Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Төмөр зам дахь цагдаагийн газрын 70 жилийн ойд зориулав. А.Батбаяр: Төмөр замчид бидний ажлыг дэмжиж, хамтарч ажилладаг

-Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Төмөр зам дахь Цагдаагийн газрын 70 жилийн ойн мэндийг танд болон танай бие бүрэлдэхүүнд хүргэе?
-Баярлалаа. Энэ онд Монгол төрийн цагдаагийн байгууллагын 100, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны 85, Төмөр зам дахь цагдаагийн газрын 70 жилийн түүхт ой давхцан тохиож байна.
Энэ дашрамд, Төмөр зам дахь цагдаагийн газрын 70 жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагын тулгын чулууг тавьсан анхдагчид, үе үеийн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 
Манай байгууллага БНМАУ-ын Дотоод явдлын сайдын 1950 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 91 тоот тушаалаар “Төмөр замын цагдан сэргийлэх пункт, нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тухайн үеийн сэргийлэх байгууллагын багахан нэгж 70 жилийн хугацаанд олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүрэхүйц “Цагдаагийн газар” болтлоо өсөн дэвшиж, хүний нөөц, орчин үеийн техник хэрэгсэл технологи, бүхий ажлын байр, автомашинаар бүрэн хангагдсан томоохон байгууллага болсныг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.
-Төмөр зам дахь Цагдаагийн байгууллагын бусдаас ялгарах онцлог нь юу вэ? 
-Төмөр зам дахь Цагдаагийн газар нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэгтэйгээс гадна улсын хэмжээний төмөр замын хэвийн үйл ажиллагааг хамгаалах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, Монгол-Оросын хамтарсан нийгэмлэгийн өмч хөрөнгийг халдлагаас хамгаалах үүрэгтэй ажилладаг. Гол онцлог нь энэ. Тэр дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга нар Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн харилцан тохиролцсоны үндсэн дээр “Хамтран ажиллах гэрээ, санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж байна.
Гэрээгээр Төмөр зам дахь цагдаагийн газар нь улсын хойд хилээс урд хил хүртэл төмөр зам дагуу 1115 км-т нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох, илрүүлэх чиг үүрэгтэйгээр Улаанбаатар хотод болон 13 өртөө, зангилаанд манай алба хаагчид ажил үүрэг гүйцэтгэж байна. 
-Та Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргаар томилогдоод жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд та энэ салбарын ажилтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байх?
-Миний хувьд өнгөрсөн оны аравдугаар сарын 23-ны өдөр энэ албан тушаалд томилогдсон. Томилогдон ажиллах хугацаандаа Замын даргын үзлэгийн комисстой замын урд хэсэгт явж нөхцөл байдал, шугам замд ажиллаж байгаа алба хаагчдынхаа ажил байдалтай биечлэн танилцлаа. Хойд хэсэгт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад явж амжаагүй байна. Ер нь, урд замд ажиллахдаа цаашид шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгааг олж харлаа. 
Тухайлбал, томоохон өртөө, зангилаадад байгаа хяналтын камерууд шаардлага хангахгүй, зарим өртөөдөд бүр байхгүй байна. Үүнийг УБТЗ-ын захиргаатай зөвшилцөн шийдвэрлүүлэх, камерын хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Мөн Зүүнбаян, Багахангай, Багануур гэх мэт томоохон өртөө, зангилаадад цагдаагийн алба хаагчийг ажиллуулах нь зүйтэй юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дээрх өртөө зангилаадад бид дотооддоо орон тооны зохион байгуулалтаа хийгээд алба хаагчийг ажиллуулах боломжтой юм. Ингэвэл шугам замд гарч буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хэрэг илрүүлэлтийг сайжруулах, мөн гэмт хэрэг зөрчлийг урьдчилан сэргийлэх боломж илүү нэмэгдэнэ гэж харж байна. 
-Замын хэмжээнд гэмт хэргийн гаралт хэр байна. Анхаарал татаж буй асуудал байна уу?
-Манай цагдаагийн газар энэ оны эхний зургаан сард иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас 132 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 23 буюу 17.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 109 буюу 82.6 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байлаа. Нийт долоон гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 75 хувиар буурсан байна. Гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт 100 хувьтай байна.
Газрын хэмжээнд нийт 5179 зөрчил шалгаж, 5169 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12107 буюу 70.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ бууралт бол цар тахлын улмаас цагдаагийн алба хаагчид гадаа гудамж талбайд гарч ажиллах болсонтой холбоотой гэж харж байгаа.
Ер нь, гэмт хэрэг, зөрчил гарсны дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж, ажиллах нь илүү чухал. Цаашид бид урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү анхаарч ажиллах болно. Урьдчилан сэргийлэх ажил гэдэг дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш иргэд, төмөр замчид маань бидний ажлыг дэмжиж, шинэ санал санаачлага гаргаж хамтарч ажиллахыг хүсч байна. Гэмт хэргийн тоон үзүүлэлтүүдийн цаана ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдал л байдаг. Гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах сайн. Гэхдээ гэмт хэрэг зөрчил гарахгүй бол бүр сайн. Тиймээс цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоохоос гадна гарахаас нь урьдчилан сэргийлж ажиллах ёстой.
-Төмөр замын гарам дээр гарах осол зөрчил, аюултай бүсийн дэглэм зөрчих тохиолдол гарсаар байна. Ялангуяа, хот доторх гармуудын хувьд төмөр замчид цагдаагийн туслалцаа авахгүй бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нэн хүндрэлтэй болсон?
-Төмөр зам дахь цагдаагийн газарт энэ оны эхний хагас жилийн байдлаар галт тэргэнд дайрагдаж нас барсан нэг, шүргэгдэж бэртэж гэмтсэн хоёр, төмөр замын хориг хашаанд нэвтэрч галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан 87 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. 
Эдгээр гарч байгаа зөрчлүүдийг таслан зогсоох, бууруулах чиглэлээр манай газраас Замын II ангитай хамтран тодорхой ажил, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, төмөр зам дагуу нутагладаг мал бүхий айл өрхөөр орж “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж, мал бүхий иргэдэд аюултай бүсийн талаар мэдээлэл өгч, төмөр замын бүсэд малаа бэлчээхгүй байх, бэлчээсэн тохиолдолд хариуцлага тооцох холбогдох хуулийн заалтыг тайлбарлан мэдэгдэх хуудас өгч, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мөн “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг УБТЗ-тай хамтран жил бүр зохион байгуулж байна. Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд төмөр замын гармын аюулгүй байдал, аюултай бүсийн дэглэмийн ойлголтыг мэдээллийн бүх сувгаар хүргэж байна. Гарам дээр зөрчил гаргасан жолооч бүрт арга хэмжээ авч байна. 
Нийслэлийн өндөр ачаалалтай гармуудын хувьд эрсдэл өндөр байгаа. Авто зам, төмөр замын хөдөлгөөний нягтрал, эрчим жилээс жилд өсөж байгаа. Цаашдаа энэ гармуудын аюулгүй байдлыг хангахад гармын жижүүр, цагдаагийн зохицуулалтаар бүрэн хангахад хэцүү. Нийслэлээс өндөр ачаалалтай гармуудыг хоёр түвшинд огтлолцуулах хонгилон гарц барих ажлуудыг төлөвлөж байгаа юм билээ. 
УБТЗ-ын зүгээс жил бүр тодорхой тооны гармуудыг олон улсын стандартад нийцсэн “ЖИШИГ” болгон тохижуулж байгаа нь гарам дээр гардаг осол зөрчлийн тоо буурахад нөлөөлж байна. Гэвч хөдөө орон нутагт гарам дээр гардаг хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгаа тал бий. Гарам дээр гарч байгаа осол зөрчилд жолооч нарын хайрамжгүй хэнэггүй, амжчих болов уу гэсэн болчимгүй үйлдлүүд их нөлөөлдөг. Тэгэхээр энд бас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг цаашид тасралтгүй хийх ёстой. Хүмүүсийн ойлголт, хандлагыг өөрчилбөл их нааштай үр дүн гарна гэж бодож байна. 
-Танай бие бүрэлдэхүүн түүхт ойнхоо хүрээнд багагүй ажил өрнүүлж байгаа бололтой? 
-Бид ойгоо угтаж олон ажил, арга хэмжээг зохион байгууллаа. Жишээ нь, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх болон нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр УБТЗ-ын Тээврийн хяналтын алба, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Тээврийн прокурорын газар, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд дэх хэсэг, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0108 дугаар анги, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагуудыг оролцуулан Замын-Үүд, Сэлэнгэд хоёр удаагийн зөвлөгөөн зохион байгуулсан. 
Мөн Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, алба хаагчдын хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Хуульч ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. 
Бага хуралд цагдаагийн байгууллагын алба нэгжүүдээс 57 илтгэл ирүүлснийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. 
Алба хаагчдынхаа хууль эрх зүйн мэдлэг, ажлын хариуцлагыг сайжруулах, алдаа, дутагдал гаргахгүй байх мөн сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор офицер, алба хаагчдын дунд “ДЭВЖЭЭ” тэмцээнийг зохион байгууллаа. 
Алба хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэх, хариуцлага, сахилга, ёс зүйг бэхжүүлэх, албандаа хандах хандлагад эерэг өөрчлөлт гаргах, хувь хүний хөгжлийг дэмжих, хариуцлагатай байхын ач холбогдлыг сурталчлах зорилгоор албаны хэмжээнд “Миний ажил-Миний хариуцлага” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан.
Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахалтай /ковид-19/ тэмцэх, төмөр замчдынхаа эрүүл энхийн манаанд өдөр, шөнийг ялгахгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа Төв эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж, “ЭМЧ ТАНДАА ТАЛАРХЪЯ” сайн үйлсийн аян дотооддоо өрнүүлэн сэтгэлийн дэм болгон 8.8 сая төгрөгийн хандив өргөсөн.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “ТВ-9” телевиз, Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай хамтран “МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ” арга хэмжээ зохион байгуулан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Хишигжаргалд хувийн орон сууц барьж, иж бүрэн тавилгын хамт хүлээлгэн өгсөн.
Мөн Захиргааны удирдлагын тасгийн үйлчлэгч Ш.Надмидцэрэн олон жил үр бүтээлтэй ажиллаж коронавирус 
/Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлын үед Төв байрны халдвар хамгаалал, ариутгал, халдваргүйжүүлэлт, алба хаагчдийг эрүүл цэвэр орчинд ажиллах нөхцөл бололцоогоор хангаж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж ажилласан тул хамт олны зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Бүрэн тавилгатай таван ханатай гэр” өгсөн гэх мэт олон олон ажлыг зохион байгууллаа.
-Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд танай үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон уу? Та бүхэн эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зорчигчийн галт тэрэг яваагүй гээд манай алба хаагчид зүгээр суугаагүй бүх нийтийн бэлэн байдлын үед замын хөдөлгөөн хязгаарлах чиглэлээр 63 алба хаагч нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт өглөө, өдөр, шөнийн ээлжинд хуваарилагдан үүрэг гүйцэтгэсэн.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн “Наранбулаг”, “Тайж”, “Мөнххустай”, “Мичид-2”, “Хавана” зэрэг таван тусгаарлах байранд, мөн Төв эмнэлгийн коронавирусийн халдвартай төмөр замчдыг эмчилж буй корпусын гаднах хамгаалалтад, төмөр замын зарим ажилчдыг тусгаарлаж буй “Этүгэн” зочид буудал, Зүтгүүрийн депо, тусгаарлах байрны хамгаалалтад одоог хүртэл ажиллаж байна.
Зорчигч үйлчилгээний төв буудал, төмөр замын нэгдсэн эмнэлэг, “Замчин” спорт заал зэрэг гурван цэгт төмөр замчдыг дархлаажуулах явцад төмөр замын ЦХОБА-ныхантай хамт халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хамгаалалт зохион байгуулан ажиллаж байна. 
Б.ГҮНЖИНЛХАМ

Сэтгэгдэл үлдээх