Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

“УЛСЫН УДАРНИК” ЗОХИОЛЧ Амгаагийн Самбалхүндэв

Хэдийгээр, мэргэжлийн төмөр замчин биш ч төмөр замтай ажил амьдралынхаа нэгэн үеийг холбож, тос даасан модон дэрэн дээгүүр замчидтайгаа мөр зэрэгцэж алхан, галт тэрэгний дохион дуунаар эрч хүчээ сэлбэж, шинийг бүтээх урам, онгодоо хөглөж явсан олон арван уран бүтээлчид бий. Тэдний нэг нь 1961-1968 онд МЗЭ-ийн албан томилолтоор Улаанбаатар төмөр замд мэргэжлийн зохиолчоор ажиллаж асан ахмад зохиолч, яруу найрагч, Монголын шинэ үеийн утга зохиолын нэртэй төлөөлөгчдийн нэг Амгаагийн Самбалхүндэв билээ. Тэрээр, одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутагт мэндлэн, бага наснаасаа нутаг хошууныхаа бичиг номтой хүмүүсийг түшиж, эрдэм соёлын үйлсэд шамдан суралцсан нэгэн байжээ. Төдхөн нутгаасаа нийслэл Улаанбаатар хотыг зорьж, Багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж, төгсөн улмаар ЗХУ-ын Харьков хотын Хилийн цэргийн дунд сургуульд суралцахаар хилийн дээс алхав. 
Түүнийг ЗХУ-д суралцаж байхад Аугаа их эх орны дайн эхэлж, тэрээр, Харьков хотыг фашистын түрэмгийлэгчдийн довтолгооноос хамгаалах бэхлэлтийн барилгын ажил, сургуулиа нүүлгэн шилжүүлэхэд анги, салбарынхныхаа хамт идэвхийлэн зүтгэж явсан ч бэртэж, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага тулгарсан тул аргагүй эх орондоо буцаж ирсэн аж. Биеэ тэнхэрсний дараа Хилийн цэрэгт номын багш, “Эх орны манаа” сонинд сурвалжлагч, Хилийн цэргийн ангид улс төрийн орлогч зэрэг ажлыг 10 шахам жил гүйцэтгэв. Энэ үедээ л яруу найрагч, зохиолчидтой ойр  танилцаж, “Хилчин бидний хэлэх үг” нэртэй анхны шүлгээ бичиж, нийтлэл, найрууллуудаа сонин хэвлэлд гаргаж эхэлсэн байдаг.
Түүний амьдралын мөчлөгт ЗХУ-д суралцаж байхдаа олж авсан орос хэлний суурь мэдлэгээ батжуулахын тулд Орос хэлний багш нарыг бэлтгэх курс төгсөж, энэ мэргэжлээрээ цөөнгүй жил, шинээр гарч эхэлсэн “Найрамдлын зам” сонинд ганц нэгхэн жил ажилласан онцлог үе бий. Үүнийхээ зэрэгцээ шүлэг зохиолоо шимтэн бичсээр 1959 онд “Удмын нөхөрлөл”, 1960 онд “Бэлэг”, 1961 онд “Гал цэцэг” номуудаа уншигчдад хүргэжээ. Жил дараалан хэвлүүлсэн эдгээр бүтээл нь шүлэг, өгүүллэгээс эхлээд жүжиг, дуу, кино зохиол гээд утга зохиолын олон төрөл, жанрыг хамарснаараа онцлог байв. Харин, агуулгын хувьд эх орон ард түмнээ магтан дуулсан, тухайн үедээ цэрэг, эх орны гэж нэрлэж асан тийм сэдэв зонхилж байсан аж. 
Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ, Д.Цэвэгмид, Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын авьяастнуудын энэ төрлийн томоохон бүтээлүүд ард түмний сэтгэлд ассан гал шиг дүрэлзүүлж, араас нь Ц.Гайтав, Д.Тарваа, Ч.Лхамсүрэн, Ч.Ойдов, Ч.Лодойдамба, Ч.Чимид нар авьяасаа задгайлан нэхэж явсан үе болохоор арга ч үгүй биз ээ.
Яг энэ цаг дор Монголын утга зохиолд цоо шинэ нэгэн сэдэв хүч түрэн орж ирсэн нь төмөр замын сэдэв байлаа. Ч.Лхамсүрэнгийн 1949 онд бичсэн “Ган зам” гэх богинохон шүлэг төдхөн дуу болж, хэд, хэдэн аятайгаар дуулагдаж эхэлсэн ч Л.Мөрдоржийн зохиосон ая дангаар ард түмэнд хүрч, төмөр замын сэдэвт зохиол бүтээлийн түүчээ болсон юм. Ийнхүү шинэ тутам бүрэлдэн бий болсон төмөр замчдын ажил, амьдралыг утга зохиолын хэлээр илтгэн харуулах их урсгал эхлэлээ.  
МЗЭ-ийн тухайн үеийн удирдлага ч үүнд онцгой их ач холбогдол өгч УБТЗ-ын хамт олны дунд мэргэжлийн зохиолч ажиллуулахаар шийдвэрлэж, хэд, хэдэн зохиолчийн нэр дэвшүүлэн хэлэлцсэний эцэст 1958-1959 онд “Найрамдлын зам” сонинд зурвасхан хугацаанд сурвалжлагчаар ажиллаж асан А.Самбалхүндэвийг сонгожээ. 
Монгол-Зөвлөлтийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д Зөвлөлтийн мэргэжилтнүүд олон арваараа ажиллаж, удирдах бүрэлдэхүүн нь үндсэндээ Орос хүмүүс байсан нь орос хэлээр чөлөөтэй ярьдаг, дайны хүнд үед тэдэнтэй хамт жаргал зовлон туулан, аж амьдрал, зан чанарынх нь онцлогийг сайн мэдэх болсон  нь түүнийг сонгоход нөлөөлсөн болов уу. Тэгээд ч А.Самбалхүндэв тухайн үед үеийнхэн дотроо уран бүтээлийн хувьд “цахиур хагалж” нэртэй зохиолч, яруу найрагч болсон байжээ.
Ийнхүү 1961 оноос эхлэн түүний уран бүтээлд төмөр зам, төмөр замчдын сэдэв зонхилох байр суурийг эзлэх болсон байна. Түүний уран бүтээлийн гараа ч амжилтаар дүүрэн байлаа. 1959 онд Төмөр замын Соёлын ордон байгуулагдсан нь зөвхөн түүний хувьд ч биш нийт утга соёлыг эрхэмлэгчдэд бүтээж туурвих тун тааламжтай хөрс суурийг бүрдүүлжээ. 1961 оны зургаадугаар сард А.Самбалхүндэвийн бичсэн “Ногоон гэрэл” жүжиг тайзнаа тавигдаж, зохиолчдоо “Улсын ударник” гэх хүндтэй шагналыг авчирав. Тухайн үед энэ нь одоогийн салбарын тэргүүнтэй дүйхүүц шагнал байсан аж. Түүгээр ч үл барам төмөр замын тосгонд хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ. Энэ нь, төмөр замын сэдэвт зохиол бүтээлийн хувьд төдийгүй, зохиолч уран бүтээлчдийн хувьд уг шагналын анхны шанг татсан хэрэг байлаа. Ер нь, түүний хувьд төмөр замын ажил, амьдралд тун амархан дасаж, зүрхнийх нь хэмнэлийг зөв мэдэрч чаддаг болсон нь тэр үеийнх нь уран бүтээлээс нь тод харагддаг.
Тухайлбал, галт тэрэгний хурдыг 
...Шандас сайтай морийг 
Цуцааж байсан нутгаар
Мяндас ихтэй атыг
Эцээж байсан говиор... хэмээн орон зай цаг хугацааны 
оновчтой харьцуулалтаар илэрхийлсэн бол өөр нэг шүлэгтээ
...Мааньтын өртөө хүрэвч
Хүүхнийг яаж сурах вэ
Машинч хүн гэдэг чинь
Хүрээд гараад очиж болохгүй... гэж төмөр замчдын 
мэргэжлийн онцлог, хариуцлага сахилгын мөн чанарыг тун эвтэйхнээр харуулсан нь бий. Мөн, эндээс түүний бичлэгийн толгой, сүүл бус аялага холбож бичих өвөрмөц онцлогийг харж болох билээ. Хожим, “Монголын утга зохиол судлал” номд энэ тухай “А.Самбалхүндэв нь Монголын утга зохиолд аялага холбох төрлийг оруулж ирсэн” хэмээн дүгнэсэн байдаг. Зохиолч нөхөд нь түүнийг Б.Ринчин абагуйн дараа орох  хошин шогийн мэдрэмжтэй хэмээн дурссан нь бий. Үүний зэрэгцээ өөрөө ч тэдний дунд яригддаг явган шог буюу өнөөгийнхөөр “онигоо”-ны баатруудын нэг явж. Үеийнх нь зарим нэгэн түүнийг Самбаа гөөгөө хэмээж, –Сүхбаатарын хөшөө тойрсон гинжин холбоотой арслан нэгээр нэмэгдсэн чинь тэр нь Самбаа гөөгөө байж гэнэ... гэхчилнэ. Ер нь, түүнийг танидаг бүхэн Самбаа, Амбаа хэмээн авгайлдаг байсан гэдэг. 
Тэрбээр, гүндүүгүй эгэл төрхтэй, ихэд биерхүү, ханхар сайхан эр байж. Хожим “Монгол кино үйлдвэр”-т ажиллаж байхдаа, алдарт Д.Жигжид найруулагчийн “Өглөө” киноны зурвасхан хэсэгт ноён хувцастай авахуулсан дүрсийг нь хараад, нээрэн л ардын дууны Юндэнгөөгөө гэж иймэрхүү л эр байсан болов уу... гэх бодол зурсхийж билээ. А.Самбалхүндэв анх 1959 онд Төмөр замын Соёлын ордныг түшиглэн яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн байгуулсан утга зохиолын дугуйлангийн эрхлэгчээр 1964 оноос эхлэн гурван жил гаруйн хугацаанд ажиллаж, төмөр замчин уран бүтээлчдийн авьяасыг хурцлахад хичээн зүтгэж явсан яруусахуйн ухааны багш юм. Тус дугуйлангийн дөрөв дэх эрхлэгч гэсэн үг л дээ. Энэ ташрамд өгүүлэхэд домогт “Ган зам” дууны зохиогч Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн тэр хоёр уран бүтээлийн халуун анд, ураг барилцсан худууд юм билээ.
А.Самбалхүндэвийн хүү С.Хаш-Эрдэнэ, Ч.Лхамсүрэн найрагчийн охин Л.Чулуунцэцэг нар гэр бүл болж, уран бүтээлч аавуудынхаа гэгээн үйлсийг үргэлжлүүлж явна. Тэд, энэ удаа нэртэй уран бүтээлч А.Самбалхүндэв аавынхаа мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх санаачилга гаргаж, утга зохиолд элгэмсүү ханддаг миний бие уухайлж дэмжин, нийт төмөр замчдын сонорт хүргэхээр хичээж байгаа нь энэ буюу. 
1960-аад оны төмөр замчин залуусын дунд өнөөгийнхөөр бол “хит” болон дуулагдаж асан
...Нийгэм журмын замын
   Гийгэм нэртэй залуус
   Хүргэн болсон ч буурьтай
   Бэргэн болсон ч нүүртэй
                Ай хө замчин залуусын
                Ажил нь ёстой сайхан... хэмээн өгүүлдэг Д.Лувсаншаравын хөгжим “Замчин залуусын вальс” дууны шүлгийг зохиосон, төмөр замчдын нэгэн үеийн их анд билээ. Хожим, төмөр замын ахмад удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн, доктор Ч.Гүнсэн агсны  дурссанаар –Ажилч хичээнгүй, эгэл даруу, хүнд түшигтэй, санаачилга зүтгэлтэй, чухам сайн гэхэд багадахаар... хэмээн үнэлэгдсэн зохиолч, яруу найрагч А.Самбалхүндэв дараагийн жилүүдэд  МЗЭ-ийн Хороонд Залуу зохиолчдын секцийн эрхлэгч, Улсын хөгжимт драмын театрт утга зохиолын эрхлэгч, “Монгол кино үйлдвэр”-ийн баримтат мэдээний мэргэжилтэн, Соёлын яаманд мэргэжилтэн, “Улаанбаатарын мэдээ“ сонины эрхлэгч, Д.Нацагдоржийн музейн сан хөмрөгчөөр тус тус ажилласан нь түүний эрдэм ухаан, утга соёлын талын дундрашгүй их авьяас чадвар, нөр их зүтгэлийг харуулж буй хэрэг юм.
 Энэ хугацаанд тэрбээр, “Отгонтэнгэрийн оргилд”, “Миний сайхан ээж”, “Хангайн уянга”, “Цээний цэцэг”, “Өгсүүр зам өөд”, “Есөн хүсэл”, “Говийн наран”  зэрэг ном, бүтээлүүдээ уншигч олонд өргөн барьжээ. 
... Хун цэнгийн дэвэлтээр 
Дүүлээд гарамгүй уултай
Хулан тахийн хатираагаар 
Туулаад барамгүй талтай
Уудам Монгол орноо
Улаан нар шиг гийгүүлсэн
Ардын хувьсгалт намаа
Аялгуут дуундаа магтъя... хэмээх нэгэн үе төрийн сүлд дуулалтай эн зэрэгцэхүйцээр дуулагдаж асан “Намын магт дуу”-г зохиогч эрхэм уран бүтээлч маань Ардчилсан хувьсгалын өмнөх жил буюу 1989 онд тэнгэрийн орондоо заларсан билээ.
Л.Сэнгээ

Сэтгэгдэл үлдээх