Нийслэл дахин нэг рейлбус авах бололтой
Нийслэл дахин нэг рейлбус авах бололтой
- Ган зам сонин |
- Мөнхтөр |
- Уншсан: 601

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ойрын хугацаанд “Метромашстрой” компаний удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Учир нь, нийслэл хотын зорчигч тээврийн ачааллыг хөнгөлөх, хот, дүүргийн зорчигч тээврийн төмөр замын сүлжээ нээх зорилгоор төмөр зам дагасан нийслэлийн тээврийн цогц үйлчилгээ бий болгох зорилтын хүрээнд дээрх уулзалтыг төлөвлөжээ. Уулзалтын үеэр, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Метромашстрой” компаниас дахин нэг рейлбус худалдаж авах санал тавих бололтой. Өмнөх РА-2-ыг дааж тус үйлдвэрээс авсан аж. Шинээр ирэх рейлбус хотын зорчигч тээвэрт үйлчилэх бөгөөд нийтийн тээврээс гарах алдагдлыг нийслэл өөрөө дааж, УБТЗ засвар, үйлчилгээг нь хариуцахаар урьдчилан ярилцаад байна. Үүнээс гадна, Хотын захирагчийн зүгээс УБТЗ-д хандан Толгойт-Улаанбаатар- Амгалан чиглэлийн төмөр замаа хос болгох санал тавиад байна.
Үүнд, Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга Д.Батбаатар “Манайд энэ чиглэлийн замыг хос болгох зураг төсөл хийгдсэн. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл болно” гэж хариуллаа. Дээр яригдсан ажлыг УБТЗ, Улаанбаатар хотын захиргаа хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгуулах юм байна. Үүний бэлтгэл ажлыг хангахыг Зорчигч тээврийн төвийн дарга Д.Пүрэвсүрэнд үүрэг болголоо.