аж. Мөн цагт 2000 шоо метр агаар сэлгэх хүчин чадалтай, сорж буй агаарыг HEPA шүүлтүүрээр шүүн агаар мандалд гаргахаараа гадна орчинд ямар ч эрсдэлгүй гэнэ. Энэ нь, олон улсын Биоаюулгүйн III зэрэглэлийн шаардлагад нийцсэн гэдгийг танилцууллаа. 
Төмөр замын хэмжээнд цар тахлын халдвар авсан хүний тоо төдийлөн буурахгүй байгаа бөгөөд Төв эмнэлэгт 80 ортой хоёр тасаг нээн, халдвар авсан зарим ажилтныг хэвтүүлэн эмчилж байгаа билээ. Уг хоёр тасагт Төмөр замын Улаан загалмайн хороо үйлчлүүлэгч нарын тав тухыг хангах, эрүүл мэндэд нь тус дэм болох зорилгоор 80 орны бүтээлэг хандивласан байна. Тиймээс лабораторийн нээлтийн үеэр Замын Хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч, Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр Улаан загалмайн хорооныхонд талархал илэрхийлээд “Хүнд цаг үед тусалсан та бүхний сайн үйлс халдварт цар тахлын гамшгийг даван туулахад хамтын хүчин чармайлт чухал гэдгийг бодитоор мэдрүүлж чадлаа. Цаашид ч бидний хамтын ажил үйлс нягт холбоотой байх болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх