Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-01-12

УБТЗ-ын хамт олон үүссэн хүндрэлийг давж, халдварын тархалтыг таслан зогсоолоо

        Энэ сарын 9-нд ЗТХЯ-нд болсон  Улсын онцгой Комиссын  хуралдаанаас  2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УОК-ын даргын 25 тоот тушаалаар байгуулсан “Шуурхай бүлэг” үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн тул татан буулгах шийдвэр гарсан. Уг шуурхай бүлэг нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй байгуулагдсан юм. Шуурхай бүлгийг ЗТХ-ийн сайд ахалж, бүрэлдэхүүнд нь УБТЗ-ын удирдлага, гол албад, өртөө зангилаадын дарга нар орж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

    Тухайн үед Сэлэнгэ аймагт цар тахлын шинэ голомт тогтоогдож, Сүхбаатар зангилааны төмөр замчдад халдвар тархаж эхэлснээр Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Айраг, Сайншанд, Замын-Үүд өртөөдөд халдвар богино хугацаанд дамжин тархаж,  Монгол Улсын урд, хойд хилийн өртөө, завсар, дундын өртөөдийн төмөр замын 2225 ажилтан тусгаарлагдан, хөл хорионд орсон нь ажиллах хүчний дутагдалд орж, төмөр замын тээврийн тасралтгүй  хэвийн найдвартай үйл ажиллагаа доголдох эрсдэлд хүрсэн юм. Үүссэн нөхцөл байдлыг  богино хугацаанд үнэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Сүхбаатар зангилаанд тусгаарлалтад орсон ажилтнуудын оронд хөдөлгөөн зохион байгуулалтын 43, вагоны албаны 5, кейтеринг төвийн 6, эмнэлгийн 1, зорчигчийн 12 ажилтан, Айраг өртөөнд  Олон-Овоо өртөөний 1 ажилтныг түр томилж ажиллуулсан байна. Мөн хүний нөөцийн  дутагдалтай газруудад тэтгэврийн 26 ахмадуудыг дайчлан ажиллуулжээ. Нөхцөл байдал хүндэрч болзошгүй зангилаадад шаардлагатай үед ажиллах хүний нөөцийн судалгааг алба, хэлтэс бүрээр гарган төлөвлөж, бэлэн байдлыг хангасан байна. Тэрчлэн нөхцөл байдал хүндэрсэн газруудад УБТЗ-ын удирдах ажилтнууд очиж ажилласан. Төмөр замын хөдөлгөөний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатар, Замын-Үүд, Дархан өртөөдөд төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилчдыг вагон, зочид буудалд тусгаарлан байрлуулж, ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

      Ийнхүү шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн найдвартай үйл ажиллагаа доголдох эрсдэлийг арилгаж чадсан юм. Ингэснээр экспорт, импорт, орон нутаг, транзит тээвэр тэр дундаа ковид-19 халдварт цар тахлын үед нэн шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, нүүрс зэрэг ачаа барааг цаг хугацаанд нь тээвэрлэж байна.

     Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын зэрэгцээ Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж авч хэрэгжүүлжээ. Энэ ажлын хүрээнд УБТЗ-ын 15956 ажилтныг “Ковид-19” халдварын түргэвчилсэн оношлуураар, 12680 ажилтныг PCR-ийн шинжилгээнд хамруулж, тэдний гэр бүлийг давтан PCR оношлуураар шинжилгээнд хамруулсан байна. Мөн цар тахалд өртөх эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдын ажлын байр, албан тушаалын судалгааг гаргаж, нэмэлтээр 6256 ажилтанг  PCR-ийн давтан шинжилгээнд хамруулжээ. Үүний үр дүнд УБТЗ-ын хэмжээнд халдвар авсан 77 ажилтныг богино хугацаанд эрт илрүүлж, халдвар тархах эрсдэлийг таслан зогсоожээ. Өнөөдөр эдгээр 77 ажилтны нэг хүнээс бусад нь эдгэрээд байна. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөг хүртэл УБТЗ-ын хэмжээнд халдвар дахиж бүртгэгдээгүй байна.

      Мөн УБТЗ-ын хэмжээнд ажлын байр, орчны ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч, 117,880 ажлын байр, 5,240,543 м2 талбайд, 567 галт тэрэг, 27,990 вагон, чингэлэгт  ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийжээ. Сүхбаатар, Замын-Үүд хилийн өртөөд, Улаанбаатар шилжүүлэн ачих ангийн ажлын байр, дэлгүүр, цайны газар, зэрэг эрсдэл ихтэй ажлын байруудаас арчдасын дээж авч, шинжилгээнд хамруулсан бөгөөд эмгэг төрөгч нян илрээгүй байна. Мөн ариутгагч  кварцын гэрэл, “смарт” хаалга зэргийг ашиглаж тээврийн бичиг баримт, өрөө тасалгаанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.Төмөр замын шугам зам дагуух бие засах газар, ариун цэврийн өрөө, бохирын цооног, гүний болон зөөврийн худгуудад үзлэг шалгалт, шинжилгээ хийж, халдвараас хамгаалах холбогдох арга хэмжээг авсан байна.

      Энэ бүх ажлын үр дүнд УБТЗ-ын хамт олон Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, халдварыг таслан зогсоож чадлаа.

     Монгол Улсын шадар сайд, УОК-ийн дарга  Я.Содбаатар УБТЗ-д үүссэн хүндрэлийг богино хугацаанд давж, халдварын голомтыг таслан зогсоож, төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж чадсан явдал нь нийт төмөр замчдын өндөр зохион байгуулалт, сахилга батын үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж талархал илэрхийлээд халдварт цар тахлын эсрэг зохиох ажлаа цаашид улам эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.  

      

Сэтгэгдэл үлдээх