Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Ширхэнцэг уулын өртөөнд амжилт бүтээл дүүрэн байна

Тухайлбал, ачилтын төлөвлөгөөг 163, буулгалтын төлөвлөгөөг 132, статик даацыг 113 хувиар тус тус биелүүлсэн байна. Мөн орон нутгийн вагоны сул зогсолтыг төлөвлөгөөнөөс 7 в/цагаар багасгаж, вагон явуулалтыг 218116 вагонд хүргэж төлөвлөгөөг 169 хувиар гүйцэтгээд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буулгалтыг 25 вагоноор, вагон явуулалтыг 3333 вагоноор нэмэгдүүлсэн үзүүлэлт гарчээ. Энэ бол цар тахлын хүндхэн нөхцөлд чамлахааргүй амжилт юм. Цар тахлаас шалтгаалан хатуу хөл хорио тогтоосон, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан үед иргэд, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэмжээнд ч дээрх онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд тээшийн тээврийн үйл ажиллагаа онцгой үүрэгтэй байгаа юм. Тээш хүлээн авах, олгох ажиллагааг 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулах түр журам гарган мөрдөн ажиллаж байгаа аж.

Гэвч энэ оны эхний хагас жилд тээш тээвэрлэлтээр 25.4 сая гаруй төгрөгийн орлого бүрдүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.5 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт. Шалтгаан нь, энэ оны хоёрдугаар сард 14 хоног, дөрөвдүгээр сарын 10-аас тавдугаар сарын 10 хүртэл, нийт 45 хоног бүх нийтийн хөл хорио тогтоосон хугацаанд тээшийн галт тэрэг аялаагүй, мөн тээшийн галт тэрэгний хуваариас шалтгаалан Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд шинэ ургацын ногоог автомашинаар тээвэрлэж байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.
Мөн тус хамт олон өнгөрсөн оны эхний хагас жилд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын хоёр дутагдалтай ажиллаж байсан бол энэ оны эхний зургаан сард гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллаж байгаа сайн мэдээ байна. 
Өртөөний ерөнхий инженер П.Сүхболд: Бид ковид-19 цар тахлын халдвар өндөр байгаа энэ цаг үеийг аль болох хүндрэл багатай даван туулахад бүхий л боломж нөөцөө дайчилж байна. Тухайлбал, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг чанартай тогтмол хийх, конторын ажилчдын 70 хувийг зайнаас ажиллуулах зэргээр онцгой анхаарч байна. Гэвч ажилтнууд ажлын байрандаа халдварт өртөхөөс илүү ахуйн хавьтлаар халдвар авах тохиолдлууд гарч байна. Ийм нөхцөлд тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангахын тулд тухай бүрт нь хөдөлмөр зохион байгуулалтыг шуурхай хийдэг” хэмээн ярилаа.
Зүүнхараа өртөө хэсэглэлийнхээ хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сар бүр тодорхой сэдвээр аян зарлаж үр дүнг нь дүгнэн ажилладаг. Уг аян нь сар бүр нэг асуудлыг шийдвэрлэхэд ажилтан бүрийн идэвх оролцоог нэмэгдүүлж, бүтээлч байдлыг сайжруулахад эерэг нөлөөлөл үзүүлдэг гэв. Гэхдээ өртөөний удирдлагууд энэхүү ажлыг улам чанаржуулж үр дүнг ахиулахын тулд цаашид хэсэглэлийн өртөө, зөрлөг бүрт сарын аяныг ээлжээр хариуцуулж ажиллахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь ч оновчтой шийдэл санагдлаа. 
Зүүнхараа өртөөний хувьд сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ тогтмол өссөөр, тус хамт олны үүрэг хариуцлага ч нэмэгдсээр байсан. Тиймээс энэ оны зургадугаар сарын 1-нээс ангигүй өртөө болон зэрэглэл ахьжээ. Энэ хүрээнд технологийн баримт бичгүүдийг шинээр боловсруулах, сайжруулах, техникийн сургалтыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр багагүй цаг зарж ажилласан байна. Тухайлбал, техник захирамжийн актыг ангигүй өртөө болсонтой холбогдуулан бүрэн шинэчилж, өнгөрсөн тавдугаар сарын 20-нд батлуулжээ. Мөн Замын даргын А-225 тоот тушаалын дагуу “Технологийн горим”-ыг шинэчлэн албаны байцаагч нараар хянуулахаар хүргүүлж, Мод боловсруулах үйлдвэрийн 19, 20 дугаар зам, Барилга ашиглалт үйлчилгээний I ангийн 12 дугаар замыг, салбар замд сэлгээний ажил хийх заавруудыг гуравдугаар сард шинэчлэн батлуулсан. Тээшийн нярав, ачигч, конторын жижүүр, жолооч, цахилгаанчин мужаан, талбайн үйлчлэгч нарын ажлын байрны технологийн картыг шинэчлэн боловсруулсан гээд хийсэн, хийж буй ажлын тайлан гэж чамгүй урт жагсаалт харагдав. 
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан техникийн сургалтыг цахимаар зохион байгуулж, шалгалтыг “GOOGLE FORMS” програм ашиглан тестээр авч байгаа аж. Цахим сургалт зохион байгуулахад гарах хүндрэл бага, цаг хугацаа хэмнэсэн зэрэг ололттой талууд байгаа ч ажилчдын түвшин тогтоох шалгалтын дүнгээс харахад танхимын сургалт хийдэг байсан үеэс бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа гэнэ. Ер нь, танхимын болон бодит байдлын сургалт дутагдаж байгааг ерөнхий инженер П.Сүхбат нуусангүй, ирэх хичээлийн шинэ жилийн сургалтын төлөвлөгөөг боловсруулахад энэ дутагдлыг нөхөх чиглэлд анхаарч байна. 
Мөн менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх Замын даргын тушаалыг хэрэгжүүлэх Зүүнхараа өртөөний багийг томилж, шаардлагатай судалгааны материалыг Судалгаа шинжилгээ технологийн төвд цаг тухайд нь хүргүүлж, стандарт баримт бичгүүдийг судалж хамтран ажиллаж байна.
Замын захиргаа энэ оны тэргүүн зорилтоо “Нэн тэргүүнд ХАБЭА” гэж тодорхойлсон. Тус хамт олон оны зорилтын хүрээнд хэр үр дүнтэй ажиллаж байгааг сонирхлоо. Тэд осол, осолд дөхсөн тохиолдол, зөрчилгүй ажиллаж байгаа гэнэ. Мөн оны эхэнд Замын даргын А-01 тоот тушаалыг хэрэгжүүлэх 24 заалттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж, эхний хагас жилээр төлөвлөгөөнийхөө биелэлтийг дүгнэхэд 17 ажил бүрэн биелсэн, нэг ажил 50 хувийн гүйцэтгэлтэй, бусад нь хугацааны хувьд хүлээгдэж байгаа, нийт дүнгээр 70.8 хувийн биелэлттэй явна.
Ер нь, оны зорилтын хүрээнд ажилтнуудад бодитой үр дүн мэдрэгдсэн, ажлын байр, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд дорвитойхон үр дүнд хүрэхийг зорьж, бүх л шатанд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, зарим ажлыг дотоод нөөц боломжоо ашиглаад шийдвэрлэж байгаа юм байна. Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн, хийж буй ажлынх нь талаар манай сонинд өмнө нь дэлгэрэнгүй нийтлэгдсэн тул дахин нуршихыг зорьсонгүй. 
Ер нь, ажиллагсдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг бүх өртөө, зөрлөг, цехүүдээсээ санал авч төлөвлөжээ. Нийт 29 ажил хийхээр төлөвлөж, одоогийн байдлаар 19 ажил бүрэн биелсэн, найман нь хүлээгдэж буй, замын төлөвлөгөөнд хоёр ажил тусгуулж, төлөвлөгөөний биелэлт 65.5 хувийн гүйцэтгэлтэй явна.
Өртөөний жижүүрийн байранд 10 сая төгрөгийн өртөг бүхий урсгал засварыг Барилгын ашиглалт, үйлчилгээний нэгдүгээр ангиар хийлгэж, дуу чимээ шингээгч хана тааз, шал, гэрэлтүүлэг, халаалтын шугам, цонхны хөшиг зэргийг иж бүрнээр нь сольсон бол өртөөний удирдах ажилтнуудын хэд хэдэн өрөөний урсгал засварыг өөрсдийн хүчээр хийсэн байна.
Үнэгт, Бэрх зөрлөгт спортын талбайн засвар үйлчилгээг хийж, Бэрх зөрлөг Замын 11 дүгээр хэсэгтэй хамтарч хүүхдийн тоглоомын талбайн хашааг барьж явган хүний зам тавив. Сагсны талбайг бетондож, элсний волейболын талбайг шинээр байгуулжээ. 
Мөн энэ хавар мод тарих үндэсний өдрөөр хэсэглэлийн хэмжээнд шинэс, шар хуайс зэрэг мод, цэцгүүд тарьсан байна. Энэ мэт өөдлөх айл үүднээсээ гэж ямар ч цаг үед аж ахуйгаа өөд татаж, тохитой тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжоо өөрсдөө бий болгож буй олон сайхан жишээг нь дурдаж болохоор байна. 
Мөн төмөр замчид дунд шинийг сэдэж санаачилдаг, хийж хэрэгжүүлдэг бүтээлч сэтгэлгээтэй залуус цөөнгүй. Тус өртөөнийхөн энэ удаад хөдөлгөөний техникч Д.Амгалан, Үнэгт зөрлөгийн жижүүр Б.Галбадрах нарыг онцоллоо. Д.Амгалан гэхэд өртөө, зөрлөгийн жижүүр, туслах жижүүрүүд галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнийг бэхлэхэд ивүүр зөөх ажлыг хөнгөвчлөх зорилгоор нэгэн зэрэг олон тооны ивүүрийг зөөвөрлөх тэрэг зохион бүтээсэн нь албаны хэмжээнд зарласан “Ажлын байрны автоматжуулалт” болзолт уралдаанаас “Шинийг санаачлагч ажилтан”-ы шагналыг эзэндээ авчирчээ. Харин Б.Галбадрах гар ариутгагч шингэнийг шахах гишгүүрт суурийг санаачлан найман ширхгийг хийж, хэсэглэлийн хэмжээнд ашиглах болжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд тун чухал хэрэгцээтэй бүтээл болсныг хамт олон нь онцлон магтлаа. Ийм бүтээлч залуусаа өртөөний удирдлагын зүгээс дэмжиж, ажиллахыг зорьдог байна.
Замын их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулсан ажлынхаа дийлэнхийг ажил хэрэг болгоод авсан гэнэ. Тухайлбал, Зүүнхараа вокзалын барилгыг төвийн халуун усны шугамд холбох их барилгын ажлыг БАҮ-ний I ангийнхан хийж гүйцэтгэжээ. Хэдийгээр зорчигч тээвэр цар тахлаас шалтгаалан тодорхойгүй хугацаанд зогссон ч сайхан цагтай удахгүй золгож, зорчигчдын хөлд дарагдах цаг айсуй хэмээн зорчигчийн тавцангийн засварыг эхлүүлжээ. Бүр урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгний зорчигчдын аюулгүй байдлыг хангахад зориулан зорчигчийн тавцанг 80м сунгах их барилгын ажлыг барилгынхан, гэрэлтүүлэг шинэчлэлтийг Эрчим хүчнийхэн гүйцэтгэж байгаа юм байна. Уг ажлын хүрээнд 24 ширхэг гэрэлтүүлгийг шинэчилж, явган хүний замын 500 ам.метр талбайг хавтанжуулж, сүүдрэвч, сандал зэргийг шинээр суурилуулах ажээ. Ийнхүү “Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг. 
Сайхан цагийг угтан Зүүнхараа өртөөний хамт олон амжилт, бүтээлээр дүүрэн ажиллаж байна.
Б.Гүнжинлхам

Сэтгэгдэл үлдээх