Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Хөшигийн хөндийг дагасан логистикийн шийдэл Монголыг тээврийн зангилаа болгох боломжтой юу?

Хэдий цар тахлын хүнд үе ч гэлээ Монгол Улс томоохон бүтээн байгуулалтын ажлаа тасралтгүй үргэлжлүүлэв. Өмнийн бүсийн шинэ төмөр замууд, “Чингис хаан” олон улсын нисэх буудал гээд шинэ зууны эхэнд Монголчууд тээврийн салбарт улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жин дарах олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь ийнхүү ар араасаа ашиглалтад орлоо. Бид ч энэ талаар олон мэдээ, ярилцлага, сурвалжлага бэлтгэн хүргэсээр ирсэн. Гэхдээ энэ удаад эрхэм уншигч авхай таны анхаарлыг шинэ нисэх онгоцны буудал, түүний ашиглалттай холбоотой зарим зүйлд хандуулъя. Шинэ нисэх буудлын ашиглалтыг ярихтай зэрэгцээд “Богдхан” төмөр замын төслийг мартаж болохгүй юм. Ирээдүйд эдгээр төсөл, хөтөлбөрүүд олон талаар өөр хоорондоо нягт уялдаа холбоотой байж, хэдэн 10 жил улс оронд эдийн засгийн үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. 
Юун түрүүнд шинэ нисэх буудал барих болсон хэрэгцээ шаардлагаас эхэлье. Чухам юуны учир эзгүй хээр, хоосон хөндийд энэ том ажлыг эхлүүлэх болсон бэ гэдэг шалтгаан олон. Нэгдүгээрт, одоогийн ашиглаж буй Буянт-Ухаа дахь нисэх буудал хоёр дахин илүү хүчээр, өндөр ачаалалтай ажилладаг. Онгоцны хөөрч буух зурвас найдвартай байх ёстой гэсэн гол үндсэн шалгуур байдаг ч Буянт-Ухаа буудлын хувьд нисэх буух зурвас зөвхөн нэг талдаа учир цаг агаарын өөрчлөлттэй үед онгоц саатах шалтгаан болдог байлаа. Эргэн тойрны уулсаас хөөрч буух зурвасын налуу хэвийн хэмжээнээс өндөр. Нисгэгчдээс маш өндөр ур чадвар шаарддаг зэрэг нь олон улсад хүнд зэргийн нисэх онгоцны буудал гэж тооцогдоно. Эдгээрээс шалтгаалан авиа компаниуд агаар салхины нөхцөл байдлыг ихээхэн анхаарч болгоомжлох, зарим үед нислэгээс татгалзах тохиолдол ч гардаг байсан гэх юм билээ. Энэ мэт үндэслэлээр Улаанбаатар хотод нисэх онгоцны буудлыг шинээр барьж байгуулах тухай асуудал анх 1992 оноос яригдаж эхэлсэн байдаг. Нэг ёсондоо шинэ, илүү хүчин чадалтай, ачаалал даах томоохон хэмжээний нисэх буудлын хэрэгцээ шаардлага одоогоос 30 жилийн өмнө ч байж шүү дээ.
Монгол бол жилээс жилд эдийн засгийн боломж, нөөц бололцоо өсөн нэмэгдэж буй улс. Энэ хэрээр тээвэр логистикийн салбараа хөгжүүлж шинэ түвшинд хүргэх, Ази Европыг холбосон ашигтай байршил, давуу талаа ашиглах, мөн харьцангуй өндөр үнэтэй нислэгийн зардлыг бууруулах гэх мэт шаардлагууд түрүүнд дурдснаар олон жилийн өмнө ч байсан. Ерөөс, өнөөдрийн ашиглаж буй нисэх буудлыг аюулгүй байдал талаасаа ч, техникийн нөхцөл байдлын хувьд ч ирээдүйн илүү өндөр үр өгөөж, хөгжил, эдийн засгийн ашиг зэргийг нь бодсон ч зайлшгүй өөрчлөн шинэчлэх ёстой байсан юм. Шинэ нисэх буудал барьж байгуулснаар энэ бүх шалтгаан үгүй болж авиа компаниудын ирэх сонирхол нэмэгдэх, өрсөлдөөний үр дүнд тийзний үнэ буурах, бусад зардлууд багасах гэх мэт олон талын ашигтайг мөн л олон жилийн өмнө тооцоолж байж. 
Анх төлөвлөснөөр 250 орчим сая ам.долларт барьж байгуулах байсан нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын өртөг өнөөдөр 650 сая ам.долларт хүрсэн. Хэдийгээр 2006 оноос хойших валютын ханшийн өөрчлөлт нөлөөлсөн тал бий ч хамгийн гол нь алс хэтдээ удаан хугацаанд өндөр үр ашигтай байх нь төсөлд оролцсон талуудын хүсэл сонирхол байсан юм.
Тэр утгаараа тээвэр логистикийн чанар, аялал жуулчлалын үйлчилгээний нөхцөл чадамжийг сайжруулах үүднээс илүү том хэмжээний нисэх буудал барих сэдэл өгсөн хэрэг. Тиймдээ ч  анхны төслийн төлөвлөгөөнд 20 орчим гэж тооцоолсон барилгын тоо 80 болсон байх жишээтэй. Төлөвлөсөн хөрөнгө санхүүгийн хэмжээ цаашид хүрэлцэхгүй гэж үзэн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийх үүднээс төсөл зогсох зэрэг асуудал гарч байсныг төслийн багийнхан ярьдаг. Энэ мэтээр ердийн нэг жижгэвтэр нисэх буудлын төслийг 
бүхэл бүтэн улсын цаашдын ирээдүйд нөлөө үзүүлэх маш том бүтээн байгуулалт болгон хувиргахад чадварлаг Монгол удирдлага, мэргэжилтнүүд, ухаалаг бизнесийнхэн хувь нэмрээ оруулсан нь яах аргагүй үнэн.
Сүүлд авсан мэдээллээр нисэх буудал өдөрт олон улсын болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг, 12 мянга орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Жилдээ гурван сая хүртэлх зорчигч хүлээж авна. Ирээдүйд энэ тоо 10 сая хүрэх боломжтой. Үүнийг дагаад энэ чиглэлийн зах зээл томорч өрсөлдөөн нэмэгдэнэ. Дагаад илүү чанартай үйлчилгээ, хямд үнэ бий болно. Зорчигч тээврийн хэмжээ нэмэгдэх тусам манай улсад ирэх өгөөж их. Ганцхан жишээгээр л тайлбарлахад шинэ нисэх буудал нь 21 агаарын хөлгийн зогсоолтой. Нисэх буудлын зурвас ашиглалт 98 хувьтай. Гэтэл Буянт-Ухаагийн зурвас ашиглалт ердөө 73 хувьтай гэдэг. Зурвасын хувьд агаарын хөлөг хоёр талаас хөөрч, буух бүрэн боломжтой. Үүгээрээ агаарын тээвэрлэлтийн дамжин өнгөрүүлэлт нэмэгдэх боломж бий гэж мэргэжилтнүүд үздэг. Агаарын шугамууд шинээр нээгдэж, манай улсын агаарын зам дэлхийд нээлттэй болох, зорчигч урсгал, ачаа эргэлтийн тоо хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн асар их өгөөжийг шинэ нисэх буудал бий болгоно.  
Тэгвэл “Богдхан” төмөр замын трасс нь УБТЗ-ын Мандал өртөөнөөс салаалан “Богдхан” уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй.
Уг төслөөр УБТЗ-ын гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5800-6000 тонн жинтэйгээр аялж, ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэх тооцоо бий. Дээр нь, Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахируудад үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэхээс гадна зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай. 2010 онд Монгол Улсын УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т хэд хэдэн чиглэлийн шинэ төмөр замын төсөл багтсан байдаг. Эдгээрийн нэг нь “Богдхан” төмөр замын төсөл. 170 орчим км энэхүү төмөр замын төсөл нь 2016-2020, 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтаж, 2017-2024 оны хооронд барилгын ажлыг нь дуусгахаар төлөвлөсөн.
Төсөлд хэд хэдэн хувилбар яригдаж буйгаас аль аль нь олон улсын шинэ нисэх буудлын төсөл, түүнийг түшиглэн байгуулагдах 100 мянган хүн амтай байхаар тооцоолсон дагуул хот, Төв аймгийн Сэргэлэн сумдыг дайруулах боломжтой юм. Трассын аль ч хувилбарт хоёр өртөө байхаар тооцсон нь эдгээр газраар дайрах гэнэ. Төслийн хамгийн чухал хэсэг болох тээврийн хэрэгцээний судалгааг дараах байдлаар гаргасан байна. Хөшигийн хөндийд баригдах ложистикийн төв, дотоодын хэрэглээ зэргийг хамруулан Улаанбаатараас орох, гарах нийт ачааны 40 хувь “Богдхан” уулын төмөр зам руу шилжинэ. Мөн дотоодын холын зайн ачаа тээвэр, экспорт, импорт, транзит тээвэр тус замаар тээвэрлэгдэх ачааны 60 хувийг эзэлнэ гэж тооцсон. 
Монгол Улсын ачаа, тээврийн хэмжээний төсөөллийг гаргахдаа УБТЗ-ын 2010 онд гаргаж байсан судалгааг ашиглажээ. 2022 онд төмөр замаар тээвэрлэх нийт ачааны хэмжээг 23.30 сая тонн гэж үзээд УБТЗ-аар есөн сая тонн, “Богдхан” уулын төмөр замаар 14 сая тонн, 2037 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг 36.42 сая тонн, үүнээс 14.57 сая тонныг УБТЗ, “Богдхан” уулын төмөр замаар 21.85 сая тонн, 2047 онд төмөр замаар нийт 42.23 сая тонн ачаа тээвэрлэхээс УБТЗ-аар 16.89, “Богдхан” уулын замаар 25.35 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн урьдчилсан төсөөллийг гаргаж байж. Үүнээс үзэхэд “Богдхан” уулыг тойрох төмөр замаар тээвэрлэх тээврийн хэмжээ нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч буй нийт ачаа тээврийн 60 хувийг эзлэх боломжтой аж. 2017 онд танилцуулж байснаар  1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай уг төслийн санхүүжилтийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас танилцуулахдаа “Гадаадын зээл тусламжаар 200, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100, хувийн хэвшлийн санхүүжилтээр 200 сая ам.доллар босгох боломжтой” хэмээн ярьж байлаа. Үүний тодорхой хувийг Азийн хөгжлийн банкнаас гаргах боломжтой талаар ч цухуйлгаж байв. ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр ид яригдаж байгаа энэ үед “Богдхан” төмөр замын төсөл нь дээрх коридорын нэг чухал хэсэг байж, УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх сайн талтай. Жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой “Богдхан” уулын төмөр зам нь УБТЗ, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Тэр утгаараа “Богдхан” төмөр зам бол стратегийн зам. Энэ нь, зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих асуудал огтоос биш. Хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл. Харин одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах тооцоотой. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Богдхан” төмөр замын трасстай танилцах үеэрээ энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа тайлбарласан. Иймээс замын Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгоод байгаа. Гэхдээ Улаанбаатар хот дундуур дайран өнгөрч буй одоогийн төмөр замыг нүүлгэхэд УБТЗ-ын зарим аж ахуйн нэгж, барилга, байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг шат дараатайгаар шийдэх асуудлууд гарна. Салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, бетон төмөр хийцийн үйлдвэр, ачааны терминал, барилгын материал, нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн салбар зам гээд хувийн хэвшлийнхний эрх ашиг ч хөндөгдөхөөр байгааг УБТЗ-ын Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн танилцуулсан. Түүний хариуд “Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна. Амаргүй шийдвэр байх нь ойлгомжтой. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хэрэгжүүлнэ” гэж Ерөнхий сайд хэлж байсан билээ.
Эцэст нь, энэхүү шинэ нисэх буудал, шинэ сууринг дагасан олон шинэ үйлчилгээ, үйлдвэрлэл бий болж, бизнесийн олон боломжууд нээгдэнэ. Богино хугацаанд “Аэросити” хот хүрээгээ тэлэх нь ч дамжиггүй. Угаас нийслэлийн хэт төвлөрлөөс зайлсхийх боломж хайж байгаа өнөөгийн Төр, засгийн хувьд энэ бол боломж юм. Зөвхөн аялал жуулчлал, тээвэр логистикийн төдийгүй бусад олон салбарт хувь нэмрээ үзүүлэх бүтээн байгуулалт бол яах аргагүй Хөшигийн хөндий дэх шинэ  нисэх онгоцны буудал. Түүнтэй холбогдох “Богдхан” төмөр зам. Алсдаа бүс нутгийн хэмжээний том зангилаа буудал болох зорилго агуулсан энэ зууны томоохон төсөлд Монголын шилдэг инженерүүд, шилдэг менежерүүд хүч шавхан оролцсон. Маш өндөр өртөгтэйгөөр, асар их хөдөлмөр зүтгэлээр боссон, босох энэ бүтээн байгуулалтын үр өгөөжийг сайжруулах, эдийн засгийн эргэлт хөгжүүлэлтийг нь үр дүнтэйгээр түргэсгэх шаардлагатай. Манай улсын хувьд төв рүүгээ чиглэсэн хөгжлийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд нийслэл хотын ачаалал эрс нэмэгдсэн учир тэлж хөгжих бодлого, дагуул хотуудыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөндөө түлхүү анхаарч байгаа билээ. Энэ талаасаа ч, мөн агаарын тээвэр, төмөр замын салбараа олон улсын хэмжээнд хүргэж хөгжүүлэх алсын зорилго талаасаа ч ирээдүйн үр өгөөжийг нь нарийн тооцоолсон, олон жилийн судалгаан дээр үндэслэсэн том төсөл болгож чадна. 

Сэтгэгдэл үлдээх